Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Чингис хааныг залгамжлагчид
2016 оны 1 сарын 22 [Уншсан тоо: 60298]

Монгол, Монголчууд, Монгол орон
Түүхийн альманах

ӨГЭДЭЙ

Өгэдэй хаан суусан 1229-1241 оны хооронд эзэнт гүрний хил хязгаар тал тал тийшээ маш их тэлжээ. Юун түрүүн тэрбээр эцгийнхээ Алтан улстай эхлүүлсэн дайныг дуусгахаар дүү Тулуй, Чингисийн хамгийн шилдэг жанжин Сүбээдэй нараар толгойлуулсан армийг 1231 онд өмнө зүг илгээсэн байна. Гурван жилийн тулалдааны дүнд хориод жил сунжирсан их дайн дуусч Алтан улс бүрэн уналаа. Энэ далимд Солонгосын хойгийг эзэлснээр монголчууд түүний цаана Япон хэмээх арлын улс буйг мэдэж авсан юм.


Өгэдэй хаан. Тайваний үндэсний түүхийн музей.


Өмнөд Сүнд дайн зарлав
Алтан улс сөнөснөөр монголчууд Хятадын сүүлчийн династи Өмнөд Сүнтэй  халз  нүүр  тулав. Умард Хятадыг өөртөө нэгтгэх зорилгоор монголчуудтай хавсайдан Алтан улсыг удаа дараа өмнө талаас нь уулгалж байсан Өмнөд Сүнгийн бодлогогүй хаад одоо өөрсдийн ээлжийг хүлээж суух болсон юм. Их Монгол улс 1235 онд Өмнөд Сүнд дайн зарлажээ. Хубилай хаан 1279 онд Юань династийг үүсгэх хүртэл 35 жил үргэлжилсэн энэ дайнд олон сая хятад хүн амиа золиосолсон бөгөөд өдгөө аварга амжилтыг тэмдэглэдэг Гиннесийн номд оржээ.

Лалуудад дахин сануулга өгөв
1225 онд Чингис хааныг буцсанаас хойш дахин толгой  өндийхөөр  оролдох болсон лалын ертөнц рүү Өгэдэй хаан 1230  онд  Чормаганаар  удирдуулсан 30 мянган цэрэгтэй армиа илгээжээ. Тэд юун түрүүн Энэтхэгээс эргэж ирээд баахан түйвээсэн Сартуулын шах асан Мухаммадын хүү Жалил ад Динийг нэхэн байлдсаар дарж авлаа. Энэ далимдаа Перс, Армени, Гүржийг буулган авч Кавказыг даван Европын зүрхэнд тулжээ. Бүх шашныг тэнцүүд үзэх Чингисийн Их засаг-ийг мэдэхгүй Армений хаан монголчуудын түйвээний цохилтын голыг бие дээрээ амсаж буй хэзээний заналт лалуудын эсрэг Загалмайтан-Монголын холбоо байгуулахыг ихэд чармайсан аж. Гэвч умар зүгт дайн хийсэн монголчуудын өөр арми аль хэдийнээ Төв Европт нэвтрэн загалмайн шашинт улсуудыг түйвээгээд эхэлчихсэн байлаа.

Баруун зүгийн байлдаан
Чингисийг амьд байхад Зүчийн баруун зүгт хийсэн дайнаар Оросын салангид вангуудыг удаа дараа салам цохисон боловч Зүчи, Чингис хоёр нас барсан, Өгэдэйг сонгосон, Алтан улстай байлдсан, Жалил ад Динийг дарсан зэрэг илүү олон чухал үйл явдал дараалан үргэлжилсэн учир баруун умар зүгийн байлдааны ажиллагаа нэлээд олон жилээр тасалджээ.

Монголчууд анх 1222 онд Европт хөл тавин Азов, Каспийн тэнгис орчмоор сүйтгэж явахад цохигдсон половчууд загалмайн мөргөлт гэгээн Владимирт очин “Тэд манай орныг эзэлж байна, маргааш танайхыг эзлэх болно” гээд тусламж гуйсан боловч тархай бутархай Оросын олон бие даасан ван үгийг нь тоосонгүй. Ингээд тэр жилдээ монголчуудтай хүч үзэхээр шийдсэн Өмнөд Оросын цэрэг Калкад бут ниргүүлсэн юм. Байлдааны ажиллагааг Чингисийн хамгийн авьяаслаг жанжин Зэв, Сүбээдэй нар удирджээ.

Алтан улсыг унасны дараа Өгэдэй хаан 1235 онд Хархорумд Хурилдай зарлаж өмнө зүгт дайныг сэргээн явуулах төлөвлөгөөгөө хэлэлцүүлжээ. Эндээс баруун зүгийн бүх байлдааныг Бат ерөнхийлөн удирдах болсон аж. Тус бүрдээ үүрэг авсан ирээдүйн их хаад - Гүюг, Мөнх хоёр болон Чингисийн олон ач оролцсон 150 мянган морьтон бүхий аварга арми цэргийн нэрт жанжин Сүбээдэйн удирдлагын доор 1236 онд Сибириэс баруун тийш хөдөлжээ. Тэд тавхан жилийн дотор Адриатын тэнгис хүртэл тулалдсан юм.


НЭПКО хэвлэлийн газар





"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn