Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Уран барилга
2016 оны 9 сарын 9 [Уншсан тоо: 20825]

УРАН БАРИЛГА 30 СЕКУНДЭД

Уран барилгын хэв маягийн 50 сонгодог ойлголтыг хагас минутад багтаасан тайлбар

Уран барилга ба барилга угсралт нь ижил төстэй ч энэ хоёрыг нэгэн цул гэж хэлж боломгүй. Барилга үгүй бол уран барилга хэмээх ойлголт үгүй юм. Уран барилга болбоос тоосго өрөх энгийн үйлдлийг урлагийн түвшинд өргөхөд эрмэлздэг. Энэ урлаг соёл иргэншил дөнгөж үрсэлж эхэлсэн тэр үеэс эхлэн мөргөлийн дуган, цац суварга зэргээр дамжин хүмүүний хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, айдас түгшүүрийн бодит биелэл болсоор иржээ. Тэртээ цагаас нааш бурхан шүтээн, онго тахилга, ивээгч тэнгэр, тэр байтугай өөрөө өөрсдөдөө сүм хийд цогцлоож эхэлсэн уран барилгачид соёл иргэншлийн албат болсон гэлтэй. Бэсрэгхэн байшин, тэнгэр баганадсан сүрт барилга алин ч бай архитектор хүний хувьд ариун сүм нь билээ. Сүүлийн жилүүдэд энэ салбар илтэд нүдэнд тусахуйц хэв загвартай болсноор нэг талаас архитекторууд шинэ материал, компьютерын программуудын тусламжтайгаар эрэмгий хүсэл мөрөөдлөө боджуулан цогцлоох боломжтой болоод, нөгөө талаас урлагийн энэ төрөл өдий хэр хүмүүний бахдал сэтгэлийн цангааг тайлах нэгээхэн салбар болсны бэлээхэн жишээ юм. Эдүгээ цагт нэр нь дуурсагдсаар буй анхны архитектор Имхотэп Египетийн цац суваргуудыг бүтээж, бурхан мэт шүтэгдсэн тэр л цагаас энэ мэргэжлийнхэн өөрийн биеэ ихэд өргөмжлөх болов.

Уран барилга болбоос адал явдалтай төстэй.

Барилга байгууламж нь хорогдох орон байр болохын хувьд бодит ашиг тустай ч уран барилгаар “хорогдох орон байр” хэмээх энэхүү ойлголтыг тэлсэн нь цөөнгүй. Бөмбөгөр оройт анхны байгууламж Ромын Пантеон нь угтаа Адриан хааны зохион бүтээсэн гариг ертөнцийн үлгэр ажгуу. Дундад зууны үеийн Европын готик дугануудад уран сэтгэхүй ноёлохын дээр бахдам зураг төсөл, чулуучдын ур ухаан шингээстэй байдаг.

1950-иад оны дундуур аравнайлсан Роншан дахь Лэ Корбюзегийн тэнгэр өөд тэмүүлсэн өргөл мөргөлийн дуган нь зураг төсөл, шашны уур амьсгалын тухайд эртний аливаа сүмээс ер дутах юмгүй. Үүнчлэн Вавилоны тэнгэр тулсан барилгууд улам дээш дэвжих нь ашиглах материал, зураг төслийн стандарт, инженерийн ид хав, хүмүүний эр зоргийг тэр аяараа тэлэх ажээ.

Уран барилга нь Герег сүмийн өнгөн тал, Георгианы дэвсэг, Гүгэнхаймын музейгээс тольдож болох өөрийн гэсэн өгүүлэхүүнтэй. Барилга байгууламж, гудамж талбай, хотын төв нэлдээ ном лугаа адил уншигдана. Уран барилгыг ухаж ойлгохын хэрээр жижиг, том хотын гудмаар зугаалахад үлэмж таатай.

Гэхдээ уран нарийн шийдэлтэй барилга бүр төсөөлөл өдөөдөггүй. Сүрт сүм дуганд орших, бидний сэтгэлийг эрчлээх санаа сэдэл, урлахуйн эрмэлзлэл юуг архитекторуудын зуун зууны туршид ухаанаа дундлан бүтээсэн сая сая эгэл байгууламжаас ч олж харах боломжтой. Герег, Ромын барилгуудын харьцаа, гадаад үзэмжийн зүй зохицол Георгианы эгэл дэвсэгт туссан нь бий. Уран барилга нь хүрээлэн буй орчны элдэв асуудал хийгээд барилгын салбарын хэтийн төлвөөс үл хамааран үүргээ гүйцэтгэсээр байх нь дамжиггүй юм. Өдгөө аливаа барилгыг ахархан хугацаанд босгох болсноор хааяагүй хямд төсөр төрх муутайхан барилга шавах нь холгүй болжээ. Үнэндээ зарим газар энэ маягаар барилгажиж буй нь нүднээ илэрхий. Тэглээ ч уран барилга өдөр тутмын хэрэгцээнээс ялгаа нь үгүй мөрөөдлөөр жигүүрлэдэг. Тийм атлаа барилгын салбараас ялгаатай нь үүнд адгаж үл болох зарчим үйлчилнэ. Сайхан барилгыг харж сонжих тэрхэн мөчид уран барилга гээч нь хэдий чухал болохыг ухаарах шиг. Энэ нь чухамдаа орон зай бөгөөд чулуунд нэвчсэн хүмүүн бидний оюун сэтгэл ажээ.


ЭРТНИЙ ГЕРЕГ
30 секундэд тайлбарлахуй

3 СЕКУНДЫН ТОВЧЛОЛ
Эртний Герегийн уран барилгад геометрийн нарийн тогтолцоотой өрсөн багана, дам нурууны бүтээц ашигладаг.

3 МИНУТЫН ОЙЛГОЛТ
Герегүүд байшин барилгынхаа өнгө үзэмжийг бодолцож, гэрлийн тусгал ашигладаг. Шулуун үргэлжлэх дам нуруу унжсан мэт, тэгшхэн босоо багана налуу мэт үзэгдэж, хээтэй багана гөлгөр баганыг бодвол илүү тэгш харагдах тул герег сүмүүд шулуун шугамгүй байдаг. Өдгөө эдгээр сүмээс гантиг төдий нь хадгалагдаж үлдсэн ч нэгэнтээ сүм хийд нь маш чамин чимэглэлтэй, өнгө алагласан байжээ.

Эртний Герегийн уран барилгаас (МЭӨ 500-320 оны орчим) хамгийн танигдсан дүр нь сүм болоод стой (дээвэртэй баганас) юм. Үүнээс гадна шаталсан суудалтай задгай театр, үзэгчдийн тусгай хэсэгтэй морин тойруулга, бунхан зэрэг эртний байгууламжийг дурдаж болно. Герегийн сонгодог уран барилгууд дам нуруун дээвэртэй, өөрөөр хэлбэл хөндлөн дам нурууг тулах босоо тулаас (багана) бүхий бүтээцтэй. Чулууг мод халаахад уран барилгын эдлэгдэхүүнүүдийн байршил илүү цэгцэрч, чимэглэл нь улам тансаг болжээ. Герегүүд эдлэгдэхүүн хоорондын зайг геометр харьцаагаар тооцоолсноор барилгын хэсэг бүрийг өөр хооронд нь зохируулав. Дам нуруунууд нь домог түүхэн дүрслэлтэй адрын доорх дээврийн хөндлөн нуруу, үүн дээр байх товгор хүрээнд хэсэгчлэн хуваагдана. Баганын гөлгөр гадаргууг хээлж, оройвчийг нь элдэв маягаар чимэглэснээр уран барилгын олон хэв маяг, дэр нуруу, хөндлөн нуруу бүхий бүтээцийн дэгүүдийг үүтгэжээ. Дорик баганын оройвч чимэглэлгүй атал ионик баганын оройвч угалзан сийлбэртэй, коринф багана навчин сийлбэртэй байна.

Европын архитекторууд Герег сүмүүд, тухайлбал Партэноныг уран барилгын дээдийн дээд оргил хэмээн үзэж байлаа.


НЭПКО хэвлэлийн газар




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив