Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Улс үндэстний уналт, доройтлын шалтгаан: Хөгжил, хүчирхэгжил, хийгээд арчаагүйтэл, доройтлын сурвалж
2016 оны 5 сарын 9 [Уншсан тоо: 31416]

Массачусетсийн технологийн их сургуулийн профессор Дарон Ажэмолу, Чикагогийн их сургуулийн профессор Жэймс А. Робинсон нарын хамтын бүтээл болох УЛС ҮНДЭСТНИЙ УНАЛТ, ДОРОЙТЛЫН ШАЛТГААН: Хүчирхэгжилт, хөгжил хийгээд арчаагүйтэл, доройтлын эх сурвалж ном 2012 онд хэвлэгдсэн даруйдаа л дэлхий дахины анхаарлын төвд орсон нь учиртай.

Номын зохиогчид бүх тивийн улс орнуудын хөгжлийн түүхийг задлан шинжилж, тэдгээрийн үсрэнгүй хөгжил бадрал, мөхөл сэхэлд нөлөөлсөн хүчин зүйлсийг нээж, нэгтгэн дүгнэснээрээ үнэхээрийн гайхамшигтай.

Олон нийтийн оролцоог дэмжсэн улс төрийн болон эдийн засгийн инстүүцтэй улс үндэстнүүд хоцрогдол, ядуу зүдүүгээс ангижирч, богино хугацаанд хөгжин дэвшсэн. Харин янз бүрийн шалтаг, шалгуураар хяхах, ялгаварлах, хавчих зэрэг болхи, бүдүүлэг, үрэлгэн улс төрийн хийгээд эдийн засгийн инстүүц, бодлоготой улс үндэстний хувь заяа бүүдгэр дорой, бүр устаж үгүй болоход хүрдэг аж.
Уншихад урам зориг, ухаарал бодрол өгдөг энэхүү номын  зохиолчдын нэг Чикагогийн их сургуулийн профессор Жэймс А. Робинсон Монгол улсад айлчилж, лекц унших гэж байна.


УЛС ҮНДЭСТНИЙ УНАЛТ, ДОРОЙТЛЫН ШАЛТГААН:

Энэ номд АНУ, Их Британи, Герман тэргүүтэй баян орнууд ба Сахаараас өмнөх Африк, Төв Америк болон Өмнөд Азийн ядуу буурай орнуудын хооронд орлого болон амьжиргааны түвшин ямар учраас газар, тэнгэр шиг ялгаатай болсон тухай өгүүлнэ.  

Энэхүү оршилыг тэрлэж байх үед Тунист 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр явуулын худалдаачин Мохамед Буазизи өөрийгөө шатаан амиа егүүтгэсэн нь ард иргэдийн хилэнг бадраан Мэлрэг цэцгийн хувьсгалыг өрнүүлж, үүнээс үүдэн гарсан “Арабын хавар” эсэргүүцлийн хөдөлгөөн Хойд Африк болон Ойрхи Дорнодыг ид донсолгож байхтай давхцаж байна. 1987 оноос төрийн эрх барьсан Тунисын ерөнхийлөгч Зин эль-Абидин Бен Али 2011 оны нэгдүгээр сарын 14-ны өдөр суудлаасаа буусан ч Тунисын онцгой эрх ямбатай элитүүдийн тогтоосон дэглэмийг эсэргүүцсэн энэ хувьсгалын гал улам дүрэлзсээр Ойрхи Дорнодын бусад оронд дэгдсэн билээ. Гуч шахам жил Египетийг хатуу нударгаар удирдаж ирсэн ерөнхийлөгч Хосни Мубаракийг 2011 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр түлхэн унагажээ. Бахрайн, Ливи, Сири болон Йеменд дэглэмээ эсэргүүцсэн эсэргүүцлийн хөдөлгөөн хэрхэх нь биднийг энэ оршлоо бичиж дуусгах үед тодорхой бус байлаа.

Эдгээр орнуудад олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрсэн үндсэн шалтгаан нь ядуурал юм. Дундаж египет хүн АНУ-ын иргэний дундаж орлогын дөнгөж 12 хувьтай тэнцэх хэмжээний орлого олж, дундаж наслалт нь 10 насаар бага байдгийн зэрэгцээ хүн амын 20 орчим хувь нь нэн ядуу аж төрж байна. Энэ зөрүү хэдийгээр өндөр байгаа ч хүн амын талаас илүү нь ядууралд нэрвэгдсэн Хойд Солонгос, Сьерра-Леон, Зимбабве зэрэг хамгийн буурай орнуудтай АНУ-ыг харьцуулснаас хамаагүй бага болно.

Египет орон яагаад Америкаас ядуу болов? Египетийн ард иргэдийг баян чинээлэг аж төрөхөд юу саад болж байна вэ? Египет ядуурлаас гарах аргагүй юм уу?  Үүнээс гарах арга олдох уу? Эдгээр асуудлыг эргэцүүлэхээс өмнө египетүүд эдгээр тулгамдсан асуудлуудыг хэрхэн үзэж байгаа, Мубаракийн дэглэмийг яагаад эсэргүүцэх болсныг сонирхьё.  Каир хотын сурталчилгааны агентлагт ажилладаг, 24 настай Ноха Хамед Тахрирын талбайд өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний талаар: “Бид авлига, дарлалын дор туйлдан, зовж байна. Бид энэ авлига бугшсан нийгмийг өөрчлөх ёстой” хэмээн өөрийн санааг тодорхой илэрхийлсэн юм. Талбайд жагсагчдын нэг 20 настай анагаахын оюутан Мосааб Эль-Шами “Оны эцэст сонгууль явуулж, шинэ засгийн газар байгуулаасай гэж хүсч байна. Тэр үед хүн бүрт тэгш эрх олгож, авлигыг таслан зогсоосон байна” хэмээн найдаж байгаагаа хэлсэн юм. Тахрирын талбайд цуглагсад бүгд нэгэн дуугаар төр авлигад идэгдсэнээс наад захын төрийн үйлчилгээ хүртэж чадахгүй, хүн бүрт тэгш боломж олгохгүй байгааг шүүмжилж байсан юм. Түүнчлэн хавчлага, шахалт болон улс төрийн эрх олгоогүйг гомдоллон ярьцгааж байв. Олон улсын атомын энергийн агентлагийн захирал асан Мохамед Эль-Барадей 2011 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр өөрийн Твиттер хуудсанд “Тунис: хавчлага шахалт + нийгмийн шударга ёс алдагдсан + тайван замаар өөрчлөлт хийхээс татгалзаж байгаа явдал бүгд нийлээд = дэлбэрэх аюултай бөмбөг гэсэн үг” хэмээн бичжээ. Египет болон Тунисын иргэд аль аль нь эдийн засгийн асуудлыг тэдэнд улс төрийн эрх олгоогүйтэй холбон үздэг. Тэмцэгчид шаардлагаа илүү системтэйгээр боловсруулж, нэн тэргүүний шийдвэрлэх анхны 12 шаардлагыг Египетийн эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчдын нэг Ваел Халилийн блогт нийтэлсэн нь бүгд улс төрийн шинэчлэл хийх тухай байжээ. Цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудлыг хожим авч хэрэгжүүлэх шаардлагад багтаасан байжээ.

Египетүүдийн хувьд тэднийг хөгжлөөс хойш татаж буй саад нь үр дүнгүй, авлигач төр хийгээд авъяас чадвар, ухаан болон сурсан мэдлэгээ ашиглах боломжгүй нийгэм болж байна. Тэд асуудлын уг үндэс нь улс төрийн инстүүц болохыг ойлгож байлаа. Төрийн эрхийг хэрэгжүүлэх арга зам, элитүүдийн тогтоосон монополичлол улс орны эдийн засгийн хөгжилд том саад болж байгаа нь үнэн юм. Иймээс нэн тэргүүнд өөрчлөх ёстой асуудал бол улс төрийн инстүүцийг өөрчлөх.

Тахрирын талбайн тэмцэгчдийн асуудлын талаарх дээрх үзэл бодол нийтлэг ойлголтоос эрс ялгаатай байв. Египет тэргүүтэй орнууд ядуу байгаагийн шалтгааныг ихэнх эрдэмтэн, судлаачид тодорхойлохдоо харилцан адилгүй хүчин зүйлүүдийг санал болгодог. Нэг хэсэг нь Египет дэх ядуурлыг газар зүйн байршилтай холбон тайлбарлаж, цөлөрхөг тал, хур тунадасгүй хуурай цаг агаар газар тариалан хөгжүүлэхэд, цаашлаад эдийн засгийн хөгжилд саад болж байна гэдэг. Харин нөгөө хэсэг нь египетүүдийн соёлын онцлог улс орны хөгжилд хортойгоор нөлөөлж байна гэж үзжээ. Египетүүд өөрсдөө ч бусад орны иргэдийг хөгжлөөр тэргүүлэхэд нь нөлөөлөх зарим бизнесийн ёс зүй, соёл тэдэнд байхгүйг хүлээн зөвшөөрч, нийтээр дагадаг лалын шашны сүсэг бишрэл нь хөгжилд нөлөөлж байна гэцгээдэг. Энэ тухай гуравдахь тайлбар бөгөөд эдийн засагч, бодлого боловсруулагчдын дунд түгээмэл дэлгэрсэн ойлголт бол Египетийн эрх баригчид улс орноо хөгжүүлэхэд юу хийх ёстойг мэдэхгүй, өнгөрсөн хугацаанд буруу бодлого, стратеги хэрэгжүүлж ирснээс улс хөгжөөгүй гэсэн ойлголт юм. Хэрэв эдгээр эрх баригчид зөвлөмж боловсруулагчдаас зөвлөгөө авч, дагасан бол – тэдний бодлоор – Египет улс хөгжин цэцэглэх байж. Эдгээр эрдэмтэн, судлаачдын хувьд тус улсын эдийн засгийн асуудлуудыг ойлгоход Египет улсыг ард иргэдээ мөлжин, өөрсдөө ашиг хонжоо олж буй явцуу бүлгийнхэн удирдаж байгаа нь огт хамаагүй мэт.

Энэ номд бид эрдэмтэн, судлаачид бус, харин Тахрирын талбайд цугласан египетүүдийн бодол зөв байгааг батлах болно. Угтаа Египет улс нийгмийг зөвхөн өөрсдөө ашиг хонжоо олоход ашиглах байдлаар бүтэцчилэн зохион байгуулсан цөөн хэдэн элитүүд удирдаж байгаагаас ядууралд нэрвэгдсэн нь гарцаагүй юм. Улс төрийн эрх мэдэл тэдгээр цөөнхийн гарт төвлөрч, эрх мэдлийг зөвхөн хувьдаа баялаг бүтээхэд ашиглаж байсныг ерөнхийлөгч асан Мубаракийн хуримтлуулсан 70 тэрбум ам.долларын хөрөнгөөс харж болно. Үүнээс хохирч үлдэгсэд нь Египетийн ард иргэд болохыг тэд өөрсдөө ч сайн ойлгож байгаа юм.
Египет улс буурай орны нэгт багтаж байгааг тайлбарласан энэ тайлбар болон иргэдийн ойлголт нь дэлхийн ядуу орнууд буурай хэвээр байгаагийн шалтгааныг ойлгоход ерөнхий чиг болно.  Хойд Солонгос, Сьерра-Леон эсхүл Зимбабве юу гэдгээс үл хамааран ядуу орнууд ядуу хэвээр байгаа шалтгаан Египетид ч мөн адил болохыг энэ номд өгүүлсэн. Их Британи, АНУ тэргүүтэй орнууд баян чинээлэг болсон нь тэдгээр орны иргэд эрх мэдлийг гартаа атгасан элитүүдийг зайлуулж, улс төрийн эрхийг тэгш хуваарилсан, хариуцлагатай хийгээд иргэддээ хүрч үйлчилгээ үзүүлдэг төр засаг, мөн ард иргэдийн дийлэнх хэсэг эдийн засгийн боломжоос хүртэх нөхцлийг хангасан нийгмийг байгуулж чадсанд оршино. Дэлхийн улс орнууд харилцан адилгүй хөгжиж байгааг тайлбарлахын тулд өнгөрсөн түүх, нийгмийн хөгжлийг судлах ёстой болно. Их Британи өдгөө Египетээс хөгжлөөрөө тэргүүлж байгааг 1688 онд британичууд улс төрийн инстүүц, цаашлаад улс орны эдийн засгийн байдлыг үндсээр нь өөрчилсөн хувьсгал хийснээр тайлбарлаж болно. Үүний үр дүнд улс төр, эдийн засгийн хөгжил огт өөр замналаар явж эцэстээ Англид Аж үйлдвэрийн хувьсгал өрнөсөн билээ.

Египет энэ үед тус улсыг Мубаракийн адилаар мөлжин, дарлаж байсан Османы эзэнт улсын эрхэнд байсан тул Аж үйлдвэрийн хувьсгал болон технологийн дэвшлийн үр ашгийг хүртэж чадаагүй билээ. 1798 онд Наполеон Бонапарт Египет дэх Османы дэглэмийг түлхэн унагасан ч удалгүй Египет Британий колони болжээ. Британичуудад тус улсын хөгжил цэцэглэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэх ашиг сонирхол байсангүй. Осман болон Британий эзэнт гүрний эрхшээлээс гарч, 1952 онд хаант засгийг унагасан ч энэ үйл явдал 1688 оны Английн хувьсгалтай огт адилгүй. Египетийн улс төрийн инстүүцийг үндсээр нь өөрчлөхийн оронд хэвээр хадгалсан, жирийн иргэдэд хөгжил цэцэглэлтийг авчрах хүсэл эрмэлзэлгүй өөр нэг явцуу ашиг сонирхолтой элитүүд төрийн эрхэнд гарчээ. Иймээс нийгмийн бүтэц өөрчлөгдсөнгүй. Египет ч ядуу буурай хэвээр үлдэв.

Энэхүү номд бид эдгээр онцлог шинжүүд хэрхэн цаг хугацааг ажрахгүй хэвээр хадгалагдаж байхад, зарим нь 1688 онд Англид, 1789 онд Францад гарсан шиг хувьсгалын нөлөөгөөр хэрхэн өөрчлөгдсөн тухай өгүүлнэ. Түүнчлэн бид Египетийг өөрчилсөн өнөөгийн нөхцөл байдал болон Мубаракийг түлхэн унагасан хувьсгал цаашдаа жирийн иргэдэд хөгжил цэцэглэлтийг авчрах улс төрийн болон эдийн засгийн инстүүц шинээр бүрэлдэхэд хүргэх эсэх талаар тодорхой ойлголттой болно. Урьд өмнө нь Египетэд хувьсгал өрнөж байгаагүй гэхгүй. Өмнөх туршлагуудаас үзэхэд тэдгээр хувьсгалчид засгийн эрхэнд гармагцаа, хуучин тогтолцоог шинэчлэн байгуулж байсан тул улс оронд хөгжил цэцэглэлтийг авчирсангүй. Жирийн иргэд улс төрийн эрхтэй болж, инстүүцийг зүй зохистой бүтэцтэй болгон өөрчлөх нь мэдээж маш хүндрэлтэй. Гэхдээ бас огт боломжгүй зүйл биш. Бид Англи, Франц, АНУ, Япон, Ботсван болон Бразил улсуудад жирийн иргэд хэрхэн ийм өөрчлөлтийг хийсэн тухай өгүүлэх болно. Хамгийн чухал нь улс төрийн өөрчлөлт шилжилтийг хийж байж л иргэд ядуурлаас гарч, баян чинээлэг болно. Харин Египетэд улс төрийн шилжилт амжилттай хэрэгжих үндэслэл байгаа юм. Тахрирын талбайд жагсагч Реда Метвали “Та энд муслимууд болон христүүд хамтдаа, хөгшин залуугүй нэгдэн бүгд нэг зүйлийн төлөө тэмцэж байгааг харж байгаа биз дээ” гэсэн юм. Бид нийгмийн өргөн хүрээг хамарсан ийм хөдөлгөөн бусад оронд улс төрийн хувьсгал хийхэд чухал үүрэг гүйцэтгэснийг энэ номноос унших болно. Бид хэдийд, бас яагаад ийм шилжилт явагддагийг ойлгох аваас тухайн хөдөлгөөн өмнөхтэйгөө адил бүтэлгүйтэх эсхүл сая сая хүний амьжиргааг дээшлүүлэх, амжилтад хүрэх эсэхийг урьдчилан таамаглах хэмжээнд хүрэх болно.

НЭПКО Хэвлэлийн газар




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив