Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Зам мөр-жам ёс
2017 оны 4 сарын 17 [Уншсан тоо: 13391]


АГНИСТЫН ГЭГЭЭ
Цуврал-12


Будда ‘гэргүй бядагч’ буюу хэрмэл амьдралыг машид онцолдог байсан. Үүнийг үгчилж биш, утгачилж ойлговол зохино. Гэргүй байхын утга санаа үлэмж гүнзгий. Гэр барьж, эргэн тойрноо хана хэрэм босгох нь жам ёсны эсрэг үйл. Амьдрал бол агшин зуур ч үл тогтох урсгал билээ. Амьд байх хором бүртээ бид нөгчиж байдаг. Мөнх бусын орчил дунд орон гэр гэж үгүй. Орон гэр гагцхүү мөнх ахуйд боломжтой зүйл. Цаг хугацаан дотор гэр барих гэж оролдох юм бол зовлон шаналлаас үл хэлтэрнэ. Учир нь, чи жам ёс буюу Буддагийн нэрлэдгээр дарма (дхарма)-тай тэрсэлдэж байна. Мөнх бус нь зүүдэн ертөнцийн жам. Зүүдийг аргамжиж тогтоох аргагүй. Нэг зүүдээ дахин давтах ч бэрх. Цаг хугацааны энэ эрэг дээр мөнхийн цайз барих гэж оролдох нь үнэхээр мулгуу хэрэг. Жаахан ухаан сэхээтэй бол эргэн тойрноо юу болж байгааг хараад ойлгохсон.
          
Хэдэн өдрийн өмнө чи энд байгаагүй шигээ хэсэг хугацааны дараа алга болно. Тийм атал яаж энд төвхнөх гээв? Хоног төөрүүлээд өглөө болоход мөрөө хөөж одох аянчин шүү дээ чи. Бууж мордох хорвоог орон гэр хэмээн ээнэгших хэрэггүй. Энд чиний эзэмшиж өмчлөх юу ч байхгүй. “Минийх” гэж хэлж, сэтгэх агшин бүртээ чи мунхгийн балчигт живдэг. Цаг хугацаа бол мөнх бус гэсэн үг. Элсэн дээр байшин барих, усан дээр зураг зурах шиг барьж, эзэгнэх гэсэн бүхэн чинь хормын зуур замхрах тавилантай.

Зуурдын хорвоод гэр үгүйг ойлгох нь санъяасин (гэрээс гарагч) болохын утга хэмээн Будда үздэг. Хэрэв чиний уг чанарт нийцэж байвал хэрмэл амьдралыг сонгож болно. Гэхдээ албатай биш. Орон гэртээ ч үлдэж болно. Гагцхүү түүнд уягдах хэрэггүй. Бууж мордохын зуур шүү гэдгийг бүү март. Тийм учир бие цогцоо ч орон гэр гэж бүү бод. Бие ч гэсэн хором тутмын хувьсан өөрчлөгдөх урсгал. Юунд ч үл уягдсанаараа чи жинхэнэ санъяасин болно. Тэр цагт эрлэг хүртэл чамайг айлгаж чадахгүй. Уягдахуй л айдас хүйдэс, зовлон шаналгааг бүтээдэг. Хань ижил, үр хүүхэд, эцэг эхдээ уягдах, эд юмст уягдах бүхэн зовлонгийн шалтгаан. Урсах голыг тэвэртээ тогтоох гэж мэрийвч нууцлаг зорилгын зүг алдуурч одоход нь та нар үйлээ дуудаж, үсээ зулгаан гасалдаг. Амрагтаа хаягдлаа гэж шанална. Үр сад минь үрэгдлээ гэж тарчилна. Банк дампуурлаа гэж бачуурна. Бие цогцоо өвдөж, өтөллөө гэж гашуудна. Мөнх бусын хорвоог аргамжих гэсэн хүслээсээ л болж чи зовдог. Тийм учраас зовлон гасланд чинь өөрөөс чинь өөр хэн ч буруугүй.

Миний онцлох зүйл бол хэлбэр биш, агуулга юм. Буддаг хэлбэр төдийгөөр дагаж, олон хүн орон гэр, ураг саднаа орхиж, бадарчин болж байсан. Би та нараас тийм зүйл шаардахгүй. Орон гэртээ хань ижил, үр хүүхэдтэйгээ амьдарч болно. Гэхдээ өмчирхөн барьцалдах сэтгэлээс ангид, өөрчлөлт хувирлыг хүлээн авах ухаан сэхээтэй амьдар. Асгарсан сүүний хойноос гасалж ганирах хэрэггүй. Энэ бол миний хувьд бадарчин болохоос ч илүү утгатай. Бадарчин болох хэцүү биш. Уг утгыг үнэхээр ойлгосон бол юунаас дайжиж зугтах вэ? Дайжиж зугтаж байгаа чинь далд ухамсартаа тэр бүхэнд уягдсаар байгааг харуулах бус уу? Угаасаа хэн ч хэндээ хамаагүйг ойлгоход хангалттай. Бид бол зам зуур тааралдсан үл таних аянчид. Нэгэн модны дор хэдэн өдөр саатаа л биз. Үүнийг гүн гүнзгий ухаарах юм бол сүнслэг бадарчин болно. Гадаад өнгө хэлбэр хамаагүй. Сүнсэндээ л уяас хүлээс битгий бүтээ.

Будда ийн өгүүлжээ:
“Гэргүй бядагч шрамана  бүхий л холбооноос өөрийгөө чөлөөлж, сэтгэлийн үндсийг ухаарч, Буддагийн гүн сургаалд нэвтэрч, хуран эс үүдсэн номыг таньдаг.”

Хүсэл шуналын эрхээр хүн ирээдүй буюу бодит бусын дотор амьдардаг. Одоо байгаадаа ханамжгүй учраас шуналд автдаг. Орон байр, эд мөнгө, ажил төрөл, авгай хүүхэн юу ч бай бүгдийг сайжруулах, илүү болгохын мөрөөсөл болно. Хүсэл шуналын талаар хоёр зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид тухайн зүйлд зууран барьцалддаг. Тэгсэн мөртлөө түүндээ үргэлж гонсгор явдаг. Энэ дотоод зөрчлийг сайтар анзаар. Түүнийг хэн ч булааж авахгүй байсан ч хэдийн уйдаж, илүү сайныг мөрөөдөн бачуурна. Барьцалдах атлаа өөрийг хүсэмжлэхийн хавчуурганд өдөр бүрийг элээнэм. Өчигдөр ч тийм байсан бол өнөөдөр ч хэвээрээ, маргааш ч үргэлжлэх хөөрхийлөлт амьдрал.

Далангийн ирмэг дээр загасчилж суусан Муллагаас дэргэдүүр өнгөрсөн хүн:
- Та олон загас барив уу? гэж асуухад өвгөн Мулла:
- Гайгүй ээ, нэгийг л барьчихвал хоёр, гурав ч юухан байхав дээ гэж санаашрангуй үглэв.



Нэг ч үгүй мөртлөө... Хүний сэтгэл ийм маягаар зүүд мөрөөдөлд автдаг. Бидний амьдрал дэндүү богино атал хүсэл мөрөөдөл маань хязгааргүй.

Симүс, Бридгэт хоёр Рокэвэйгийн наран шарлагын газар учирчээ. Гудсан дээр тэрий хадан хэвтэх зуураа Симүс:
- Би чамд хайртай гэж янаг зөөлнөөр шивнэв.
- Бид чинь дөнгөж сая л уулзаж байна шүү дээ гэж Бридгэтийг эгдүүцэхэд    
- Тийм л дээ, гэхдээ би энд долоо хоногоор л ирсэн гэж Симүс хэлэв.

Хүн бүхэн энд долоо хоног төдийгөөр ирсэн. Амьдрал тийм богино атал яаж үүрдийн амраг хайр, орон гэр бодно вэ?

Гэргүй бядагч шрамана  бүхий л холбооноос өөрийгөө чөлөөлж, сэтгэлийн үндсийг ухаарч, Буддагийн гүн сургаалд нэвтэрч, хуран эс үүдсэн номыг таньдаг.
    
Холбоо барилдлага гэж боддог зүйл чинь бодит байдал дээр байхгүй. Байгаа гэж зүгээр л бид найддаг. Эхнэртэйгээ гуч, дөчин жил цуг амьдарсан ч бие биедээ харь хөндий хэвээр үлддэгээ анзаарахгүй байна уу? Зуун зууны туршид эрчүүд эмэгтэй хүн, эмэгтэй сэтгэлийг ойлгох гэж оролдсон ч амжаагүй байна. Түүнчлэн эмэгтэй хүний хувьд эр хүн ойлгомжгүй хэвээрээ. Үеийн үед эр, эм хоёр хамтдаа амьдраад ойлголцдоггүй. Энэ фактыг ажигла. Өөр хүнд яаж чи хамаатай байх вэ? Сэтгэлдээ атгаглан зуурахаас биш бодит байдал дээр хэн ч хавьташгүй. Гадна хүрээнд л хүрэлцэх төдий. Дотоод гүндээ бид орь ганцаараа. Барилдлага бий гэсэн найдвар маань бидэнд ганцаараа биш гэсэн мэдрэмж өгдөг. Энэ мэдрэмж амьдралыг арай илүү аятай тухтай болгодог буйза. Гэвч уг ая тух илбийн үзэгдэл. Бусад бусдаараа л үлддэг. Бусдын дотоод ахуйд нэвтрэх зам байхгүй.

“Гэргүй бядагч шрамана  бүхий л холбооноос өөрийгөө чөлөөлж...” гэж Буддагийн хэлсэн нь холбоо барилдлага уг чанартаа байхгүйг ухаарна гэсэн утга. Чи бусдын бие махбод, үйл хөдөлгөөн, хандлага төдий гадар хүрээг мэдэхээс ,дотоод сүнсийг мэдэхгүй. Зах хязгаарт хүрэлцэхээс, төвд нь нэвтрэхгүй болохоор яаж холбоо барилдлага орших вэ? Бид гадна хүрээндээ л учралдах атлаа зүрх зүрхтэйгээ, төв төвтэйгөө учирч байна гэж найддаг. Даанч энэ маань хоосон найдвар болохоор хэзээ нэгтээ замхарна. Гэвч орь ганцаар үлдсэн ч бид эргээд энэ, тэр холбоонд найдаж, ижил дасал болсон зүүдэндээ автдаг. Ахин дахин гүүр барих гэж оролдовч амжилтанд хүрэхгүй. Чиний ур чадвар, хичээл зүтгэл хангалтгүйдээ биш. Угаасаа холбож барих боломжгүй учраас тэр. Бодит ахуйн үл зөвшөөрөх зүйлийг чи хийх гэж чармайж байна.

Чиний ганцаар байхуй бол өнө мөнхийн. Энэ ганцаар байхуйг ухаарч, түүндээ орших нь уяа холбооноос ангижрахын утга. Хорвоо ертөнцөөс зугтах хэрэггүй. Зүгээр уягдах сэтгэлээсээ ангижир. Хоосон найдлага, хийсвэр санаархлаас салах хэрээр чиний ухаан санаа цэлмүүн болж, бусадтай амьдрах амьдрал чинь илүү амар тайван болно. Амин хувийн хүсэл шуналдаа бодит ахуйг тохируулах гэж хүчлэхгүй. Юу ч учирсан талархалтай хандана. Учраагүй бол учрах тавилангүй байж гэдгийг гүнээ хүлээн зөвшөөрөх тул бачимдаж шаналахгүй. Тийнхүү оршихуй лугаа найрсан зохицож, нэгдэн урсах урлагт улам бүр мэргэшнэ.

НЭПКО хэвлэлийн газар




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив