Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Улс төр судлал
2016 оны 10 сарын 3 [Уншсан тоо: 17654]

УЛС ТӨР СУДЛАЛ 30 СЕКУНДЭД

Улс төрийн сэтгэлгээний 50 сонгодог ойлголтыг хагас минутад багтаасан тайлбар
 
Аристотэл нэг удаа улс төр судлалыг “гол шинжлэх ухаан” гэсэн нь хаа газрын улс төр судлаачдын талархлыг хүлээсэн юм. Гэхдээ тэр мэдээж, хэдхэн багш, эрдэмтдэд хамааруулан, тэднийг магтах гэж ингэж хэлсэн юм биш, харин улс төрийн амьдрал дахь хүмүүсийн хоорондын харилцааг судалбал бараг бусад бүх зүйлийн талаар судлах шаардлага гардаг гэсэн санааг илэрхийлсэн хэрэг. Нэг талаас үзвэл, нарийн ширийн элдэв нэр томьёо, онолыг судлах ёстой мэт боловч нөгөө талаас, ерөнхийдөө улс төр судлалд багтдаг дараах багц асуудлыг авч үзэх ёстой болдог: дайн ба энх, эрүүгийн хуулийн шударга байдал, татвар, аюулгүй байдлын журамлалт, иргэний эрх ба эрх чөлөө, худалдаа арилжаа, үр хөндөлт, гэр бүл, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ явуулах дүрэм журам (энд цөөн хэдэн асуудлыг тоочлоо) зэрэг. Эдгээр асуудалд та бидний амьдралыг тодорхойлдог гол утга нь байгаа юм. Асуудлыг өөр өнцгөөс харъя: хэрэв Өмнөд Солонгосын нэг иргэн Хойд Солонгост төрсөн бол түүний өдөр тутмын амьдрал, материаллаг нөхцөл, хүний эрх, эрх чөлөө гээд бүх зүйл шал өөр байх байлаа. Товчхондоо: ийм байгаа нь улс төрөөс хамааралтай гэсэн үг. Улс төрийн нарийн, ээдрээт байдал, түүнтэй холбоотой нэр томьёог энгийн ойлгомжтой илэрхийлэх нь энэ номын зорилго болно.

Асуудлыг хаанаас эхлэхийг Аристотэл мэдэж байлаа. Засгийн эрхийг хэн барьж байна гэдгээс хамааруулан улс төрийн хэв маяг, дэглэмүүдийг энгийн бөгөөд үр дүнтэй арга замаар ангилжээ: нэг хүний засаглал уу, цөөнхийн засаглал уу, олонхын засаглал уу. Энэ ангилалд номын маань эхний хэдэн бүлэг зориулагдана. “Хэн засагладаг вэ?” гэсэн бүлэгт нэг хүн, цөөнх, олонх төр барих үед засаглал үндсэн утгаараа ямар байдгийг нарийвчлан авч үзэв. “Цөөнхийн засаглал” гэсэн удаах бүлэгт орчин цагийн хэллэгээр авторитариан дэглэм гэж нэрлэдэг ганц хүний хийгээд цөөнхийн засаглалын тухай үзэх болно.

Дараа нь “Олонхын засаглал” буюу өөрөөр хэлбэл (ө.х.) ардчилсан тогтолцооны тухай асуудал руу орно. Дөрөвдүгээр бүлэгт засаглал нэн ялангуяа ардчилсан засаглалын түлхүүр ойлголтуудыг АНУ-ын Үндсэн хуулийн эцгүүдэд хамгийн их нөлөө үзүүлсэн Францын философич Монтэскюгийн өнцгөөс авч үзнэ. Өнөөдөр дэлхий даяар ардчилсан засаглал давамгайлж байгаа болохоор эл сэдэв номд бусдаасаа их хувийг эзлэх болно.

Үүний дараа та бид коммунизмын талаарх янз бүрийн онолыг үзнэ. Хэдхэн зүйлийг эс тооцвол коммунизм бол нэгэн төрлийн үхмэл дэглэм гэдэг нь үнэн боловч уг нэр томьёо биднээс салахгүй байсаар байгаа шиг тухайн дэглэмийн талаарх яриа улс төрийн хэлэлцүүлэг, маргаантай үргэлж холбогддог.

Улс төрийн гол гол тогтолцоо, сэтгэлгээний онолуудаас гадна анхаарал татсан өөр зүйлс ч бий. Улс төр, эдийн засаг хоёр шууд холбоотой гэдэг санааг “Улс төрийн Эдийн засаг” гэсэн зургадугаар бүлэгт дэлгэрэнгүй тайлбарлалаа. Аль нэг төр-засаг яагаад дайн хийдэг, яагаад энх тайван тогтдог вэ гэдэг нь улс төр судлалын анхаарал татсан зайлшгүй судлах ёстой асуудлын нэг юм. Иймээс олон улсын харилцааны тухай сүүлчийн бүлэгт судлах болно.

Энэ номд олон тооны жишээ авсан. Уншигч таныг тэр бүгдийг амталж үзээсэй гэж хүсэх байна. Ингэснээр уг асуудлаар цаашид уншиж судлах, дэлгэрэнгүй мэдэх урам зориг авах нь гарцаагүй.


ҮНДСЭН ОЙЛГОЛТ:
ХЭН ЗАСАГЛАДАГ ВЭ?

НЭРШЛИЙН ТАЙЛБАР

Арабын социализм Социализмын зарим элементийг Пан-Арабын асуудалтай холбон, Арабын орнуудыг нэгтгэх зорилготой улс төрийн үзэл суртал. Нийгэм, эдийн засгийн бодлогын хувьд Европын социализмтай төстэй ч соёл, оюун санаа сэтгэлгээний хувьд араб хэв шинжийг ихээхэн агуулдгаараа ялгаатай.

абсолют (ганцаар захирах) эрх мэдэл
Төр улс хийгээд иргэдийн бүхий л зүйлийг дангаар хянаж зохицуулах явдал. Энэ нэр томьёог ихэвчлэн хаант засаглалтай холбож ойлгодог. Бурхан, хаанд эрх олгосон болохоор түүний эрх мэдэл бол тэнгэрийн зарлиг гэсэн ойлголтын дагуу засаглана.

буржуй (xөрөнгөтөн) Капиталист дээд, дунд давхаргынхан буюу үйлдвэрлэлийн хэрэгслийг эзэмшигчдийг тэмдэглэсэн марксист термин.

Марксизм-Ленинизм Марксист онолын Лениний боловсруулсан нэг хувилбар. Империалист худалдаа нь хөрөнгөтнүүдээр дамжуулан, пролетари анги руу баялгийг шахсанаар хувьсгал гарахаас сэргийлдэг гэж Ленин үзэж байсан тул сэхээтнүүд болон ясны хувьсгалчид ажилчин ангийг хөтлөн, хувьсгал хийх хэрэгтэй гэв. Дэлхий ертөнц империализмын эсрэг хувьсгалт үйл хэрэг явуулах тайз аж. 1919 онд Коммунист Интернациональ марксизм-ленинизмийг гол үзэл суртлаа болгосон юм.

меритократ
Хувь хүн зөвхөн өөрийн авьяас чадвараар эрх мэдэл, үүрэг хариуцлага бүхий албан тушаалд томилогддог тогтолцоо. Меритократик систем непотизм, кронизмээс (танил тал, арын хаалга) сэргийлэх зорилготой. Шүүмжлэгчид хүний “чадвар”-ыг хэмжих аргагүй гэцгээдэг.

пролетари Марксист онол дахь ажилчин ангийг тэмдэглэсэн нэр томьёо; пролетариуд үйлдвэрлэлийн хэрэгсэл эзэмшдэггүй тул хөдөлмөрөө худалдан амьдардаг.

соён гэгээрлийн абсолютизм Соён гэгээрлийн үеийн философийн нөлөөг авсан хаант засаглалын абсолют эрх мэдэл. Ийм хаад оюун санааны эрх чөлөө, өөр шашныг хүлцэн тэвчихүй, өмчлөх эрх зэргийг дэмжсэн шинэчлэл хийж байв. Мөн урлагийг ивээн тэтгэх, сургууль байгуулж байлаа.

Тиран (Эзэрхийлэн захирагч) Абсолют эрх мэдэлтэй дарангуйлагч. Өнөөдөр энэ үг харгис хэрцгий аргаар төрийн эрх мэдлийг баригч гэсэн утга бүхий деспоттой ижил утгатай гэж тооцогдох болсон. Гэхдээ тиран гэдэг үг эртний Герегт хуулийн дагуу юм уу, угсаа залгамжилж биш, харин хүчээр эрх мэдлийг авсан хүнийг хэлдэг байж. Хүчээр эрх мэдэлд хүрсэн хүн төрийг шударга удирдаж байсан байж ч болно.

Угсаа залгамжлах хаант засаг
Хаант засгийн нэг хэлбэр. Хаан нас барахад түүний ширээг хүү, охин, эсвэл хамгийн ойрын цусан төрлийн гишүүн залгамжилна. Бараг бүх хаант засаг угсаа залгамжилж ирсэн бөгөөд одоо ч тийм л байна. Түүхэнд, хамгийн том хүү хаан ширээ залгамжлах нь элбэг байсан. Насаар дүү ч гэсэн эрэгтэй нь эмэгтэйгээсээ өмнө хаан болдог. Заримдаа эмэгтэй хүүхдээр хаан ширээ огт залгамжлуулдаггүй.

Үндсэн хуульт хаант засаг Төрийн тэргүүн хаан (хатан хаан) нь ёслол, бэлгэдлийн үүрэгтэй улс төрийн систем. Өнөөдөр ихэнх хаан ардчилсан сонгуулиар байгуулагдсан парламент нь хууль баталдаг үндсэн хуульт парламентын тогтолцоонд оршиж байна.

холимог эдийн засаг Төрийн журамлалттай ба журамлалтгүй элементүүдийн аль алиныг агуулсан эдийн засаг. Ихэнх өндөр хөгжилтэй орнууд бараа таваар, хөдөлмөрлөх хүч зэрэг хүчин зүйлс чөлөөтэй хөрвөдөг чөлөөт зах зээл рүү тэмүүлдэг ч эдийн засагтаа засгийн газрыг зарим хэлбэрээр оролцуулдаг. Төмөр зам, агаарын тээвэрт татаас өгөх, нийгмийн халамж үзүүлэх зэрэг үйл ажиллагаа үүнд хамаарна.

хот улс Оршин буй газар нутгаа захирах бүрэн эрх бүхий нэг хотоос бүрдэх бие даасан төр улс. Эртний Герегийн Спарт, Афин, Тэбэс зэрэг нь хот улсын хамгийн сонгодог жишээ болдог. Ихэнх хот улсууд анхандаа хаант засаглалтай байсан боловч цагийн аясаар тэд аристократ, олигархи, ардчилсан гэх мэт шатуудыг дамжиж байжээ.

НЭПКО хэвлэлийн газар



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив