Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Гэгээрсэн сэтгэлээс Гэгээрсэн амьдрал
2016 оны 4 сарын 6 [Уншсан тоо: 600222]

Дэмбэрэлийн ЧОЙЖАМЦ

Хүнлэг болох сэтгэлээсээ

Монголчуудын гол сургаал хүнийг хүнлэг болгоход чиглэдэг. Энэ нь бидний уламжлалт шашин, соёл, зан заншил дотор байдаг. Эцэг эх, ахмад үеэ үнэн сэтгэлээсээ хүндлэн дээдэлсэн, үр хүүхэд, найз нөхдөө үнэн сэтгэлээс халамжлан хайрладаг энэ ёс жаргалтай сайхан амьдралын бас нэг нөхцөл болдог. Учир нь монголчуудын амьдралын хэв маягийг өөр улс орныхтой харьцуулж үзэхэд энэ байдал илт мэдрэгдсэн. Зарим газар балчир хүүхдийг сургуульд орж, мэдээ оров уу, үгүй юу “аав, ээж чинь зодож, загнавал ийм номерын утсаар хэлээрэй” гээд эцэг, эхийнх нь эсрэг хууль заадаг юм билээ.

Хүүхэд л хойно, эцэг, эхийнхээ нүүрээ атируулж хэлсэн зөв үгийг гомдож хүлээж аваад, цагдаа, сэргийлэх болдог. Ингээд эцэг, эх нь үрээ, хүүхдээ гэсэн үнэнч сэтгэл, хайраар биш, хуулийн дагуу өсгөдөг болж байна. Хайран дунд биш хуулин дунд өсч байна гэсэн үг. Ингээд эцэг эх нь нас өндөр боллоо гэхэд хүүхдүүд нь асарч тойлох бус, асрамжийн газар өгчихдөг, тэгээд эд хөрөнгийг нь гэрээсэлж авахын тулд хааяа нэг “хайртай” гэж хэлээд эргэж байх жишээтэй.

Амьдралын ийм уламжлалтай газар олон бий шүү. Харин манай уламжлалд аав, ээж нь ч үнэн сэтгэлээр хайрлаж, өсгөн хүмүүжүүлдэг, үр хүүхэд нь ч “эцэг эх хэзээ ч надад буруу юм хэлэхгүй” гэдгийг баттай мэддэг, тиймээс хэлсэн үгийг нь тэсээд гардаг ёс бий. Ингээд эцэг, эхийгээ өтлөхөд үр хүүхэд нь асарч тойлон жаргаадаг байх жишээтэй. Жаргал гэдэг бол энд тэндээс эрж хайдаг юм биш, бидний өөрсдийн үйл ажиллагаа байгаа биз?

Монголын уламжлалт нүүдэлчдийн соёл аугаа шүү дээ. Нүүдэлчин хүмүүст хамтарч амьдрахын үлгэр жишээ байдаг, тэндээс суралцах хэрэгтэй. Жишээ нь, монголчууд мал хариуллаа гэхэд зөвхөн өөрийнхөө малыг хариулна гэсэн юм хэзээ ч байдаггүй, хажуу айлынхаа малыг ч гэсэн ойртуулчихдаг байх жишээтэй. Бие биендээ туслахын аугаа их үлгэр байгаа биз? Иймэрхүү уламжлалаасаа суралцах хэрэгтэй. Үр хүүхдээ өсгөхдөө хайр нь дотроо, хал нь гаднаа зарчмаар хүмүүжүүл! Багад нь ажил хөдөлмөр хийлгэж сургахгүй эрхлүүлчих юм бол томроод өөрийг чинь зовооно шүү. Өнөөдрийн нийгэмд аж амьдралаа аваад явж чадахгүй, эцэг эхээсээ мөнгө нэхсэн, насанд хүрч том болсон “хүүхдүүд” олон байгаа нь үр хүүхдээ хүмүүжүүлж чадаагүйн л буруу жишээ. Хүүхдээ зөв сайхан хүмүүжилтэй, хөдөлмөрч хүн болгон өсгөвөл өөрөө л жаргах болно.

Манайхан хэтэрхий хуулан дуурайдаг. Шинэчлэл өөрчлөлт гэдэг үгийг хуулж дуурайх гэж ойлгодог хүмүүс ч бий. Бусдыг хэзээ ч сохроор дуурайсны хэрэггүй, нэн ялангуяа шашин шүтлэг, үзэл бодлыг. Бас киноны амьдралаар амьдрах гээд байдаг. Тэдний адил үйл хөдлөл хийсэн, алхаж гишгэж байгаа нь ч тэдэн шиг болсон залуус гудамжаар зөндөө тааралдах болчихож. Жишээлбэл, гоё харагдахын тулд уруул амаа шилэмддэг америк киноны хүүхэн монгол охиноос “үнэртэж” байна. Энэ бол гоё сайхан, гоо байдал биш, зүгээр л загварчлал. Зурагтын хүмүүжлээс илүүтэй монгол уламжлалаараа хүмүүжүүл!

Хүн хэлээрээ, мал хөлөөрөө

Хүний хэлний үйл сайхан байх юм бол сайн үгний хариуд сайн үг ирнэ үү гэхээс муухай үг ирэхгүй. Гэр бүлийн хүмүүстээ урмын сайхан үг хэлж байх юм бол тэр гэр бүл эвтэй сайхан байдаг. Биеийн гадаад хэлбэр дүрсээ төв сайхан байлгах, мэндчилгээнээсээ эхлээд дуу шуу, үг яриа түвшин аядуу байх, бага их гэхгүй зөв сэтгэл гаргах нь их чухал.

Бие, хэлний үйл нь сэтгэлээс хамаардаг. Сэтгэлдээ ямар нэг торох муу юмгүй, ахас ихсээ хүндэлж сайхан амьдрах, бие, хэл, сэтгэл гурваараа буян хураана гэж бодох хэрэгтэй юм. Сэтгэлийн үйл доголтой болохоор хөдөлгөөн нь огцом ширүүн, үг нь харгис хатуу, нэгэндээ итгэхгүй болоод ирдэг л дээ. Ийм байдал хэвшээд ирэхээрээ зөвхөн гудамжинд биш, гэр оронд үргэлжилж, хэрүүл тэмцэл болж, гэр бүлийн амьдрал доройтож, бусадтай харилцах харилцаанд гажилт гардаг.

Сэтгэлийн муу үйл болох хомхой сэтгэл, хорлох сэтгэл, буруу үзлийг тэвчиж, сэтгэлээрээ нүгэл үйлдэхгүй гэсэн хатуу зарчмыг баримталж байх хэрэгтэй. Зөвхөн өөрөө сэтгэлийн нүглийг үйлдэх биш бусдыг сэтгэлийн нүгэлд уруу татах, бусдын сэтгэлийн муу үйлэнд баясах, бусдыг хатгаж сэтгэлийн нүгэлд унагахыг оролдох зэрэг олон хэлбэрүүд нь ижилхэн нүгэл хураадаг учир бусдыг нүгэлд унагахгүйн тулд хичээх хэрэгтэй. Хэлний дөрвөн нүгэл болох худлаа хэлэх, ширүүн үг, хов үг, чалчаа үг тэргүүтнийг тэвчих хэрэгтэй. Бусдыг нүгэлд унагахгүйн тулд бэлэг дэмбэрэлтэй сайхан үг хэлэлцэж бие биендээ урам зориг өгч байх хэрэгтэй. Аливаа хилэнцэт үйлийг хийхэд 3 зүйлийг анхаарах ёстой: өөрөө хилэнцэт нүгэл хийсэн, бусдаар хийлгэсэн, бусдын хийсэнд даган баяссан гэсэн гурван зүйл нь гурвуулаа асар их нүгэл хураадаг. Иймээс “би хийгээгүй”, бусдыг нүгэл хийсэн байхад “болж дээ” гэсэн байдлаар нүгэл хураах нүгэлт үйлүүдийг тэвчиж байх хэрэгтэй. Мөн амьтан алах, хулгай хийх, гэр бүлээсээ гадуур явах зэрэг биеийн нүглийг тэвчээд, хүний зэвүү хүрмээр байдал гаргахгүй биеэ дөлгөөн төв сайхан авч яван илүү их буян хураана гэж машид хичээнгүй хандах хэрэгтэй. Бидний бие, хэл, сэтгэлийн үйл ямар байна, нийгэм болоод хүмүүс тэгж л ханддаг шүү дээ. Ямаршуу маягийн үйл хийж байгаагийн зоргоор яг тийм хариу бидэнд ирж байдаг. Ингэж бие, хэл, сэтгэлээрээ буян хураах юм бол сэтгэлийн дээр авьяас болж тогтоод, тийм хүн бусаддаа сайхан энерги хайрлаж байдаг юмаа. Телевиз радиогоор харж байхад Япон, Оросын эрдэмтдийн судалгаагаар бие, хэл, сэтгэлийн зөв хандлагаар усны бүтцэнд өөрчлөлт гарч сэргэж байгаа байдал харагдсан. Ер нь бодоход бие, хэл, сэтгэл гурвын зөв хандлага зөв энерги нь ганц ус биш, хүний биед байгаа бүх махбодид нөлөөлдөг юм байна гэсэн бодол төрдөг. Бидний амьдралын туршлагаас үзэхэд эетэй эвтэй маш сайхан найрсаг харилцаанд байдаг айлын хүмүүсийн зүс царай нэг л тавиун, талбиун сайхан, бусад хүмүүсийн тийм гэр бүлийн гишүүдийг хүлээн авч найрсаг харилцдаг, аж амьдрал нь ч сайхан бүтэмжтэй байгаа харагддаг. Харин байнгын хэрүүл уруултай айл ямар байдаг билээ дээ?

Бие, хэл, сэтгэл гурвын зөв хөгжил нь хүний хөгжил, бие, хэл, сэтгэл гурвын зохицол гэдэг бол хүмүүн болон бусдын хоорондын харилцаа зохицол юм. Ингэж чадах юм бол гэр бүл тайван болно, бие биенээ уучилна, хайрлана, энэрнэ, нигүүлсэнэ. Энэ мэт амьтнаас ялгаатай сэтгэлийн маш нарийн үйл бидэнд л байна даа. Бие, хэл, сэтгэл гурваа гэгээрэлд хүргэж, өөрөө захирч, удирдаж чадах хэмжээнд хүрснээр өөрийгөө аварч байгаа юмаа. Буян хураана гэхээр үүнээс өөр юу байхав дээ.


Д.Чойжамц (Монголын Бурхан шашинтны төв
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба)




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn