Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монголчууд: Нүүдэл суудал
2016 оны 7 сарын 6 [Уншсан тоо: 90608]
1996 онд хэвлэгдсэн ХХ зууны Монгол: Нүүдэл суудал, олз гарз нэртэй Монголын түүхийн ном гараад даруй 20 жил болжээ. Тухайн үеийн түүхийн баримтын олдоц тааруугаас алдаж омгойтсон, буруу дүгнэсэн зүйл уг бүтээлд цөөнгүй оржээ. Энэ хооронд судлаач эрдэмтэдийн гарт очиж эргэлтэнд ороогүй байсан олон материал, цаг үеийн гэрч нарын дурсамж, тайлбар сэлт өдгөө нээгдсэнээр эргэж харахаар олон асуулт үүссэн юм. Энэ бүтээл урьд нь нэлээд хэдэн хэлээр орчуулагдан гадаадын уншигчдын гарт очсоноос гадна монгол хэлээр олон удаа хэвлэгдсэний дотор 2006 онд дахин засварлагдсан хоёр дахь хэвлэл нь нийтийн хүртээл болсон. Одоо энэ бүтээлийг франц, испани, солонгос хэлээр орчуулан хэвлэх санал ирснийг бодолцоод зохиогч номоо бараг цоо шинээр бичихээр шийдэн гурав дах хэвлэлийг уншигчиддаа хүргэж байна. Агуулга багтаамжийн хувьд 1996 оны анхны хэвлэлээс хоёр дахин том, 2006 оны хоёр дахь хэвлэлээс 40 хувь зузаан боллоо. Эргэж харан цоо шинээр бичсэн хэсгийнхээ зарим сонирхолтойг нь уншигч танд толилуулж байна.

Зохиогч



АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ

НҮҮДЭЛЧИД СОЦИАЛИЗМ БАЙГУУЛЖ БАЙНА

Улс төрийн тогтоц бол улирал мөн
Төр ёсны “мичин жил”-ийн зуд

Социализм малчин ардын сэтгэл зүй ёс сурталд зохицсон байдал маш сонин. Зүүн Европын үндэстнүүдийн хувьд нийгмийн ухралт байсан коммунист дэглэм Азийн нүүдэлчдийн амьдрал ахуй, сэтгэл санааг тодорхой утгаар иргэншил рүү чирсэн. Хувьсгалт хүчирхийлэл, аллага, дээрмийг юугаар ч зөвтгөх аргагүй ч тусгаар тогтнол ба иргэншлийн анхан шатны сургууль хожоод гарсан нь бол үнэн юм. Нөгөө талаасаа Монголын социализм Азийн бусад коммунист дэглэм, тухайлбал умард Солонгосын тогтоцоос эрс өөр байв.

Оршин суугаа хаяг, ажлын байраар нь дамжуулан хянах боломж эхэндээ байсангүй. Шилжилт хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд л хянаж болно гэдэг нь тодорхой хэмжээнд хянаж болохгүй гэсэн утга. Нийгмийн гишүүдийг хянахын тулд хараа ажиглалтандаа бүрэн оруулах хэрэгтэй байлаа.

Нийгмээсээ хамаарал багатай амьдардаг ардуудыг хянаж болох системд оруулах учиртай байв. Оршин суугаа газар, ажлын байраар нь хянах, бүртгэлжүүлэх ажлыг дэс тасралтгүй хийж, ХХ зууны дунд үеэс хотын иргэдийг, далаад оноос хөдөөгийнхнийг паспортжуулан бүртгэж, наяад онд иргэн бүрт регистрийн дугаар олгож байтал социализм өөрөө задран унасан бөлгөө. Хуучин цагийн ноёд хаад нүүдэлч албат нараа ерөнхийд нь харгалзаж, тэд нар нь дур дураараа нүүж амьдардаг байсан бол социалист төрийн удирдлага ард түмнээрээ ерөнхийдээ социализм байгуулуулах маягтай жолоодож явсан юм.

Үг хэлэх эрх, улс төрийн эрх чөлөө, сонгох сонгогдох боломж нэхэх нь битгий хэл тийм юм байдгийг үл мэднэ. Харин ч нам засгийн даалгасан үг, цээжлүүлсэн номлолыг олны өмнө гарч хэлэх нь шинэ бөгөөд сонин зүйл ажгуу. Нэг нам, нэг нэр дэвшигч бүхий тоглоомын сонгууль ч шинэлэг зугаатай үзэгдэл, нийлж дарвих сайхан боломж ажгуу.

Социализм нь монголчуудын хүсэл мөрөөдлийн төлөөс гэдгийг нүүдэлчид зөн совингоороо ойлгож байлаа. ХХ зууны эхээр үндэстнийхээ тусгаар тогтнолыг сэргээж чадсан хятадууд цаашдаа Монголын бүрэн тусгаар тогтнолыг таашаахгүй гэдгийг сайн мэдэж байсан.

Нөгөө хэсэг нь нүүдэлчин амьдралаасаа дөнгөж салж, хотшин иргэнших замд дөнгөж орж байсны хувьд улс төрийн амьдралын юм бүхэн шинэ, соргог. Нүүдэлчид шинэ соргог юм бүхнийг сөрөн гарах, өөрчлөх гэж оролдохын оронд түүнийг зайлшгүй хэмээн хүлээн авч, ая эвийг олох, туулан гарахгыг хичээх дуртай. Нүүдэлчид малынхаа бэлчээрийг даган ганцаардаж амьдардаг учраас нийлэх, наргих, уулзалдан наадамдахын мөрөөс болсон үндэстэн байлаа. Ийм учраас наадам цагаан сарыг өргөн тэмдэглэн айлчин хийж, зун намрыг дамнуулан найр хөгжөөдөг бөлгөө.

Социализмыг дагаж ирсэн суурьшил, түүнийг дагасан хамтын амьдрал нь мянганы ганцаардалтай нүүдэлчдийн магнайг тэнийлгэлээ. Тал нутгийнхаа гүнд ганцаардан, мал дагаж явсан хоньчин намын хурал, эсэргүүг үзэн ядах цуглаанд орж, түмэнтэй түжигнэх нь ядаж зугаатай, уйтгар гунигийг хөөсөн явдал болов. Мал сүргийг албадан хурааж аваад байгуулсан ХАА-н нэгдэл нь суурин соёлын төв болон хувирч урлаг спорт хэмээн зугаа цэнгэлээр үйлчлэхээс гадна боловсрол эрүүлийг хамгаалахын бүхэн бүтэн тогтцын нэг хэсэг болон хөгжив.

Мал хөрөнгө булаагдсан, өвөө, лам ахай нар буудуулсан гашуун уу, гэвэл гашуун. Гэхдээ үе үе дайрах ган зуд малыг нь хоосолж, хотыг харлуулсаар ирсэн шүү дээ. Мал гэдэг амьтан хорогдох цагаа болохоор нийгэмчлэлтэй, нийгэмчлэлгүй арилаад өгдөг бус уу? “Цаг төрийн зуд” ирээд л хамаг малыг хурааж аваад яваа биз гэж мал нийгэмчлэх процессийг харна. Бас бие биенээ байнга уулгалж, ялагдсан овог аймгийнхнаа тэрэгний дугуйтай чацуулан хядаж, тогоонд чанаж явсны түүхийн хажууд ардын дайснуудыг эрүүдсэн, буудан цаазалсан явдал нь ялагч талын үйлддэг харгислалын нь нэг ажгуу.

Нөгөө талаас өмч хөрөнгө хураах асуудалд гарсан хандлага ч зүүн Европынхоос ялгаатай. Уул нь хүнийг өмчөөс салгах нь уг мөн чанараас нь хагацаахтай агаар нэг үйлдэл. Харин нүүдэлчид зуд турхан, ган гачиг зэрэг байгалийн хүчин зүйлээс хамааран байн байн малаасаа буюу өмч хөрөнгөөсөө үе үе салж, хоосорно. Гэвч өн, зун ээлж нь ирэхийн цагт өнчин ишиг үлдсэн байсан ч өсч үржээд хотоо дүүргэх нь амархан. Ийм болохоор малгүй өмчгүй болох нь феодалын хөрөнгө хураах кампани, нэгдэлжих хөдөлгөөнөөс өмнөх явдал. Зуд турхан нь хөрөнгө чинээ, нийгмийн гарал, зэрэг дэв ялгахгүй тул гамшигт автсан нутгийнхан хамтдаа хоосорно. Монголчууд “баян хүн нэг зуданд, баатар хүн нэг суманд” хэмээн тавлангуй хэлцдэг нь ч учиртай.

Ийм болохоор хувьсгалт хүчирхийллийн хүрээнд болсон хувийн өмчийг булаан хураах процесс нь зарим нэг талаар “төрийн зохион байгуулсан ган”, “улсаас хэрэгжүүлсэн зуд” маягийн зүйл байсан болохоор мянга мянган жил малаа барж, өмчгүйдэхийн зовлонг эдлээд, туулаад ирсэн малчдад тийм ч аймаар цохилт болоогүй бололтой, газраасаа хагацаж буй тариачин, үйлдвэрээ алдах бизнесмэнтэй харьцуулахад.

Нөгөө талаас нь ая тухай суурин амьдрал, цагаар ажиллаж, хагас бүтэн амрах өдөртэй долоо хоног бүхий ажил албанаас эхлээд нийтийн боловсрол, эрүүлийг хамгаалах тогтоц, үйлдвэржилт, хөгжлийн алхааг биширмээр. Угаасаа найр наадам, хамтын зугаа цэнгэлээр байнга цангадаг аж төрлийг үндсээр нь өөрчилсөн, хамгийн гол нь клуб, улаан буландаа жилийн дөрвөн улирлын турш наадам хийж болдог хот суурин балгадуудыг өгч байгаа зугаа таашаалын сайхныг хэлэх үү

Монголчууд цас зудын цаана өвс хавар хүлээж байдаг шиг “цаг төрийн зуд”-ны ард тусгаар тогтнолын хавар хүлээж байгааг зөнгөөрөө ухаарч байсныг ч хэлэх үү? Ийм болохоор улс төрийн янз бүрийн дэглэм тогтцыг жилийн улирал лугаа адил үзэж, халагдан өнгөрөхийг нь тэвчин хүлээнэ. Ард түмэн “цаг төр хатуурах”, “төр амгалан болох” гэхчлэн хэлэлцэх ба энэ нь хүчирхийлэл гаарах, дэглэм сулрахыг заана. Ийм болохоор гучаад оны харгислал, жараад оны хэлмэгдүүлэлт нь нь зүгээр л улс төрийн цаг агаарын үзэгдэл, нийгмийг хамарсан зуд турхан ажээ.

“Орос” бурхан
Ум, мааний... пролетари нар нэгдэгтүн!

Монгол оронд шашин сүм хийдтэй тэмцсэн түүх нь сонин туршлага үлдээжээ. Нэг талаасаа уламжлалт шарын шашин, бөө мөргөлтэй тэмцсэн нь нүүдэлчдийн шүтдэг зүйлсийн зөвхөн хоёрхонтой нь дайн зарласан хэрэг байлаа. Атеизм, марксист ленинизм нь нэг талаасаа хорвоогийн олон “шүтлэг”-ийн нэг төдий ажгуу. Монголчуудыг ивээлдээ авсан шинэ эзэн өөрийн шашныг санал болгож байгаа маягаар хүлээн авлаа, хувьсгалт сургаалыг.

Нөгөө талаасаа марксизм ленинизм нь өнгөн талаасаа шашныг эсэргүүцсэн лоозонтой боловч өөрөө харанхуй массыг мухар итгэлээр дагуулах менежмэнттэй үзэл суртал аж.

Ингээд шинэ цагийн шүтлэг бий боллоо. Энэ бол хувьсгалын удирдагчдын домог юм. Ерөнхий зохиомжийг харвал, хувьсгал хэмээх шинэ шашныг тунхаглагч биваангирдич нар одоогийн хувьсгалын удирдагч нарыг өөрийн залгамжлагчаар зарласан байх учиртай аж. Ингээд бурхангүйчүүдийн бурхан, шашингүйчүүдийн шашин бий болов. Тэгэхдээ, хүн төрөлхтний нийтлэг шүтлэгийн өв уламжлалыг сэжиг цээргүй ашигласан байна. Харин буддын шашнаас хол хөндий байсан учраас бурханы сургаалаас харьцангуй хөндий болсон ажгуу. Ариун судар Библи-д дурьдснаар бол Ертөнцийн эзэн бээр Езүс Христосыг өөрийн хүү, хүн төрөлхтний гай барцадыг зайлуулахын тулд өөрийн биеэр нажид зовлон эдэлсэн хэмээн тунхаглах. Харин Зөвлөлтийн удирдагч Ленин, монголын хувьсгалын удирдагч Сүхбаатар нар болохоор тухайн цагийн удирдагч мөн болохыг гэрээсэлжээ. Энэ нь монголчуудын хувьд туйлын танил тоглолт, яг л хутагт гэгээдийн хойд дүрийг Далай лам, Банчин эрдэнэ нар батламжлан тодруулдагтай агаар нэг зүйл байв. Талын нүүдэлчид үүнийг “Мааркасээнглээс гэдгийн хойд дүр нь Лээнэн, Лээнэний хойд дүр Эстаалан, харин манай Сүхбаатар гэгээний хойд дүр Чойбалсан юм байна” хэмээн түвэггүй ухав.

Монголын хувьсгалын удирдагч, гэрээс биелүүлэгч Чойбалсангийн “урьд дүрийн богд”-ыг хайх ажлын хүрээнд Д.Сүхбаатарыг олжээ. Ийнхүү түүнийг монголын улаантны “анхдугаар богд” болгон өргөмжилж, хувь заяа намтар түүхээр нь тоглох ажил эхэлсэн аж.

Сүм хийдийг орлох болсон “Улаан булан”-д орвоос бурхдын хөргийг орлох марксизм ленинизмыг үндэслэгчдийн хөрөг залрана. Түүнчлэн хувилгаадын дүрийг гүнгэрваалан тахидаг зайд нам, засгийн удирдагчдын хөрөг өрөөстэй. Нам, засагтаа үнэнчээ илэрхийлэн рапорт өргөх, хувьсгалч уриа лоозон хашгичих нь маань мэгзэм орлоно. “Ум маани бадми хум” гэхийн оронд “Орон бүхний пролетари нар, нэгдэгтүн!”, “Даян дэлхийд энх тайван мандтугай” хэмээх уншлагатай болов. Ламын ёсны бурхан болгон өөр өөрийн тарни уншлагатай байдгаас юуны ялгаа? Шулам дарах, муу зүгийн шидийн хүчийг дарах ёслол болох сэрээ дарах, сор залах зан үйлийг “ардын дайсан илрүүлэх”, “хөрөнгөтнийг үзэн ядах” цуглаан элбэгхээн орлож, нам, эвлэлд элсэн батлах өвөртлөх нь сахил хүртэж, чойго зүүхтэй эгнэнэ.

Тухайн хүний хувь заяа марксист шүтлэгтээ үнэнч байдал, намын үзэл суртлын ажил хэмээх “ёслол мөргөл”-дөө оролцох идэвхиэс хамаарна. Бурханы шашныг шүтснээр хойд насандаа төрөл дээшилдэг гэж сургаж байж. Харин бурхангүйчүүдийн шашныг шүтснээр энэ насандаа албан тушаал ахиж, сайн сайхан явах боломж бүрдэнэ. Харин ч ач тус, хайр энэрэл нь ойрхон, урьдынхаасаа ч зүгээр шашин юм биш үү? Ажил хийж биеэ зовоохоос илүүтэйгээр сайн шүтээд (үнэн хэрэгтээ шүтсэн дүр эсгээд) байхад л ач энэрэлээ хайрлаад байх аж.

Дээр нь нийгмийнх уриа лоозон “Коммунизмд дэвшин орохын цагт нийгмийн баялгийг хүн бүрт хийснийх нь хэрээр бус хэрэгцээнийх нь хэрээр хуваарилна” гэсэн шидэт тарни байсныг яана. Жаахан тэвчвэл, дэлгүүрт ороод юу хэрэгтэй гэж үзснээ шуудайлаад гарах цаг хаяанд байна гэм. Төвдийн ламаизмын эд баялгийн бурхан болох Намсрайг шүтвээс эд баялаг өөрөө арвидна гэдэгтэй агаар нэг итгэл найдвар байв. Хоржоонтой нь, XXI зууны шинэ монгол улсын Сангийн Яам ба Улсын банкинд Намсрай бурхан заларч, араасаа араасаа нөмөрсөн хямрал, инфляцын дундуур жил бүр тахиулан, ажиггүй заларсаар л бөлгөө.

1988 онд Польшийн Краковын их сургуулийн эрдэмтэд Монголд социологийн судалгаа хийжээ. Судалгааны гол зорилго нь хэдэн үеэр шашин шүтлэг нь хориглогдсон газрын хүмүүс шашинд яаж ханддаг болохыг тодорхойлоход оршиж байв. Гурван үе дамжин шашин шүтлэг хуулийн хүрээнд чанд хориглогдсон Монголд хүмүүс шашныг марксизм-ленинизмээр, коммунист үзэл суртлаар орлуулж ойлгодог юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Нэг үгэндээ хүний сүсэг бишрэл огт алга болдоггүй, хэрэв түүнийг нь хатуу чандаар хоригловол өөр ямар нэг үзэл суртлаар орлуулан тахин шүтдэг аж.

НЭПКО хэвлэлийн газар


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив