Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Анагаахын иж бүрэн гарын авлага
2017 оны 5 сарын 19 [Уншсан тоо: 8127]
Танин мэдэхүйн ном хэвлэлийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, Их Британийн алдарт DK хэвлэлийн газрын бүтээл АНАГААХЫН ИЖ БҮРЭН ГАРЫН АВЛАГА монгол хэлээр анх удаа гарч байна. Энэхүү бүтээл нь уншигч түмэнд хүний биеийн анатоми, физиологийн талаар дэлгэрэнгүй ойлголт өгөхөөс гадна биеийн бүтэц ба онцлогийн тайлбар, эрүүл мэнд, энх эсэн амьдрахуйн урлагийн нэвтэрхий лавлах бичиг болох юм. Эрүүл мэнд, анагаах ухааны салбарын зөв мэдээлэл, зөв ойлголт, зөв тайлбар бол зөв амьдрал, урт наслалт, удаан жаргалын маргашгүй сурвалж билээ. Хүн төрөлхтний олон үеийн хуримтлуулсан эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны түгээмэл мэдлэгийн товчоон болсон энэхүү гайхамшигт бүтээлийн монгол хэвлэлийн эрхийг бидэнд итгэл хүлээлгэн өгсөн DK хэвлэлийн газарт монгол уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Эрүүл мэндээ анхаарахуй

ЭРҮҮЛ МЭНД хэмээх эрхэм баялагтаа бидний ихэнх нь тэр бүр хангалттай анхаарал тавьж чаддаггүй. Чухамдаа, эрүүл мэндийг муутгадаг шалтгаануудын олонхоос нь бид зайлсхийх боломжтой. Эрүүл мэндээ хамгаална гэдэг нь ерөнхийдөө, өвчин эмгэг үүсгэгч хүчин зүйлсийн учрыг таньж, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах гэсэн үг юм. Орчин үеийн дэвшилтэт дархлаажуулалт болон шинжилгээний аргуудын ачаар хүмүүс бид олон төрлийн өвчнөөс өөрийгөө хамгаалах боломжтой болжээ. Дээрх таатай нөхцөлүүдийг ухаалаг амьдралын хэв маягтай хослуулснаар бид эрүүл мэндээ зөвхөн өнөө цагтаа төдийгүй, ирээдүйд ч бат найдвартай хамгаалж чадах билээ. 

 
Эрүүл энхийн нэгэн жаргал

Хангалттай нойр авах, стрессийг даван туулах зэрэг сэтгэлзүйн хүчин зүйлс нь таны биеийн эрүүл мэнд болоод аз жаргалтай амьдрахад чинь чухал нөлөөтэй.



Эрүүл байна гэдэг нь зөвхөн өвчингүй байна гэсэн үг биш юм. Үүнд мөн таны аз жаргалтай байх мэдрэмж хамаарна. Таны эрүүл энх, аз жаргалтай байх эсэх нь орчин тойрны бохирдол, ажлын байрны аюулгүй байдал зэрэг танаас хамаарахгүй хүчин зүйлээс зарим талаар шалтгаалж байдаг. Гэхдээ амьдралынхаа хэв маягаа өөрчлөх буюу дасан зохицсоноор та бие махбод болоод сэтгэлзүйн эрүүл мэндээ бэхжүүлж, өвдөх магадлалыг бууруулж чадах юм. Номын энэхүү бүлэгт эрүүл мэндээ хянахад тань тус болох хэд хэдэн аргын талаар өгүүлсэн. Түүнчлэн өвчин эмгэгийг эрт шатанд нь оношлох аргуудын талаар мэдээлэл багтав. 

Эрүүл мэнд юунаас хамаарах вэ? Хүний эрүүл мэнд зарим талаар генээс хамаардаг боловч хүрээлэн буй орчин болон амьдралын хэв маягтай нарийн сүлжээсээр холбогдсон байдаг. Хүний янз бүрийн өвчин тусах магадлал эцэг эхээсээ өвлөж авсан удамшлын материалын хольцоос хамаарна. Зарим тохиолдолд эцэг эхээс алдаатай ген өвлөж авсан хүүхэд зайлшгүй тэрхүү генийн шалтгаант өвчин тусдаг. Гэхдээ дийлэнх тохиолдолд тухайн хүний нас дээр гарсан хойноо туссан өвчний угшмал шалтгаан нь генетик удамшилтай ялихгүй л хамааралтай байдаг. Та удамшлын үүднээс өвчинд өртөмтгий хүн байж болох ч тухайн өвчнийг тусах эсэх нь бусад хүчин зүйл, тэр дундаа амьдралын хэв маягтай холбоотой байна. Жишээ нь, хоол хүнс, дасгал хөдөлгөөн, согтууруулах ундаа, тамхины хэрэглээ зэрэг нь таны эрүүл мэндэд онцгой нөлөө үзүүлдэг. Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдсанаар танай удамд нийтлэг тохиолддог өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Амьдарч буй орчны хүчин зүйлс хүний ерөнхий эрүүл мэнд болон тодорхой өвчин тусах магадлалд нөлөөлнө. Тухайлбал, хөө тортог, утаа зэрэг агаарын бохирдлын хэмжээ их байх нь астма гэх мэт амьсгалын замын өвчний шинж тэмдгийг хүндрүүлдэг. Ихэнх хүрээлэн буй орчны нөлөө хүүхдүүдэд хурц илэрдэг нь тэдний бие бойжиж гүйцээгүй байдагтай холбоотой.  



Үр тогтох агшин 

Эр бэлгийн эс өндгөн эстэй нэгдэж, эцэг, эхийн удамшлын тал тал мэдээлийг авчирсан цагаас эхлэн ирээдүйн хүн ямар өвчинд мэдрэмтгий байх нь программчлагдана.

Хүний эрүүл мэнд мөн нас, хүйс, угсаа гарал, ажил мэргэжлээс хамаарна. Тухайлбал, зүрх судасны өвчин тусах магадлал нас ахих тусам нэмэгдэж, эрэгтэйчүүд, Ази гаралтай хүмүүс, суугаа ажилтай хүмүүст элбэг тохиолддог.

 
Дархлаажуулалт 

Та хүүхдээ заасан хугацаанд нь дархлаажуулалтанд хамруулснаар олон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Эрүүл мэндээ үнэлэх нь Уг удмынхаа талаар ойлголттой болж, өвчин тусах магадлалаа бууруулахын тулд гэр бүлдээ тохиолддог өвчнүүдийг судлах шаардлагатай. Жишээ нь, гэр бүлийн 50-иас доош насны хэдэн хэдэн гишүүн хорт хавдар эсвэл зүрхний өвчин тусах тохиолдол бий. Та ургийн бичиг буюу гэр бүлийн эрүүл мэндийн мод хөтөлж, эмч мэргэжилтэнтэй зөвлөлдөх нь зүйтэй. Эмч таны эрүүл мэндийн байдлыг шалгаж, өөх тос бага хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийх зэргээр амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулж, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгнө. Хүн амьдралынхаа аль нэг үед, ялангуяа нас ахихын хэрээр хөхний буюу бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ хийлгэх шаардлагатай болж болно. Гэр бүлийн өвчний түүхээс тань шалтгаалж эмч танай гэр бүлд удамших хандлагатай өвчнийг аль болох эрт оношлох үүднээс шинжилгээ хийлгэхийг санал болгоно.

 
Дасгал хөдөлгөөн 

Дугуй унах зэрэг дасгал хөдөлгөөн нь цусны даралтыг багасгаж, биеийн өөх тосыг хайлуулж, стрессийг бууруулдаг тул зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд тустай.

Эрүүл амьдралын хэв маягийг сонгох нь Сүүлийн жилүүдэд аливаа хүн амьдралын буруу хэвшлээ өөрчилснөөр өвчинд өртөх эрсдэлээ бууруулж болох талаар тодорхой баталгаанууд гарч ирсээр байна. Өнгөрсөн 25 жилд 65 наснаас өмнө тохиолддог цус харвалт, зүрхний титэм судасны өвчин ба зарим төрлийн хорт хавдраас шалтгаалдаг нас баралтын тоо багассан нь тамхичдын тоо буурсан, мөн эрүүл хооллолтын талаарх ойлголт сайжирсантай холбоотой. Харин үүний эсрэгээр, орчин үеийн нийгмийн асуудлууд болох салалт, стресс ихтэй урт цагийн ажил, найз нөхөд, гэр бүлийнхнээсээ холбоо тасрах зэрэг нь биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг нь тогтоогджээ. Ихэнх хүн эрүүл амьдралын хэв маягийн талаар тодорхой ойлголттой байдаг ч хэрэгжүүлдэг нь цөөхөн. Зөв хооллож, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, тамхи татахгүй байж, согтууруулах ундааны хэрэглээгээ багасгаснаар тухайн хүн эрүүл мэнддээ тэр дор нь эерэг өөрчлөлт авчирч чадна. Улмаар эрүүл амьдралын хэв маягийг үргэлжлүүлэн баримталснаар ирээдүйд ямарваа нэгэн өвчин тусах эрсдэлээ үлэмж хэмжээгээр бууруулж чадах юм. Эрүүл мэндэд хортой зуршлууд нь биед шууд илт мэдэгдэм муу нөлөө үзүүлдэггүй бол засахад хүндрэлтэй байдаг. Тамхиа хаях, турах зэргээр өөртөө урт хугацааны зорилт тавих нь сэтгэлийн тэнхээ шаардах тул гэр бүл болон найз нөхдөөсөө дэмжлэг авбал зорьсондоо хүрэхэд илүү хялбар байх болно.  

НЭПКО хэвлэлийн газар




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив