Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ошо: Зэн түүхүүд
2017 оны 4 сарын 10 [Уншсан тоо: 12530]

Эртний сайхан аялгуу

Ошо: Зэн түүхүүд

АГНИСТЫН ГЭГЭЭ
Цуврал-15



Инээд бол шашны амин сүнс. Ноцтой зан шашинлаг биш. Энэ бол эгогийн араншин, эмгэг төлөв. Мэдээж та нарын инээд, шашинлаг хүний инээдэнд ялгаа бий. Та нар өөрсдийгөө дөвийлгөж, бусдыг доош нь хийж инээдэг. Харин шашинлаг хүн өөртөө, эсвэл хүний ертөнц даяарын хөгтэйд инээж явдаг.

Шашин амьдралын баяр наадмаас өөр зүйл байх боломжгүй. Ноцтой ягшмал хүмүүс наадаж баясаж, дуулж бүжиж чаддаггүй. Хөгжөөн баясалгүй амьдрал нь хувхай хоосон цөл мэт. Цөлийсэн амьдралаа та нар шашинлаг гэж бодож явдаг бол хол эндүүрч байна. Та нар Христиан, Хиндү, Буддист, Жайн, Лал шашинтан байж болно, гэхдээ шашинлаг биш. Үзэл сурталд баригдсан хүмүүс ноцтой, сүржин болдог. Үзэл суртлын хүлээсгүй хүн л жинхэнээсээ инээж чадна. Хотол оршихуйн наадам инээхгүй байхын аргагүй хөгжүүн. Цайлган цагаан инээд л жинхэнэ залбирал, чинхүү талархал билээ.

Хотэй түүнийг тунхагласнаараа аугаа их богд юм. Хотэй шиг хүн газар дэлхий дээр алхах нь өдрийн од мэт. Түүн шиг хүн олон байдаггүй нь харамсалтай. Сүм хийдүүд инээд хөөр, дуу бүжгээр халгиж цалгидаггүй нь гачлантай. Ноцтой, сүржин байдал ариллаа гээд алдах юм юу ч үгүй. Харин инээд хөөр замхарвал амьдрал алдагдана. Инээж баясах чадвараа алдсан хүн өнгө гэрэлгүй, нэгэн хэвийн үхдэл болно.

Инээд бол цэцэглэл юм. Буддаг үр үндэс гэж үзвэл Хотэй түүнээс ургасан модны цэцэг жимс. Буддаг ойлгоё гэвэл Хотэйг ойлгохыг хичээ. Түүнийг Инээмтгий Будда гэж хүмүүс дууддаг нь оносон хэрэг. Будда Хотэйн дүрээр заларчээ. Будда Хотэй дотор инээж байлаа. Гэгээрэл оройн титэмдээ гэрэлтэн туяарсан нь тэр аж.

Гэхдээ Хотэйг ойлгох амаргүй. Түүнийг ойлгохын тулд өөрөө тийм хөөр баярын хэмжээсэнд орох хэрэгтэй. Хэрэв чи үзэл суртал, хэв загварт баригдсан бол Хотэй чухамдаа хэн болохыг харж чадахгүй. Тэр зүгээр л чамайг харж хөхрөх болно. Хүн яаж тийм тэнэг, тийм хөгтэй байгаад итгэж ядан хөхөрнө. Хоол хүнсний тухай ном уншиж, жор цээжилж, энэ нь ийм, тэр нь тийм гэж маргаан мэтгэлцээн хийхээс биш, хоолоо огт хийхгүй, хонхолзсон ходоотой цагийг элээж, насыг барж байгаатай адил. Хүмүүс Библи, Куран, Дармапада, Гита, судар ном дотор л амьдардаг. Шашин амьдрал байх учиртайг тэд мартдаг. Шашин чиний цус, яс, чөмөг болох ёстой. Зүгээр л хийсвэр бодол, хэлбэрдмэл ёслолоор түүнийг хүртэхгүй. Бодол сэтгэхүй бол чиний оршихуйн өнгөн давхарга. Шашныг дотоод гүндээ уусган шингээ.

Энэ түүхийг гүнзгий ухаарах хэрэгтэй шүү.

Тан улсад Жаргалтай Хятад буюу Инээмтгий Будда гэгдсэн нэгэн лухгар эр байжээ.

“Инээмтгий Будда” гэсэн үгийг анх сонсоход эсрэг тэсрэг илэрхийлэл шиг санагдах вий. Буддагийн инээд алдсан нэг ч дүр хөрөг байдаггүй. Будда инээж хөхөрдөггүйдээ биш. Энэтхэгчүүд шашинд хэт буурьтай ягшмал ханддагийнх. Буддизм Энэтхэгээс дүрвэсний нэг шалтгаан нь энэ байх. Энэтхэг оюун ухаанд хүлэгдсэн, онол суртлаар дүүрсэн газар. Будда маш энгийн байсан. Түүний хандлага оюун сэтгэхүйн бус, оршихуйн байсан. Эрдэмтэн бандит, судлаач цэцлэгчдийн орноос Будда дайжих нь аргагүй юм.

Тэрээр тэс өөр хэмжээсийг авчирсан нь хүмүүсийн мартсан эх сурвалж, энгүүн байхуй. Тэрээр хүн төрөлхтөнд асар их тусыг үйлдсэн юм. Тэр бандит, гүн ухаантан, метафизикч байгаагүй. Зүгээр л энгүүн оршихуй – нам гүм, хангалуун жаргалтай, сэрүүн тунгалаг, агшнаас агшинд амьдрагч байсан. Буддаг ойлгохыг хүсвэл Хотэйг ойлго. Хотэй бол түүний жинхэнэ шавь. Жинхэнэ шавь олдохуйяа бэрх. Учир нь, Будда шиг хүн гарч ирэхэд тэр даруй бандит, эрдэмтэд тойрон шавдаг. Тэдэнд шинэ материал, маргаж мэтгэлцэх, задлан шинжлэх шинэ суртал, гүн ухаан болдог учраас тэр.

Эртний нэгэн домог бий:

Нэг хүн гэгээрчээ. Чөтгөрийн дагалдагсад Эзэн Чөтгөр дээр очиж,
    - Та юунд тайван сууна вэ? Бушуулаарай! Нэг хүн цаана чинь гэгээрчихээд байна. Хүмүүст хүргэхээс нь өмнө түүний үнэнийг сүйтгэх хэрэгтэй. Эс бөгөөс там руу ирэх хүнгүй болно гэцгээв.

    Чөтгөр тайвнаар мишээгээд:
    - Зүгээр ээ! Онолч эрдэмтэд хэдийн тэнд очсон. Тэд үнэнийг баллаж тавина. Тэд ажлаа төгс хийдэг болохоор бид санаа зовох хэрэггүй гэж хэлжээ.
 
Хаана үнэн мэндэлж, гэрэл гэгээ туяарна, тэр зүгт судлаач эрдэмтэн, сурталч оюунтнууд шавдаг. Тэд тал бүрээс нь дайрч, үнэнийг суртал онол, судар ном руу хэвлэж цугтгана. Амьд байсан үнэн тийнхүү амьгүй цаас болж хувирдаг.

Нэгэн удаа би Христиан найзындаа байлаа. Түүний Библи судрыг сөхтөл он удаан жил хадгалсан бололтой нэг хатсан сарнай байв. Библийн хуудсанд оршуулагдсан сарнайг хараад би инээдээ барьж чадсангүй. Мань эр ариун цэврийн өрөөнөөсөө үсрэн гарч ирээд:    
- Юу болов оо? Яагаад хөхрөөд байгаа юм бэ? гэхэд нь би:
- Чиний Библи дотор сарнай булшлагджээ. Хөөрхийд нэгэн өдөр амьд явсан түүх л байхаас ирээдүй алга. Үнэнд ч тийм явдал тохиолдсон. Судрын хуудсанд тэр амьсгал хураажээ гэж хэлсэн.
 
Үнэн мэндлэх үед үгээр илэрхийлшгүй гүн дэлгэр аниргүм байдаг. Эрт, орой түүнийг үг болгож, үзэл болгон загварчлах хүмүүс ирдэг. Тэдний загварчлал үнэнийг хөнөөдөг юм.

Хотэй ердийн шашин номын хүмүүсээс тэс өөрөөр амьдарч байжээ. Түүний амьдрал бүхэлдээ инээд хөөр байв. Заримдаа унтаж байхдаа ч хүд хүд хөхөрдөг байсан гэлцдэг. Тэр их цүндгэр гэдэстэй бөгөөд инээх үед гэдэс нь долгисон хөдөлнө. Учрал бүхэн түүний инээд хөөрийг тэтгэх. Унтаа, сэрүүн аль ч үед амьдрал түүний хувьд комэди байжээ. Харин та нар амьдралыг эмгэнэлт туульс – трагэди болгодог. Инээж байхдаа ч жинхэнээсээ инээдэггүй. Хиймэл, хэлбэрдмэл. Инээд чинь зүрх, хэвэл буюу дотоод төвөөс оргилохгүй, зүгээр л гадна хүрээнд зурсан зураг төдий. Та нар инээхдээ ч инээдтэй огт хавьтахгүй улс төр, ашиг тооцоо, сэтгэхүйн зальд шүтдэг.

Нэгэн оффист босс нь улиг болсон онигоо давтах бөгөөд ажилтнууд бүгд инээлддэг байв. Бүгдээрээ түүнээс залхдаг ч боссыг онигоо ярьж байхад инээхгүй байж болохгүй шүү дээ. Тэгтэл нэг бичээч хүүхэн инээхгүй, гөлгөр царайлж суув. Босс түүнээс:
- Чи зүгээр үү? Яагаад инээхгүй байгаа юм бэ? гэж асуухад хүүхэн:
- Би удахгүй ажлаа өгнө. Тэгэхээр инээх хэрэг алга гэж хариулжээ.
 
Инээд хүртэл бизнес болчихдог. Энгүүн цайлганаар хүүхэд шиг инээж чадахаа бид больж. Хэрэв цайлган цагаахнаар инээж чадахгүй бол чи амьдралын асар үнэт зүйлийг алдаж байна. Хүүхдийг ажиглаарай. Түүний инээд дотоод төвөөс нь гардаг. Хүүхэд мэндлээд хамгийн анх сурдаг нийгмийн үйл нь инээд юм. “Сурдаг” гэж хэлэх нь буруу ч байж мэднэ. Инээдийг тэр өвөрлөж төрдөг биз ээ. Инээж эхэлснээрээ нийгмийн хэсэг болдог. Инээж мишээж сурсныхаа дараа бусад зүйлст суралцана. Хүүхдийнхээ инээхийг хараад эх хүн асар их жаргал амсдаг. Учир нь, инээд мишээл нь хүүхдийн бие эрүүл, ухаан саруулыг илтгэх тэмдэг. Амьдарч, хайрлаж, жаргахынх нь бэлгэ тэмдэг. Тэрхүү анхны цайлган инээд амьдрал турш үргэлжлэх учиртай. Амьдралын бүх нөхцөл тохиолд инээж чадах юм бол тэр бүхэн чамайг өсгөж хөгжүүлэх болно. Битгий уйл гэж би хэлэхгүй. Үнэн хэрэгтээ инээж чадахгүй бол чи уйлж ч чадахгүй. Инээд, нулимс хоёр нэг үзэгдлийн хоёр тал.

Нүд нь чийгээр дутаж, хатаж гандсан хүмүүс энэ дэлхийд зөндөө. Инээд бөхөх юм бол нулимс ч бөхдөг. Үнэхээр сайхан инээж чаддаг хүн л уяхнаар бас уйлж чаддаг. Үхмэл ягшмал хүн үнэнээсээ инээж чадахгүй, уйлж ч бас чадахгүй. Амьдлаг хүн л инээж, уйлж чаддаг. Тэрхүү дотоод үелзэл хүнийг тэтгэн баяжуулж, ургуулж байдаг юм. Зөнгөөрөө инээж чадахаа больсон учир албаар гижигдэж, өдөөх хэрэгсэл хэрэгтэй болдог. Энэ дэлхийд ийм их хошин шог дэлгэрсний учир энэ.

Та нар анзаардаггүй байж магадгүй. Дэлхийд хамгийн их онигоо зохиодог хүмүүс жүүдүүд юм. Учир нь жүүдүүд бусдаас илүү зовлон туулсан үндэстэн. Хошин шогийг бүтээж ирээгүй бол тэд хэдийн мөхөх байлаа. Хошин шог нь тэдэнд амьд үлдэх, тэсч гарах арга хэрэгсэл байж иржээ. Тиймээс тэд хамгийн гүн, баялаг шогийн сан хөмрөгтэй.

Онигоо логик бус. Хэрэв онигоо логикийн байвал инээд хүргэхгүй. Цаашаа юу болох нь чамд ойлгомжтой байна. Энэ нь зүгээр силлогизм, энгийн арифметик болох учраас юунд нь инээх вэ. Онигоон дотор гэнэтийн эргэлт байдаг. Түүнийг урьдчилан тааварлах аргагүй. Тэр гэнэтийн эргэлтэнд барьц алдаж, гэнэ сэнэгүй инээхэд хүрдэг. Энэ бол та нарыг өдөөж гижигдэх сэтгэлзүйн нарийн арга.

Би та нарт онигоо ярьдаг нь учиртай. Та нар бүгд шашинлаг хүмүүс. Та нарыг хэт нухацтай, ягшинга болчих вий гэсэндээ, бүх шашин суртахуун, эш онолыг чинь мартуулах гэсэндээ би онигоо ярьдаг. Та нарыг газар дэлхийд эргүүлж авчрахын тулд ярьдаг. Хошин шоггүйгээр та нар өөрсдөө ч мэдэхгүй үзэл сурталтан болох зүг рүү хэлбийдэг. Ноцтой зан чанар дотроос чинь өмөн үү шиг идэж эхэлдэг. Тийм болохоор Хотэйгоос суралцах хэрэгтэй.

Тан улсад Жаргалтай Хятад буюу Инээмтгий Будда гэгдсэн нэгэн лухгар эр байжээ.

Тэгж их инээж баясдаг болохоор лухгар байхаас аргагүй. Инээд эрч хүч авчирдаг. Инээд бол байгалиас заяасан агуу их анагаах увдис гэдгийг өнөөдөр шинжлэх ухаан нотолжээ. Инээдээр чи өвчин хуучаасаа салж чадна. Инээдээр эрүүл саруул, цовоо сэргэлэн амьдрах болно.

Инээд чиний дотоод эх булгаас эрчим хүчийг гадаад хүрээнд авчирдаг. Энерги ундарч эхлэхэд инээд түүнийг сүүдэр шиг дагана. Ажиглаж байсан уу? Үнэн голоосоо инээх үед хэдэн агшинд чи гүн бясалгалын төлөвт орж, бодлоос ангижирдаг. Бодолд автах, инээх хоёр зэрэгцэх боломжгүй. Бодолд автсаар бол чиний инээд дутуу гуцуу, зэрэмдэг байна. Жинхэнээсээ инээх үед бодол сэтгэл замхарна. Арилсан сэтгэлд орох нь бүх Зэн аргын зорилго. Инээд бол түүнд орох нандин хаалгын нэг. Миний л мэддэгээр инээх хийгээд бүжиглэх нь энгийн бөгөөд дөхөм үүд. Жинхэнээсээ бүжиглэх үед бодол зогсдог. Эргэлдэн найгалзсаар эргүүлэг мэт болоход бүх хил хязгаар, зааг ялгаа замхарна. Жинхэнэ бүжигт чи бүжгийг удирдахгүй, бүжиг чамайг удирдана. Инээдээр ч ийм зүйлийг амсдаг. Инээдэнд бүрэн эзэмдүүлэх юм бол бодлын үймээн зогсоно. Арилсан сэтгэлийн цөөн ч атугай хормыг амсахад тэдгээр гялбаа чамд улам тэлэх гайхамшгийн үүдийг нээнэ.

Бодол-үгүйд орох олон арга бий. Жишээ нь, дөлөнд төвлөрөх, эсвэл хар цэг дээр, эсвэл тарнид төвлөрч болох. Гэхдээ бодлоос ангижравч нойрмог будангуйд автах эрсдэлтэй. Бодлоос ангид хоёр өөр төлөв бий: нойр - сушупти болон самади – сатори. Бодол замхарсан хойно нойронд автаж болох, эсвэл сэрүүн тунгалаг саторид орших. Та нарын хувьд урт удаан дадуулж ирсэн болохоор нойронд аяндаа автдаг. Жаран жил амьдрахдаа хорин жил нь унтсан байдаг. Амьдралынхаа 1/3-ийг зарцуулдаг энэ үйл та нарын хамгийн дадмаг үйл. Ийм их цаг хугацаа, эрч хүчээ зориулдаг үйл өөр юу сан билээ?

Тиймээс ТМ маягийн бясалгал, тарни уншлага үйлдвэл бодлоос ангижрах боловч даруй нойронд автана. ТМ-ийг нойрсуулагч эм гэж би хэлдэг. Америк мэтийн барууны оронд ийм арга олны таашаалд нийцдэг нь учиртай. Америк бол нойргүйдэлд хамгийн их шаналсан орон. Нойргүйдэл тэнд бараг бүх нийтийн асуудал болсон. Дөчин наснаас хойш нойргүйдэж эхлэхгүй бол энэ нь чиний бизнес, улс төрд амжилт олоогүй, ашиг олз, нэр төр, эрх мэдлийн төлөө хангалттай зүтгээгүйн шинж болох. Амжилтанд хүрсэн хүн бүхэн нойргүйдлээр шаналдаг. Америк сэтгэхүйд нэгэн хэвийн тарни давтах мэтийн арга таалагдах нь аргагүй. Нэгэн хэвийн тарни давтсаар байгаад сэтгэхүйн сонирхол буурч, нойронд эрхгүй автана.

НЭПКО хэвлэлийн газар





"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив