Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Шинжлэх ухааны онолыг 30 секундэд
2016 оны 9 сарын 5 [Уншсан тоо: 32683]

Эрдэм мэдлэг бол танин мэдэхүйн баяр баясгалан, оюун ухааны аз жаргал дагуулсан их аян юм. Зөв бөгөөд цэгцтэй, өргөн мэдлэг нь хүнд оюуны дархлаа, тамир тэнхээ нь болж, нийгэмд баялаг бүтээн сэтгэл дүүрэн амьдрах гол эх сурвалж болдог. Гэвч түүнд хүрэх зам урт, шаардах хугацаа үлэмж. Хүн төрөлхтний мянга мянган жилийн түүхэнд хуримтлагдсан мэдлэгийн далайгаас хэрхэн хутгаж, хэрхэн өөртөө шингээх вэ? Тиймээ, мэдлэгийг оновчтой багцлах, түүнд зориулах цаг хугацаа, хүч хөдөлмөрийг хэмнэсэн арга барилыг нээн тогтоох нь шинэ эриний нэгэн чухал зорилт болжээ.

Энэхүү шаардлагаас үүдэн ном хэвлэлийн болон боловсролын мэргэжилтнүүд эрдэм мэдлэгийг хялбаршуулан түгээх, ахархан хугацаанд энгийнээр таниулах замаар хүн төрөлхтнийг “юм юмны захтай” болгох олон арга сэдсээр ирсэн байна. Түүний нэг жишээ нь, шинжлэх ухааны голлох салбаруудын үндсэн ойлголтыг “30 секундээс 3 минутад” багтаан хялбаршуулан тайлбарласан эл 9 цуврал Эдийн засаг, Фиолософи, Улс төр, Уран барилга, Анатоми, Хими, Шашин, Математик, Шинжлэх ухааны онолын номууд юм. Энэ удаа бид Шинжлэх ухааны онолыг 30 секундэд номын хэсгээс танилцуулж байна.



ШИНЖЛЭХ УХААНЫ ОНОЛЫГ 30 СЕКУНДЭД

Хэл яриа яаж үүссэн бэ? Бидний ертөнцтэй зэрэгцээ ертөнцүүд байдаг уу? Харьцангуйн онол гэж чухам юу вэ? Ямар орчинд Ньютоны хөдөлгөөний хуулиуд үйлчлэхгүй вэ? Их тэсрэлт хэзээ болсон бэ? Хар материйг “харах” боломжтой юу? Бас квант механик...байгалийн шалгарал... Жирийн хүмүүс байтугай буурьтай эрдэмтдийг ч бодлогошруулахад хүргэдэг шинжлэх ухааны адармаатай асуултуудад хэнд ч ойлгомжтойгоор тайлбарлан хариулсан энэ ном таны өмнө нэгэн гайхамшигт ертөнцийн үүдийг нээх болно.

ХАРЬЦАНГУЙН ОНОЛ
30 секундэд тайлбарлахуй

3 СЕКУНДЫН ТОВЧЛОЛ
Хэрвээ залуугаараа байхыг хүсвэл хөдлөөд бай. 


3 МИНУТЫН ОЙЛГОЛТ 

ЦАГ ХУГАЦААГААР АЯЛАХ БОДОЛ ХҮСЭЛ НЬ ХАРЬЦАНГУЙН ЧАНАРААС ГАРАЛТАЙ. САНСАР СУДЛАЛЫН ЭРИН ҮЕД САНААНД ОРОМГҮЙ ИХ ХУРДТАЙ САНСРААР НИСЭХ НЬ БИДНИЙ БҮТЭЭСЭН ЦАГ ХУГАЦААНЫ АЯЛАЛ ХЭМЭЭХ ТӨСӨӨЛӨЛТЭЙ ХАМГИЙН ИХ ДӨХӨХ ЮМ. МАШ ӨНДӨР ХУРДТАЙ ХӨДЛӨХ ТЭР САНСРЫН АЯЛАГЧДЫН ХУГАЦАА ДЭЛХИЙ ДЭЭРХ ХУГАЦААТАЙ ХАРЬЦУУЛАХАД УДААШИРСАН БАЙНА. АЯЛАГЧИД ЭРГЭН ИРЭХЭД ДЭЛХИЙ ДЭЭР ҮЛДСЭН ХҮМҮҮС ИЛҮҮ ХӨГШИРСӨН БАЙНА. ХАРЬЦАНГУЙН ЕРӨНХИЙ ОНОЛ ӨНГӨРСӨН ЦАГ ХУГАЦААГААР АЯЛАЛ ХИЙХ БОЛОМЖ ӨГДӨГ. ГЭХДЭЭ ИНГЭЖ АЯЛАХ НЬ ХАЧИН ГАЖУУ ҮЗЭГДЭЛ ҮҮСЭХ БОЛОМЖ ҮҮСГЭНЭ. ТА ӨНГӨРСӨН РҮҮ АЯЛЖ ӨӨРИЙНХӨӨ ЭЛЭНЦИЙГ ХӨНӨӨН, ӨӨРИЙНХӨӨ ОРШИН ТОГТНОХОД АЮУЛ УЧРУУЛЖ БОЛНО.

Эйнштэйний Харьцангуйн онол нь матери, энерги, орон зай, хугацаа хэрхэн харилцан үйлчлэлцэхийг хамгийн нарийн дүрслэн үзүүлдэг. Энэ онол хоёр онолоос тогтоно: харьцангуйн тусгай онол, харьцангуйн ерөнхий онол. Харьцангуйн тусгай онол нь эхлэн гарсан. Энэ онол гэрлийн хурднаас илүү хурдан хөдлөх зүйл байхгүй гэж номлоно. Янз бүрийн хурдтай хөдлөх хүмүүсийн хувьд хурднаас хамааран хугацаа харилцан адилгүй өөрчлөгдөнө гэж нотолдог. Энэ онолоор ихрүүдийн нэгийг гэрлийн хурданд ойрхон хурдтай сансарт аялуулаад нөгөөг нь дэлхий дээр үлдээн нэлээн хугацааны дараа дахин уулзуулбал тэдний хөгшрөл буюу насанд эрс зөрүү үүснэ. Матери энергид хувирах боломж, буцаад энерги материд хувирах боломжийг үзүүлэх алдартай E=mc2 тэгшитгэл энэ онолоос гардаг. Энэ тэгшитгэлийн үндсэн дээр цөмийн энергийг ашиглах нөхцөл үүссэн. Тэгэхээр атомын бөмбөг мөн энэ тэгшитгэлийн үндсэн дээр бүтээгдсэн. 

Хожим нь гарсан харьцангуйн ерөнхий онол нь Исаак Ньютоны дэвшүүлсэн хүндийн хүчний тухай ойлголтыг өөрчилсөн. Энэ онол орон зайн гурван хэмжээс шиг хугацааг өөр нэг хэмжээс болгон нэмэн авч эдгээрийг нэгтгэн “орон зай-цаг хугацаа” хэмээн нэрлэн нэгтгэдэг. 

“Бүх юм харьцангуй”
Бид энэ үгсийг үргэлж хэлэх ч хэчнээн үнэн болохыг эцэст нь хүртэл ойлгодоггүй: хугацаа, орон зай, масс хүртэл хоорондоо холбоотой.



АНАГААХ УХААНЫ ГЕНЕТИК 
30 секундэд тайлбарлахуй

3 СЕКУНДЫН ТОВЧЛОЛ
Бидний генүүд биднийг эрүүл саруул байхад голлох үүрэг гүйцэтгэдэг. Гэвч энэ мэдээллийг өвчин эдгээх эм болгон хувиргахад санаснаас хэд дахин илүү хэцүү.

3 МИНУТЫН ОЙЛГОЛТ

ГЕНД СУУРИЛАН АМЬДРАЛЫН ПРОЦЕССЫГ ҮЗЭХ ХАНДЛАГА НЬ АРАЙ ГЭНЭН ХАРАГДАЖ БАЙГАА. ЭНЭ ХАНДЛАГА НЬ ЭМ БЭЛДМЭЛ СУДЛАН БҮТЭЭГЧДИЙГ ӨДӨӨДӨГ Ч ИЛҮҮ НАРИЙН АДАРМААТАЙ АМЬД СИСТЕМИЙН ЕРТӨНЦ ЦААНА ЧИНЬ БАЙГААГ ХАТУУ САНУУЛЖ БАЙДАГ. ГЕН НЬ ЭНЭ СИСТЕМИЙН ЗӨВХӨН НЭГЭЭХЭН ХЭСЭГ ЮМ ШҮҮ. “СИСТЕМИЙН БИОЛОГИ” ГЭСЭН НЭРШЛЭЭР ТОДОРХОЙ БОЛСОН ЭНЭ АРГА НЬ ӨВЧНИЙГ ГЕНҮҮД, ЭСҮҮД, ЭРХТНҮҮД, БҮХ ОРГАНИЗМЫН ХООРОНДЫН ХАРИЛЦАН ХАМААРАЛД АВЧ ҮЗЭХ ЗОРИЛГО ТАВЬДАГ. ИЙМ АРГА НЬ ИЛҮҮ АДАРМААТАЙ Ч ХАМААГҮЙ БАГА ДАГАЛДАХ ГАЖ НӨЛӨӨТЭЙ ЭМ БЭЛДМЭЛ ГАРГАН АВЧ ЗАРДЛАА НӨХӨЖ ЧАДНА.

Амьдралын үндсэн үйл ажиллагааны ихэнхийг генүүд удирддаг. Гэмтсэн генүүд Алцхаймэрийн өвчнөөс эхлээд хавдар хүртэл үүсгэж болох төдийгүй удам дамжих өвчнийг үр удамдаа дамжуулж болно. Өвчин үүсгэх генийг судлан төгс эмчилж чаддаггүй юм гэхэд хамгийн сайн эмчилгээний арга олох гэж генетикчид хичээж байна. Үүнийг хэлэхэд амархан: өвчин үүсгэх сэжигтэй генийг олж түүнийг авч хаяад оронд нь шинэ хуулбарыг суулгаж өгөх. Анагаахын шинжлэх ухаанд генетикийг ингэж төсөөлж байсан үе бий. Гэвч бодит нөхцөлд асуудал эрс өөр байв. Зарим нэгэн удамшлын өвчин ганц эвдэрсэн генээр үүсч байхад ихэнх өвчин бүх генүүдийн хоорондын маш адармаатай харилцан нөлөөллөөс үүсдэг нь тогтоогдсон. Ганц генийг нөхөн сэргээх нь туйлын хүнд ажил болох нь танигдсан. Өнөөдрийг болтол ганц ч хүн генийн өвчнөөс салж чадаагүй. Өвчин үүсгэгч генийг зохицуулах эм бүтээхэд генетик илүү амжилттай байгаа. Жишээлбэл, Herceptin (герцептин) эмийг хөхний хавдрын тодорхой хэлбэрүүдэд оролцох генийг тогтоох замаар гарган авсан. Гэвч ийм эмүүд ч маш хязгаарлагдмал үйлчилгээтэй байна. Энэ нь генетикийн төрүүлж байсан найдварыг унтраасан нэг жишээ юм.

Магадгүй хэзээ нэгэн цагт генийн эмчилгээ ид шидийн мэт болно, гэвч эхлээд генетикчид ДНХ утас хэрхэн хүний организмыг бүтээхийг яг нарийн ойлгох зайлшгүй хэрэгтэй. Үүнийг мэдчихвэл эвдрэх үед нь мэдээд засч чаддаг болчихно. 


НЭПКО хэвлэлийн газар




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив