Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал
2016 оны 3 сарын 25 [Уншсан тоо: 21917]

АУГАА СЭТГЭГЧДИЙН АМЬДРАЛ, ҮЗЭЛ
МАРК СКАУЗЭН


Би та нарт нэг нууц дэлгэе. Эдийн засагчдыг мөс шиг хүйтэн, уйтгартай хүмүүс гэж үздэг. Энэ худал, харин эсрэгээрээ бол үнэн юм шүү.

- Пол Самүэлсон (1966: 1408)



Орчин үеийн эдийн засгийн түүх нь түүхийн хамгийн сайн зохиолуудтай эн зэрэгцэхүйц сонирхол татам сэдэв билээ. Эдийн засгийн бүх л түүх нь баялаг, хөгжил цэцэглэлт болон энгийн хүний ашиг сонирхолд илүү нийцэхүйц эдийн засгийн загварын хайлт байдаг. Гол баатар нь Шотландын Соён Гэгээрлийн үеийн үр жимс болох Адам Смит болон жам ёсны эрх чөлөө, өрсөлдөөний өөрөө өөрийгөө зохицуулагч систем билээ. Эдийн засгийн түүхэн хөгжлийн 200 жилийн туршид манай баатар төсөөлөхөд бэрх ялалт, бэрх хэцүү үйл явдлыг туулан гарсан юм. Эсэргүүцэгчдийн ширүүн дайралтанд өртсөн тэрээр заримдаа дахин сэхэхийн аргагүй болсон мэт санагдана. Гэвч тэрээр тун амь бөхтэй нэгэн бололтой, дахин амилсаар ирсэн.


Товчхон

1776 онд Лондонгийн нэгэн хэвлэлийн газрын эзэн дэлхийг сэрээсэн оюуны дэлбэрэлт болох Адам Смитинй Үндэстний баялаг зохиолыг хэвлэн гаргаснаас энэ түүх эхэлсэн. Үйлдвэржилтийн хувьсгал, улс төрийн эрх чөлөөний дэвсгэр дээр Смитийн жам ёсны эрх чөлөө, үл үзэгдэх гарын тухай хорхой хөдөлгөм философи нь богино хугацааны дотор орчин үеийг эдийн засгийн ухааны гол баатар болж, улмаар дараагийн хоёр зууны туршид баялаг, эдийн засгийн өсөлтийн шинэ эрин үеийг нээж өгсөн билээ. Хөгжил цэцэглэлтийн ухаарал авчирсан Шотландын энэ загвар тэр дороо Франц (Ж.В.Сэй болон Бастиагаар дамжин), Америк (Томас Жэффэрсоноор дамжин) болон Өрнөдийн бусад орноор түглээ.

Хоёр буурьтай эрдэмтэн болох Робэрт Мальтус, Дэвид Рикардо нар хөдөлмөрийн хөлсний тухай төмөр хууль болон ажилчин ангийн мөнхийн зовлонгийн тухай баргар номлолоороо Адам Смитийн өөдрөг ертөнцийг бараг л буй болсон даруйд нь баллаж тавьжээ. Дараа нь либерал болон социалист үзлийн хооронд тээнэгэлзэн зогссон Жон Стюарт Милл утопи коммунтаризмын төлөөлөгчийн хувьд гутранги таамаглалаараа алдрын титэм өмслөө. Ингээд XIX зууны дундуур үйлдвэржүүлэлтийн хувьсгал ид буцалж байтал ажилчдад хандан мөлжлөг шуллагын тухай ярьсаар Карл Маркс гэнэт гарч ирээд эдийн засгийн ухааныг шинэ харанхуй үе рүү хөтөллөө. Социализмын үзэл санаа газар авснаар дараагийн зууны туршид Смитийн капитализмын санаанд нүүрээ харуулах бололцоо гарсангүй.

Унацын хувьсгал

Нийгмийн инженер зүйчдийн хар хүчнийхний буй болгосон түнэр харанхуй руу ашгүй нэг шинэ гэрэл туслаа. Манай гол баатар болох Адам Смитийн үл үзэгдэх гарыг дахин амилуулсан зүйл бол “Унацын” хувьсгал байсан юм. 1870-аад оны үед үүнийг гурван өөр газраас эхлүүлсэн түүхтэй. Үүнд Австрид Карл Мээнгэр, Швейцарт Леон Валра, Англид Виллиам Стэнли Жэвонс нар байсан билээ. Марксын үнэлэмжийн болон мөлжлөгийн хөдөлмөрийн онолд сүйрлийн цохилт өгсөн хүн нь Мээнгэрийн хамтран зүтгэгч Ойгэн Бөм-Бавэрк байлаа. Англид Алфрэд Маршалл, АНУ-д Франк Тауссиг, Ирвинг Фишэр нарын бичсэн сурах бичгээр дамжин орчин үеийн эдийн засгийн ухааны ачаар энэ нь улам бүр тэлж байсан социалист хөдөлгөөнийг сөрж чадахуйц эсрэг дайралт хийсэн юм. Шинжлэх ухаанч эдийн засгийн ухааны үе эхэллээ.

Гэсэн хэдий ч XIX зууны сүүл үе бол Карнэги болон Рокфэллэрийн том бизнес, аугаа үгслийн үе байсан билээ. Төрийг шүтэгч Торстэйн Вэблэн нь тансаг хэрэглээ, монополь эрх зэргийн аюулын тухай бөөн бөөн эрээгүй анхааруулга хэлж хүн айлгаж байсан бол Германы социологич Макс Вэбэр капитализмын шашинлаг суурь дэвсгэр болон “төмөр тор”-ын тухай бичжээ.

Кэйнс болон Их хямрал

Гэсэн хэдий ч Адам Смитийн чөлөөт зах зээлийн капитализмын ертөнц рүү чиглэсэн хамгийн хүчтэй шуурга нь 1929 оны сүйрэл, 1930-аад оны Их хямралыг дагаж ирсэн. Нэн сонгодог эдийн засагчид эрэлт, нийлүүлэлтийн нарийн учрыг ухаарч чадсан боловч микро эдийн засаг болон макро эдийн засгийн хоорондын нэн чухал холбогч болон “мөнгөний холбоосыг” ойлгож чадаагүй. Еэлийн аугаа профессор Ирвинг Фишэр ХХ зууны эхэн үеэр микро, макро хоёрын хоорондын дутаад байсан холбоосыг олох зоригтой оролдлого хийсэн бөгөөд Шведийн Кнүт Виксэлийн алдарт зохиол дээр түшиглэн Австрийн Людвиг фон Мизэс Мөнгө, зээлийн онол (Theory of Money and Credit) зохиолдоо энэхүү холбоосыг гүйцэлдүүлж чадсан юм гээд Мизэс-Виксэлийн онол шинжлэх ухааныхны болон төрийн албаныхны дэмжлэг авч чадаагүй бөгөөд 1930-аад оны эхэн үеэр банкууд сүйрч, бизнес унтарч, сая сая ажилчид амьжиргаанд арай ядан хүрэх хөдөлмөрийн хөлсний төлөө зүтгэн арваад жил үргэлжилсэн санхүүгийн хар дарам байдлаас ангижрахын тулд дэлхийн өнцөг булан бүрд олон төр зүтгэж байсан юм.

Капитализмыг хэн аварч чадах байв? Өрсөлдөөн laissez faire бодлогыг өмгөөлөгч сонгодог эдийн засагчид болон хуучны дэглэмийг хувьсгалаар халахыг уриалагч марксистууд, социалистуудын хооронд болж байлаа. Дэлхийг хамарсан оюун ухааны маргааны төвд эдийн засагч Жон Мэйнард Кэйнсч аврагч болон тодорлоо. Кэмбрижийн профессор энэ хүн капиталист систем нь угаасаа “санхүүгийн хувьд тогтворгүй тухай таамаг” дээр үндэслэн цоо шинэ, боловсронгуй загвар дэвшүүлсэн юм. Зах зээлийн эдийн засгийг тогтворжуулахын тулд монетари болон санхүүгийн салбарт төр оролцох хэрэгтэй гэж энэхүү “шинэ эдийн засгийн ухаан” сургаж байв. Харин хамгийн гол өрсөлдөгч болох марксизмаас ялгаатай нь гэвэл кэйнсч загвар нь улсын өмч болгох, мөн эрэлт нийлүүлэлтийн микро хяналт тогтоохыг шаардаж байгаагүй. Арвич байдал, тэнцвэртэй төсөв, бага татвар, алтан стандартын сонгодог загвар бүрэн ажил эрхлэлтийн үед тохирдог, харин хэрэглэгчийн эрэлт, алдагдалтай санхүүжилт, өсөн нэмэгдэх татвар, фиат мөнгөний кэйнсч заавар зөвлөмж эдийн засгийн уналт, ажилгүйдлийн үед таарч тохирдог мэтээр ойлгож байв. Энэ нь үнэхээр гарц мэт санагдах болж, Массачүсэтсийн Технологийн Их сургуулийн сод авьяастан Пол Самүэлсоны алдартай шинэ сурах бичгээс толгой өндийхөө больсон коллежийн багш нар үржүүлэгч, хэрэглээний унац хандлага, арвич байхын логик зөрчилдөөн, цогц эрэлт, C + I + G зэрэг хачин нэр томьёо заах болсон билээ. Макро эдийн засгийн ухаанд онолчирхол, математик загварчлал ихээр орж ирсний илрэл нь кэйнсч эдийн засгийн ухаан байсан юм.

Зах зээлийн Эдийн засгийн ухаан эргэж ирлээ

Бидний өгүүлэх хамгийн сүүлийн бүлэг Дэлхийн II дайны дараах үеийн түүхийг өгүүлнэ. Чикагогийн Милтон Фридманы тэргүүлсэн монетари сөрөг хувьсгалын ачаар эдийн засагчид төрийн макро бодлогын тогтвортой бус байдал дээр илүү их анхаарах болсон юм. Фридман хийсвэр загвар бүтээх биш, харин туршилт судалгаан дээр Их хямралын гол буруутан нь төрийн бий болгосон Холбооны нөөцийн систем мөн болохыг харуулж чадсан юм. Монетари тогтвортой бодлого баримталснаар Адам Смитийн өөрийгөө зохицуулагч зах зээлийн эдийн засаг дахин цэцэглэх боломж бүрдлээ. Сонгодог эдийн засаг руу орох, онолыг туршилтаар баталгаажуулах шаардлагын арын түлхэгч хүчин нь Чикагогийн сургууль болж байв. Тун удалгүй нийлүүлэлтийн талын, зохистой хүлээлтийн австрийн зэрэг чөлөөт зах зээлийн эдийн засгийн бусад сургуулийнхан кэйнсч шүтлэгийг хэцүү бэрх сорилд халз дуудлаа.

Зах зээлийн ялалтын хамгийн оргил үе нь 1990-ээд онд Зөвлөлтийн эдийн засгийн систем нуран унахад тохиосон билээ. Австрийн эдийн засагчид болох Людвиг фон Мизэс, Фрийдрих Хайек нар социалист төвлөрсөн төлөвлөлтийн сүйрлийг урьдчилан хэлж байсан бөгөөд тэдний таамаглал эцсийн бүлэгт ийнхүү биелэгдсэн юм. Социалист загвар нуран унаснаар Өрнөдийн ертөнцөд чөлөөт арилжаа, өмчийг улсын байхыг болиулах, хувьчлалын шинэ эрин үе эхэлсэн юм.
Хэдийгээр санхүүгийн хямрал, тодорхой бус байдал, даяаршлын үед баримтлах эдийн засгийн зөв бодлогын төлөөх өрсөлдөөн өрнөсөөр байгаа хэдий ч орчин үеийн эдийн засгийн ухааны түүхийг өөдрөг өнгөөр дуусгаж байна. Гэхдээ энэ нь нийтийг хамарсан том дайн биш, харин жижиг тулалдаанууд билээ. Бид шинэ эрин зуунд алхан орж буй өнөө үед нэг талаас laissez faire, нөгөө талаас социалист маягийн хөндлөнгийн оролцоо хоорондын халз тулаанд Адам Смитийн чөлөөт капитализмын ертөнц ялалт байгуулсаар байгаа нь нэгэнт ил байна.

НЭПКО хэвлэлийн газар




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn