Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Чанадын чанадад
2017 оны 4 сарын 3 [Уншсан тоо: 17962]


Дилова хутагтын дуулал,
Ошо багшийн тайлбар



АГНИСТЫН ГЭГЭЭ
Цуврал-6



Амьдралын түг түмэн төвөг зовлонг чи тоочиж чадна. Гэвч тэр бүхний үндэс мөнөөх зовлон тоочоод байгаа сэтгэл чинь өөрөө юм шүү дээ. Сэтгэл гэж чухам юу вэ? Ямар нэг цул биет үү, эсвэл урсгал үйл явц уу? Бодит үзэгдэл үү, зүүд зэрэглээ юу? Сэтгэлийн мөн чанарыг ойлгохгүй бол чи амьдралын нэгээхэн ч асуудлыг шийдэж дөнгөхгүй. Тухайн асуудлыг дангаар нь шийдэх гэж чармайх л байх. Эцсийн бүлэгт санаа тэнгэрт, сачий газарт үлдэнэ. Яагаад гэвэл сэтгэлээс тусдаа асуудал байхгүй. Сэтгэл өөрөө жинхэнэ асуудал.

Энэ, тэр төвөг бэрхшээлийг хүчлэн тасаллаа ч үндсийг нь хөндөөгүй хойно зовлон гачлан дуусахгүй. Модны мөчрийг тайрч, навчийг таслахтай адил. Үндэс байгаа цагт шинэ мөчир, шинэ навчис ахиад л ургана. Ургахдаа улам өтгөн шигүү ургана. Учир нь тайрч танах тусам өсч үрждэг. Үндсийг таслах аргаа олохгүй бол хүч хөдөлмөр чинь талаар өнгөрнө. Энэ бол муйхарлал. Чи өөрийгөө л сүйтгэхээс, модыг сүйтгэж чадахгүй. Хамаг эрч хүч, цаг хугацаа, амь амьдралаа үрнэ. Харин зовлонгийн мод улам саглагар болсоор.

Нэг гамшгийг зайлуултал цаанаас нь арван гамшиг гарч ирдэг. Гамшгийг тус тусад нь арилгах гэж бүү чармай. Тусдаа гамшиг энэ хорвоод байхгүй. Сэтгэл өөрөө л гамшиг. Даанч тэр нуугдмал. Ийм учраас би түүнийг модны үндэстэй зүйрлэсэн юм. Төвөг бэрхшээл газар дээр ил гарч ирдэг. Түүнийг үзмэгц чи дайрч давшилж, устгах гэж оролдоно. Сайн санаж ав. Ил байгаа зүйл хэзээ ч жинхэнэ асуудал биш. Жинхэнэ асуудал нь үзэгдэхгүй далд байдаг. Үзэгдэж байгаа зүйлтэй тэмцэх юм бол сүүдэртэй байлдсанаас ялгаагүй. Ядрахаас биш ялна гэж үгүй. Яршиг төвөг хаа ч байсан дагах болно. Амьдралаа ажаад үзвэл миний юу яриад байгааг ойлгох буйза. Би хийсвэр онол яриагүй, бодит факт ярьж байна. Сэтгэлийн асуудлаа л шийдэх ёстой.

“Яаж сэтгэл амар амьдрах вэ?” гэж хүмүүс надаас асуудаг. Би хариуд нь “Сэтгэл амар байх ямар ч арга байхгүй. Би тийм юм мэдэхгүй” гэж хариулдаг. Сэтгэл хэзээ ч амар тайван байдаггүй. Гагцхүү сэтгэлээс ангижрах нь амар амгалан юм. Сэтгэл өөрөө нам гүм байна гэж худлаа. Энэ бол угаасаа үймрэл, будангуйрал. Сэтгэлээс гэтэлсэн цагт цэлмүүн тайван байх боломжтой. Тийм учраас сэтгэлээ тайван болгох гэж бүү чармай. Тэгж чармайх юм бол буруу замаар будаа тээгээд буцахдаа шороо тээнэ гэгч болно. Эхлээд сэтгэл гэж юу болохоо таньчих. Дараа нь хаашаа явахаа шийд.

Хэрэв чи гярхай ажиглах юм бол сэтгэл гэсэн цул зүйлийг олж үзэхгүй. Энэ бол ямар нэг тогтонги юм биш, түм түжигнэж, бум бужигнасан хөл хөдөлгөөн. Очоод үзвэл тус тусдаа бодлууд л цуварна. Гэвч тэр бодлууд чамд зай чөлөөгүй юм шиг санагддаг. Яагаад гэвэл чи сэргэг байж чадахгүй байгаа юм. Чамд билгийн хараа хэрэгтэй. Билгийн хараанд бодлын цуваа харагдахаас сэтгэл харагдахгүй. Үй түмэн бодол нийлээд чамд сэтгэл гэсэн илбэ үзүүлж байдаг. Ажиглаад үз. Намайг хэлж, Диловаг дуулсан болохоор биш, чи өөрөө нээх учраас сэтгэл бодгүй хоосон. Үүнийг ойлгомогц асар их юм өөрчлөгдөнө.

Сэтгэл юу юм бэ, хаа байна вэ? гээд ажиглаад л бай. Зөвхөн бодлын урсгал байна. Удаан ажих юм бол бодлын хооронд зай завсар байгааг олж харна. Үг хооронд зай байдаг шиг нэг бодлоос нөгөө бодлын хооронд хоосон орон бий. Гүнд нь орох тусам энэ зай улам цэлийнэ. Бодол урсана, тэгснээ бодолгүй хоосон, ахиад бодол орж ирнэ, дахиад хоосон.

Ухамсар назгай байх юм бол энэ зай чөлөөг олж үзэхгүй, шууд л нэг бодлоос нөгөө бодол руу үсчдэг. Ухамсар сэргэг байхын хэрээр улам илүү зай чөлөөг харна. Ийм чөлөөнд л сатори буюу агшин зуурын гэгээтэй учирдаг. Ийм чөлөөнд л эрхэм дээд зочин морилдог. Түүнийг Бурхан гэх үү, Үнэмлэхүй гэх үү аль дуртайгаараа нэрлэ. Ухамсар туйлын сэргэг үед зөвхөн хоосон чанар оршино.

Үүлэн нүүдэлтэй үүнийг жишиж болно. Үүлс өтгөрөх тусам түүний ард нуугдсан охъюу тунгалаг тэнгэрийг харж чадахгүй. Тэглээ гээд хязгааргүй хөх тэнгэр алга болчихгүй. Зөвхөн чиний хараа үүл мананд бүрхэгджээ. Гярхай ажих юм бол үүлсийн хооронд сиймхий буйг олж үзнэ. Тэр завсраар эгшин зуур хөх тэнгэрийн гялбаа гялс хийнэ.

Чиний дотор ч ийм. Бодлын үүл өтгөрөн цуварч, дотоод чанадын огторгуйг халхалжээ. Гэвч цэвэр тунгалаг мөн чанар чинь хувираагүй. Бодлын үүлэн сиймхийгээр түүний гэрэл гялбааг олж хар. Энэ бол сатори. Цэв цэлмэг тэнгэр болох нь самади. Саторигаас самадид хүртэлх бүх үйл явц сэтгэл рүү хандсан билгийн хараа ажаам.

Сэтгэл цул нэгэн биш, гагцхүү бодлын цуврал гэдгийг ойлгох нь эхний алхам. Удаах алхмаараа бодлууд чамаас тусдаа гэдгийг ойлго. Тэд ирж л байдаг, буцаж л байдаг. Харин чи хаашаа ч явахгүй. Үүл нүүхээс тэнгэр нүүхгүй. Үүл зуурдынх, тэнгэр үүрдийнх. Бодлууд чамд хамаарахгүй. Тэд бол зочид, харин чи гэрийн эзэн. Гүнзгий ажиглах тусам гэрийн эзэн, зочин хоёрын ялгаа тодорно.

Бодол бүхнийг зочин шиг хүлээн ав. Гэвч орсон бороо арилж, ирсэн гийчин буцдагийг бүү март. Энэ жамыг мартаж, зуурдын юмстай зууралдах аваас чи биш тэд гэрийн эзэн болж хувирна. Эмх замбараагүй самуун ундарч өгнө дөө. Там гэж энийг л хэлэх вий. Өөрийнхөө урвашгүй мөн чанар, Дао–г үргэлж санаж бай. Үүлийг биш, огторгуйг эрхэмлэ. Зочин бус, эзэн байр сууриа хадгал. Зочид ирж, буцаж байна. Сайн муу элдэв янзын зочид байдаг ч найрсаг гэрийн эзэн алаггүй тэгш ханддаг. Сайхан ч бодол, муухай ч бодол орж ирсэн бүү ялгаварла. Ялгаварлах юм бол чи сайхан гэсэндээ хөл алдаж, муухай гэснээ хөөж тууна. Эрт орой нэгэн цагт өнөө сайхан бодолдоо эзэн байр сууриа булаалгана.

Бодол бүхэн зуурдын агаад хуурмаг чанартай. Бодолдоо ээнэгшсэнээс болж чи өөрийгөө мартдаг. Ээнэгшил бол өвчин. Гүржиев ганцхан юм сургадаг: “Ирээд буцдаг зуурдын юмст хэзээ ч бүү ээнэгш”.

Өглөө, өдөр, орой, шөнө цөм ирээд буцдаг. Харин чи хаашаа ч явахгүй. Чи гэдэг нь чиний нэр ч биш, дүрс ч биш. Бодол чинь л чамайг нэр, дүрс болгож хуурдаг. Угтаа чи нэрлэшгүй, дүрсэлшгүй цэвэр тунгалаг ухамсар. Энэ бол оршихуйн мөн чанар.

Дасч уягдахаараа чи сэтгэл болчихдог. Дасч уягдахаараа бие болчихдог. Үүнийг энэтхэгчүүд нама, рупа буюу нэр, дүрс гэж дууддаг. Нэр, дүрс болчихсон үед жинхэнэ эзэн үгүй. Чи хувиршгүй мөнх амин сүнсээ огоорч, зуурдын сүг сүүдэр болжээ. Зуурдын бүхэн бааздуу, үүрдийн бүхэн бурханлаг билээ.

Өөрөө гэрийн эзэн, бодлууд бол зочид гэдгийг ойлгох нь хоёрдахь алхам. Цааш гүнзгийрвэл бодол гадных, бодол-үгүй нь өөрийнх гэж ойлгоорой. Чи бол хоосон хонгил. Шувуу байшингийн нэг хаалгаар нисч ороод, нөгөө хаалгаар гарч одохтой адил бодлууд чамаар дамжин өнгөрдөг. Гэтэл чи бодлыг өмчирхөж боддог. Бодоод зогсохгүй бодлоо хамгаалж, хэрүүл уруул, тэмцэл тулаан хийнэ. “Энэ бол миний бодол. Энэ бол үнэн” гэж дүвчигнэнэ. Бодол-үгүй нь чинийх. Бодол-үгүй нь үнэн. Бодол бүхэн хуулбар зээлбэр. Тийм учраас чиний бодож байгаа зүйлийг сая сая хүн бас “миний бодол” гэж тунхагладаг юм. Бодол бол эд юмс шиг гадна талынх.

“Шинжлэх ухаан матери руу нэвтрэх тусам юмс бол бодол гэсэн ойлголт лавширч байна” гэж их физикч Эдингтон хэлжээ. Эд юмсыг нарийн шинжээд ирэхээр бодол шиг харагддаг юмсанж. Би физикч биш учир нөгөө талаас нь хэлмээр байна. Бодлыг шинжих тусам яг л эд юмс шиг харагддаг. Үнэн хэрэгтээ эдгээр нь нэг үзэгдлийн хоёр тал: юмс бол бодол, бодол бол юмс.

Бодол бол юмс гэдэг нь юу гэсэн үг вэ? Хэн нэгний толгойг чулуугаар хагалж болдог шиг бодлоор хагалж болно гэсэн үг. Биеийг хутгаар сийчдэг шиг бодлоор сийчиж болно. Эмээр эмнэж, хороор хордуулдаг шиг чи бодлоороо эмнэж, бодлоороо хордуулж чадна. Бодол бол эд юм, хүч чадал. Гэхдээ чиний мөн чанарт хамаарахгүй. Бодол чам руу орж ирдэг, дотор чинь эргэлддэг, тэгээд гарч оддог. Хорвоо ертөнц бодол хийгээд эд юмсаар дүүрэн. Юмс бол бодлын биелэг тал, бодол бол юмсын сэтгэллэг тал. Бодол эд юмс учраас ид шидийн гэмээр элдэв гайхамшиг тохиолддог. Хэн нэгэн чамд үргэлж сайн сайхныг ерөөж боддог бол амьдрал үйлсэд чинь гайхалтай түлхэц болно. Адис ерөөл эрхэм чухаг байдгийн учир энэ. Сэтгэлийн хүлгээс ангижирсан хүний адислал хуурмаггүй байдаг. Бодлын энергиэ дэмий үрдэггүй учраас асар их хүч хуримтлагддаг. Түүний юу хэлсэн нь биелэх увдистай.

Дорнын бүх уламжлалд бодол-үгүйд суралцахын өмнө сөрөг шинжтэй хандлагыг эерэгшүүлэх талд онцгой их анхаарал тавьдаг. Учир нь нэгэнт бодол-үгүйг эзэмшсэн үед хандлага чинь сөрөг шинжээ хадгалсаар байвал чи аюумшигт хүч болно. Тиймээс сэтгэл ангижрахуйн өмнө туйлын эерэг болох ёстой. Хар, цагаан шид хүчний ялгаа нь энэ. Аль аль нь бодлын энергийг гадагш цацалгүй хураасан хуримтлал. Гэвч нэг нь сөрөг, нөгөө нь эерэг хандлагад суурилсан.

Бодлын хүч асар их. Энэ бол бодит юм гэдгийг ойлгох нь дотоод үзэхүйн гуравдахь алхам. Бодол санаа ямар бодитойг чи зөндөө л үзсэн. Гэвч материализмд дэндүү барьцалдсан учраас барим тавим фактыг тархи чинь хүлээж авдаггүй. Үзсэн ч үзээгүй юм шиг мэдэн будилна. Зүгээр л санамсаргүй тохиолдол гэж мэлзэнэ.

Заримдаа чи хэн нэгний үхлийг зөгнөхөд тэр хүн чинь үхдэг. Чи тохиолдол гэж бодно. Хааяа найзаа үгүйлэн мөрөөсч суутал үүдийг чинь тогшдог. Чи тохиолдол л гэж бодно. Энэ бүхэн санаандгүй тохиолдол биш, учир шалтгаанлаг үзэгдэл. Чиний бодлууд эргэн тойрон чинь ертөнцийг урлан бүтээж байна. Бодол бодитой учраас түүнтэй болгоомжтой харьц. Хайш яйш харьцвал өөртөө болоод бусдад гай зовлон тарина. Хэн нэгнийг хорлосон  агшиндаа чи өөрийгөө ч хорлодог. Учир нь бодол бол хоёр үзүүртэй илд. Бусдыг сүлбэхийн хамт өөрийг чинь сүлбэнэ. Хоёр гурван жилийн өмнө бодлын энерги дээр ажилладаг Юри Геллер гэдэг израйль хүн Англид ВВС телевизээр туршилтаа цацсан. Тэр бодлын хүчээр юмсыг нугалж хугалдаг хүн. Юри Геллерээс арван алхмын зайд хэн нэгэн ган халбага барин зогсож байхад тэрээр энэ тухай бодмогц халбага хугарч байлаа. Хүний гараар дийлэхгүй зүйлийг бодлоороо дийлж байсан. Энэ туршилтын үед Юри Геллер ч өөрөө итгэмгүй сонин юм болжээ. Мянга мянган хүн уг туршилтыг үзэж байв. Тэгтэл олон айлын гэрт юм хумс нурж унаж, нугарч тахийжээ. Бүх Англи даяар шүү. Бодлын энерги зурагтаар цацагдсан хэрэг. Тэр хүн туршилтаа арван алхмын зайд хийсэнчлэн айл гэрт зурагтын дэлгэцнээс арван алхмын хүрээнд хүч үйлчилжээ. Бодол тийм хүчтэй эд.

Зөвлөлт Орост Михайловна гэдэг эмэгтэй бий. Тэр бодлын хүчээр алсын зайнаас олон зүйл хийдэг хүн. Эд юмсыг өөр рүүгээ татан авчирч чаддаг. Зөвлөлт Орос рид хүчинд итгэдэггүй коммунист, атеист орон. Тэгээд Михайловнагийн ер бусын үйлдлийг шинжлэх ухааны үүднээс тайлах гэж янз янзаар туршжээ. Туршилтын үед тэр бүсгүй хагас цагийн дотор хоёр фүнтээр жин хасч байжээ. Энэ юу гэсэн үг вэ? Чи бодлоор энергиэ цацдаг гэсэн үг. Зогсоо зайгүй ийм ажил хийдэг биз дээ. Сэтгэл чинь яг л үглээ чавганц, үрэлгэн хүүхэн шиг байдаг. Үүгээрээ чи өөрийгөө сүйтгэж, эргэн тойрноо хордуулдаг. Тун аюултай хэрэг шүү.

Өдөр ирэх тусам дэлхий ертөнц гай гамшгаар дүүрч байна. Учир нь дэлхий дээр амьдарч буй хүмүүс дэндүү их адал бодол цацаж байна. Цагийн хүрд цаашлах хэрээр энэ дэлхийгээс энх амгалан булан олоход бэрх болох вий. Буддагийн эринд, Лаозын үед эх дэлхий энгүүн тайван байсан. Учир нь хүн ам хамаагүй сийрэг байв. Хүмүүс бага бодож, их мөргөдөг байв. Тархиа гашилгаж сууснаас зүрхээ анирлаж суух нь илүү гэж үздэг байж. Өглөө босоод хамгийн түрүүнд мөргөлөө үйлдэнэ. Үдэш унтахдаа хамгийн сүүлд мөргөлөө үйлдэнэ. Өдрийн туршид цаг л гарвал мөргөж залбирна, дуулж бүжиглэнэ. Ажил хийсэн ч мөргөлийн бүжиг, залбирлын дуу зүрх сэтгэлээс нь алдуурахгүй.

Мөргөл залбирал гэж юу вэ? Энэ бол бүхий л оршихуйд ерөөл адисаа илгээхийн нэр. Орчлон ертөнцөд энэрэл хайраа дэлгэхийн нэр. Мөргөл залбирал нь сөрөг бодолд ерөндөг болж, эерэг эрчмээр хүнийг цэнэглэдэг юм.

Бодол бол эд юм, хүч чадал. Түүнтэй тун болгоомжтой харьцах ёстой. Чи зүгээр хэвтэхдээ ч есөн шидийн юм бодож хэвтдэг. Бодолдоо алуурчин болоогүй, сэтгэлдээ нүгэл тээгээгүй хүнийг олоход тун хэцүү. Санаж ав. Чи хүн алж хүрээ талаагүй ч бай бодол санаандаа хэн нэгнийг зүхсэн бол бодитоор алснаас ялгаа үгүй. Учир нь тэр хүн цаазын тавцанг хэдийн бодлоороо бүтээчихсэн. Хаа сайгүй сул дорой хүмүүс байна. Тэдэн рүү орчин тойрны бодлууд үерийн ус шиг цутгалдаг. Хэн нэг сул дорой нь чиний зүхсэн бодлыг өөртөө халдааж аллага үйлдэх болно.

Хүний мөн чанарыг таньсан хутагт мэргэд энэ дэлхийн лай ланчгийг бүх нийтээрээ хариуцах ёстой гэж хэлдэг. Вьетнамд болж буй гамшгийг ганц Никсон хариуцах ёсгүй. Бодож сэтгэдэг бүхэн хариуцлага үүрэх ёстой. Хэрвээ дэлхий там юм бол чи тэр тамыг бүтээхэд хуруу нэмж, хушуу дүрсэн нэгэн яалт ч үгүй мөн. Бусад руу хариуцлага чихэх гэж бүү оролд. Чамд аль хэдийн хариуцлага тохогдсон.

Уугуул нутаг, суугуул газраас чинь алс хол ч гэлээ тахал дэгдэж, дайн дажин болж байвал чи түүнд оролцсон байж таарна. Бодол санаанд орон зай хамаагүй. Гэрэл орон зайнаас хамаардаг учир бодлын хурдыг гүйцэшгүй. Бодол хүрэхгүй газрын мухар, тэнгэрийн хаяа гэж байхгүй. Энд нэг юм бодоход чинь тэртээ Америкт нэг юм болох жишээтэй.

Чи яаж хариуцлага үүрдэг вэ? Хүний шүүх чамайг шийтгэхгүй, харин ертөнцийн үнэмлэхүй шүүх шийтгэдэг. Өөрөө ч мэдэхгүй гэсгээлээ үүрч, гэм зэмээ амссаар яваа. Тийм учраас л ийм их зовлон зүдгүүрт баригджээ. “Бид хэнд ч буруу юм хийгээгүй, гэсэн атлаа өөдөө нар харахгүй юм даа” гэж хүмүүс над дээр ирж гомдоллодог. Чи буруу юм хийгээгүй байж болно, харин бодоогүй гэдэгт чинь эргэлзэж байна. Бодол үйлдлээс илүү нарийн. Хүн өөрийгөө үйлдлээс хамгаалж чаддаг, бодлоос хамгаалж чаддаггүй. Бодлын хувьд хэн бүхэн эмзэг билээ. Өөрийг чинь бүчиж багласан хилэнц түйтгэрээс салъя гэвэл бодлоос ангижрах ёстой. Бодолгүй нь буддагийн мөн чанар. Будда болсон хүн бодолгүй амьдардаг, тийм учраас хариуцлага үүрэхгүй. Дорнын хэлээр үүнийг үйлийн үр хураахгүй гэж хэлдэг. Тэрээр сансрын гинжин хэлхээнд орооцолдохгүй амьдарч нүүж сууж, идэж ууж, ярьж хөөрдөг.

Өч төчнөөн юм хийх атлаа үйлийн үр хураахгүйн учир юу вэ? Учир нь үйл-карма бол идэвхийлэл гэсэн үг. Будда идэвхийллээс ангижирсан хүн. Юунд ч сэтгэл уягдаж, бодол ээдрэхгүй. Хоосон чанар лугаа адил оршдог. Будда хүн алсан ч үйлийн үр хураахгүй гэж Дорно дахинд хэлэлцдэг. Харин чи хүн алаагүй ч үйлийн үр хурааж байдаг. Ялгаа нь юунд байна? Будда би-гээс ангид учраас үйл үйлдэгч биш. Түүнд бүх юм зөнгөөрөө л учирна. Ертөнц зөвшөөрсөн бол тэр ч бас зөвшөөрнө. Жам ёсны урсгалыг эсэргүүцэх зөрүүд мулгуу бодол байхгүй. Энэ бол хоосон чанарын оршихуй, би-үгүй, анатта юм. Хоосон чанарт ямар ч үйлийн үр, нисванисын буртаг байхгүй.

Бодол бүр өөрт чинь болоод бусдад үйлийн хорвоог бүтээж байдаг учраас сэрэмжтэй бай. “Сэрэмжтэй бай” гэдэг нь чамайг сайн сайхан бодолд идэвхийл гэсэн үг биш. Чи сайн юм бодохтойгоо хамт муу юм бодоод давхичдаг. Сайн нь муугүйгээр яаж орших вэ? Хайрын бодолтой хамт үзэн ядахуйн бодол явдаг. Үзэн ядахгүйгээр чи хайрлаж чаддаг юм уу? Үзэн ядалт чинь илт цухуйхгүй ч, далд бугшиж байдаг. Нигүүлслийн бодолтой цуг хүчирхийллийн санаа явдаг. Хэн нэгнийг дарамтлахгүйгээр чи өрөвдөн нигүүлсч чаддаг бил үү? Секс бодолгүйгээр брахмачаръяа, хурьцлыг тэвчих сахилыг бодож чадах уу? Хурьцлын тухай бодохгүй хурьцлыг тэвчих тухай яаж бодох юм бэ?

Сайн муу бодол дандаа цуг явдаг. Сайн ч бай, муу ч бай бодол үгүйн агаар л жинхэнэ цэвэр ариун. Бодолд авталгүй зүгээр ухамсар сэргэг ажигла. Бодол орж ирж л байг. Тэр чинийх биш. Эргэн тойрон чинь агаар мандал шиг ноосфер буюу бодлын мандал бий. Сэргэг болох тусам чамайг бодол дарангуйлахаа болино. Учир нь, чиний ухамсар бодлоос илүү хүчтэй. Гэрт гэрэл байхад харанхуй бүрхэж чадахгүй. Гэрэл унтарсан агшинд харанхуй хаа нэгтэйгээс нөмрөн орж ирнэ. Бодол бол харанхуй мэтчилэн дотоод ухамсрын гэрэл бөхсөн үед л шургадаг зүйл.

Хэрэв чи ухамсартайгаа нэгдмэл байж чадвал нэвтэршгүй цайз болж хувирна. Юу ч хааж хориогүй, бүрэн нээлттэй атлаа ухамсрын ид хаваар дархлагдана. Тэр үед бодлын долгион чамайг дайрч чадахгүй тойрч гарна. Хаа ч байсан чиний амар амгалан үл сарнина. Там руу орсон ч дотор чинь энхжингийн гэрэл туяарна. Энэ бол гэгээрэхүйн утга. Дилова ингэж хэлжээ:
 
Сэвгүй хоосон огторгуйг харваас
Сэтгэлээр сэтгэлийг тийнхүү ажваас
Будангуй ялгаа нилдээ арилж
Буддагийн хутгийг олох болно.


НЭПКО хэвлэлийн газар









"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив