Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Зүрхэн судар
2017 оны 7 сарын 3 [Уншсан тоо: 13090]

АГНИСТЫН ГЭГЭЭ
Цуврал-16


Би та нарын дотоод Буддад мэхийн мөргөе. Та нар өөрсдөө анзаардаггүй байж магад. Дотоод мөн чанар чинь Будда гэдгийг, ирээдүйд учирч болох нэгэн биш, аль хэдийн учирсан гэдгийг зүүдлээ ч үгүй явдаг байх. Бид бодь чанараас гарсан, мөн бодь чанарын зүг одогсод. Бодь чанар – будда хутаг бол альфагаас омэга хүртэлх амьдралын тойргийг бүхэлд нь агуулдаг.

Өөрийгөө таньсан тэр өдөр бүх оршихуй гэгээрнэ. Тусгаар бие хүн бол гэгээрэлгүй оюуны л тусгал. Гэгээрэхээс өмнө “би” гэгч алдрах жамтай. Тийм атал ганцаараа яаж гэгээрэх вэ. Намайг гэгээрсэн тэр өдөр бүх оршихуй гэгээрсэн. Тэр цагаас хойш би Будда нараас өөр хэнийг ч хараагүй. Өчнөөн өнгө хэлбэр, төчнөөн нэр зүүсгэлээр ялгаравч угтаа цөм будда. Тийм учир би та нарын доторх Буддад бишрэн сөгднөм.

Ийм олон Будда хуран чуулсанд хязгааргүй ихээр баярлаж байна. Энд намайг зорьж ирсэн тань их сэхээрлийн эхлэл юм. Өр зүрхэндээ багшийг хүндэлж, хайрлаж байгаа нь өөрийн бурхан чанарыг хүндэлж хайрлаж байгаа хэрэг. Багшид итгэх нь дотоод Буддадаа итгэхийн нэр. Багшид ойртсоноор чи өөртөө ойртдог.

Эмэрсоны нэг алдартай үг бий: “Хүн бол эвдэрсэн Бурхан” гэж. Би энэ үгийг нэг талаас нь зөвшөөрөвч, нөгөө талаас эс зөвшөөрнө. Зөнгийн хараа байгаа хэдий ч мөчидхөн харжээ. Хүн эвдэрсэн бурхан биш, харин цогцолж буй бурхан, ургаж буй будда. Дурын агшинд дэлгэрэх цоморлиг хэдийн тэнд бий. Шинээр бүтээх биш, хэзээнээс байгаа үнэнийг нээх жаахан самбаа хэрэгтэй. Тэгээд л болоо...

Буддын сан хөмрөг дундаас хамгийн нандин охь шим учраас энэ судрыг Зүрхэн судар гэж нэрийддэг. Гэхдээ би уг эхээс нь эхлэхийг хүсч байна. Чухам энэ цэгээс Буддын сургаал ач холбогдолтой болно: Өөрийгөө будда гэж өр зүрхэндээ мэдэр. Хоосон хийрхэл шиг санагдаж магадгүй. Чамайг бүрэн төгс итгэж чадахгүйг би мэднэ. Гэхдээ үр төдийгөөр ч бай тэр итгэл зүрхэнд чинь оршиг. Итгэлийн агаарт л энэ судрыг хүлээн авч чадна. Зүрхэн судар үр мэт товч хураангуй. Өөрийгөө будда гэж, ургаж буй бурхан гэж ухаарсан зөн сэрэхүй түүнд хөрс болж өгнө.

Эрдэнэсийн сан заяамал. Дотоод гэртээ жаахан гэрэл тусгахад үгээгүй гуйранч биш, хаадын хаан болохоо харна. Даанч та нар бол заяаны гуйлгачин, засаршгүй гэм зэмтэн гэж үеийн үед номлогч нарт тархиа угаалгаж ирсэн нь гүн ховс болжээ. Энэ ховсыг цуцлах учиртай. Түүнийг цуцлахын тулд би нэн түрүүнд та нарын дотоод Буддад мөргөсөн юм.

Миний хувьд, та нар бол Будда. Энэ үндсэн баримтыг хүлээн зөвшөөрөхгүй бол гэгээрэх гэсэн бүхий л чармайлт чинь утгаа алдана. Гараа зөв байж бариа зөв байна. Энэ бол зөв эхлэл: “Би бол Будда” гэж мэдэр. Нэг төрлийн эго үүсгэх вий гэж шийрэгнэх хэрэггүй. Учир нь, Зүрхэн судар чамд эго үгүйг нотлон харуулах болно. Орчлон ертөнц бодит бус илбийн үзэгдэл, гагцхүү сүнс буюу “би” бодит үнэн гэж хэлдэг олон багш бий. Харин Будда эсрэгээр нь хэлдэг: “Би” гэгч л бодит бус, бусад бүхэн бодитой гэж хэлдэг. Миний хувьд Буддагийн хараа илүү гүнзгий. Оршихуйн гүнд түүн шиг нэвтэрсэн өөр хэн ч үгүй.

Гэхдээ энэ мэдрэмжээс эхэл. “Би бол Будда” гэж биеийн эс бүхэндээ, сэтгэлийн булан бүртээ хүргэн тунхагла. Би-гийн хувьд санаа зоволтгүй. Аяндаа түүний учрыг олчихно. “Би”, бодь чанар хоёр хамт орших боломжгүй. Бодь чанар нэгэнт тодормогц “би” замхарна. Гэрэл асаамагц харанхуй сарних шиг.

Энэ сударт орохын өмнө жаахан суурь ойлголт тус болно. Буддын судар номд долоон сүмийн тухай өгүүлдэг. Сүфичүүд долоон хөндий, Хиндүчүүд долоон хүрдний тухай өгүүлдэг шиг.
    
Махбодын (physical)
Махбодлог сэтгэлийн (psycho-somatic)
Сэтгэлийн (psychological)
Сүнслэг сэтгэлийн (psycho-spiritual)
Сүнсний (spiritual)
Сүнсэн чанадын (spiritual-transcendental)
Чанадын (trannscendental)

Энэ судар долдугаар сүмд хамаарна. Чанадын буюу үнэмлэхүй сүмд нэвтэрсэн нэгний тунхаг юм. Пражна парамита гэсэн санскрит үгийн утга ч ийм. Энэ хийгээд нөгөө ертөнцийн хэмжээс бүхнээс хальж, ижилсэл бүхнээс салж, чанадын чанадад хүрсэн билиг, эргэн тойрон өчүүхэн ч утаа униар үгүй цэвэр ухамсрын дөл гийхүй. Тийм учраас буддын шашинтнууд энэ бяцхан судрыг Зүрхэн судар гэж дээдэлж ирсэн.

Эхний буюу махбодын сүм нь Хиндү уламжлалд өгүүлдэг муладхар хүрдтэй дүйнэ. Бодлог сэтгэлийн сүм нь свадистан хүрд, сэтгэлийн сүм нь манипура хүрд, сүнслэг сэтгэл нь анахата, сүнсний сүм нь вишүдха, сүнсэн чанад нь ажна, чанадын сүм нь сахашрар хүрдтэй дүйнэ. Сахашрар бол мянган дэлбээт лянхуа гэсэн утгатай. Энэ бол үнэмлэхүй цэцэглэлтийн бэлгэ тэмдэг. Ард нь юу ч үлдээгүй, бүгд дэлгэрч нээгдсэн, бүх орон зайг анхилам сайхнаараа адисласан гэсэн үг.

Орчин үед хүн-ертөнцийн гүн рүү чиглэсэн нөр их эрэл судалгаа өрнөжээ. Эл судалгаа биднийг хэр хол хөтлөхийг ойлгууштай. Павлов, Скиннэр болон бусад төрхзүйчид махбодын орчин буюу муладхар хүрдийг л тойрон эргэж байсан. Тэд хүнийг зөвхөн бие гэж боддог. Эхний сүм рүү тэд гүн орсон. Бусад бүхнийг мартталаа тэнд автжээ. Хүн бол бие цогцоос өөр юу ч биш гэж анхнаасаа дүгнэчихээр цаашаа танин мэдэх нүд хаагдаж, хөгжих боломж боогдож таарна. Тэгснээр нэг төрлийн эд зүйл, машин маягтай амьдарна. Идэж уух, өмсөж зүүх, тачааж хурьцах, гэр бүл болох, үр хүүхэд төрүүлж өсгөх төдийгөөр нэгэн хэвийн тойрогт эргэнэ. Эрхэм дээд утга учир, уянга найраг хаанаас байх вэ.

Скиннэр Эрх чөлөө, цог залийн оргилд гэсэн ном бичсэн. Зүй ёсоор нь нэрлэе гэвэл Эрх чөлөө, цог залиас доош гэвэл зохилтой. Энэ бол хүний тухай үзлийн хамгийн доод хэлбэр. Би бие махбодыг дорд үзэхгүй. Энэ бол эрхэм сайхан сүм. Гагцхүү түүнийг бүх зүйл гэж бодох нь дорд юм. Хүнийг долоон гишгүүр бүхий шат гэж үзвэл чи зөвхөн эхний гишгүүрт ижил дасал болж зууралдана гэсэн үг. Тэгэхээр хаашаа ч явж чадахгүй. Уул нь энэ болоод чанад ертөнц, матери хийгээд бурханыг холбох гүүр болсон шат бий. Гишгүүр болгон ашиглаж гэмээ нь бие цогц талархал хүлээх үнэ цэнэтэй зүйл болно. Гэтэл түүнийг бүх юм гэж бодоод, бусад шатыг умартах юм бол гишгүүр утгаа алдаж, занга болж хувирна. Тийм болохоор ахуйч үзэлтнүүд занганд орсон амьтан шиг амьдардаг. Нэг юм үгүйлж, хаашаа ч зүглэсэн нөгөө л газраа эргэн ирэх. Уйдаж цөхөрсөн тэдэнд эцсийн бүлэгт амиа хорлох санаа л төрдөг.

Франк Шийдийн энэ үгийг тунгаа: “Хүний сүнс утга учрыг үгүйлэн уйлж байна. Эрдэмтэд зохион бүтээсээр л. ‘Хар л даа, энэ утас байна, тэр зурагт байна...’ Энэ бүхэн ээжийгээ санан уйлж байгаа хүүхдийг чихрээр хуурах гэж хичээхтэй адил...”

Орчин үеийн ертөнцөөс ханган нийүүлж буй бүхэн хүүхэд хуурах чихэр, тоглоом наадгай төдий. Та нар ээжийгээ санан, хайрыг үгүйлж, амьдралын утгаар цангаж, гэгээрлээр дутан уйлж гансарч байгаа. Гэтэл тэд “Хараач, гоё зурагт байна. Шидэт утас байна. Бид та нарт зориулж ийм ч гоё, тийм ч сюрприз барина” гэх. Хэсэг зуур сатааравч эргээд л уйдаж гансарна. Тэд дахиад л та нарыг саатуулах шинэ тоглоом сүвэгчилнэ. Яаж ийм хөгтэй, жигтэй тоглоомон дунд амьдарсаар яваадаа итгэж ядмаар. Бид ердөө л эхний гишгүүрт гацсан хэрэг.

Өөрийгөө бие дотор байгаа болохоос бие биш гэдгээ ямагт санаж яв. Бие бол уран тансаг сүм. Би та нарыг биедээ дайсагнагч үзэлтэн болгох гээгүй юм шүү. Үеийн үед сүнслэг үзэлтэн гэх хүмүүс тийм зүйл хийж ирсэн. Материалистууд бие цогцоос өөр юмгүй гэж боддог бол нөгөө туйл руу хэлбийж, бие махбодыг үгүйсгэж, дорд үзэгчид бий. “Бие цогцост хайр найргүй ханд. Тэгж байж л илбэ жилбийн хуурамч үзэгдлээс салж, жинхэнэ үнэнийг нээнэ” гэж тэд хэлдэг. Энэ бол эсрэг туйлшрал. Угтаа материалист, спиритуалист хоёр бие биенээ нөхцөлдүүлдэг хань хамсаатнууд. Явцуу хандлагаараа тэд яг ижил. Бие бол амьдрах учиртай, хайрлагдах ёстой Бурханы бэлэг болсон нандин цогц. Түүнийг өчүүхэн ч бүү үгүйсгэ. Гэхдээ өөрийгөө зөвхөн тэр гэж бүү бод. Чиний оршихуй биеэс хаа хол халина. Биеэ чанадад халих хөлөг болгож ашигла.

Удаах нь бодлог сэтгэлийн сүм – свадистан. Фройдын психоанализ энэ төвшинд ажилладаг. Скиннэр, Павлов тэргүүтнээс арай цаашаа явсан. Фройд төрхзүйч (бихэйвирист) биш боловч зүүднээс хальж чадаагүй. Зүүд бол илбийн үзэгдэл. Ухаангүйгээс ухаан руу илрэх дохио. Зүүдийг ойлгож, ашиглаж болох ч өөрөө зүүд болох ёсгүй. Яг чиний мөрөөр зүүдэлж байгаагүй болохоор хэн ч чиний зүүдийг тайлж чадахгүй. Түүний тайлбар түүнийх л байх болно. Сэрүүн тунгалаг нүдээр ажиж гэмээ нь зүүдэн илгээлтийг өөрөө ухаарна. Психоаналист руу зүүдээ шинжүүлэх гэж явах шаардлагагүй. Шинжүүлж, тайлбарлуулах тусмаа чи зүүдээр хүрээлэгдэх вий...

Төрхзүйчид махбодын шинж чанарт уягдсан бол Фройд тэргүүтэн нь бүх зүйлийг бэлгийн хүслээр тайлбарлах гэдэг. Түүн дээр лянхуа аваачсан ч “Энэ чинь өмхий шавраас ургасан болохоор өмхий шавар л байж таараа” гэж хэлнэ. Тэрээр бүгдийг тачаал руу буулгаж орхидог. Хүн төрөлхтөнд урам зориг, цэнгэл таашаал бэлэглэсэн уран бүтээлчид Микэланжэло, Гётэ, Байрон... бүгд л дарагдсан буюу гажуудсан тачаал юмсанж. Гётэ гар хангалга хийж байгаад зогссон биз гэнэ. Сая сая хүн гар хангалга хийж байгаад зогсдог ч тэд бүгд Гётэ болдоггүй шүү дээ. Энэ үнэхээр утгагүй тайлбар.

Фройдынхоор бол Будда хүртэл өвчтэй болж таарна. Буддагийн ярьдаг бүхэн дарагдмал тачаалаас өөр юу ч биш юмсанж. Хүний аугаа чанарыг адгийн зэрэгт нь бууруулж үздэг ийм хандлагаас сэрэмжил. Үнэндээ Будда биш, Фройд өөрөө эмгэгтэн. Буддагийн гэгээн амгалан бол эмгэг согог биш, эрүүл саруул оршихуйн төгс цэцэглэлт юм.

Бясалгал, залбирал, уянга найраг, бүжиг цэнгэл үгүй, зүгээр нэг ажилдаа явж, гэртээ харьж, ууж, идэж, унтахаас өөр бүтээл туурвил үгүй молхи хүмүүс Фройдын хувьд хэвийн хүн буйза... Молхи ухаан л бүх эрхэм дээдийг доош буулгах гэж оролддог. Өөрсдөөс нь илүү байхыг тэд хүлцэж чаддаггүй.

Гуравдахь нь сэтгэлийн төвшин. Адлэр тэргүүтэн энэ төвшинд хамаарна. Фройдоос арай илүү, гэвч тун эгойст. Фройд бүх зүйлийг хурьцал тачаал руу буулгадаг бол Адлэр бүгдийг дутуугийн мэдрэмжинд буулгадаг. Аугаа болох гэж чармайдаг хүмүүс бусдаас дутуу гуцуугаа мэдэрч эмзэглэдэг болохоор тэр гэнэ. Гэгээрэх гэж тэмүүлж буй хүн бусдад мөчөөрхөж, тэднээс давж гарах эрх хүчийг л эрэлхийлж буй юмсанж. Энэ бол дэндүү ташаа тайлбар. Будда, Есүс, Кришна тэргүүтэн бусадтай арцалдаж, хүч чадлыг эрж явсан байж яаж таарах вэ? Тэд чинь Šбиš үзлээс салж, оршихуйд бууж өгөгсөд. Будда цэцэглэсэн хойноо бусдаас илүү шилмэл ариухан нэгэн гэж өөрийгөө бодох боломжгүй. Түүний хувьд бүх оршихуй ариун гэгээн, хумхийн тоос хүртэл бурханлаг. Бусдад атаархах эмзэглэл угаасаа түүнд байгаагүй. Тэрээр орон гүрний хамгийн баян, эрх хүчтэн хаан байсан. Өв тэгш бие бялдар, суу залиар хэн ч түүнийг бараадахгүй.  Амраг бүсгүй нь хүртэл орчлонгийн гоо сайхны оргил байлаа. Гэвч Адлэр түүнийг яаж ийгээд дутуу гуцуугийн мэдрэмж рүү түлхэнэ биз. Хүнд эгогоос хальсан зорилго байх боломжинд тэр итгэдэггүй. Фройдоос давж гарсан ч хол явж чадаагүй.

Дөрөвдэх нь сүнслэг сэтгэлийн төвшин буюу зүрхний хүрд анахата. Юнг, Ассагиоли тэргүүтэн энэ төвшинд нэвтэрсэн. Павлов, Фройд, Адлэраас дээш гарч, илүү боломжийг нээсэн. Тэд ердийн оюунд хүлэгдээгүй. Илүү оюунлаг учраас ердийн бус буюу иррациональ ертөнцийг хүлээн зөвшөөрчээ. Орчин үеийн психологи дөрөвдэх гишгүүрт хүрээд зогсдог. Дөрөвдэх гишгүүр бол цогц шатны тэг дунд оршино: Доошоо гурван гишгүүр, дээшээ гурван гишгүүр бий. Орчин үеийн сэтгэлзүй төгс шинжлэх ухаан болж амжаагүй л байна. Туршлагаас илүү таамаг давамгайлсан түүний хувьд бүх зүйл тодорхой бус.

Тавдахь нь сүнслэг төвшин. Лал, Хиндүйзм, Христос гэхчлэн зохион байгуулалттай, ягшмал сурталтай шашин, сүм хийд бүхэн энэ төвшинд тогтдог. Тэд тавдахь төвшнөөс цааш хальж чаддаггүй.

Зургаадахь нь сүнслэг чанад. Иог тэргүүтэн арга ухаан энд хамаарна. Дэлхий даяар үеийн үед элдэв үзэл суртлаас ангид хөгжиж ирсэн олон арга ухаан бий. Тэд онолоос илүү туршлагач шинжээрээ ялгардаг. Бие, сэтгэлийн дунд зохицлыг бүтээж, тэр зохист аясыг хөлөглөн ердийн ахуйгаас халих учиртай. Иогийн зам мөр үүнийг бүрэн төлөөлнө.

Долоодахь нь чанадын төвшин: Тантар, Дао, Зэн. Буддагийн билиг энэ төвшнийх. Пражнапарамита нь чухам ийм л утгатай. Чанадад хүрэх билиг. Бүх нөхцөлдсөн төлвийг гэтэлж, цэвэр субьектив, цэвэр ухамсар болох.

Чанадад хүрэхгүй л бол хүн чихэр наадгайд хууртах хүүхэд шиг хуурмаг илбэнд төөрсөөр явна. Саяхны нэг өдөр би америк машины сурталчилгаатай таарсан. Машин дээр нь “Шүтэн биширмээр” гэсэн үг байсан. Хүн ингэтлээ доошоо орж яваагүй байх. Хүн машин шүтэх болоо юу? Тийм ээ, олон хүн хаус, машин, банкны хадгаламжинд сүсэглэж шүтэх болсон. Эргэн тойрноо анзаарч хар. Бурхан замхарсан ч шүтлэг замхраагүй. Бурханы оронд Кадиллак, Линкольн залрах болж. Бурханыг арчаад хүмүүс Сталин, Мао гээд шинэ бурхадыг бүтээж. Кино од, шоу ертөнцийн бурхадыг шүтэн бишрэх болж. Энэ бол хүний ухамсрын түүхэн дэх уналтын доод цэг.

Хааяа та нар Бурханыг саналаа ч өвдөж зовж, цөхөрч гутрах үедээ л санах. Санах ч гэж дээ, зүгээр Бурхан гэдэг үгийг аспирин шиг хэрэглэдэг. “Өдөрт гурван удаа Бурханд мөргөвөл өвчин зовлонгоос гэтэлнэ” гэхчлэн танай шашнууд сургадаг болохоор тэр. Бурхан бол өвчин намдаагч эм биш ээ.

Цөөн хүн Бурханыг санадаг ч алба ажил маягаар үйлддэг. Тэд бол лам санваартнууд. Үүнийх нь төлөө тэдэнд хүмүүс мөнгө төлдөг болохоор нүглийн нүдийг гурилаар хуурч, үгээр хаацайлж явдаг. Бусад нь Бурханыг зовлон дундаа дуудаж, жаргал дундаа мартана. Уул нь жаргалын хором л Бурханыг санавал зохих алтан хором юмсан. Уярал хайр, баяр жаргал дундаа чи Бурханд хамгаас илүү ойртдог. Уй зовлон дундаа алсарч оддог. Амарлих үедээ хүн нээгдэж, бачуурах үедээ хаагддаг юм шүү.

Багаас чинь сургаж дадуулсны эрхээр ёс төдий мөргөл залбирал үйлдэх нь тамхи татах шиг зуршил болдог. Тамхи татлаа гээд уярч хайлаад байх юмгүй ч, татахгүй бол үгүйлж бачуурдаг биз. Түүнчлэн өглөө, орой бүр Бурханыг санахдаа өр зүрхэндээ юу ч амсахгүй, хэвшмэл үг, ягшмал үйлийг л давтах. Түүнийгээ болих юм бол хоосорч бачимдах аятай.   

Ийм нэг түүх сонссон юм:

Орон даяар алдартай иогч байжээ. Хаан эзэн түүнийг газар доор гүн самадид бүтэн жил сууж чадах юм бол гүрэн улсынхаа шилдэг аргамаг хүлгийг шагнал болгоно гэж амлажээ. Түүнийг хүлэг моринд хорхойтойг хаан мэддэг байж.

Иогч зөвшөөрч, жилийн болзоо тавин газар дор амьдаараа оршуулагдав. Гэвч улс оронд дэгдсэн хэрэг явдлаас болж иогчийг мартаж орхижээ. Арван жилийн дараа л хэн нэгэн “Хүүе ээ, нөгөө иогч юу болсон бэ?” гэж сануулж. Хаантан түүний учрыг олуулах гэж хүмүүс илгээв. Иогчийг газрын гаваас гаргаж ирэхэд тэрээр гүн транст байсаар. Тусгай тарни чихэнд нь шившихэд сая сэрж, хамгийн түрүүнд хэлсэн үг нь “Миний морь хаана байна?”

Арван жил газар доор, нам жимд оршсон боловч шунаг сэтгэл нь бахь байдгаараа, “Миний морь хаана байна?” гэх. Ийм хүнийг самадид байсан гэх үү? Бурханыг санаж байсан гэх үү? Бурханыг биш, морины тухай л бодож байж. Амьсгалаа зогсоож, үхлийн төлөвт биеэ оруулах техникт суралцсан нь өнгөн хэлбэрийн үйл байжээ.

Хэрэв чи Бурханыг хэлбэр төдий, ёс төдий санах юм бол арван жил байтугай арван галав өнгөрөвч юу ч биелэхгүй. Уул нь бүх зүйл боломжтой. Гэвч боломж бүхэн чин зүрхээр дамжин биелдэг. Тийм болохоор энэ судрыг Зүрхэн судар гэжээ.


НЭПКО хэвлэлийн газар



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив