Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Эдийн засаг
2016 оны 9 сарын 7 [Уншсан тоо: 15498]

 ЭДИЙН ЗАСГИЙН УХААН 30 СЕКУНДЭД


Эдийн засгийн ухааны 50 сонгодог ойлголтыг хагас минутад багтаасан тайлбар


Эдийн засгийн ухаан нь нийгмийн шинжлэх ухааны физик байхыг хүсдэг. Физикчид атомын дотоод элементээс авахуулаад тэнгэр эрхсийн биетүүд хүртэл байгалийн үндсэн хүчин зүйлсээр тодорхойлогддог болохыг судалдаг. Тэгвэл эдийн засагчид нийгмийн үндсэн хүчин зүйлсээр талхны үнээс авахуулаад АНУ ба Зимбабвэ улсуудын баялаг яагаад ялгаатай байдгийг судалдаг.

Энэхүү номын үндсэн санаа нь хэдийгээр эдийн засагчид амжилтанд хүрч байгаа боловч эдийн засгийн ухаан хэзээ ч физик болохгүйд оршино. Сүүлийн хоёр зууны турш эдийн засагчид зах зээл хэрхэн ажилладаг хийгээд заримдаа бүтэлгүйддэг, хэрэглэгчид, ажиллагсад, пүүсүүд болон улстөрчид яаж шийдвэр гаргадаг, яагаад эдийн засаг өсдөг эсвэл уналтанд ордгийг тайлбарласан дараагийн хуудсуудад өгүүлэх олон онол гаргаадхаж.

Байгалийн эд хэсэг, гариг эрхэстэй харьцуулахад хүний үйлдлийг урьдчилан харах боломж илүү бага тул эдгээр онолууд бас хэмжээ хязгаартай. Эдийн засаг бол төвөгтэй (экосистем гэдэгтэй адил) учраас түүний талаарх бидний ойлголт дутах нь бий; 80 жилийн хугацаанд тохиосон хамгийн хурц санхүү, эдийн засгийн хямралыг бүгдээрээ шахуу урьдчилан харж чадаагүй нь харамсмаар боловч үүний төгс жишээ гэлтэй.

Тийм учраас эдийн засгийн шинжлэх ухаан нь дуусаагүй бүтээл бололтой; яваандаа физик гэхээс илүү биологитой төстэй болж ч магадгүй. Гэвч эдийн засаг бол зөвхөн шинжлэх ухаан төдий бишээ. Дэлхий хэрхэн ажилладаг талаарх бидний мэдлэг цаашлаад ер нь дэлхий яаж ажиллах ёстойг ойлгоход нөлөөлсөн гэж намайг оролцуулаад олон эдийн засагчид итгэдэг. Ингэж эдийн засгийн шинжлэх ухааны онол сайн сайхан нийгмийн тухай улс төрийн онол руу нэвчиж байгаа юм.

Шинжлэх ухааны хийгээд улс төрийн онол хоёул аугаа нөлөөтэй байж чадна. Жон Мэйнард Кэйнсийн хэлсэнчлэн “эдийн засагчид, улс төрийн гүн ухаантнуудын гаргасан санаа нь зөв байх үедээ болон буруу байх үедээ аль алинд нь энгийн ойлголтоос хүчирхэг байдаг ажгуу. Үнэндээ дэлхийг зарим жижиг зүйлс удирддаг. Өөрийгөө аливаа оюуны нөлөөллөөс чөлөөлөгдсөн гэдэгт итгэх жирийн хүн талийгч болсон зарим эдийн засагчдын боол байх нь олонтаа.”

Эдийн засгийн ухаанд гарсан 50 том онолын мөрөөр мөшгөвөөс нэлээд хэсэг нь биологийн хувьд нас нөгчсөн эдийн засагчид (Кэйнсийг өөрийг нь оруулаад) руу явуулна гэсэн үг. Гэвч онол нь амьд байх юм. Мөнөөх Кэйнсийн хэлснээр, чухал онолууд байнга зөв онол байх албагүй аж. Тиймээс энэ олон холилдсон чухал онолуудын дотор хэдийгээр нөлөөтэй боловч цөөн тооны буруу онол цохиж явахыг та олж харж магадгүй.

30 секундын онол тус бүрийг онцгой яарсан хүмүүст зориулан 3 секундын түргэвчилснээр, арай гүнзгий судлах гэсэн нэгэнд нь зориулан 3 минутын тэлэлтээр харуулсан болно. Эдийн засгийн эхний бүлэг онолууд болох Сэтгэлгээний сургуулиуд нь зах зээл, инерц, түүх гэх мэт макро эдийн засаг хэрхэн ажилладгийг тодорхойлох томоохон хүчин зүйлсийг судална. Эдийн засгийн системүүд дараа нь эдийн засаг зах зээлд найдах хандлагаасаа хамааран ямар бүтэцтэй байдаг, амь тэмцсэн эдийн засагтай орнууд хэрхэн сайжирч болохыг үзүүлсэн онолыг танилцуулсан. Эдийн засгийн мөчлөг-т бид эдийн засгийн өсөлт, бууралтыг тодорхойлогч хүчин зүйлс болон засгийн газраас түүнийг хэрхэн зөөлрүүлэх гэж оролддог тухай харах болно. Өсөлт тэгвэл капитал, ажиллах хүч, нөөц, санаачилга, инстүүцийг зөв хольсноор хөгжил цэцэглэлтэд хүргэж болохыг авч үздэг. Даяаршсан худалдаа нь бүтээгдэхүүн, капитал хэрхэн дэлхий нийтээр шилжин урсдаг болохыг олон улсын хэмжээнд үзүүлнэ. Сонголт нь хувь хүмүүс зах зээл дээр болон орон гэртээ түүнчлэн олон нийтийн газар яаж шийдвэр гаргадаг вэ гэдэгт бидний анхаарлыг хандуулна. Татвар ба зарцуулалтын бодлогоор бид засгийн газрын татвар, зарцуулалтын бодлого нь заримдаа тааварлашгүй үр дагавар авчирдгийг судална. Эцэст нь Зах зээл үл үзэгдэгч гарын ид шидээс авахуулаад нийтийн эзэмшлийн газрын эмгэнэл хүртэл зах зээлийн гайхамшигт хүчийг бодит баримтаар харна. Ингэх явцад Адам Смитээс эхлээд Жон Мэйнард Кэйнс, Милтон Фридман хүртэл суут эдийн засагчдын товч намтрыг хэсэг бүрт өгүүлсэн байгаа.

Энэ номыг хэрхэн таалах вэ? За яахав, онолын бүтээлүүдийг дээжилж авахад гоё байж болно, тэгэхдээ шарсан төмс идэхтэй адил ганцхан онол харчихаад зогсохгүй гэдэгт итгэнэм. Таалан соёрхоно уу.


КЭЙНСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН УХААН (ЭЕРЭГ)
30 секундэд тайлбарлахуй

3 СЕКУНДЫН ТОВЧЛОЛ
 
Бизнесийн мөчлөг нь хүмүүс хэр зэрэг зарцуулалт хийхэд бэлэн байгаагаар хөтлөгддөг. Хэрэв эрэлт буурвал хямрал дагалдана.

3 МИНУТЫН ОЙЛГОЛТ 
Эрэлтийн талаас ингэж авч үзэх нь эдийн засгийн үйл ажиллагааны чухал талд төвлөрч байгаа юм. Гэвч үүгээр дуусгавар болохгүй. Нийт эрэлт бол эдийн засгийн үйл ажиллагааны цорын ганц тодорхойлогч биш; тухайлбал, урт хугацаанд хөрөнгө оруулалт болон инноваци нь гол үүрэгтэй. Нэгэнт та нийт эрэлтийг залах замаар засгийн газар эдийн засгийг удирдаж чадна гэсэн ч онол маань мөнгөний бодлогоор уу эсвэл сангийн бодлогоор уу гэдгийг нарийн заагласангүй. Тэгээд ч түүнийгээ хангалттай сайн хийчих хэрэгсэл байгаа гэж үү.

Эдийн засгийн өсөлт бол тогтонги үйл явц бишээ. Хөгжингүй эдийн засагтай орнуудын хувьд л гэхэд урт хугацааны хөгжлийн хандлага дээш чиглэсэн байх боловч богино хугацаанд тэр нь алдагдсан байдгийг эдийн засагчид бизнесийн мөчлөг гэж нэрлэсэн байна. Эдийн засгийн үйл ажиллагаанд өсөлт хурдасч, ажил эрхлэлт дээшлэх тэлэлтийн үе байхын зэрэгцээ ажлын байр хомсдож, ажилгүйдэл нэмэгдэх бууралтын үе ч байна. Энэхүү савлагаа юунаас болдог вэ? Сонгодог эдийн засгийн ухааны онолоор цалин гэх мэт үнийн үзүүлэлт эрэлт, нийлүүлэлтийн өөрчлөлтийг түргэн тусгаж ингэснээр зах зээл дээрх цочролд хурдан зохицох ёстой. Тиймээс сонгодог эдийн засгийн онолоор бизнесийн мөчлөг нийтийг хамарсан санаандгүй ажилгүйдэл бий болгох учиргүй. Гэвч Их хямралаас санаа авсан Жон Мэйнард Кэйнс үүний эсрэг нотолгоог дэвшүүлэв. Тэрээр эдийн засгийн нийт эрэлт бол бизнесийн мөчлөгийн үндсэн хөтлөгч гэж үзжээ. Эдийн засгийн бууралтын үед нийт эрэлт багасах учраас мөчлөгийг улам дордуулж ямар ч шаардлагагүй ажилгүйдлийг сунжирсан урт хугацаанд авчирдаг. Эл санаа нь Кэйнс болон түүний дагалдагчдыг нийт эрэлтийг үзэмжээрээ өөрчлөх замаар засгийн газар бизнесийн мөчлөгт нөлөөлж зөөллөх, капиталист хөгжлийн савалгааг багасгах боломжтой гэсэн дүгнэлтэд хүргэв.

‘Бидний амьдарч байгаа эдийн засгийн нийгмийн шийдэгдээгүй алдаа нь ажил эрхлэлтийг бүрэн байлгаж чадаагүй, орлого баялгийг дураар нь тэнцвэргүй хуваарилсан явдал мөн’.

Жон Мэйнард Кэйнс

НЭПКО хэвлэлийн газар


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn