Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Очир огтлогч судар
2017 оны 3 сарын 20 [Уншсан тоо: 16688]
АГНИСТЫН ГЭГЭЭ
Цуврал-9

ГЭГЭЭРЛИЙН АМТ


Учир нь Субуди, тэдгээр бодьсадва би хэмээн, төрөлтөн хэмээн, сүнс хэмээн, бодгаль хэмээн баримтлахгүй. Тэдгээрт номын баримтлал хийгээд ном бусын баримтлал аль нь ч үгүй. Тэдгээр бодьсадва аливааг баримтлах хийгээд үл баримтлах хоёроос ангид болой.

Хэрвээ бодьсадва ном хийгээд ном бусын баримтлалд автах аваас тэр нь би хэмээх, төрөлтөн хэмээх, сүнс хэмээх, бодгаль хэмээх үзэл болно.

Бодьсадва ном хийгээд ном бусын алинд ч уягдах ёсгүй. Тийм учир Түүнчлэн ирсэн бээр нууц утгыг ийнхүү номлодог: “Ном сургаалыг сал мэтчилэн ойлгосон тэрээр номыг ч орхих аваас ном бусыг өгүүлэх юун.”

Ялгуусан багш асуув: “Субуди, чи үүнийг юу гэж бодож байна? Түүнчлэн ирсэн бээр төгс танин мэдсэнээр бодь хутгийг олсон ном бий юу? Түүнчлэн ирсэн бээр тэр номыг бусдад заасан уу?”

Субуди хариу өчсөн нь: “Ялгуусан таны номлосон утгыг ухваас Түүнчлэн ирсэн бээр бодь хутгийг олсон хийгээд бусдад заасан ном аль нь ч үгүй. Яагаад гэвэл түүнийг оюунаар таниж, үгээр өгүүлшгүй. Тэр бол ном хийгээд ном бусын аль нь ч биш. Учир нь хутагт бодгаль хуран эс үүдсэн чанараар ялгарах болой.”


Дараах хэдэн зүйлийг ойлговол өнөөдрийн судар руу ороход хялбар болно. Эхнийх нь Дхарма буюу дээдийн ном. Номлол биш бол түүнийг дээдийн ном гэж Будда нэрийддэг. Үзэл биш бол дээдийн үзэл, гүн ухаан биш бол дээдийн ухаан. Учир нь, үзэл онол бол ягшмал үзэгдэл. Ертөнц өөрөө урсмал зүйл. Ямар ч үзэл онолд хашигдахгүй. Тиймээс Будда “Миний сургаал бол үзэл биш, үзэхүй юм шүү. Би та нарт тогтсон хэв загвар тулгахгүй, харин бодит ахуйд чиглэсэн хандлагыг л зааж байна. Энэ бол хаалга нээх түлхүүртэй адил. Нээсний дараа юу үзэхийг чинь би хэлэхгүй. Түүнийг өгүүлэх боломжгүй” гэдэг.

Насан турш харанхуй агуйд амьдарсан хүнээр төсөөлөөд үз. Өнгө гэрэл гэж юу болохыг мэдэхгүй, нарны гэрэл, сарны туяа харж байгаагүй нэгэн. Чи түүнд солонго гэж юу болохыг тайлбарлаж чадах уу? Од эрхисийн тухай ойлголт өгч чадах уу? Сарнай цэцгийн гоо сайхныг сэнхрүүлж дөнгөх үү? Юу ч хэлсэн тэр ойлгохгүй. Ойлголоо гэхэд буруу ойлгоно. Чиний ярианд дулдуйдан үзэл онол бүтээсэн ч тэр нь хоосон төсөөллөөс хэтрэхгүй.

Тийм учраас Будда өөрийгөө гүн ухаантан биш, харин оточ гэдэг байсан. Сохор хүнд өнгө гэрлийн тухай ярих нь шал утгагүй. Энэ бол гүн ухаантны ажил. Сохор хүнд хараа оруулах эм тан өгөх нь Буддагийн ажил. Хараа орсон цагт өөрөө харж ойлгох учиртай. Яатха бхутам – Юу болохыг өөрөө хар! Дээдийн ном гэж үүнийг хэлнэ.

Удаах зүйл бол Буддагийн Субудид хэлсэн “Тэгж бүү ярь!” гэсэн үг. Жирийн хүмүүст байтугай, Субуди шиг өндөр дэст хүрсэн хүнд ийм бодол төрдөг: Өөрсдийгөө онцгой цаг үед амьдарч байгаа онцгой хүмүүс гэж бодох. Энэ бол эгойст үзэл, би-г баримтлах зан. Субуди ийм нарийн эго өвөрлөсөөр байгааг дээрх үг илчилж байна.

Цаг үеэ онцгой гэж бодох энэ өвчнөөс болж үеийн үед хүн төрөлхтөн зовж шаналж ирсэн. Онцгой цаг үе гэж огт байхгүй. Бурхан цаг үргэлж нээлттэй. Энэтхэгт Хиндүчүүд өнөө үед хэн ч гэгээрэхгүй, учир нь хамгийн адаг Кали юга гэж хэлдэг. Жайнчууд бас л тав дахь эрин буюу Панчам кал учраас хэн ч гэгээрэлд хүрэхгүй гэдэг. Буддистүүд хүртэл Очир огтлогч-ийг уншсаар мөртлөө энэ эрин үед бодь хутаг олох хүн байхгүй гэж мэтгэдэг. Саяхан би Очир огтлогч-ийн нэг тайлбарыг уншсан юм. Тэр тайлбарт “Үнэнийг жаахан ойлгох сэхээтэй хүмүүс тэр үед гарна л даа. Тэд маш их буян хураана. Гэхдээ буян бол гэгээрэл биш, түүний суурь дэвсгэр төдий” гэж өгүүлсэн байна. Энэ эрин үед гэгээрэх боломжгүй, хамгийн сайндаа л буян хурааж чадна. Та нар буянаа хураагаад л, гэгээрлийн эрин үеийг хүлээж суух хэрэгтэй гэсэн санаа.

Хүмүүсийн ийм сэтгэлгээ рүү Буддагийн үг чиглэж буй. Үнэний эрэлчин, эрэлчин биш хэний ч хувьд эрин цаг ижилхэн. Цаг хугацаа гэгээрэлд ээлтэй ч биш, халтай ч биш. Чи амьдралаа юунд зориулмаар байна, тэр боломжийг л цаг хугацаа олгодог. Тэр юунд ч хаалт хориг тавихгүй. Хүсвэл чи гэгээрч болно, эс хүсвэл гэгээрэлгүйгээр үлдэж болно. Оршихуй та нартай зохицдог. Гэтэл хүний хууч өвчин үргэлжилсээр. Би олон судар ном үзэж байсан. “Ирээдүйд яах бол?” гэсэн асуулт тавьсан хүмүүс...

Жирийн амьдрал дээр ч ийм сэтгэлгээ ноёлдог. Цаг үеэ дурсч суугаа настай хүний яриаг сонсоорой. Өөрийнх нь үе алтан үе, одоо бол гууль болсон гэнэ. Та нар ч гэсэн хөгширсөн хойноо үр ач нартаа алтан үеийнхээ үлгэр туульсыг хайлж суух вий.


Ная шахсан нэг буурай ханиа дагуулан Парис хотоор аялжээ. Эргэн тойрныг харж байснаа өвгөн санаа алдаж, “Парис ч Парис биш болжээ. Гучин жилийн өмнө би ирж байлаа. Тэгэхэд л жинхэнэ Парис байсан даа” гэв.

Эмгэн нь инээд алдлаа. Эмэгтэй хүн газар дэлхийд илүү ойрхон, илүү прагматик. “Би бол өөрөөр бодож байна. Парис биш, чи л өөрчлөгдсөн бололтой. Энэ залуусыг хар л даа. Чиний залуу цагаас ч илүү хөгжилтэй байгаа юм биш үү?” гэжээ.

Наян настны хувьд Парист онц гойд юм юу ч байхгүй. Тэр ямар гэнэн залуу үе шигээ Парисын шөнийн амьдралд дэгэж дэрвэх биш дээ. Зүүд мөрөөдөл нь нэгэнт замхарчихсан нас. Эхнэр нь чухам үнэнийг хэлж. “Парис хэвээрээ, чи л өөрчлөгджээ.”Та нарт ч ийм явдал тохиолддог. Хүүхэд ахуйн өдрүүдээ л хамгийн сайханд тооцож, одоо бүх юм уруудаад байгаа юм шиг. Өнөөдрийн хүүхдүүдийг өрөвдөнгүй нүдээр харцгаадаг. Тэд чинь бас дараачийн хүүхдүүдийг өрөвдөж харна гэдгийг мэддэг үү? Хүн бүхэн өөрийгөө онцгой үеийн баатар гэж санадаг.

Адам, Эва хоёр Идин цэцэрлэгээс хөөгдөн гарах үед Адамын хэлсэн анхны үг юу вэ? Тэр Эвад хандан “Хараач, бид жинхэнэ хувьсгалт эргэлтийн үед амьдарч байна” гэсэн юм. Диваажингаас хөөгдөхөөс илүү хувьсгалт эргэлт гэж байх уу даа.

Будда “Тэгж бүү ярь!” гэж Субудид хэлжээ. Бүх цаг үе ижил учраас тэр. Огторгуй болоод цаг хугацааг чи урвуулж чадахгүй. Агаар мандлыг бохирдуулж, далай тэнгисийг ширгээж чадна. Харин цаг хугацаанд халдах сачий дутна. Агшин агшныг сэхээрч амжаагүй байхад чинь тэр хэдийн урсан оддог. Барьж эзэмдэх ямар ч арга байхгүй. Тийм учир Будда “Тэр үед ч гэлээ үнэнийг таних төрөлтнүүд байх болно” гэжээ. Үнэн бол заримдаг үзэгдэл биш. Үргэлж байх тэр зүйлийг л үнэн гэдэг. Үнэнд хүрэхэд цаг хугацаа хамаагүй. Өдрөөр ч, шөнөөр ч, хар зах дээр ч, Гималайн ууланд ч, эр эм алин ч бай, хөгшин залуу ямар ч дүрээр үнэнд хүрч болно.

“Нэгээхэн төдий ариун сүсэг үүсгэснээр...” гэж Будда хэлсэн. Чин сүсгийн ганц л долгион хүнийг хувиргах хүчтэй аж. Сүсэг гэдэг үгээр Будда юуг илэрхийлсэн бэ? Жир олонхийн сүсэг бол айдсаас өөр юу ч биш. Сүм, чуулган, гүрүдварад очиход аймхай хүмүүстэй л таарна. Тэд амьдралаас, бас үхлээс айсандаа аль нэг бурхан тэнгэр, аврагч эзний нөмөрт орохыг хүсдэг. Эсвэл аав, ээж, асран хамгаалагчаа алдсан хойно тэнгэрийн орон руу хүүшлэн тусгаж, гараас нь хөтлөхийг санаархдаг. Тэд бол насанд хүрэгсэд биш. Нас бие нь өслөө ч хөлд орж буй нялхас шиг хэн нэгнээс зуурахгүй л бол бие дааж алхаж чаддаггүй хүмүүс.

Айдсаас үүдсэн шүтлэг бол жинхэнэ шашин биш. Энэ бол сармагчны шашин, хэлбэрдэгчийн шашин. Айдсаас үүдсэн мухар сүжгийг Будда энд хэлээгүй. Шраддха хэмээх самгарьд үгийн утга нь өөртөө итгэх итгэл юм. Өөртөө итгэх итгэлд суурилсан шашныг Будда зөв шашин гэж хэлдэг. Бодит ахуйд айдас хүйдсээр биш, аймшиггүй зоригоор л хүрнэ. Үүнд өөртөө итгэх итгэл хэрэгтэй. Айдас, итгэл хоёр үнэхээр харш. Аймхай хүн юунд ч хүрэхгүй. Залбирал, бясалгал үйлдэвч тэр нь өөрийгөө хамгаалах стратегиэс өөр юу ч биш.

Итгэлт хүн уярч хайлж, урсаж чаддаг. Оршихуйн их урсгалд нэгдэж, хаа ч хүрэхээс үл буцах зориг зүрх түүнээс гарна. Энэ бол миний туршлага, бас ажиглалт. Хүчирхэг хүмүүс л уярч хайлж чаддаг юм. Өөрсдийгөө хүчирхэг гэж боддог сул дорой хүмүүс хэв загвараа эвдэж, урсахаас үнэхээр айдаг. Өөртөө итгэлтэй хүн л чанадыг зүглэж, нууцыг тайлах аянд мордохдоо бэлэн. Эрсдэл бол түүний нуувч, баталгаагүй нь түүний баталгаа. Тэрээр оршихуйн хамгийн гүн ёроол, хамгийн дээд оргилд хүртэл аялахыг хүсдэг. Өөрийгөө хэн гэдгээ бүрэн төгс танин мэдэхийг эгээрдэг.

Хүчирхэг хүнд нуугдах нуувч, хоргодох саравч хэрэггүй. “Би энд харь нэгэн биш, энгүй оршихуйн харъяат. Оршихуй надад эхийн хайраар хандахаас биш дайсагнаж яахин чадах. Өөр хэн нэгэн биш, зөвхөн миний л туурвих онцгой нэгэн хувь зохиол байгаа болоод л би энд байгаа. Тийм биш сэн бол оршихуй намайг юунд бүтээх вэ” гэж мэдэрдэг. Ийм итгэлийг Будда шраддха гэсэн үгээр илэрхийлсэн юм.

НЭПКО хэвлэлийн газар
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив