Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Улс төрийн философи
2016 оны 11 сарын 4 [Уншсан тоо: 19579]

Улс төр сонирхохгүй байгаа хүнийг өөрийн ажил хэргээс
хөндий байгаа хүн гэхгүй, харин ажил хэрэг гэдгийг
ерөөсөө мэддэггүй хүн юм байна хэмээн үзнэ.

(Pericles’ funeral oration, in Thucydide, The Peloponnesian War, 147)

“Хэн, юу авч байна?”, “Хэн хэлэв?” гэсэн хоёрхон асуулт улс төрийн философид бий гэлцдэг. Үүнийг туйлын үнэн хэмээн үзэж болохгүй ч асуудлын маань эхлэх цэг болж чадна. Эхний асуулт эд баялаг, эрх, эрх чөлөө хэнд, хэрхэн оногдож байгаа асуудлыг хөндөж байна. Хүн ямар үндэслэлээр өмчлөх эрхтэй байдаг, ямар эрх, эрх чөлөө эдлэх ёстой гэх мэтчилэн. Дараагийн асуулт нь улс төрийн эрх нь хэн эзэмших ёстой юм бэ гэсэн асуултыг хөнддөг. Локк улс төрийн эрхийг “цаазаар авах болон бусад төрлийн бүх ялын тухай хууль гаргах эрх” гэж тодорхойлсон билээ. Энэ үгэнд бидний бодож байснаас илүү гүнзгий утга байж болох юм. Гэхдээ бид эндээс улс төрийн эрх гэдэг бол бусдад тушаах, тушаалыг нь эс биелүүлбээс шийтгэх эрх юм гэсэн гол зүйлээ олж харлаа. Тэгэхээр хэн маань энэ эрхийг эзэмших ёстой юм бэ? 

Дээрх асуудлуудад эргэлзээ төрөм зүйлс байгаа нь тэр дороо ажиглагддаг. Хэн нэг хүнийг бусдаасаа их өмч эзэмшихийг зөвшөөрөх хангалттай үндэслэл олдоно гэж үү? Миний эрх чөлөөг хязгаарлах зүй ёсны хязгаарлалт бий гэж үү? Улс төрийн эрх хийгээд эд баялаг хоёрын хооронд ямар харилцан холбоо байх ёстой вэ? Зарим улс оронд эд хөрөнгөтэй хүмүүс л улс төрийн эрх мэдэлтэй байхад заримд нь улс төрийн эрх мэдэлтэй болсон хүмүүс л баяжиж эхэлдэг. Тэгэхээр эд баялаг, улс төрийн эрх мэдэл хоёрын хооронд ямар нэг холбоо байна даа!

Улс төрийн эрх мэдэлд эгдүүцэм зүйл багагүй байдаг. Хэрэв хэн нэг нь надаас илүү улс төрийн эрх мэдэлтэй болсон бол намайг ямар нэг зүйл хийхийг шаардах эрхтэй болсон гэсэн үг. Яахаараа намайг албадах эрх бусдад байдаг билээ! Хэн нэг хүн намайг ямар нэг зүйл хийх ёстойг зааж зааварлахаар үл барам хэрэв тушаал зааврыг нь зөрчвөл шийтгэх эрхтэй гэж бодоход өөрийн эрхгүй дургүйцэл төрөх аж. Гэвч асуудалд өөр талаас хандаад үзье. Зарим хүнийг хуулиар хязгаарлаж, ял шийтгэлээр айлгаж байхгүй бол тэд яах байсан бол, амьдралд минь ямаршуухан төвөг учруулах байсан бол гэдгийг бодолцох ёстой. Эндээс улс төрийн эрх зайлшгүй болох тухай төсөөлөл бий болдог. Тэгэхээр эндээс хувь хүний бие даасан байдлыг илэрхийлж байдаг анархист болон улс төрийн эрх мэдлийг илэрхийлдэг авторитари уриа лоозонгийн аль алийг дэвшүүлэн тавьж болох нь ээ. 

Хувь хүний бие даасан байдал хийгээд засаглал хоёрын тэнцвэрт харилцаа, өөрөөр хэлбэл, улс төрийн эрх мэдлийн зохист харилцааг тогтоох явдал нь улс төрийн философийн нэг зорилт болдог. Энэ нь улс төрийн философийн онцлог шинж буюу хэм хэмжээ (дүрэм журам буюу оюун санааны стандарт) тогтоох норматив шинжийг харуулж байна. Норматив ухаан нь дескриптив ухаануудтай харгалдаж байдаг. Дескриптив судалгаа нь юмс яагаад тийм байгаагийн учрыг олохыг оролдож байдаг бол норматив судалгаа нь юу нь зөв, яавал шударга вэ гэх мэтчилэн юмс ямар байх ёстойг нээн харуулахыг хичээж байдаг. Улстөрчид энэ хоёр байр суурины аль алинаас асуудалд хандах ёстой. 

Улс төр судлаач, социологич, түүхчид улс төрийн дескриптив судалгаа хийдэг. Жишээ нь, улс төр судлаачид АНУ-д хэн баялгийг эзэмшиж байна, Германд хэн засгийн эрхийг барьж байна гэх мэтчилэн яг хэрхэн гэсэн асуудлыг сонирхдог. Тэгвэл улс төрийн философичид болох бид эдгээр асуудлыг сонирхох нь мэдээж боловч гол анхаарал маань эд баялаг болон үнэт зүйлсийг хуваарилахад ямар зарчим дүрмийг баримтлах ёстой вэ (“эд баялаг, үнэт зүйл” гэдэгт зөвхөн материаллаг баялаг биш эрх мэдэл, эрх, эрх чөлөөний асуудал ч бас орно) гэсэн асуудалд төвлөрнө. Улс төрийн философич нь “баялгийг хэрхэн хуваарилах вэ”, “хүмүүс ямар эрх, эрх чөлөөтэй байна вэ” гэж биш “баялгийг хуваарилах зарчим яавал илүү шударга, зүй ёсны болох вэ”, “хүмүүс ямар эрх, эрх чөлөөтэй байх ёстой вэ” гэж асуудаг. Тэгэхээр нийгэм дэх эд баялгийг хуваарилахад ямар дүрэм журам, хэм хэмжээг удирдлага болгох ёстой вэ?

Судалгааг норматив болон дескриптив хэмээн хуваасан энэ хуваалт хааяа тийм ч тодорхой бус мэт санагддаг. “Хэн эд баялгийг эзэмшиж байна вэ?” гэсэн энэ дескриптив асуултанд бид яагаад анхаарлаа төвлөрүүлээд байна вэ гэвэл баялгийн хуваарилалтын асуудал зүй ёс гэж юу вэ гэсэн норматив асуудалтай холбогддог. (“Хэн зүү барьж байна вэ” гэсэн энэ асуултыг дээрх асуулттай харьцуулан үзэхэд ямар ч улс төрийн сонирхол татдаггүй.)

Цаашилбал, хүний зан төрхийн асуудал эхэндээ дескриптив болон норматив судалгааны алинд ч хамаарагдахгүй мэт санагддаг. Социологичид гэхэд хүмүүс яагаад хуулийг даган мөрдөж байдгийг тайлбарлан ер нь тэднийг хуулиа даган мөрдөх ёстой гэж үздэг. Тэгэхээр хүний зан төрх норматив утгатай байгаа хэрэг. Хүний зан төрх, төлөв байдлын тухай мэдлэггүйгээр зүй ёсны нийгмийн тухай онол ярих аргагүй. Зүй ёсны зарим онол альтруист байдал (бусдын төлөө өөрийгөө золиослох байдал. Орчуулагч.) гаргах хүмүүсийн зан чанарын (эсвэл энэ зан чанар дутагддаг) тухайд бодит бус баримтлал гаргаж болох юм. Товчоор хэлэхэд, юмс ямар байгааг судлах нь тухайн юмс ямар байж болохыг тайлбарлан энэ талаарх судалгаа ямар байх ёстойг ойлгоход чухал байдаг. 

Улс төрийн тухайд явагдаж буй философичдын маргаанд зохих шалтгаан буй. Улс төрийн философи нь нууцлаг зүйл агуулдаггүйгээрээ философийн бусад салбараас ялгагддаг. Агностицизм (танин мэдэх бололцоог үгүйсгэх. Орч.) философид хүндтэй байр эзлэх нь бий. Бидний хүсэл эрмэлзэл чөлөөтэй байдаг уу, үгүй юү гэдэг талаар надад баримталж буй өөрийн гэсэн санаа, олигтой байр суурь байхгүй байж болно. Ер нь энэ нь өргөн утгаараа нэлээн нарийн ээдрээт асуудал байдаг. Харин улс төрийн философийн хувьд агностицизм өөрөө өөрийгөө ялдаг. Нийгэмд хүсэл эрмэлзэл чөлөөтэй байдаг уу, үгүй юү гэдэг талаар албан ёсны бодлого үгүй байж болно, гэлээ гээд энэ нь тийм ч хурц асуудал болдоггүй. Харин аль ч нийгэмд хэн нэг нь төр барьж (аль эсвэл төрийн эрхийг бариагүй байж), эд баялгийг ямар нэг байдлаар хуваарилах нь ноцтой асуудал мөн. Мэдээжээр хэн нэг хувь хүний нийгэмд нөлөөлж буй нөлөөг онцлох нь тийм амаргүй ч бид бүхний сонголт, үзэл бодлын маргаан, хэлэлцүүлэггүйгээр нийтэд хамааралтай зүйл гэж байхгүй болохыг хэлж байх ёстой. Хэн нэг хүн улс төрөөс зайгаа барьж байсан ч өөрт нь хамааралтай улс төрийн шийдвэр гарахыг хүссэн хүсээгүй харах л болно. Практик дээр юу ч хэлэхгүй, юу ч хийхгүй байна гэдэг бол оршин буй нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч байна гэсэн үг бөгөөд ийм байдал нь нэг л гутамшигтай.

Энэ номонд улс төрийн философийн хамгийн гол асуудлуудаарх эртний Герегээс аваад өнөөг хүртэл хэлэлцэж буй маргаануудыг авч үзэн хамгийн хүчтэй хариултуудыг судлах болно. Бүлэг бүрт нэг томоохон асуудлыг авч үзсэн буй. Гэхдээ номонд байгаа хамгийн гол асуудал бол тушаах эрхийн тухай буюу улс төрийн эрх мэдлийн асуудал байлаа. Яагаад зарим нь бусдынхаа байр байдлыг зохицуулах хууль батлах эрхтэй байдаг юм бэ? Хэн нэгэнд маань ийм илүү эрх байхгүй бол юу болох вэ? Төр засаггүй, “байгалийн захиргаанд” байх үед байдал ямар шуу байх тухай асуудлыг нэгдүгээр бүлэгт авч үзэв. Амьдрал тэвчихийн аргагүй байх болов уу, аль эсвэл засал сайжралыг авах болов уу?

Төр засагтай байх үеийн амьдрал “байгалийн захиргаа” ноёрхож байх үеийн амьдралаас илүү байдаг гэж саная. Гэхдээ энэ нь бидний ёс суртахуунтай холбоотой юм уу, өөр ямар нэг үндэслэл байна уу? Улс төрийн үүрэг, зорилгын тухай энэ бүх асуудлыг хоёрдугаар бүлэгт авч үзнэ. 

Хэрэв бид төртэй байх ёстой юм бол түүнийг хэрхэн байгуулах ёстой юм бэ? Төр ардчилсан байх ёстой юу? Ардчилсан байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Төрийг ард түмэн юм уу хэн нэг сайн санаат дарангуйлагчаар удирдуулахаас илүү сайн арга зам байна уу? Эдгээр асуудлыг гуравдугаар бүлэгт авч үзнэ.

Төр хэр зэрэг эрх мэдэлтэй байх ёстой вэ? Нөгөө талаас иргэн хэр зэрэг эрх чөлөөтэй байх ёстой юм бэ? Дөрөвдүгээр бүлэгт, “олонхийн дарангуйллаас” зугтах хийгээд хүн бусдад хор хүргэхгүйгээр чөлөөтэй үйлдэх боломжийн асуудлыг авч үзнэ.

Хэрэв бид иргэдэд ийм эрх чөлөөг өгөх ахул тэр нь зохих эд хөрөнгө эзэмшиж, түүнээс таашаал авах эрх чөлөөг багтаах уу? Эсвэл эрх чөлөө, зүй ёс гэсэн нэрийн дор эдийн засгийн идэвхийг нь хязгаарлах юм уу? Энэ бүхэн хуваарилалтын зүй ёсны тухай асуудлыг авч үзсэн тавдугаар бүлгийн гол сэдэв байх болно. 

Номны эхний таван бүлэг байгалийн захиргаа, төр, ардчилал, эрх чөлөө, өмч гэсэн сэдвүүдтэй танилцуулах болно. Би өөрийн үзэмжээр сүүлчийн бүлгийн сэдвийг сонгож авсан бөгөөд энд эмэгтэйчүүдийн эрхийн тухай орчин үеийн улс төрийн онолын зарим баримтлалыг авч үзсэн. Хоёр мянга таван зуун жилийн турш хагас дутуу хариулттай явж ирсэн “Улс төрийн философи ямар байх ёстой вэ?” гэсэн асуултанд энэ ном ямар нэг хэмжээгээр хариу өгсөн. Эл ном тухайн сэдвээрх өөрийн бодлыг танд тулгах явдлыг зорилго болгоогүй харин таны санаа бодол бүрэлдэхэд тус болох зарим материалыг толилуулах төдий зүйл болсон гэж найдаж байна. Номыг уншиж дууссаныхаа дараа ч та урьдын адил тийм тодорхой бус төсөөлөлтэй үлдэж болох юм. Гэхдээ танин мэдэхүй нь юу ч үл мэдэхээс мэдээлэл бүхий үл мэдэх рүү шилжих байдлаар дэвшиж байдаг. Энэ бол анхаарвал зохих зүйл мөн. 

НЭПКО хэвлэлийн газар

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn