Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
“Ай даа, энэ шүү дээ” Ошо: Зэн түүхүүд
2017 оны 1 сарын 27 [Уншсан тоо: 22925]

АГНИСТЫН ГЭГЭЭ
Цуврал-14



Зэн бол зүгээр л Зэн. Өөр юутай ч зүйрлэх аргагүй. Хүний ухамсрын ертөнцөд тохиосон хамгийн энгүүн атлаа эгэлгүй гайхамшиг. Энгүүн гэдгийн учир нь Зэн мэдлэг буюу оюун ухаанд дулдуйддаггүй. Энэ бол гүн ухаан ч биш, шашин суртахуун ч биш. Эгэл оршихуйг бүхий л зүрх сэтгэлээрээ хүлээн авахуй юм. Өөр ертөнц, чанагуухь оршихуйг хүсч мөрөөддөггүй. Түүнд ямар ч эзотерик хийрхэл, метафизик сонирхол байхгүй. Буй орчлонгоо л бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг. Энэ хүлцлийн шидээр хорвоогийн эрэг чанадын эрэг болж хувирдаг нь гайхалтай.

Энэ л бие минь бурханы лагшин.
Энэ л дэлхий бадмын диваажин.

Тийм болохоор Зэн маш энгийн. Ямарваа хойдын диваажин, бумбын орон, бурханы хутаг бүтээх гэж тэмцэхгүй. Зүгээр л энгүүн, зөнгөөрөө амьдрахыг чамаас хүснэ. Тэр цагт эгэл амьдрал хутагтын амьдрал болдог. Эглийг эгэлгүйд хувиргах нь Зэнгийн ид шид. Амьдралын энгүүн зам урьд өмнө хэзээ ч ийм их өргөл хүндлэл хүлээж байгаагүй. Зэнгийн хосгүй чанар үүнд л бий.

Зэн Буддагаас ч, Лаозаас ч хэтийддэг. Энэтхэгийн билиг ухаан, Хятадын суу заль аль алинаас нь давдаг. Энэтхэгийн билиг ухааны оргил нь Будда бол Хятадын суу залийн оргил нь Лаоз юм. Буддагийн зүрхэн сургаал Лаозын зүрхэн сургаалтай шүтэн барилдсанаар Зэн төржээ. Энэ нь зүгээр нэг барилдлага биш, төгс уусал нэгдэл учраас Зэн бол Буддын болоод Бумбын ёсны аль нь ч биш, тэгсэн мөртлөө хоёулаа мөн. Тиймээс Зэнг Зэн буддизм гэж хэлэх нь учир дутагдалтай. Будда Зэн шиг газар дэлхийлэг биш. Лаоз бол маш дэлхийлэг. Харин Зэн дэлхийлэг төдийгүй дэлхийг тэнгэрт хувиргагч юм.

Хүн төрөлхтний ирээдүй Зэнд улам бүр ойртоно. Учир нь, Өрнө Дорнын учрал гагцхүү Зэн билгээр хэрэгжих боломжтой. Өрнө бол маш дэлхийлэг, Дорно бол дэлхийгээс тасрамхай. Хэн энд гүүр болж чадах вэ? Будда гүүр болж чадахгүй. Тэр бол цэвэр Дорнын анхилга. Лаоз ч бас чадахгүй. Тэр дэндүү дэлхийлэг. Хятад бол үеийн үед дорнын гэхээс илүүтэй өрнийн буюу дэлхийлэг хандлага давамгайлж ирсэн орон. Дорно дахинд Хятад анхны коммунист, материалист, бурхангүйн орон болсон нь тохиолдлын хэрэг биш. Таван мянган жилийн турш тэд тэнгэрээс илүү газар дэлхийг шүтэж, сүнснээс илүү материйг онцолж ирсэн. Тийм болохоор Лаоз гүүр болж чадахгүй. Тэрээр Грек Зорбатай илүү төстэй. Будда газар дэлхийгээс тасарсан нэгэн. Түүнээс барих сэжүүр олдохгүй болохоор яаж гүүр болох вэ? Будда, Лаоз хоёрыг нэгтгэдэг болохоор Зэн л боломж гэдгийг би хардаг. Өрнө, Дорныг шүтэн барилдуулах үр хөврөл хэдийн тэнд байгаа. Аугаа их өнгөрсөн төдийгүй аугаа их ирээдүй бий.



Зэн өнгөрсөн, ирээдүйн алийг ч сонирхохгүй, зөвхөн одоог эрхэмлэдэг. Чухам тиймээс өнгөрсөн, ирээдүй хоёрын дунд гүүр болж чадна. Одоо бол цаг хугацааны хэсэг биш. Энэ тухай чи эргэцүүлж байсан уу? Одоо гэгч хэр урт вэ? Өнгөрсөнд хугацаа бий, ирээдүйд ч хугацаа бий. Тэгвэл өнгөрсөн, ирээдүй хоёрын дундах одоо-г хэмжиж чадах уу? Энэ бол хэмжихийн аргагүй зүйл. Одоо бол угтаа цаг хугацаа биш, харин цаг хугацаанд нэвтэрсэн өнө мөнхийн түрлэг.

Зэн одоо-д амьдардаг. Бүхий л сургаал нь: Хэрхэн одоо-д орших вэ? Нэгэнт улирсан хийгээд хараахан ирээгүйн аль алинд сатааралгүй, гагцхүү бодит ахуйд төвлөрөх. Зэнгийн энэ хандлага эрс шулуун боловч олон зүйлд гүүр болж чадна: Өнгөрсөн, ирээдүйн дунд. Өрнө, Дорнын дунд. Бие хийгээд сүнсний дунд. Энэ ертөнц хийгээд чанад ертөнцийн хооронд. Эгэл хийгээд бурханлаг оршихуйн дунд гүүр болж чадна...

Хүмүүс гүн нойронд автаастай гэж үздэг нь шашны тулгуур үнэн. Энэ нойр биеийн биш, дотоод ахуйн нойр. Хэдийгээр хөдөлж, ажиллаж, бодож төсөөлөх боловч хүний амьдрал турш зүүд нойр үргэлжилдэг. Сэрүүн тунгалаг агшин даанч ховор. Далан жилийн амьдралд нь сэрүүн агшин долоо байвал их юм. Хүн робот шиг амьдардаг. Маш дадмаг механик мөртлөө ухамсар сэрэхүй үгүй. Эндээс л бүх зовлон зүдгүүр үүсдэг. Хүний бүх зовлон түүний зүүд нойрны бүтээл.

Юун түрүүнд энэ зүүд нойроо ойлгох учиртай. Зэн төдийгүй бүх шашин уг нойроос сэрэх чармайлт юм. Хүний амьдрал хоёр төвшинтэй. Эхнийх нь мөн чанарын, удаах нь тохиолдлын. Мөн чанар төрдөггүй, үхдэггүй. Харин тохиолдлын хорвоо төрж, нөгчдөг. Мөн чанар үүрдийн бол тохиолдлын амьдрал зуурдын. Бид тохиолдлын юмст хэт автаж, мөн чанараа умартдаг. Эд хөрөнгө, мөнгө төгрөг, гэр бүл, холбоо сүлбээ бүхэн зуурдын бөгөөд бидний мөн чанарт хамаагүй. Өнөө үед хүмүүс зуурдын юмст улам бүр уягдаж, ижил дасал болжээ. Та нар явахдаа бүхнийг орхиод явна шүү дээ. Энэ дэлхийг эзэлсэн хаан ч бай гар хоосон буцна.
    
Нэгэн мистик өнгөрчээ. Диваажинд очоод Бурханаас ийн асуув:
- Хорьдугаар зуунд Есүс яагаад төрөөгүй юм бэ?
Бурхан инээснээ хэлэв:
- Боломжгүй ээ. Хорьдугаар зуунаас яаж гурван мэргэн хүн, онгон эх олох юм бэ?  

Энэ зуун тохиолдлын юмст хамгийн их зууралдсан цаг үе. “Минийх”, “минийх” гэсэн өмчирхөлд хүмүүс улам бүр автаж, “би” гэх мөн чанараасаа алдуурчээ. “Минийх” чухал болох хэрээр чи зуурдын юмст татагдана. “Би” чухал болох үед “минийх” нь зарц үйлчлэгч болж, чи өөрөө эзэн болно. Энэ “би”-г эго гэж ойлгуузай. Эго бол зуурдын өмчирхлөөс үүддэг төв юм. Миний гэр, миний эд хөрөнгө, миний амраг садан, миний шашин  ёс, миний үзэл бодол... гээд л өмчирхөл бүхнээс эго талсждаг. “Би” гэдэг үгийг эго биш, мөн чанар гэсэн утгаар би хэрэглэж байна.

Төрөхөөс өмнө байсан, нөгчсөний дараа байх жинхэнэ дүрээ тань гэж Зэн хүмүүс хэлдэг. Төрөл, үхэл хоёрын дунд өөрийн дүр төрх гэж бодож байгаа бүхэн чинь зуурдынх. Чи түүнийг дотроосоо биш, гадна талын толиноос олж харсан. Бидний харилцаа холбоо бүхэн толь болдог. “Чи хөөрхөн шүү” гэж нэг нь хэлэхэд өөрийгөө хөөрхөн гэж бодож эхэлнэ. “Мундаг шүү” гэж хөөрөгдөхөд “Нээрээ би мундаг” гэж итгэнэ. Өөр нэг нь ирээд доромжлоход наанаа хүлээн авахгүй ч далд ухамсартаа хураах жишээтэй. Тийм болохоор хүн бүхэн ээдрээ, эргэлзээн дунд амьдардаг. Нэг толь нь чамайг сайхан, нөгөө толь нь муухай харагдууллаа. Одоо яах вэ? Аль аль нь толь байдаг. Нэг нь чамайг ухаантай гэхэд нөгөөх нь тэнэг гэх. Тэнэг гэснийг нь таашаахгүй ч дотоод гүндээ уг тусгалыг тээж үлддэг. Чи тэдгээр толинд итгэдэг. Хэчнээн олон толь билээ, тэр бүхэн өөр өөрийн хэмжүүр тусгалтай. Чамайг ухаантай, эсвэл тэнэг болохоор тэр толь тэгж тусгаж байгаа юм биш. Зүгээр л түүний хэмжүүр тэр. Бусад хүн, гадны толь чамайг хэн гэдгийг харуулж чадахгүй. Тэд чамайг биш, өөрсдийгөө л харуулдаг. Юунд дуртай, дургүйгээ илтгэдэг. Толинд чиний өнгөн гадар, арьс л тусна. Гэтэл чи гадар арьс, бие цогц биш. Бие цогц нэг өдөр гялалзавч өөр нэг өдөр гундах. Нэг өдөр эрүүл байвч нөгөө өдөр өвдөж, үрэгдэх. Тэр бол чи биш, чи бол дотоод төв. Тохиолдлын амьдралт хүмүүс өнгөн гадартаа амьдардаг. Мөн чанарлаг хүн төвдөө оршдог. Төвдөө оршихын тулд л бид хичээж байгаа юм шүү.

НЭПКО хэвлэлийн газар




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn