Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Улс төрийн тогтолцооны ялзрал
2015 оны 12 сарын 25 [Уншсан тоо: 75859]

 Аж үйлдвэрийн хувьсгалаас ардчиллын даяаршил хүртэл

 ФРЭНСИС ФУКУЯМА

 Улс орнууд хэрхэн тал татаагүй, хүчтэй, хариуцлагатай улс төрийн инстүүцтэй болдог юм бол? Эл асуултад хариулт хайнгаа Фрэнсис Фукуяма биднийг Францын хувьсгалаас Арабын Хавар болон өнөөгийн Америкийн улс төр дэх бугшсан гажуудлууд руу аваачих агаад төр хэрхэн хөгжиж, ардчилал хэрхэн мандсан зураглалыг толилуулах болно. Авлига хэрхэн засаглалд нөлөөлдгийг болон зарим улс үүнийг үндсээр нь хэрхэн булга татан үгүй хийснийг шинжлэн судлахдаа тэрбээр Латин Америк, Африк, Азийн колоничлол хойноо ямархуу ялгаатай өв үлдээснийг сөхөн бэдэрсэн ба энэ бүхэн яагаад зарим бүс нутгийнхан цэцэглэн хөгжсөн байхад бусад нь байгаа газраа шигдэн үлдсэн буюу иргэний мөргөлдөөнд тэс үсэрсний учир шалтгааныг болор мэт тунгалаг харуулах ажээ. Түүнчлэн тэрбээр дэлхий даяар дундаж давхарга өсөн өндийж байгаа ийм эринд ардчилал болон Баруунд буй ужгирсан улс төрийн саажилтыг ямар ирээдүй хүлээж байгааг зоригтойёо таамаглажээ.

Эл ном болбоос улс төрийн тогтолцоо хэрхэн үүссэн, хувьссан хийгээд улс төрийн инстүүцүүдийн ялзралын тухай өгүүлсэн түүний Улс төрийн тогтолцооны сурвалж хэмээх лунжгар бүтээлийн дараагийн боть юм. Ном журмаараа ажилладаг орчин үеийн төр бий болгохын төлөө тэмцлийн талаар өргөн цар хүрээтэй, оновчтой өгүүлсэн энэхүү Улс төрийн тогтолцооны сурвалж ба Улс төрийн ялзрал зохиолууд нь сонгодог бүтээл хэмээн тооцогдох нь дамжиггүй.

 “Бишрэм бүтээл... Зотон нь асар өргөн агаад санаархал нь аугаа өндөр ажээ”

Дэвид Маркуанд, Нью-Стэйтсмэн

“Ардчилагч ч, дарангуйлагч ч үүнийг унших хэрэгтэй”

Доминик Лаусон, Сандэй Таймс

“Бидний цаг үеийн тэргүүлэх сэхээтний лут бүтээл”

Майкл Линд, Нью Йорк Таймс-ын номын тойм

 

Улс төрийн инстүүцүүдийн хөгжилд Францын хувьсгалын нөлөө

 XXI зууны хоёр дахь аравны эхээр өрнөж буй санаанд багтамгүй үзэгдлүүдийг авч үзье.

2013 онд хүнд зэвсгээр зэвсэглэсэн зэвсэгт дайчид Ливийн Ерөнхий сайд Али Зэйданыг хулгайлан төлбөр нэхэв. Өөр нэг зэвсэгт дайчид харин тус улсын экспортын бараг цорын ганц эх үүсвэр болох газрын тосны үйлдвэрлэлийн дийлэнх хэсгийг зогсоов. Харин өөр хэсэг дайчид Бенгазид суугаа АНУ-ын Элчин сайд Кристофэр Стивэнсийн амь насыг бүрэлгэсэн ба нийслэл Триполид орж ирснийг нь эсэргүүцэн жагссан жагсагчдыг буудаж хөнөөв.

Арабын Хаврын анхны жил болох 2011 оноос анх байгуулагдахад нь НАТО нэлээд дэмжин тусалж байсан эдгээр зэвсэгт бүлэглэлүүд тус улсыг удаан хугацаанд дарангуйлсан Муаммар Каддафиг эсэргүүцэн, түүнийг түлхэн унагасан юм. Авторитар засаглалуудын эсрэг тэмцэл тэр жил ганцхан Ливид ч биш, бас Тунис, Египет, Йемен, Сири болон илүү их ардчиллыг хүсэмжилсэн Арабын бусад оронд ч дэгдсэн. Гэсэн хэдий ч, хоёрхон жилийн дараа харахад Европ, Хойд Америкийнх шиг ардчилал алсын зүүд зэрэглээ бололтой. 2011 оноос хойш Ливи орон шинэ үндсэн хууль батлах үүрэг хүлээсэн сонгуулийн парламентын зүг тээнэгэлзэнгүй хэд алхсан. Гэлээ ч өдгөө ингээд харахад, тус улсад тулгамдаж буй хамгийн гол асуудал нь – тэнд төр алга байна. Өөрөөр хэлбэл, тодорхой газар нутагт энх тайван тогтоож, дэг журам, хууль сахиулах, төвлөрсөн эрх мэдэлтэй хууль ёсны байгууллага үгүй байна.

Африкийн бусад хэсгүүдэд засаглаж байна хэмээн цаасан дээр тунхаглаж байгаа ч арай ч Ливи шиг эмх замбараагүй болчихоогүй улсууд байсаар. Гэхдээ тэд маш сул. Туйлшруу үзэлт лалын бүлгүүд Өмнөд Ази, Ойрхи Дорнодоос хөөгдөн гармагцаа Мали, Нигер, Нигери, Сомали зэрэг сул төртэй орнуудад очин майхнаа хатгацгааж байна. Тэдгээр орнууд үсрэнгүй хөгжиж буй Зүүн Азийн орнуудаас орлого, эрүүл мэнд, боловсролын хувьд тийм дор байгаа нь хүчтэй төр байхгүйтэй шууд холбоотой байж болох юм.

Өнгөрсөн энэ хугацаанд АНУ-ын санхүүгийн секторт мөн маш сонин үйл явдал өрнөсөн. Улс төрийн шугамын хэмжүүрээр үзвэл АНУ уг нь Каддафийн Ливиэс 180 хэм ялгаатай. АНУ маш сайн инстүүцчилэгдсэн, данхайсан том төртэй бөгөөд бүтэн хоёр зуун дамжсан, хангалттай гүн суусан ардчиллын өвтэй. Гэлээ ч эл төр хүртэл тийм ч сайн ажиллахгүй байгаа ба шалтгаан нь тэрбээр хэт-инстүүцчилэгдсэнд байгаа бололтой.

2008 оны санхүүгийн хямралын өмнө тус улсын тавин муж тус бүрт банк, санхүүгийн хяналт тавигчид ажиллаж байсны дээр улс орны санхүүгийн байгууллагуудыг бүхэлд нь хянан удирддаг хэдэн арван холбооны[1] түвшний агентлаг ажиллаж байлаа. Ийм нүсэр хяналт, зохицуулалтын тогтолцоотой атал АНУ-ын засгийн газар нүүрлэн ирж буй лүглийсэн моргэйжийн зээлийн хямралыг урьдчилан харж чадаагүйгээс банкууд хэт их зээл гаргасны дээр зохих ёсоор үнэлэх аргагүй, хэт нарийн ээдрээтэй үнэт цаасны системд орооцолдсон сүүдрийн банкны систем үүсгэчихсэн байжээ. Зарим сэтгүүлч эл хямралын бурууг шууд л засгийн газрын хэрэгжүүлдэг Фанни Маэ, Фрэдди Мак зэрэг агентлагууд руу чихдэг юм. Тэд буруутай1. Гэлээ ч моргэйжийн галзуурсан халуурлыг улам даамжруулсан хувийн хэвшлийнхэн өөрсдөө ч бас буруутай. Их хэмжээгээр зээл олгоод нөхөн төлүүлж чадахгүй асуудал үүсвэл төр хүрч ирээд туслах л байлгүй хэмээн том байгууллагууд лазан, хайнга хандсан нь яах аргагүй үнэн. Чухам тийм нөхцөл байдал дунд 2008 оны есдүгээр сард Лэман Бродэрс дампуурлаа зарласан ба эл явдал Их хямралаас хойш АНУ-ын нүүр тулсан хамгийн муухай гүнзгий ангал байсан агаад үүнээс болоод дэлхий дахины төлбөр тооцооны тогтолцоо золтой л бут үсэрчихээгүй.

Гурав дахь үзэгдэл биднийг 2013 оны хавар Түрэг, Бразилд дэгдсэн Арабын Хавар луу аваачна. “Шинээр өндийж буй зах зээлийн эдийн засгууд” хэмээх ангилалд багтдаг эл хоёр улс өмнөх арванд нь эдийн засгийн хувьд хурдацтай хөгжсөн юм. Дарангуй дэглэмт Арабын орнуудаас ялгаатай нь аль аль нь ардчилсан бөгөөд сонгуулийн системтэй. Түрэгт Лалын шударга ёс хөгжлийн нам (Түрэг товчлолоор нь нэрлэвэл АКП) эрх барьж байсан бөгөөд тус намаас сонгогдсон Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоган нь анх Истанбул хотын даргаар улс төрийн гараагаа эхэлсэн юм. Бразилын ерөнхийлөгч харин 1964-1985 оны хооронд цэргийнхэн төр барьж байх үед шоронд орж байсан Дилма Рүсэф бөгөөд тэрбээр Социалист намаас сонгогдсон билээ.

Ийнхүү эдийн засаг, улс төрийн хувьд бишрэм амжилттай явсан эдгээр орон засаг төрөө эсэргүүцсэн олны эсэргүүцэлд түрхэн хугацаанд автан үймсэн юм. Түрэгт эсэргүүцэл өдөөсөн асуудал нь Истанбул хотын нэгэн паркийг улс худалдааны төв болгохоор шийдсэн явдал байлаа. Энэ нь, хэдүй ардчилсан замаар сонгогдсон ч Эрдоган хүчээр түрж, Түрэгийн залуу үеийнхний сонголт, мэдрэмжээс тасарч байгаа лугаа сэтгэгдэл залууст төрүүлэн жигшил дургүйцлийг нь төрүүлжээ. Бразилд харин гол асуудал төр засаг нь наад захын нийтийн үйлчилгээгээр хангаж, авлигын асуудлыг шийдэж чадахгүй байж хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн, зуны Олимпийн наадам зохиоход тэрбум тэрбумаар нь мөнгө зарцуулахаар шийдсэн явдал байлаа.

Эдгээр тэмцлийг хооронд нь холбож буй шижим нь эдгээрээс хоёр жилийн өмнө тохиосон Арабын Хавар бөгөөд үүнийг бараг тэр чигт нь нийгмийн дундаж давхаргынхан өрнүүлсэн юм. Өмнөх үеийнхний хөлс хөдөлмөрийн үрээр цогцолсон эдийн засгийн хөгжлийн үр дүнд дээрх хоёр оронд хоёуланд нь дундаж давхарга шинээр үүссэн ба тэрхүү давхаргынхны тэмүүлэл, санаархал эцэг эхийнх нь үеийнхнээс хамаагүй дээгүүр ажгуу. Тунис, Египетийн эдийн засгийн өсөлт Түрэг, Бразилынхыг гүйцэхгүй л дээ; тийм авч хоёул их дээд сургууль төгсөгч ихтэй бөгөөд тэднийх нь ажиллах мөрөөдөл, сонголтыг дарангуй засгууд нь хяхан хавчиж байсан ажээ. Түүнчлэн Түрэг, Бразил хоёр ардчилсан сонгууль явуулдаг ч тэр нь нийгмийн тогтолцоог эсэргүүцэгчдийн үзэл бодлоо илэрхийлэх хэрэгцээг гүйцэд хангаж чадаагүй юм. Үнэндээ, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд төр засгууд бүр ч илүү үр дүн харуулах хэрэгтэйгээс гадна олон нийтийн хүсэл шаардлага хэрхэн хувиран өөрчлөгдөж байгаад мэдрэмжтэй хандаж байх ёстой ажээ. Хятад орон эдийн засгийн гялалзсан амжилтын өөр нэг түүх. Тийм авч тэр ч бас улам тэлж, өдгөө хэдэн зуун саяар тоологдож буй дундаж давхаргынхаа зүгээс ийм шаардлагатай тулгарч байна. Тэднүүс ньтус орон галзуу хурдан хөгжсөний үр ашгийг хүртэж байгаа хэдий ч, дэлхий даяарх бусад дундаж давхаргынхны адилаар төр засгаасаа улам ихийг хүсч, шаардсаар байна. Эдгээр оронд улс төрийн ямар тогтолцоо оршин үлдэж чадах нь тэдгээр тогтолцоо нь эдийн засгийн өсөлтийн үр дүнд үүссэн нийгмийн шинэ орчинд хэр дасан зохицохоос хамаарах бололтой.

  НЭПКО хэвлэлийн газар



[1]     Орч. Федерал буюу Нэгдсэн улсын түвшний байгууллага. Хэд хэдэн муж буюу нийт 50 мужаа хариуцдаг байгууллага


.

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив