Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Анатоми 30 секундэд
2017 оны 3 сарын 9 [Уншсан тоо: 22302]

Хүний биеийн эрхтэн тогтолцооны тухай хагас минутад багтаасан тайлбар


Хүний биеийн дотоод ба гадаад анатоми. Анатомийн талаар бага ч болов мэдлэгтэй болоход л бид бие махбодынхоо бүтцийг ойлгож эхэлнэ. Яс, булчин, шөрмөс, бүлх, мөн дотор эрхтнүүдийг харуулсан анатомийн зураг бол бие махбодын дотоод байдлыг дүрсэлсэн карт бөгөөд бидний биеийн дотоод бүтэц бүгд ижил. Түүнчлэн хүний биеийн бүтэц, тэр дундаа араг яс, дотор эрхтнүүдийн тухай мэдлэг нь хүмүүсийн ертөнцийг үзэх үзэлд нөлөөлдөг. Иймээс л хайр дурлалыг илэрхийлсэн зүрх, аюул ослыг харуулсан гавлын ясны зураг гээд эд эрхтнээр төлөөлүүлсэн бэлэгдлийн чанартай дүрслэл хүн төрөлхтний соёлд маш их байдаг.

Таагүй түүхтэй шинжлэх ухаан

Урьд нь анатомийг зөвхөн анагаахын оюутнуудын сонирхлыг татах шинжлэх ухааны салбар гэх үзэл давамгайлж байлаа. Харин сүүлийн жилүүдэд энэ сэдэв нийтэд ихээхэн түгэн дэлгэрч байна. Ингэж олны анхаарал татах болсон нь цогцосоор үзэсгэлэн гаргасан, мөн Гюнтэр фон Хагэнс, Элис Робэртс гэсэн дэлхийд алдартай анатомичдын задлан шинжилгээний видео бичлэг нийтэд хүрсэнтэй холбоотой. Харин одоо буцаад энэхүү таагүй түүхээ эхнээс нь харъя. Амьд амьтан ба хүний цогцост задлан шинжилгээ хийх нь анатомийн шинжлэх ухааны үндэс юм. Эртний Герегийн эмч Галэн хүний бие махбодын үйл ажиллагааны талаар төсөөлөлтэй болохын тулд амьд гахай, сармагчинд задлан шинжилгээ хийдэг байв. Нууцлаг үдэш, Мона Лиза-г бүтээсэн сэргэн мандалтын зууны зураач Леонардо да Винчи анатомийн зураглалаараа алдаршсан бөгөөд Милан, Флорэнцийн эмнэлгүүдийн эмч нарын дэмжлэгтэйгээр цогцос дээр хүний биеийн бүтцийг судалдаг байжээ. Анатомийн түүх бас гэмт хэрэгтэй ч холбогдсон тал бий. Үүний жишээ гэвэл, ХIХ зуунд Шотландын нутагт Виллиам Бөрк, Виллиам Хэр нарын үйлдсэн гэмт хэрэг юм. Ирландын цагаач энэ хоёр хүн булш ухдаг байсан ба 1827-1828 онуудад Эдинбүргийн Их сургуулийн анагаах ухааны факультетийн анатомийн багш Робэрт Нокст цогцос зарахын тулд дараалан аллага үйлдэж байжээ. Алуурчдыг барьсан ч Хэр эрх мэдэлтнүүдтэй түншлэн, улмаар суллагдаж, харин Бөркийг 1892 оны нэгдүгээр сарын 28-нд дүүжлэн хороосон. Түүний цогцос Эдинбүргийн Их сургуулийн анатомийн музейд очсоныг үйлийн үрийн төлөөс гэлтэй.

Хувьсал ба анатомийн хувилбарууд

Анатоми бол эртний шинжлэх ухаан. Тийм болохоор энэ салбарт шинээр ямар ч зүйл гарч ирэх боломжгүй мэт санагдах байх. Гэтэл гайхмаар зүйл энд байсаар л байна. Хувьсал аажим явагддаг, гэхдээ хувьсал байдаг гэдэг бол маргашгүй үнэн бөгөөд бас энэ үйл явц зогсолтгүй явагддаг. Үүний нэг жишээ нь, нурууны төгсгөлийн нийлж ургасан хэдэн нугалам нь сүүлний үлдэц болох ахар сүүл аж. Мөн энэхүү тасралтгүй үйл явцыг илтгэх өөр нэг жишээ бол, шууны гадарга дээр байрлаж, сарвууг нугарахад оролцдог алганы урт булчин (palmaris longus) байна. Хөхтөн амьтдад энэ булчин хумсаа сарвайлгах үүргийг гүйцэтгэнэ. Энэ үйлдэл хэрэгцээгүй болох хувьслын улмаас хүмүүсийн 15 хувьд энэ булчин байхгүй байдаг.

Анатомийг сонирхоход хүмүүст тулгардаг бэрхшээлүүдийн нэг бол анатомийн олон янз хувилбарууд юм. Хувилбар маш олон. Долоон тэрбум хүнтэй дэлхийн хувьд ийм олон хувилбар байх нь гайхах зүйл биш. Наад захын жишээ нь, аарцгийн тараагуур судасны байрлал 54 янзын хувилбартай. Анатомийн олон янз хувилбараас гадна хүний биеийн баруун ба зүүн талын эрхтнүүд тэгш бус хэмтэй байдаг нь бас нэг бэрхшээл байж болох талтай. Хэн нэгний баруун чих зүүнээс том; жирийн хоёр бөөрний оронд тах хэлбэрийн ганц бөөр байх; мэдрэлийн судлуудын байрлал өөр байх тохиолдлууд ч бий. Энэ номд хүний биеийн бүтцийн хамгийн түгээмэл тохиолдох хувилбаруудыг орууллаа.

Номын бүтэц   

Анатомийн шинжлэх ухаан бие махбодын бүтцийг судалдаг бол харин үйл ажиллагааг нь физиологийн ухаан судалдаг. Гэхдээ энэ хоёр ухаан хоорондоо салшгүй уялдаатай бөгөөд жишээ нь аливаа эрхтэн тогтолцооны бүтцийг дүрслэхдээ түүний гүйцэтгэж буй үйлдлийг дурьдахгүй байх аргагүй юм.

Анатомид бие махбодыг судлах хоёр хандлага бий:  тогтолцооны ба хэсэгчилсэн анатоми. Тогтолцооны анатоми нь хоол боловсруулах, яс-булчингийн, нөхөн үржихүйн зэрэг үйл ажиллагааны тогтолцоог судалдаг бол харин хэсэгчилсэн анатоми нь харилцан нэгнээсээ хамааралтай эрхтнүүдийн байрлалыг судална. Уг ном долоон бүлэгтэй бөгөөд бүлэг бүрт аль нэг эрхтэн тогтолцооны талаар тайлбарласан. Өгүүлэл бүр энгийн, уялдаатай тайлбартай тул та хүний бие махбодын бүтцийн тухай суурь мэдлэгийг төвөггүй олж авах боломжтой. Анатоми 30 секундэд гэсний учир нь энэхүү ном анатомийн гол ойлголт бүрийг 30 секундэд багтаан тодорхойлох зорилготой юм. Тухайн бүлэгт юун тухай өгүүлэхийг хурдхан мэдмээр байгаа хүмүүст зориулсан цухасхан мэдээллийг 3 секундын товчлол гэсэн гарчгийн дор дагалдуулан оруулсан. Дараа нь 3 минутын ойлголт бий.  Энэ хэсэгт хүний биеийн анатомийн ер бусын талуудыг жишээлэн, бие махбод хямралд өртөхөд ямар үйл явц явагддагийг тайлбарлана.

Эхний бүлэгт араг ясны тухай өгүүлнэ. Араг яс нь хүний биеийн тулгуур бол яс нь бусад зүйлсээ тогтоож байдаг гүүр юм. Хоёрдугаар бүлэгт булчингийн тогтолцоог авч үзнэ. Удаах хоёр бүлэгт зүрх судас ба амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах, шээс ялгах тогтолцооны тухай өгүүлэх бөгөөд амьсгал, хоол боловсруулалт, шээс үүсэх, цусны эргэлт зэрэг чухал үйл явцын тухай тусгагдсан. Цаашлаад мэдрэхүйн эрхтний тухай тойм бий. Үүнд арьс, нүд, сонсголын эрхтэн гэх мэт багтана. Зургадугаар бүлэгт хүний биеийн бүх үйл ажиллагааг зохицуулан хянадаг мэдрэлийн тогтолцооны тухай, харин сүүлийн долдугаар бүлэгт бид нөхөн үржихүйн тогтолцооны талаар өгүүлнэ. Түүнчлэн та бүлэг бүрт анатомийн тэргүүлэх зүтгэлтнүүдийн намтар түүхтэй танилцах болно.
Та энэхүү номыг хаанаас нь ч эхлэн, бүлэг бүрийг дарааллаар нь,  унших боломжтой. Ингээд хүний биеийн анатомийн нууцын хөшгийг нээж, бие махбодын үйл ажиллагаа хэрхэн явагддагийг судалцгаая.


НЭПКО хэвлэлийн газар




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив