Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Бямбын Ринчен
2016 оны 1 сарын 8 [Уншсан тоо: 57323]
 
ХХ зуун Монголын шинжлэх ухаан, утга зохиолын ертөнцийг доктор Б.Ринченгүйгээр төсөөлөх аргагүй. Үндэсний сэхээтэн бүрэлдсэн, шинэ соёл нэвтэрсэн, нийтээрээ гэгээрсэн түүхийн тод тусгал нь ч нэрт эрдэмтэн юм. Бас хувьсгалт хүчирхийллийн шуурганд бөхийсөн уламжлал, соёл, зан заншил, цагийн бэрхийг сөрөн зогссон үндэсний үзэл санааны төлөөлөл нь ч тэр хүн байлаа.

Их эрдэмтэн, билигт зохиолч, цогтой эх оронч Б.Ринчен агсны мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан түүний зохиол бүтээлээс түүвэрлэн авч 10 ботид багтаан хэвлүүллээ. Б.Ринчен гуайн олон арван гайхамшигт туурвилыг аравхан ботид багтаах боломжгүй байсныг ч бас учирлан хэлж байна.

НЭПКО хэвлэлийн газар

 Цогт тайж
(Найруулсан Тарич)
Нэгдүгээр анги

Жавхлант симфони хөгжим эгшиглэнэ, харлан үзэгдэгч дэлгэц хөшигийн доод захаас, эртний Монголын долоон эрдэнэсээр бүтээсэн бичмэл судрын гялалзсан уртлаг хар хуудас цухуйн үзэгдэж, үзэмжит сайхан хээт тэр хуудаснаа хуучны хулсан үзгээр бичсэн сайхан алтан үсэг тодрон гарах нь:

Эх орныхоо эрх чөлөө
тусгаар тогтнолын төлөө тэмцэгч
ард түмнээ соён гийгүүлэгч
дайчин баатар яруу найрагчийн
Яруу нэрийг бадруулагч
эрхэм түүний түүхэнд энэ киног
бид зориулав.
гэсэн үсэг гарч гүйцмэгц, тэр судрын хэвт хуудас сөхөгдөн дороос нь бас нэг хуудас гарч түүнд:
"Цогт тайж"
гэсэн сайхан алтан үсэг гялалзана. Тэгсээр судрын хуудсыг сөхөх мэт эргүүлсээр, уг киноны эхэнд байвал зохих бусад үсэг тодрон гарна:

Сүүлийн хуудасны үсэг үзэгдэн сөхөгдөхөд "Эр бор харцага" гэдэг манай ардын эртний жавхлант сайхан аялгууны бадралт эгшиг сонсогдоно.

Тэгээд Хангай ханы цэцэрлэгийн умард уулсын үзэсгэлэнт байдал тов тод гарч уулнаас буух хурдан урсгалт ус үзэгдэн, Төхөм нуурын тавиун сайхан байдал, хаврын сүүл, зуны эхний цэцэг навч дэлгэрсэн нарлаг сайхан тал газрын үзэсгэлэн бүрдсэн нь нүдийг баясгатал гэнэт сүртэй том том үхэр чулуу, ханан хад овоорон гарч ирээд, өгүүлэгчийн дуу сонсогдох нь: "Хутаг ууланд, Төхөм нуурын ойр хад чулуу байгааг ардууд, хэзээний гунигт Дуутын хар чулуу гэдэг байжээ" гэнэ.

Дэлгэц дээр тэр Дуутын чулуу үзэгдэн, бичиг сийлсэн нь: тод тодорсоор үзэгдэнэ.
Өгүүлэгчийн дуу сон согдож,
- Энэ бичээсийг 300 гаруй жилийн өмнө сийлсэн билээ гэнэ. Тэгээд, маш хатуу боржин чулуунд уран хүний чадамгай сийлсэн тэр үсэг гайхамшигт тодорхойгоор үзэгдэнэ.
Өгүүлэгчийн өгүүлэх нь:
- Энэ чулуун дээр бичсэн үг, цагаан тахиа жилийн намрын эхэн сарын 21-нд Цогт тайж, Хангай ханы цэцэрлэгийн хойт ууланд авлан хуягт халтраа унаад, өндөр дээр гарч, ийн өгүүлрүүн...
Гэтэл, бичигт чулуу үл үзэгдэн, оронд нь, уулын орой дээр зогсож байгаа нэг морьтой хүн үзэгдэнэ.
Халтар морь нь хуягтай, унасан хүн нь 17-р зууны үеийн баатар эрийн өвч хуяг зэвсэгтэй үзэгдэнэ.
Энэ бол Цогт тайж юм. Түүний бие, билиг зориг бадарсан нүдээр өмнөхөө ширтэн, шүлэг гиншин өгүүлэх нь:
Олз идэш олон ядагч хүн хийгээд
уул модонд явагч араатан хоёрын
Ахуй бие ангид боловч
алан идэхийн агаар нэгэн буй гэнэ. Тэр хадан оргилын бэлд бас нэг морьтой хүн зогсон үзэгдэнэ. Энэ бол эрх хиа, Цогт тайжийн билигт үгийг сонсч, зааны ясан үзгээр үзэсгэлэнт хээтэй хавтаст самбар дээр тэмдэглэн бичиж авна.

Цогт тайж бас шүлэглэрүүн:
Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд
хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие дүр өөр боловч
идэх хүсэл сэтгэлийн агаар нэгэн буй гэнэ. Эрх хиагийн гар, Цогт тайжийн шүлгийг хэрхэн хичээнгүйлэн тэмдэглэж байгаа нь үзэгдэнэ.

Гэнэт хөгжмийн байдал нэгмөсөн өөр болж, бүрээ дуугарах, хэнгэрэг цохих нь сонсогдоно.
Харанхуй дотроос үсэг тодрон гарах нь:
- Энэ бол 17-р зууны эхээр болсон хэрэг.

Нар мандах зүгт Манжийн хүчирхэг төр бий болж байлаа. Манж нар, луут тугаа өргөж, Монголыг байлдан дагуулж эхэлсэн бүлгээ: Манжийн Амбагай цэцэн хаан, Чингисийн угсааны ахмад, Лигдэн хааны цэргийг бэрх тулалдаанд ялжээ гэсэн үсэг гармагц, бүрээ үлээх, хэнгэрэг цохих чимээ гарч хараахан үл үзэгдэх аймшигт тулалдааны сүртэй анир сонсогдож тулалдах эрсийн хилэгнэн хашгаралдах, илд мэс тас няс цавчилдах, жад тачигнан хугарах, шархтсан цэргийн бахиран ёйлох аймшигт дуу чимээ сүртэй сонсогдон, алс холоос дийлсэн цэргийн бахдан хашгаралдах нь сонсогдоно. Энэ их чимээн дундуур, алс холын төвөргөөн сонсогдох нь улам ойртсоор, байлдааны чимээ намдан холдоно. Олон морь давхилдах чимээ улам улам их болсоор, сонсогчдын бүр дэргэд давхиж ирэх шиг сонсогдоно.

Тэгээд дэлгэц дээрх үсэг гэнэт хоёр тийшээ тасран алга болмогц, зургийн хөшгөнд, тэнгэрийн хормойн их дундуурыг бүрхсэн сүрт тоос манаран үзэгдэнэ. Тэр их тоосонд зэвсэгт цэрэг зэрэгцэн давхилдана. Хоёр баг цэргийн завсарт дөрвөөд морьтон цэрэг хос хосоор зэрэгцэн дамнаж арлаар нь холбосон хоёр хасаг тэргийг чирч давхина.

Тэр тэргэнд цагаан эсгий, өнгөт хивсийн дээр байлдах хуягаа өмссөн Лигдэн хаан, торгон тугийн далбаагаар хучаастай хэвтэнэ. Хаан хүнд шарх олжээ.

Өгүүлэгчийн дуу сонсогдон өгүүлэх нь:

- Их тулалдааны үес монгол ноёд, Манжийн талд урваснаар монгол цэрэг дарагджээ. Лигдэн хаандаа журмыг сахисан итгэлт цэрэг нь дайсны хүрээг шувт дайраад, шархтсан удирдагчаа авч, нутгийн зүг жолоогоо залжээ гэнэ...Хааны биеийг ачсан тэр холбоо хос тэрэг их тоос хуйлруулан давхина. Тэрэгний хойно өмнө, Чингисийн угсааны ахмад Лигдэн хааны шударга журамт баатар давхилдан, хатуужилтай царай нь тоос тор, байлдааны хөлс болжээ.

Туг далбаа салхинд намилзан, арыг халхлах цэрэг, морин дээрээс дайсныг харван довтолно.

Санамсаргүй ойртсон дайсан, тэр суманд тусагдан мориноос ойчно. Давхин давхисаар, хөөх цэргийн морь эцжээ. Тэгээд, тэдний дарга, Лигдэний хойноос хөөн давхихыг зогсъё гэнэ.

Лигдэн хааны баг цэрэг, уудам талд улам холдсоор морины төвөргөөн бас холдоно. Ганцхан бужигнасан их тоос дарагдаагүй үзэгдэнэ.

Гэнэт, дийлсэн цэргийн хашгаралдаан, хөгжим сонсогдоно.

Байлдаан болсон газар үзэгдэнэ. Гөрөөчин хүний минага ташуурыг гартаа бариад, ерийн нэг цэргийн хувцас өмссөн Манжийн Амбагай цэцэн хаан, дайснаа дарж луут далбааныхаа дор явах нь үзэгдэнэ.Түүний зүс байдал нь аяны наранд гандаж, дайн тулалдааны салхинд сайртсан, цэрэг эрийн зоригт царайтай ажээ.

Соёо сахал нь урт, бас бууралтсан нагал сахалтай тул царай нь их сүртэй үзэгдэнэ. Морийг яаралгүй алхлуулан, хар түрүүт иргэнийхээ үхэх сэхэхийг шийтгэн мэдэгч хүний амарлингуй цэцэн нүдээр өмнөхийг ширтэн явна.

Түүний хоёр хажуугаар, сая болсон сүрт байлдааны байдал үзэгдэн, маш ширүүн тулалдсан газар, үхсэн цэргийн хүүр овоорон дээр дээрээ хэвтэнэ. Эзнээ алдсан морь, энд тэнд унгалдан давхилдана.

Цэргийн хүрээ байсан газар үзэгдэнэ. Тэнд дарагдсан цэрэг эд хогшил, зэр зэвсгийг хаяжээ. Дутуу хагас буулгасан гэр, онхолдсон хасаг тэрэг, багласан юм, алагдсан өвгөд, эмэгтэйчүүд хүүхэд хэвтэнэ. Манж нарын олзолсон сүрэг мал овооролдон монгол цэргийн хаясан ачаатай тэмээ бөөгнөрөн үзэгдэнэ. Заримыг үзвэл ачаа ачиж байгаад дутуу хагас хаяад зугтаасан учир тэмээ нь ачаатайгаа босч завдаагүй байна. Цэцэн хаан Амбагайн давхин явахад, аймшигт байлдаан болсон энэ байдал, түүний хажуугаар үзэгдэн өнгөрнө. Хаан түүнийг дийлсэн хүний нүдээр үзэн явна.

Амбагайн хойноос, түүний бараа бологсдын түрүүнд Айшингиоро омогт Манжийн Амбагай хааны төрлийн хүн бөгөөд түүний цэргийн жанжин, шулуун шууд зантай дайчин эр өвгөн Амин бээл, нимгэн уруул нь үргэлж мишээж явдаг, маш их ов зальтай Доргон бээл явалцана.

Эдний өмнө олзлогдсон монгол цэрэг маш олон үзэгдэнэ. Тэднийг цөм мориноос буулгаж зэвсгийг хураан аваад, зүг зүгээс нь Манжийн морьт цэрэг хүрээлэн сахижээ.

Амбагайг ойртоход някура! сөгд! гэж манжаар тушаана.
Олзлогдсон монгол цэрэг цөм сөгдөнө.
Амбагай морийг зогсооно.

Амин бээл урагшаа давшин гарч, өндөр дуугаар хаанд айлтгах нь, өчүүхэн боол, Монголын бошгот ноён, харьяат тайж цэргийн хамт, манай цэргийн талд дайрч орлоо. Одоо тэр боол, эрхэм эзний өлмийн өмнө сөгдөн мөргөж, үүрд дагахыг хүснэ.

Амбагай эх орон, цэрэг эрийн ёсыг тэрслэн мартсан тэр урвагч нарыг үл тоомсорлон, жигшин инээмсэглэхийг огт далдлах санаагүй, морийг тэр олзлогдогсдын зүг эргүүлээд, хөндлөн тийшээ харж, сөөнгө огцом дуугаар

- За мөргөвөл мөргө! гэлээ.
Амин, тэр олзлогдсон ноёдын зүг хандаж, өндөр дуугаар:
- За, Бошгот ноён, харьяат нартайгаа хамт, их хаанд мөргөхөөр ирэг! гэсэнд, харуулын цэрэг хоёр тийш болж нэг бүлэг монгол ноёдыг урагш давшуулна. Тэдний байдлыг үзвэл шав шув гэсэн, сүрхий эрэлхэг байдалтай шулуун хувцастай манж нараас маш өөр байдалтай.

Бошгот ноён, харьяат тайж нартайгаа тун гоёмсог хувцастай хацар нь шалхайж, эрүү хослуулсан байдлыг үзвэл гэдэс цатгалан, санаа амар, жаргалдаа ташуурч байсан улсын байдалтай.

Амин, дахин манж үгээр
- Някура! сөгд! хэмээн тушаана. Дагасан ноёд цөм нэг зэрэг босоцгооно.

Дахин някура гэж тушаахад, ноёд бас сөгдөж гурав дахин мөргөнө.
Ингэж гурав дахин сөгдөж, ес дахин мөргөн, доромжлолт ёслолыг гүйцээсний дараа Амбагай хаан:
- Эдний зэвсгийг өгүүл! гэж огцом дуугаар тушаана.

Манж цэргийн нэг жанжин, монгол ноёдын зэвсгийг буцааж өгөхөд, сөгдөн хүлээж авна.

Амбагай, морийг хөдөлгөн дагалдсан манж жанжны хамт цаашаа явна.

Гэнэт, цан хэнгэрэг, бүрээ бишгүүрийн дуу сонсогдоно. Амбагайн унасан морь, энэ гэнэт гарсан чимээнээс үргэнэ. Амбагай, морио ташуурдан зандарч,

- Энэ юү вэ? гэж сонирхон үзвэл, түүний өмнө хэлхийсэн том дээлтэй, их сонин янзын гутал, малгайтай, үс сахлыг хуссан, чавганц царайтай нэг бүлэг хачин хүмүүс зогсжээ. Зарим нь, урт бүрээ үлээж цан хэнгэрэг цохино.

Доргон бээл, урагш давхиж, гараар дохимогц, тэр хөгжим зогсож, нэг лам бусдын өмнө гарч ирээд Амбагайн өмнө сөгдөж, өндөр дуугаар айлтгана.

- Цастан Төвдийн орны их далай ламын элч, сүр хүч бүрдсэн тэнгэрлэг цэцэн хаанд бараалхаж ирлээ...

Гэсэнд Амбагай хаан, нүднийхээ булангаар тэр ламыг харж толгой дохин зөвшөөрч,

- Миний асарт бараалхуул гээд цаашаа явна.

Хааны өөдөөс урагшлуур багийн нэг бүлэг цэргийн түрүүнд цэргийн занги давхин айсуй.

Тэр цэргийн занги давхиж ирмэгц морины амыг татаж үсрэн бууж сөгдөнө. Хаан, түүний өмнө аажмаар  хүрч ирээд,

- За, Раш, Лигдэн хаан яасан бэ? гэвэл өмнөө Раш үхэх аюулыг олонтаа үзсэн цэрэг эрийн хурц харцаар эзний өөдөөс ширтэн:

- Бид түүний хурдан морийг гүйцэж чадсангүй, манай морь эцжээ...гэсэнд манж хаан Раш руу хүйтнээр харж

- За тэгвэл Чингис хааны тамга хаа байна? гэвэл Раш, хааны ширүүн харцнаас эмээж, нүд нь хальтарч,

- Бид олж чадсангүй гэж шивнэнэ.

Хаан гэнэт сөөнгө хоолойгоор зандарч,

- Чанга хэл! Чингисийн тамга яасан бэ? гэнэ.

Цэргийн занги, хатуужин зүрхлээд

- Бид, Чингис хааны тамгыг олж чадсангүй гэнэ.

Тэгээд нэг хэсэг чимээгүй болно. Эзний морины янцгаах нь сонсогдоно...Амбагай, хүйтнээр өгүүлнэ.

Миний ачит эцэг Нурхач баатар, шагнах нь зүйтэй бол, дайснаа ч шагна, яллах нь зүйтэй бол нөхрөө ч яллах гэдэг сэн. Чи мэдэв үү? гэнэ.

Цэргийн занги толгойгоо дарж,

- За, би мэдлээ гэнэ.

Амбагай хаан, буруу харж,

- Үүний толгойг ав гэж тушаана.

Тэгээд гэнэт ташуураа далайж давхина. Үхэх ял олсон тэр зангийн барайсан царай, бужигнасан тоосонд үзэгдэхгүй болно.

Үүний дараа сүүдэр зураг гарах дэлгэц дээр Лигдэн хааны алжааж зүдэрсэн амарлингуй тунгалаг сайхан царай, хасаг тэрэгний дугуйн эргэх нь аажим болж шархтсан Лигдэн хааны толгой, хивсэн дэрэн дээр үзэгдэнэ.

Дайснаас зайлсан монголын тэр баг цэрэг, аажмаар алхлан явна. Лигдэн хаан нүдээ нээж, тэрэгний хажууд улсын тамга барих сайдаа үзээд,

- Чингисийн тамга хаа байна? гэнэ.

Тамгыг барих сайд,

- Их хаантан, төрийн их тамгыг би хадгалж явна гэнэ.

Лигдэн, түүний зүг хандаж,

- Үзүүл...Би нүдээрээ үзье...гэнэ.

Лигдэн хааныг авч явсан цэрэг зогсож, тамгыг баригч сайд, өврөөсөө, тамгын алтан хайрцгийг гаргаад, нээж, эрдэнийн чулуугаар бүтээсэн сийлмэл бариултай дөрвөлжин тамгыг гаргаж адис аваад, хаанд үзүүлнэ.

Лигдэн хаан өндийж тэр тамгыг ширтэн үзээд дахин хэвтэж,

- За, би тамгыг үзэв. Миний дээдсийн эрдэнийн тамгыг амь мэт хадгал гээд нүдээ анина.

Цэргийн жанжны нам дуугаар захирах нь сонсогдон, тэр бүлэг цэрэг цаашаа хөдөлнө.

САР

Цоохор шар саран чавганц
Цоорхой үүлэн дээлээ хэдрээд
Туяан цагаан таягаа тулан
Тугал олон одон сүргээ туув.
Үүлэн, ноорхой дээлий нь ноолон
Үеэл хөвүүн салхи үлээн наадав.

1927.08.30

 ШӨНӨ

Огторгуйн олон түмэн
Одон хиа дагуулаад
Хан гарудийн дэвэлт-
Харанхуй шөнө буувай.
Орчлонгийн олон амьтан
Огт чимээгүй болбай.
Мөнх туяа мандмал
Мөнгөн цагаан саран гарвай.

1928.05.25

БОРОО

Сэр сэр салхи салхилаад
Шивэр шивэр бороо оржээ.
Хонгор сайхан тэнгэрийн талд
Хонин цагаан үүл билчжээ.
Холын уулын оройгоор
Хурмастын солонго татвай.

1928.06.16


Эвдэрэхүй ертөнцөд
Үүрд мөнх үгүйг
Санаандаа саналгүй
Ухаандаа ойлголгүй
Сэтгэлийн нөхөр гэж
Сэвгүй санавай Би
Чин үнэн нөхөр гэж
Чамайгаа санавай Би

1928.06.16
 

Биеэрээ хүрэх чадал
Биед минь үгүй боловч
Хан гарудийн дэвэлгээр
Харь холын газар нисэгч
Сааталгүй санаа минь
Сайн нөхөртөө очно.

1928.07.

 
Хол боловч ойр билээ
Хонгор сайн нөхөр минь
Хорвоо ертөнц ийм ажээ.
Ойр боловч хол билээ
Оюут сайн нөхөр минь
Орчлон ертөнц ийм ажээ.

1928.09.11

 
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив