Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
“Агнистын гэгээ” цуврал 14-15
2016 оны 2 сарын 4 [Уншсан тоо: 52066]

ОШО: ЗЭН ТҮҮХҮҮД

“Эдгээр Зэн түүхүүд өнгөндөө явган шог мэт боловч өгүүлшгүй утгыг агуулсан нууц товчоо. Утгын гүн рүү нь орж бясалгах тусам нарийн айзам долгионыг хүртэнэ...

Зэн чамайг хутагт хувилгаан болгох гээгүй, зүгээр л хүн болгоно. Эх сурвалж, байгаль төрхөнд чинь буцааж оруулна...

Жинхэнэ хүн л жинхэнэ хайртай учирдаг. Үнэнийг хайх хэрэггүй. Өөрөө л үнэн бол...

Будда бол төвлөрлийн хүн биш, сэрэхүйн хүн. Тэрээр ухамсраа уйтан нарийн болгох гэж хичээхгүй, эсрэгээр оршихуйд бүрэн нээлттэй байхыг эрхэмлэдэг байсан... Өөрийгөө бүрэн сулла. Нүдээ аниад, орчин тойрноо анирд. Юуг ч битгий тээршаа. Тээршаах агшиндаа чи Бурханыг эсэргүүцэж буй...

Хотол ертөнцийг нэгэн гэр бүл хэмээн ухаарагч хүнийг л би шашинлаг хүн гэж хэлнэ. Тэрээр сүм хийд рүү явж, эргэл мөргөл хийдэггүй ч байж магад. Тэр тийм чухал биш. Хэрэв чи сүм рүү явдаг бол сайн байна. Явдаггүй бол бүүр сайн. Орчлон ертөнцийн амьд нэгдлийг сэрж мэдэрч байгаа л бол үргэлж ариун сүмд, Бурханы оронд морилж байна гэсэн үг...

Зөвхөн Зэнд нэгэн нандин зүйл биелсэн юм. Тэд эгэл амьдрал, шашинлаг амьдрал хоёрыг зааглаж хуваагаагүй, харин шүтэн барилдуулсан. Зэн маш энгийн аргуудыг бясалгалын увдис болгожээ. Эгэл амьдралыг увдис болгохгүй бол бясалгал чинь амьдралаас зугтах арга саам болно...

Өнгөрснөөс ангижир – Энэ бол хором тутам нөгчих зам. Ирээдүйг бүү таамагла – Энэ бол амьдралд өөрийгөө нээх зам. Өнгөрсөн, ирээдүйгээс ангид энэ агшиндаа, үзүүр ёзоор хоёроосоо зэрэг дүрэлзэх бамбар шиг бай!” гэж Ошо багш өгүүлжээ.

Элдэв хачир чимэг, маяг будаггүй энгүүн аясаараа зүрхийг хайлуулах шидтэй гоо үзэсгэлэн шиг амьдрал өөрөө Зэн юмсанж.


“Эртний сайхан аялгуу” номын хэсгээс:

Шожу багшийн сүмийн ойрх тосгонд чоно үзэгдэх болжээ. Шожу шөнө дөлөөр оршуулгын газар очиж, долоо хоног Зазэнд суув. Түүнээс хойш тосгон хавиар чоно гэтэхээ больж гэнэ. Хүмүүс баярлаж, бас сониучирхаж ямар нууц дом үйлдсэн талаар Багшаас асуухад,
    - Би тухайлж юу ч хийгээгүй. Зүгээр Зазэнд сууж байхад минь бөөн чоно тойрон шаваад, миний хамар амыг долоож, хүзүү шанаагаар шиншилж байв. Гэвч зөв төлөвт байсан болохоор надад халдаж довтлоогүй.
   
Сэтгэлийн зохист төлөвт орших юм бол амьдрал үхэлд ажрахгүй, гал усанд автахгүй гэж би та нарт сургадаг шүү дээ. Сургадаг зүйлээ л өөрөө хэрэгжүүлсэн юм гэжээ.  


Энгийн атлаа утга төгөлдөр түүх. Багш оршуулгын газар одож, долоо хоног зүгээр л суужээ. Элдэв өргөл мөргөл, дом шид үйлдээгүй. Бясалгалгүй бясалгалд л суусан. Зазэн гэдэг үг бясалгалд тохирох хамгийн сайхан үг. “За” гэдэг нь зүгээр суухын нэр. Бодлын үймээн арилж, сэрүүн тунгалаг ухамсар давалгаан шуугиан үгүй нам гүмхэн цөөрөм мэт болох. Ийм төлөвт ид шидийн гайхамшиг зөнгөөрөө тохионо.

Багш хэлжээ: “Би тухайлж юу ч хийгээгүй. Зүгээр Зазэнд сууж байхад минь бөөн чоно тойрон шаваад, миний хамар амыг долоож, хүзүү шанаагаар шиншилж байв. Гэвч зөв төлөвт байсан болохоор надад халдаж довтлоогүй.”

Энэ бол амьдралын тулгуур хууль: Бодол бүхэн цахилгаан соронз шиг эерэг, сөрөг хоёр туйлтай. Хэрэв чи сөрөг туйлыг үүсгэвэл нөгөө талд нэмэх туйл аяндаа үүснэ. Айж сэжиглэх тусам эсрэг этгээдийн дотор чамайг айлгаж, зовоох хүсэл өдөөгдөнө. Зөвхөн хүнтэй харьцахад төдийгүй араатан амьтантай харьцахад ч адилхан. Хэрэв чи зөв төлөвт байх юм бол учрал тохиолыг зүгээр л гэрчилнэ. Дотроо элдэв атгаг сэжиг үүсгэхгүй учраас эргэн тойрон бусдын дотор ч атгаг үүсэхгүй.

Эртний Энэтхэгийн нэг үлгэр байдаг:

Нэгэн хэрмэл эр тэнэж яваад ядарсан тул модны сүүдэрт сууж амрав. Тэр мод нь хүслийг хангагч галбарваас байжээ. Хэсүүлчин ихэд өлссөнөө мэдэрч, “Нээх сайхан хоол идэх юм сан. Даанч энд өглөгийн эзэн алга даа” гэж бодов. Хоол бодох агшинд гэнэт сайхан хоол гарч ирэв. Өлссөндөө юу ч бодох сөхөөгүй гүзээлж орхив.

Тэгээд нойр нь хүрч “Тухтай орон дээр унтах сан” гэж мөрөөдөв. Гэтэл ор гараад ирчээ. Орон дээр хэвтэх зуур “Энэ ер нь юу л болоод байна даа? Хэн ч үзэгдэхгүй мөртлөө хоол унд, ор дэвсгэр гарч ирээд л. Арай нөгөө ад тийрэн нь биш байгаа?” гэсэн бодол төрөв.

Тэгтэл нүдний өмнө элдэв тийрэн үзэгдэж гэнэ. “Эд нар намайг алах байх даа!” гэж айж сандартал тийрэнгүүд түүнийг алж орхижээ.

Амьдралын жам ёс яг адилхан. Чөтгөр бодоод байвал гараад л ирнэ. Дайсан бодоод байвал дайсан, андыг бодоод байвал анд гарч ирнэ. Хайрлавал эргэн тойрон хайр ургана. Үзэн ядах юм бол эргэн тойрон үзэн ядалт шивээлнэ. Бодол бүхэн биеждэг жамтай. Бодолд автахгүй бол юу ч чамд халдахгүй.

Багш оршуулгын газар зүгээр л суужээ. Чонын сүрэг ирсэн боловч тэд шиншлээд хэн нэгнийг олоогүй. Тэд түүнээс бодол эрсэн биз. Гэвч тэнд юу ч үгүй хоосон байлаа. Хоосон чанарыг яах билээ дээ? Тийм хоосон, тийм аниргүй амгаланг хөндөж, эвдэх боломжгүй. Чоно хүртэл тэр халдашгүй ариуныг мэдрээд холдон зайлжээ.

Тосгоны хүмүүс Багшийг нууц арга чарга үйлдлээ гэж бодож. Гэтэл Багш “Би тухайлж юу ч хийгээгүй. Зүгээр л суухад бүх юм өөрчлөгдсөн” гэжээ. Энэ түүх ёгт утгатай.  Хэрэв чи энэ хорвоод нам жимхэн, амьд хоосон чанар шигээр суух юм бол хорвоо ертөнц диваажин болж хувирна. Хортон араатан аяндаа арилна. Ухамсрын зөв төлөвт бүх юм зөнгөөрөө бүтнэ.

Эгогоос салах юм бол, үйлдэгч сэтгэлээс ангижрах юм бол, амьдралд уусан алдрах юм бол чи Бурханы оронд, Идин цэцэрлэгт эргэж орно.

Хүн бүр Идинд эргэн очих боломжтой. Гэхдээ эргэх замаа мэд. Үйлдлээс учралд, би-гээс би-үгүйд, оюун бодлоос арилсан төлөвт шилжих нь зам мөр юм шүү.

НЭПКО хэвлэлийн газар


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив