Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Үхэлгүйн үүд
2017 оны 7 сарын 6 [Уншсан тоо: 25837]

АГНИСТЫН ГЭГЭЭ
Цуврал-17

Хайр, айдас, хайлан

- Хэн нэгнийг хоногийн хорин дөрвөн цагийн турш хайрлах нь бэрх санагдах юм. Хайр үргэлжийн урсгал байх ёстой юу? Хайр хэдийд хайлан (devotion)  болж хувирдаг вэ?

- Хайр бол үйлдэл биш, оршихуйн төлөв. Хэрэв түүнийг үйлдэж байгаа бол хайр биш. Хорин дөрвөн цагийн турш хэн ч юуг ч тасралтгүй үйлдэж чадахгүй. Үйлдэл хийдэл бүхэн алжаас уйтгар үүсгэж, амралт шаарддаг. Хэрэв чи хайрыг үйлддэг бол үзэн ядалт руу шилжиж байж амарна. Учир нь, эсрэг талд л хүн суларч чаддаг. Тиймээс бидний хайр хорсол хилэнтэй хольцолддог. Нэг л хүнийг энэ агшинд хайрласнаа, удаах агшинд үзэн ядах жишээтэй. Хайр үйлдэл болсон хойно тийм зовлон тасрахгүй.

Эхний ойлгох зүйл: Хайранд орших учиртай болохоос үйлдэх ёсгүй. Хайрыг харилцаа гэсэн утгаар биш, сэтгэлийн төлөв гэдгээр нь ойлго. Энэ төлөв хэн нэгэн рүү чиглэж болно, эсвэл чиглэлгүй бүхэлд хамаарч болно. Чи хэн нэгэнтэй харьцах албагүй, зүгээр л амьсгалах мэтээр хайрын агаарт оршино гэсэн үг.

Хүн хүчилж амьсгалдаг бол хэзээд нэг ядарч таарна. Тэгээд амрах хэрэгтэй болно. Эсвэл мартах тохиолдол байна. Амьсгалахгүй бол бүтэж үхнэ шүү дээ. Гэвч амьсгал чиний хүчин зүтгэл биш, өөрөө хөврөх үйл явц. Хайрыг амьсгалтай зүйрлэж болно. Хайр бол амьсгалахуйн дээд төвшин. Амьсгалахгүй бол бие үхэх бол хайргүйгээр сүнс амьдарч чадахгүй. Тиймээс хайрыг сүнсний амьсгал гэж ухаар. 

“Миний дэргэд амьсгалж болно, өөр газар болохгүй” гэж чамд тулгавал юу болох вэ? Хоёр алхам холдуутаа амьсгал хураана. Нэгэнт үхдэл болсон хойно миний дэргэд байлаа ч хожим чи амьсгалж чадахгүй. Бид хайрыг тэр мэтчилэн өмчилдөг. “Ганцхан намайг хайрла. Өөр хэнийг ч хайрлаж болохгүй” гэдэг. Тийм нөхцөлд хайр байх боломжгүй. Хэн нэгнийг тухайлж, эсвэл хүн бүхнийг хамаарч хайрлах ёстой гэсэн үг биш. Зүгээр л амьсгалах мэт хайрлангуй төлөвт орш. Атаатныхаа дэргэд ч хүн амьсгалах бус уу.

Есүсийн “Дайснаа ч хайрла” гэсэн үг ийм утгатай. Энэ үгийг ойлгох гэж Христианчууд мунгинадаг. Дайсан гэсэн мөртлөө хайрлах нь зөрчилтэй санагдана. Гэвч хайр нь үйлдэл биш, сэтгэлийн төлөв аваас амраг садан, атаатан дайсан гэх асуудал үгүй. Чи өөрөө л хайрын агаарт байна.

Нөгөө талаас нь хар. Үргэлж уур хорслоор амьсгалдаг хүн хайрыг үзүүлэх гэвэл хүчилж таарна. Үргэлж уйтгарладаг хүний хувьд инээх нь чармайлт байна. Тийм инээд дотоод гүнээс ундраагүй, нүүрэн дээр зурсан зураг төдий. Тэгвэл хайр нь сэтгэлийн төлөв болсон хүний хувьд уур хилэн хүчлэл байх болно. Үнэн голоосоо уурлахгүй, дүр үзүүлэх төдий.

Будда уурлая гэвэл асар хүчилж байж бүтнэ. Тэгээд ч тэр нь худлаа байна. Танихгүй, мэдэхгүй хүмүүс л итгэж магадгүй. Мэддэг хүмүүсийн хувьд түүний уур худлаа, хиймэл болох нь илэрхий. Будда, Есүс шиг хүмүүс жинхэнээсээ уурлаж, хорсож чадахгүй. Харин чиний хувьд уурлаж хорсохын тулд чармайлт шаардлагагүй. Хайрлангуй байхын тулд л чармайлт хэрэгтэй. Тийм болохоор сэтгэлийн төлвөө л өөрчил. Хэрхэн хайрлангуй байх вэ? Энэ бол цаг хугацааны тухай асуудал биш. Хайрлангуй байвал ганц агшин хангалттай. Учир нь, чамд хоёр агшин зэрэг өгөгдөхгүй. Амьдрал үргэлж ганц агшин байдаг. Ганц агшиндаа яаж хайрлангуй байхыг ойлговол бүх нууцыг тайлна. Хорин дөрвөн цаг юм уу, насан туршийн талаар санаашраад яах вэ. Хайрын ганц агшинг амтлаад үз. Энэ ганц агшныг хайраар дүүргэхээ мэдвэл удаах агшин ирэхэд түүнийг ч мөн дүүргэж чадна.

Санаж яв: Ганц агшин цаг хугацааны хэсэг буюу үйл явц биш. Ганц агшин бол яг одоо. Түүнийг сэхээрвэл чи үүрд мөнх рүү орно. Тэнд цаг хугацаа үгүй. Будда одоо дотор амьдардаг. Эгэл хүмүүс цаг хугацаан дотор амьдардаг. Хугацаа гэдэг нь өнгөрсөн, ирээдүйн тухай бодол юм. Өнгөрсөн болоод ирээдүйн тухай бодох үедээ чи одоо-г алддаг. Оршихуй бол зөвхөн одоо. Энэ атомлог одоо үргэлж адилхан байдаг. Өмнөх агшнаас ч, дараах агшнаас ч ялгаагүй. Экхарт “Цаг явдаггүй, бид л явдаг” гэж хэлсний учир энэ. Цэвэр цаг хугацаа үргэлж хэвээрээ. Бид л явдаг. Тийм учраас хорин дөрвөн цагийн тухай бодох хэрэггүй. Энэ агшныг ч бодох хэрэггүй.

Бодоход цаг хэрэгтэй. Амьдрахад цаг хэрэггүй. Яг энэ агшинд чи бодолд автах боломжгүй. Энэ агшиндаа оршъё гэвэл бодлоос хөндийрч таарна. Бодол уг үндсээрээ өнгөрсөн, ирээдүйтэй холбогддог. Тийм атал яаж одоо дотор бодох билээ? Бодох агшинд тэр чинь өнгөрсөн болно.

Энд цэцэг байна. Чи түүнийг хараад “Ямар гоё цэцэг вэ!” гэв. Энэ үг одоох биш, өнгөрсөн л болно. Цэцэгтэй хамт байх боломжтой. Гэхдээ түүнийг бодох боломжгүй. Бодол өөрөө хугацаа юм. Бодол үгүй үед хугацаа үгүй байна. Бясалгал дунд цаггүйг мэдэрдгийн учир энэ. Хайран дунд цаггүйг мэдэрдгийн учир ч тэр. Хайр бол бодол биш, бодлоос гэтлэхүй. Чи хайрын тухай бодохгүй, хайртынхаа талаар ч бодохгүй, зүгээр л түүнтэй хамт байгаа нь хайрын хором. Бодолд автаастай бол өөр газраар хэсүүчилж байна.   

Бодолд автдаг хүн хайрлаж чадахгүй. Энхжингийн булагт хүрсэн ч, Бурхантай учирсан ч тэр тухай бодсоор байгаад аз завшааныг алдана. Тухай, бас дахин тухай бодлоор бодит ахуйг яаж амсах вэ. Хайрын агшин бол цаггүй агшин. Тиймээс хорин дөрвөн цагийн турш хэрхэн хайрлах тухай асуудал байхгүй. Хорин дөрвөн цагийн турш хэрхэн амьд байх тухай чи боддоггүй биз дээ? Эсвэл амьд, эсвэл талийсан байна. Гол ойлгох зүйл цаг хугацаан дотор биш, энд-одоо л хэрхэн байх, хайрын төлөвт хэрхэн орших.

Яагаад чи жигшил хорсол, уур уцаарт автана вэ? Уг шалтгаан руу нь ор. Амь амьдрал чинь аюул дунд байгааг мэдрэхээр л дотор чинь давчиддаг. Сүйрч мэдэхээ мэдэрмэгц бусдыг сүйрүүлж эхэлдэг. Энэ бол тэсч үлдэхийн төлөөх тэмцэл. Оршихуйд ямар ч аюул занал байхгүй, чамайг хэн ч хөнөөж чадахгүйг ойлгохоос нааш хайраар дүүрэх боломжгүй. Есүс хайранд умбаастай. Учир нь, тэр үхэшгүй мөнхийг мэддэг. Харин чи үхэл мөхлийг л мэдэрдэг. Алхам бүрт үхэл отоостой. Агшин бүхэнд айдаст автаастай. Айдаст хүн яаж хайрлах вэ? Айдас байгаа цагт хайр гэсэн хуурмаг төсөөллийг л ургуулж чадна. Өөрийгөө хайран дунд байна гэж найдах үедээ айх нь багасдаг. Түрхэн зуур ч гэсэн үхэл мөхлийг мартагнана. Хорвоогийн хүмүүст хайрлах, хайрлагдахын хэрэгцээ асар их байдгийн учир энэ.

Хэн нэгнээр хайрлуулах үедээ чи өөрийгөө ертөнцөд хэрэгтэй, адаглаад нэг хүн чамаар дутахыг мэдэрнэ. Хэнд ч хайрлагдахгүй бол өөрийгөө илүүдэл мэтээр мэдэрч, үнэ цэнэ, утга учраа алдана. Тэр цагт айдас нөмөрч, аюул заналаас биеэ хамгаалах совингоор ууртай догшин болдог. Өөрөө товрог болохоос айсандаа эвдэн сүйтгэгч болдог.

Хайрын агаарт чи өөрийгөө энэ ертөнцөд урилгагүй зочин биш, хүндэт зочин шигээр мэдэрнэ. Чамайг хайрлаж байгаа хүн бүх ертөнцийн төлөөлөл мэт санагдана. Гэхдээ энэ хайр айдаст суурилдаг. Айдсынхаа эсрэг, үхлийн эсрэг, оршихуйн тоомжиргүй аясын эсрэг бамбай болгодог хайр. Үнэхээр оршихуй тоомжиргүй мэт санагдана. Адаглаад өнгөн талдаа тийм л байдаг. Нар, сар, далай тэнгис, газар дэлхий бүгд чамайг тоож харахгүй шиг. Чамтай, чамгүй ертөнц орчсоор байх. Алсын одод байтугай Эх гэж дууддаг газар дэлхий чинь хүртэл анзаарахгүй. Талийлаа гэхэд чинь Замбуулин гуниж гашуудахгүй, урдынхаараа л хээвнэг эргэсээр байна. Чиний энд байгаа нь тохиолдол төдий. Чамаар дутаж гуцаад урьж залсан юм биш... Энэ нь айдас төрүүлдэг. “Би хэнд ч хэрэггүй амьтан юм биш үү” гэсэн эмзэглэл өвөрлөсөн айдас.

Харин хэн нэгэнд хайрлуулах үедээ оршихуйн өөр хэмжээсийг мэдэрдэг. Адаглаад нэг хүн чамаар дутах, чамайг үгүйд уйлан дуулж, үгүйлэн санагалзах юмсанж. Тэгэхлээр чамд үнэ цэнэ, утга учир байж таарна.  Ийм л учраас хайрын хэрэгцээ их байдаг. Гэхдээ энэ хайр чинь миний өгүүлж буй хайр биш. Энэ бол харилцан наадах илбэ жилбэ. “Би чамд, чи надад хэрэгтэй. Бид энэ элчилгүй уудамд хоосон оргисон, тоомжиргүй ертөнцийг мартаж, утга учиртай хувийн ертөнцөө бүтээе” гэх. Хувийн ертөнцдөө л амьдрахгүй бол орчлон хорвоо та нарыг үгүйсгэх шиг санагдана. Хорвоог мартаж, амраг хосын амтат зүүдэндээ умбаж гэмээ нь амьдрал утгатай болох.

Би энэ хайрын тухай яриагүй. Энэ бол үнэхээр илбэ. Хүн сул дорой учраас илбэ жилбэгүйгээр амьдарч чаддаггүй. Будда шиг хүчирхэг хүн л илбийн үзэгдэлд шүтэхгүй амьдарч чадна. Тиймдээ илбэ жилбэ өөртөө бүтээдэггүй. Илбээс ангижрах хэрээр хайрын ондоо хэмжээс нээгдэнэ. Хэн нэгэн чамд шаардлагагүй болно. Хайхрамжгүй мэт харагдах хотол ертөнцөөс тусдаа биш гэдгээ ойлгоно. Мод цэцэглэж байгаа нь чамаас ангид биш. Чи тэр модон дотор цэцэглэж, тэр мод чиний дотор сэрж буй.

Далай тэнгис, элс, одод цөм чамтай нэг. Чи өнчин арал биш, энэ хотол ертөнцтэй амь нэгтэй. Үүнийг ухаарахаас нааш сэтгэлийн төлөв болсон жинхэнэ хайрыг хүртэхгүй. Оршихуйн нэгдлийг сэрж мэдэх юм бол өөр хэн нэгэнтэй амин хувийн илбэ бүтээх шаардлагагүй болно. Чамайг тоох хүнгүй байсан ч утга учир алдагдахгүй. Үхэл ирлээ ч үймрэл аймралд үл автах. Үхэл чиний бие цогц, хэлбэр дүрийг л арчих байх. Гэхдээ хотол оршихуй болсон жинхэнэ амийг чинь бөхөөж чадахгүй. Бясалгалын утга учир энэ. Бясалгал дунд чи мөн чанараа нээж хардаг. Оршихуй лугаа нэг гэдгээ мэдэрдэг. Тэгээд айдас сэжиг алдарч, үхэл мөхөл сарнина. Тэр цагт хайр л ундарч эхэлнэ. Тэр хайр хүчилж хийх үйлдэл биш, амьсгал мэт аясын хөврөл байна.

Энэ хайр чин бишрэл, хайлан болж цэцэглэнэ. Өөрөө анзаарах ч үгүй тийм намуун зөнгийн төлөв. Энгүүн үед амьсгалаа анзаардаггүй шиг. Амьсгал давчдах, боогдох үедээ л сая анзаардаг. Бусад үед би амьсгалж байна уу, үгүй юү гэж санаа тавих шаардлагагүй мэт. Сэтгэлийн энгүүн төлөв болсон хайрын агаарт чи зүгээр л амьсгална. Ажиг сэжиг бүхнээс ангижирч, хайрыг хүртэл мартана. Ийм аясаараа байх нь хайлан юм. Үнэмлэхүй оргил гэж нэрийдэж болно.

Би хайрын тухай ярихдаа та нарын боддог хайрыг яриагүй. Гэхдээ та нар өөрсдийнхөө хайрыг ойлговол хайрын өөр төрөл рүү дэвших алхам болно. Тиймээс би та нарын хайрыг буруушаахгүй. Зүгээр л айдаст суурилдаг учрыг нь хэлж байна. Энэ бол адгууслаг хайр. Дөвийлгөө ч үгүй, доромжлоо ч үгүй бодит баримт.

Хүн айж бэмбэгнэж явдаг. Түүнд өөриймсөг мэдрэмж төрүүлэх, айдсыг нь үргээх өмөг түшиг хэрэгтэй байдаг. Адаглаад ганц хүнтэй байж гэмээ нь айдаст тэгтлээ автахгүй. Энэ бол хүний амьдралын байдаг л хэмнэл. Гэхдээ Будда, Есүсийн өгүүлдэг хайр биш. Тэд харилцаа холбоог биш, сэтгэлийн төлвийг хайр гэж хэлдэг. Бясалгалд орохгүйгээр шууд тийм болж чадахгүй. Үхэлгүй мөн чанарыг таньж, гадаад дотоод оршихуйн нэгдлийг ухаарахаас нааш хайрлангуй байх тун бэрх. Харилцаа холбооноос аажмаар хэтийдэж, сэтгэлийн төлөв болсон хайранд дэвшихэд чинь бясалгал тус болно.     

- Таны өгүүлсэн дийлэнх арга бие цогцыг зэмсэг болгож ашиглах юм. Тантрын ёсонд махбодыг тийм чухалд үздэгийн учир юу вэ?

- Юуны өмнө чи бол бие цогц. Өөрийгөө мөнхийн сүнс буюу атман гэхчлэн боддог байх. Гэхдээ тэр бол төсөөлөл төдий. Яг одоогоор чи бие цогц. Айдаст суурилсан элдэв хий хоосон санаагаар өөрийгөө хуураад яах вэ.

Сүнс байдаг эсэхийг чи мэдэх ч үгүй. Үхэшгүй мөнхийн гэх дотоод чанадад нэвтэрч үзээгүй. Тэр тухай дуулсан л төдий. Үхлээс айсандаа тийм үзэл санаанаас зуурдаг чинь үнэн. Өтөлж, доройтох тусмаа хүмүүс үхэшгүй сүнс, бурхан тэнгэрт итгэгч болдог. Сүм хийд рүү очвол тэнд үхлийн ирмэгт очсон өтөл буурайчуул дүүрэн бий. Залуу нас бол уг үндсээрээ атейст. Залуу тусмаа хүмүүс бурхангүйчүүд байдаг. Идэр залуу, эрч хүчтэй явахад омог их, айдас бага. Үхэл холын хол, эсвэл зөвхөн бусдад тохиолддог юм шиг санагдана. Харин нас явж, хөгшрөх тусмаа өөрт ирэх үхлийг мэдэрч эхэлдэг. Үхэл ойртох хэрээр хүн шүтлэгтэн болдог. Тэр шүтлэг нь айдаст суурилдаг. Айдсаас болж сүнсэнд итгэж, бурханд шүтэж яваа хүн өөрийгөө л аргацааж буй.

Яг одоогоор чи бие махбод төдийхөн. Энэ бол факт. Үхэшгүйн тухай юу ч мэдэхгүй, үхдэг мөхдөг хорвоогоо л мэдэх. Үхэшгүй чанар бий. Түүнийг чи мэдэх боломжтой. Мухар сүжиг, хийсвэр санаа хэрэггүй. Бодит амсуур, танин мэдэхүй л хэрэгтэй. Тийм учраас Тантар бие махбодоос эхэлдэг. Нэгэнт хүртэж мэдэрч байгаа зүйл чинь тэр шүү дээ. Хэрэв чи метафизикч, теологич дээр очих юм бол тэд сүнс яриад эхэлнэ. Тантар бол шинжлэх ухаанч. Хаа байгаа газраасаа эхлэх учиртай. Хаана очих тэр газраасаа эхлэх нь боломжгүй бөгөөд утгагүй.

Тантар бие махбодыг буруушаадаггүй. Христиан болон бусад сурталчид бие махбодыг элдвээр буруушааж, дорд үздэг. Шашны суртал хүнийг бие, сэтгэл, сүнсээр нь хуваагаад зогсохгүй, биеийг хүртэл дээд, доодоор нь хувааж орхидог. Доод бие бузар, дээд бие сайн гэхчлэн. Түүнээс болж чи өөрийнхөө доод биед хүрэхдээ ч эвгүйрхдэг.

Тантар бүгдийг хүлээн зөвшөөрдөг. Таван мянган жилийн турш сексийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн цорын ганц уламжлал бол Тантар. Учир нь, та нар секс төвдөө л оршин буй. Оршин байгаа цэгтээ дулдуйдаж өөдөө асах учиртай. Уг төвөөсөө татгалзвал дэвшиж байна гэж өөрийгөө хуурахаас биш, ямхын ч ахиц гарахгүй. “Билгүүн ухаан бүгдийг хүлээн зөвшөөрч, хувиргадаг. Гагцхүү мунхаг  татгалздаг” гэж Тантар хэлдэг. Билгүүн ухаанаар хорыг ч эм болгох боломжтой. Бие махбод биеэс халих хөлөг болж чадна. Бэлгийн эрчим сүнслэг хүч болж болно...

Та нар бие байдлаар төрж, амьдарч, өвдөж, илааршиж, залуу байж, өтөлж, нөгчдөг. Биеэ л хооллож, ундалж, асарч тойлж, чимж гоёж, түүний төлөө хөдөлмөрлөдөг. Өөр бусдыг ч бие байдлаар нь хайрлаж, ханьсаж, мөн өөр биеийг төрүүлдэг. Үр садынхаа төлөө зүтгэж байгаа чинь тасарсан мах, үсэрсэн цусаа л гэж байгаа хэрэг. Бүх амьдралын чинь 99% бие махбодод зориулагддаг. Түүнээс хальж болох боловч энэ аялал биеэр л дамжих учиртай.



НЭПКО хэвлэлийн газар


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив