Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Олон улсын харилцаан дахь байнга төвийг сахих статус
2016 оны 4 сарын 18 [Уншсан тоо: 22253]

МОНГОЛЫН ГАДААД БОДЛОГО
 

Нейтраль газар зүйн бэлээхэн байршил

Монгол Улсын газар зүйн байршлыг газрын зурагнаас харвал баруунаас зүүн тийш сунаж тогтсон, өвөрмөц байршилтай улс харагддаг. Газар зүйн сунаж тогтсон тэрхүү хэвтээ байршлыг ажваас Монгол нь Төв Ази ба Зүүн хойд Азийг, өргөн утгаар Өрнө-Дорныг холбогч эх газрын нэгэн гүүр юм. Умаршаа ба өмнөшөө байршил нь яалт ч үгүй Орос-Хятадын завсарт орших геостратегийн онцгой байршил юм. Түүхэндээ Монголыг ХХ зууны эхний хагаст Зөвлөлт-Японы, хоёр дахь хагаст Зөвлөлт-Хятадын завсарт орших буфер бүс, жийргэвч үздэг байсан ба тэр утгаар ХХ зууны Монголын гадаад орчин бүрдэж, Монголд тохиосон хувьсгал, тэмцэл, хэлмэгдэл, Халхын голын дайн, Монголын статус-квог хүлээн зөвшөөрсөн, социалист бүтээн байгуулалт, Зөвлөлт-Хятадын зөрчил, “Хүйтэн дайн”-д Монгол нь СССР тэргүүтэй коммунист эвслийн дорнод жигүүр болж явсан гэхчлэн их түүх өрнөж байв.

1990-ээд онд “Хүйтэн дайн” төгсөж, СССР гүрэн тарж, коммунизм байгуулах зорилт нурсны дараа Монгол Улс цоо шинэ гадаад орчинд биеэ даасан, ардчилсан, зах зээлийг баримжаалсан дотоод бодлогоо хэрэгжүүлэх гадаад шинэ орчныг эрэлхийлсэн, түүндээ ч хүрсэн, тийм гадаад таатай нөхцлийг бүрдүүлж чадсан. Олон улсын харилцааг их гүрнүүдийн улс төрийн бодлогын тэнцвэр хангаж ирсэн тэр байдал аажмаар өөрчлөгдөж, дэлхий хавтгай болж, дэлхий дахинаараа мэдээлэлжин, даяаршил хурдтай өрнөж байгаа өнөө цагт Монгол Улсын ба Монголын газар зүй-геополитикийн байршлын ач холбогдол улам өсч байна. Ази-Европ, Европ-Номхон далайн дунд орших агаарын тээврийн хамгийн “алтан байрлал” бүхий улс бол Монгол юм.



Мэдээлэлжсэн даяаршсан өнөөгийн ертөнцөд “арал” гэх ойлголт өнгө төрхөө өөрчилсөн. Ямар хүрээлэл дунд байна гэдгээр нь “арал” хэмээх ойлголт буй болдог болжээ. Freedom House хэмээх ардчиллын рейтингийн судалгаа хийдэг олон улсын байгууллагын судалгаагаар ардчилсан, хагас ардчилсан, харгис, дарангуйлах дэглэмтэй хэмээн дэлхийн бүх улс орныг өнгөөр ялган тэмдэглэсэн газрын зурагт нь арал мэт эргэн тойрны хар бараан, хар саарал өнгөн дотор гялтайгаад байж байдаг. Тэр гялтгарыг “арал” хэмээн нэрлэнэ. Өмнө талдаа коммунист дэглэмтэй, нэг намын хатуу засаглалтай тоталитари нэг гүрэн, умард этгээдэд хагас ардчилсан, ардчиллаасаа ухарч буй бас нэг гүрэн, ийм хүрээлэл дунд ардчиллын толь болсон Монгол орших нь “арал” гэж хэлэгдэх, тэр нь эерэгээр үнэлэгдэх үндэс болно[1].

“Арал Монгол”-ыг нөгөө талаас нь “Нейтраль Монгол” буюу “төвийг сахисан Монгол” хэмээн нэрлэж болно. Үндэслэл нь Монгол бол газар зүйн байршлын хувьд “нейтраль бүс” гэдэгт байна. Юу гэвэл Зүүн хойд Ази, Зүүн Ази, мөн Төв Азийн голд нь оршиж буй ардчилсан, нээлттэй, тогтвортой улс. Цэрэгжсэн, зэвсэглэсэн, өрнөдтэй сөргөөцөлдөх стратеги бүхий хоёр гүрний завсарт, дэлхийн хамгийн их цэрэгжсэн бүс нутгийн голд жижиг Монгол нь аргагүй л төвийг сахин оршиж байна.

 

Эдүгээ Өрнө-Дорныг холбох “Нейтраль Монгол” буюу “төвийг сахисан Монгол”-ын тухай ярьж байна. Монголоос суралцах явдал түгээмэл болж байна. Бидэнтэй мөр зэрэгцэн Азид Киргиз, Мьянмар ардчиллын төлөө явж байна. Араас нь Афганистан, Балба, Бутан, Лаос, Камбож, улмаар Хойд Солонгос ардчиллын замаар явах ирээдүйн төлөв буй. Эдгээр орнуудад Монгол нь үлгэр жишээ, багш болж болно. Тэдэнд Монголын ардчиллын туршлагыг суулгачихвал боллоо гэж үзэх явдал барууныханд байна. Үүнд нь нөгөөх “Нейтраль Монгол”-ын номлол чухал үүрэгтэй болж ирлээ[2]. Скандинаваас Мьянмар руу Монголоор дамжин орох, үүнд Монголын “нейтраль бүс” чухал давуу тал болно хэмээн ярих нь буй. Баруун Европ, Умард Америкаас Бирм рүү хийх гео-улс төрийн их нүүдэлд нь төвийг сахисан, ардчилсан Монгол маань гол трамплин болох цаг айсуй.


                                                                                          
[1]     Ардчиллыг хөзөр болгох хувь тохиол, “Засгийн газрын мэдээ”, 2015.09.10 ¹ 171 (195)
 
[2]     Мөн тэнд



 
Дашдоржийн БАЯРХҮҮ


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn