Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Тунгаан бодох уу, түргэн шийдэх үү
2017 оны 4 сарын 21 [Уншсан тоо: 8372]

НЬЮ-ЙОРК ТАЙМС-ЫН БЭСТСЭЛЛЭР БҮТЭЭЛ


ДАНИЭЛ КАНЭМАН ЭНЭХҮҮ БҮТЭЭЛЭЭРЭЭ ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРЫН НОБЕЛЫН ШАГНАЛЫГ ХҮРТЖЭЭ


Ер нь зохиолч хүн бичсэн номоо хэнд хэрэг болох талаар бодож тунгаадаг биз ээ. Миний ном өвөр хоорондын хов жив тасардаггүй оффисын ажилтнуудад хэрэг болно гэдэгт найдах юм. Энд би бээр хүний төсөөллийг аль болох нарийн дүрсэлж, аливаа компанийн шинэ бодлого, эсвэл хөрөнгө оруулалтын шийдвэрийг яаж гаргадаг тухай сайтар өгүүлэхийн тулд чадлынхаа хэрээр өргөн дэлгэр жишээ татахыг хичээсэн болно. Бусдын алдаа дутагдлыг олж тогтоох нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхөөс хувь илүү амар хялбар байдаг учраас хов жив гэдэг зүйл ихээхэн анхаарал татах ажээ. Цагаа тулсан үед өөрийн хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшилд эргэлзэнэ гэдэг тун бэрх. Гэлээ ч бусдын ухаалаг үзэл бодол бидэнд ашиг тусаа өгөх нь бишгүй. Бид гаргасан шийдвэрээ найз нөхөд, хамт ажилладаг хүмүүсээрээ ямар нэгэн байдлаар үнэлүүлэх гэж хичээдэг нь нууц биш. Тиймээс ч тэдгээр хүний үнэлэлт дүгнэлт бидэнд маш чухал ач холбогдолтой байдаг. Ухаалгаар ярилцах нь зүйрлэвэл шинэ он гарахад өөртөө авсан ам тангаргаас илүүтэй өөрийгөө хянаж чиглүүлэхэд тустай болой.

Оношоо сайн тавьдаг эмч тухайн хүний өвчний үй олон хам шинж, учир шалтгаан, урьтач нөхцөлийг тогтоож, өвчин даамжирсан явц, түүний ур уршиг хийгээд эмчилгээний арга барилаа тодорхойлоод, өвчний урхагийг аль болох багасгах тал дээр илүүтэй анхаардаг. Анагаахын хэлийг судална гэдэг анагаахын ухааны салшгүй нэгэн хэсэг юм. Тэгэхээр хүний бодол санааг нарийн судлахад өдөр тутмын үг хэллэгээс илүү баялаг үгийн сан хэрэг болох нь зайлшгүй. Хүмүүс ер нь тодорхой нөхцөлд алдаж эндэх нь олонтаа байдаг. Өөр хоорондоо ялгагдаад байх юмгүй, ерөөс ижил тодорхой нөхцөлүүд араасаа гаж үзэгдэл хэмээн нэрлэгдсэн эдгээр алдаа эндэгдлийг үүсгэдэг аж. Жишээ нь, цугласан олны зүгээс нүдэнд дулаахан, өөртөө итгэлтэй хүний яриа хөөрөөг нааштай хүлээж авдаг нь тодорхой болсон билээ. Үзэмжээр нөлөөлөх хэмээх энэхүү үзэгдэл хэдийн судлагдаж тогтоогдсон тул хааяагүй ижил үр дагавартай, таамаглаж болохуйц нэгэн хэв шинж болжээ.

Та бодсон санаснаа энгийн үед торолгүй илэрхийлж чадна аа даа. Энэ тохиолдолд бидний бодол санаа хэрхэн үүсч бүрэлдсэн нь ихэд ойлгомжтой мэт санагддаг. Нэг бодлоос өөр нэгэн бодол хөврөн гардаг шүү дээ. Гэвч оюун бодол маань цаг үргэлжид энэ мэт ажилладаггүй. Их төлөв огт өөр маягаар ажилладаг бөлгөө. Бидэнд төрсөн дийлэнх бодол санаа бидний мэдэхгүй арга замаар үүсэн бүрэлдэх нь бий. Ширээн дээр чухамдаа ширээний гэрэл байна гэдгийг та яаж мэдэв? Эхнэр тань таньтай утсаар ярихдаа бага зэрэг бухимдангуй байгааг та яаж анзаарав? Эсвэл машин барьж явахдаа болзошгүй аюул ослыг олж харахаасаа өмнө түүнийг яаж мэдрэв? Төсөөлөл, зөн совин бий болгож, үй олон шийдвэр гаргахад түлхдэг оюун санааны тэрхүү үйл явц бидэнд ихэвчлэн анзаарагдахгүй өрнөдөг билээ.

Энэ номд ямар учраас буруу совин татдаг тухай дэлгэрүүлэн өгүүлэх юм. Тэглээ гээд би хүний оюун ухааныг дорд үзэх гэсэнгүй. Аливаа өвчин хуучийн талаар дэлгэрэнгүй хүүрнэх нь цаад утгаараа эрүүл бие, саруул ухаан зэрэгцэн оршдогийг ер үгүйсгэдэггүй шүү дээ. Бид дийлэнх тохиолдолд эрүүл ухаанаар сэтгэж, тухайн нөхцөлд тааруулан үйл хөдлөлөө хянан зохицуулдаг. Урьд өмнө таньж мэдсэн төсөөлөл, мэдрэмждээ хөтлөгдөн урагш тэмүүлдэг бөгөөд зөн совиндоо улам бүр итгэж үнэмшдэг. Гэвч зөн совиндоо цаг ямагт хөтлөгддөг гэвэл бас үгүй юм. Бусдын нүдээр харахад буруу бодож байгаа маань илхэн байхад үзэл бодолдоо бат итгэж суудаг тохиолдол бишгүй тохиолдоно.

Тиймээс энэ номыг уншсанаар юун түрүүнд өрөөлийн, улмаар өөрийнхөө алдаа дутагдал, эндүү үзэл бодлыг олж таньж сурна гэдэгт итгэж байна. Амьдралын алив нөхцөлд бий болох бодол төсөөллүүдийг би хэрэндээ тодорхой, нарийн дүрслэх гэж хичээлээ. Зарим тохиолдолд тухайн нөхцөл байдлыг нягт нямбай задлан шинжлэх нь түүнээс гарах арга зам олоход түлхэц болоод зогсохгүй эндүү ташаа үзэл бодлоос үүдэн бий болох хор уршгийг багасгахад дөхөмтэй ажээ.


1

ГОЛ ДҮРҮҮД

Таны тархи автоматаар яаж ажилладгийг ойлгохын тулд нэгдүгээр зургийг харна уу.


Зураг 1


Энэ хүний царайг хармагц танд даруй тодорхой төсөөлөл буугаа биз ээ. Зурган дээрх эмэгтэй бараан үстэй, уурлаж буйг та төвөггүй мэдрээ байлгүй. Түүгээр барахгүй та энэ хүн ирээдүйд яаж аяглах тухай тодорхой төсөөлөлтэй болсон байж таарна. Эмэгтэй хэзээ мөдгүй чанга дуугаар хараал урсгаж мэднэ. Та энэ бүхнийг оюун бодлоо чилээлгүйгээр өөрийн мэдэлгүй ойлгосон шүү дээ. Үнэн хэрэгтээ та эмэгтэйн ааш авирыг тодорхойлж, цаашид юу хийхийг нь таамаглах бодолгүй суусан. Зургийг хараад л ингэж бодсон. Энэ нь чухамдаа агшин зуур буюу түргэн сэтгэхийн нэгээхэн жишээ бөлгөө.
Харин одоо дараах даалгаврыг харна уу.

17 x 24

Та дээрх тоонуудыг хармагцаа үржүүлэх бодлого байна гэж тэр даруй ойлгоод бал, цаас байвал, үгүй бол бал, цаасгүйгээр ч бодчихно гэж сэтгэсэн байж таарна. Түүнээс гадна та тэр хэрээний тоо гарна даа гэж барагцаалсан болов уу. 12, 60, 9 болоод 123 гэсэн хариу гарахгүйг та хүнээр хэлүүлэлтгүй мэднэ. Гэхдээ дээрх хоёр тооны үржвэр 568 болох уу гэвэл та хэсэг бодолхийлэх нь гарцаагүй. Хэдийгээр та тодорхой хариуг нь мэдэхгүй яваа ч гэлээ энэ тоог бодох уу, болих уу гэсэн сонголттой тулгарлаа. Урьд өмнө энэхүү үржвэрийг бодоогүй байсан бол одоо танд багцаалаад бодчих боломж гарч байна.

Энэ нь чухамдаа удаан тунгааж бодох үйл явц билээ. Юун түрүүнд та сургуульд үзсэн үржихийн хүрдээ санаад, нэг тоог нөгөөгөөр нь үржүүлэхэд ухаан зарсан. Тархи ачаалалтай ажиллаж байгаа нь танд мэдрэгдсэн. Орон орноор нь үржүүлж, тэр болгоноо тогтоох шаардлага гарсан. Бидний оюун бодол нэгэн зүгт чиглэж, тодорхой дэс дараалалтай, ачаалалтай ажиллаж байгаа нь энэ. Үүнийг л тунгааж бодох гэж нэрлэдэг. Бодлогыг бодоход тархи төдийгүй бие ажиллалаа. Та булчингаа чангалж, таны даралт нэмэгдээд, зүрхний цохилт хурдасчээ. Хөндлөнгийн ажиглагч энэ үед таны хүүхэн хараа тэлсэн болохыг анзаарах боломжтой. Бодлого бодож хариу нь гармагц (408), эс бөгөөс “Энэ бодлогыг бодохгүй дээ” гэж шийдмэгц хүүхэн хараа тань хэвийн хэмжээтэй болжээ.

ХОЁР СИСТЕМ

Сэтгэлзүйчид хэдэн арван жилийн турш сэтгэн бодох хоёр төрлийн системийг сонирхсоор иржээ. Эдгээр нь ууртай эмэгтэйг хараад төрсөн мэдрэмж, тоо бодоход өрнөсөн үйл явц хоёр юм. Хоёр системийг янз бүрээр л нэрлэдэг. Миний хувьд энэ хоёрыг сэтгэлзүйч Кэйт Станович, Ричард Вэст нарын нэрлэснээр нэг, хоёрдугаар систем гэж нэрлэдэг.

Нэгдүгээр систем автоматаар ажилладаг бөгөөд бидэнд агшин зуурт тодорхой төсөөлөл бий болгож, түүнд ухаан зарах, хяналт тавих шаардлагагүй байдгаараа онцлогтой.

Харин хоёрдугаар систем нь анхаарал төвлөрүүлдэг. Энэ системийн ажиллагаа хүний үйл хөдлөл, сонголт, сэтгэл төвлөрлийн субъектив шинжтэй уялдана.

Сэтгэлзүйн шинжлэх ухаанд эдгээр системийг ихэд судалдаг ч би энэ номдоо тэр тухай илүү дэлгэрүүлэн өгүүлж, дээр дурдсан системүүд миний бүтээлийн гол баатруудын дүрээр танд хүрнэ.

Өөрсдийн тухай бодохдоо бид хоёрдугаар системээ ажиллуулдаг. Өөрийн гэсэн үзэл бодолтой, ухаалаг би бээр өөрт тохирсон сонголт хийж, шийдвэр гаргаад, юу хийх, юу бодохоо андахгүй мэднэ. Хэдийгээр хоёрдугаар систем өөрийгөө ихэд чухалд тооцдог ч номын гол баатар нөхцөл байдалд автоматаар хариу үйлдэл үзүүлдэг нэгдүгээр систем билээ. Хоёрдугаар системийн үйл явцын үр дүнд бүрэлдэн тогтох үзэл бодол, улмаар хийх сонголтын уг үндэс нь чухамдаа эхний системийн үүсгэн бий болгосон сэрэл мэдрэмж гэж хэлж болох юм. Эхний системийн автомат үйл явцын үр дүнд зүсэн зүйлийн бодол санаа төрөх боловч түүнээс арай удаан ажилладаг хоёрдугаар систем л эдгээр бодлуудыг цэгцэлж, нөхцөл байдлыг таньж мэдсэнээр үйл явцыг хяналтандаа оруулж, эхний системийн элдэв төсөөллийг хязгаарлана. Эдгээр системийг та өөрийн гэсэн хэв шинж, хүрээ хязгаар болоод тогтсон үйлдэлтэй бие даасан хоёр субъект гэж үзэх учиртай.



ТОВЧ АГУУЛГА

Урьд өгүүлсэн хоёр системийн харилцан үйлчлэл болбоос энэ номын гол сэдэв бөлгөө. Сэрүүн байхад эдгээр систем хоёул ажиллана. Нэгдүгээр систем автомат горимоор, харин хоёрдугаар систем тайван байдалтай буюу багахан ачаалалтайгаар ажилладаг. Нэгдүгээр систем хоёрдугаар системд цаг үргэлж сэдэл, сэрэл, мэдрэхүй дамжуулж байдаг. Эдгээрийг хоёрдугаар систем таатай гэж үзвэл тодорхой үзэл бодол болгон баримтжуулж, үйл хөдлөл болгон боджуулна. Хоёр системийн харилцан үйлчлэл ихэвчлэн энэ маягаар хэвийн өрнөх агаад хоёрдугаар систем нэгдүгээр системээс ирэх дохио мэдээллүүдийг ямар нэгэн өөрчлөлтгүйгээр тэр аяар нь хүлээж авдаг. Та ерөнхийдөө өөрийн мэдрэмждээ итгэж, хүслээрээ хөдөлдөг шүү дээ.

Нэгдүгээр систем ямар нэгэн асуудалтай тулгарвал үүнийг боловсруулж шийдэхийн тулд хоёрдугаар системээс тусламж эрдэг. Нэгдүгээр системийн хариулж чадаагүй асуултад хоёрдугаар систем хариулна. 17-г 24-өөр үржүүлэхэд чухамдаа ийм үйл явц болж өнгөрсөн. Таныг ямар нэгэн үйлдэл хийж байхад барьж авбал анхаарал төвлөрөх үйл явц эрчимжинэ. Нэгдүгээр системийн ойлголттой тэрсэлдэх нөхцөл байдал үүсэхэд хоёрдугаар систем ажиллаж эхэлнэ. Нэгдүгээр системийн ойлголтоор чийдэнгийн гэрэл үсчихгүй, муур хуцахгүй, сагсны талбайд мич үзэгдэхгүй. Гадны хүчин зүйлийг анзаарч харахын тулд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатайг мичтэй туршилт бэлээхэн баталсан шүү дээ. Бид гайхаж балмагдсан үедээ анхаарлаа төвлөрүүлж, ой тойноосоо таарч тохирох төсөөлөл хайна. Хоёрдугаар систем таны үйл хөдлөлийг хянаж, ингэснээр та ууртай үедээ тайван аядуу харагдаад, шөнө жолоо барихдаа анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Таныг гарцаагүй алдах нь дээ гэсэн тохиолдолд хоёрдугаар систем ажилладаг. Хэн нэгэнд доромж үг хэлэхээ дөхсөн тохиолдол бишгүй л байдаг. Ерөнхийдөө, таны үзэл бодол, үйл хөдлөл (хоёрдугаар систем) нэгдүгээр системээс үүдэлтэй ч асуудал тулгармагц хоёрдугаар систем бүхий л үйлдлийг залах үүрэгтэй болоод, нөхцөл байдлыг гартаа авдаг ажээ.

Нэг, хоёрдугаар системийн үйл ажиллагааг нарийн хуваарилснаар ачаалал багатай ч үр дүнтэй ажиллах боломжтой юм. Нэгдүгээр систем ажлаа андахгүй мэдэх тул нөхцөл байдлыг даруй таньж, энгийн дүн шинжилгээ хийгээд, оновчтой хариу үйлдэл үзүүлдэг. Гэвч зарим тохиолдолд энэ систем гажиж, алдаж эндэх талтай. Хааяахан энэ систем тухайн асуултаас хөнгөн асуултад хариулж, учир зүй, статистик тоо баримттай тулгараад ирсэн нөхцөлд учраа олохоо байна. Үүнээс гадна энэ системийг хүслээрээ салгаад хаячихаж болдоггүй. Дэлгэцэн дээр таны мэддэг хэлний үг гарвал анхаарал тань өөр зүйлд бүрэн чиглээгүй л бол та уншиж таарна.

НЭПКО хэвлэлийн газар




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив