Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Их Пётр
2015 оны 12 сарын 11 [Уншсан тоо: 36092]

 Сүүлийн үед Орост хамгийн олонтаа дурдагдаж буй нэрсийн дотор Их Пётрийн нэр бий. Бүх Оросын анхны эзэн хаан 2008 онд «Оросын нэр» хэмээх теле төсөлд бараг ялангаа алдсан юм.[1] 300 гаруй жилийн өмнө амьдарч байсан хаанд хүмүүс яагаад ингэж их татагдаж байгаа юм бол? Тэрээр «төмөр хазаараар Орос орныг цоройлгосон» учир тэр үү? «Европ тив рүү цонх цавчин гаргасан» учир тэр үү? Полтавын дэргэд шведүүдийг бут цохисны ач гавьяа юу? Петербургийг барьж байгуулсны үр дагавар уу?

Магадгүй, энэ бүхэн нь Оросын анхны эзэн хааны үйл хэрэг, мөн чанарынх нь талаар хүмүүс дутуу дулимаг ойлголттой байдагтай холбоотой байж болно.

Учир нь дундаж орос хүн Аугаа Шинэтгэгчийн тухай 1785 онд герман хэл дээр Яков Штелиний бичсэн Их Пётрийн тухай Москва, Петербургийн хүндтэй хүмүүсээс сонсож, мартагналаас аварсан хөгжилтэй үнэн түүхүүд номоос гол төлөв мэдээлэл авч байв. Штелин 1735 онд Орост уригдаж ирэхэд Пётрийг биечлэн таньдаг байсан олон хүн амьд сэрүүн байсан бөгөөд түүний төр барьж байсан ер бусын он жилүүдийг хангалттай сайн санаж байжээ. Залуу насны дурсамж, түүх бүтээлцэхэд гар бие оролцсоноо илэрхийлэх хүсэл нь хүүрнэгчийг өнгөрсөн үеийн тааламжгүй явдлуудыг мартагнуулж, гагцхүү баатарлаг үйл, эсхүл зугаатай явдлыг уяран хайлан өгүүлэхэд хүргэдэг нь жам юм. Оросын анхны эзэн хааны тухай сонссон яриа, хүүрнэлийг Штелин өөрийн номдоо оруулсан байв.

Мөн ийм нөхцөл байдлын улмаас хааны хувийн зорогчийн хүү Их Пётрийн тухай А.К.Нартовын бичсэн өгүүллэгүүд хэмээх номыг уншигчдын гар дээр тавьсан байна.

Эдгээр түүхийн дийлэнх нь домгийн шинжтэй болохыг судалгаа тогтоосон байдаг. Үүний эх сурвалж нь эзэн хааны амьдралыг судалж байсан арай хожуу үеийн судлаачдын мэдээлэл болсон бөгөөд хэвлэн нийтлэгч нь утга зохиолын чамгүй боловсруулалт хийдэг байв. Энэхүү домгууд төрөн гарсан нь захиалгын шинжтэй байсан гэж итгэл төгс хэлж болно.

Их Пётрийн тухай дурсамжууд хөгжилтэй түүх хэлбэрээр түгжээ. Амьдралд тохиолдсон зугаатай явдлуудыг тухайн үед ингэж нэрлэдэг байв. Пётрийн тухай домог, хөгжилтэй түүхүүд маш олон хувилбараар түгэж, өнөө үед нэг ёсондоо цаг хугацаагаар шалгагдан баталгаажсан, байж болох цор ганц хувилбар болон тогтжээ.

Гэхдээ аль ч цаг үед хөгжилтэй түүхүүд нь заавал үнэн байх албагүй байдаг.

I Пётрийг тахин шүтэх хандлагыг түүний охин, «Пётрийн оч», хатан хаан Елизавета[2] хаан ширээнд заларсан 1741 оноос олон нийтийн ухамсарт суулгах оролдлого хийх болжээ. Шинэ Оросыг бүтээгч, ялагдашгүй дайчин, цэцэн билигт хууль тогтоогч, улс орныг хөгжил дэвшлийн замаар замнахад саад болж байсан үеэ өнгөрөөсөн бүхнийг таягдан хаясан Пётрийн дүрийг бүрэлдүүлэхэд Елизавета ихээхэн нөлөөлжээ. Алексей Михайлович[3], Фёдор Алексеевич[4] нарын өмнөх хаадын үед нэвтрүүлсэн олон шинэлэг зүйлийн талаар эсвэл дурддаггүй, эсвэл цаг хугацааг нь хойшлуулж, I Пётрийн үед хийгдсэн мэтээр бичих болов. Тухайлбал, «бүхий л ажилд зэрэглэлийг тооцохгүй» байхыг бүр Борис Годунов[5] шаардаж байсан бол Оросын амьдралын практикт Фёдор Алексеевич нэвтрүүлсэн, гэтэл энэ нь Шинэтгэгч Пётрийн нэртэй холбогдон гарч ирдэг.

II Екатерина[6] өөрийн багш, үзэл санааны өмнөх хүн гэж тунхагласан Волтэрт I Пётрийн түүхийг бичих захиалга өгч байжээ. Өөрт нь өөрийн хувийн гайхамшигтай чанаруудыг улс орныг цаашид шинэтгэх бүрэн эрхийн хамт гэрээсэлсэн I Пётрийн тухай Эх орны эцэг мэт төсөөлөл бүрдүүлэхийн тулд Екатерина төрийн домог бүтээх зорилго агуулж байв.

Элэнцээ магтан өргөмжлөх нийгмийн зуршлыг I Николай Павлович[7] хаан олон жилээр тодорхойлсон байдаг.

Николай хааны үед бүтээгдсэн Оросын анхны эзэн хааны ёслолын хамтын хөрөгт нэг ч хар будаг байсангүй. Энэ бол цэцэн хаан, шударга буянтан, ёс суртахуунтай эр нөхөр бөгөөд түүнд харьяат албатаа мөлжиж, сүм хийдийг дээрэмдэж байсан хүний үнэргүй дарлагчтай холбоотой юу ч үгүй. Гэтэл тэр хүн маш хонзорхог учир цаазлагдсан бууч цэргүүдийн цогцсыг олон жилийн дараа ухаж гаргаад, талбай дээр дүүжлэхийг тушааж байсан, төрсөн хүүг нь тамлаж байхыг харж таашаал авдаг байсан этгээд. Шэкспирийн эмгэнэлт жүжгийн дүр Просперо, Калибан хоёрыг өөртөө нэгтгэсэн Их Пётрийн дүрийг бус, харин түүнийг тахин шүтэх загварыг цаг үе боловсруулсан нь зуун дамжсан төрийн домгийн нэн чухал шинжлэг чанар болжээ. Пётр бол дарангуйлагч биш, харин цэцэн удирдагч. Пётр бол улс үндэстнийг байгуулагч хийгээд нэгтгэгч. Түүний харцан доор шинэ бүхэн хуучныг бүхий л илрэлд нь зайлшгүй ялна. Түшмэдийн ад шуналыг ч, «дорой бусад»-ыг энэрэх хэмжээ хязгааргүй, зохисгүй хандлагыг ч хууль цааз хязгаарлаж, ялан дийлнэ. Урьд нь хааны хайр хишгийг хүртэж байсан Н.В.Кукольник нэгэн өгүүллэгтээ Пётрийг ардын хаан мэтээр дүрслэхэд Николай зандарсан байна. Учир нь тэрээр элэнцээ өөрийн нэг адил нийт үндэстний хаан мэтээр хүлээн авдаг байв.

Николай хааны тааллыг хүртэхийн тулд бичгийн хүмүүс Пётрийн домгийг бүтээлцэхэд гар бие оролцох болов. Энэ талбар дээр тухайн үедээ хүлээн зөвшөөрөгдсөн Е.В.Аладьин, А.П.Бащуцкий, К.П.Масальский, П.Р.Фурман, тэр ч байтугай декабрист[8] А.О.Корнилович нар хүч сорьж байлаа.

Өнөө цагийн орос хүмүүсийн ихэнх нь I Пётрийг Алексей Толстойн[9] төрийн захиалгаар бичсэн ижил нэртэй романаар нь танина. Авьяаслаг «улаан гүн» Толстой зөрчилтэй, гэхдээ хүчтэй хувь хүний дүрийг бүтээжээ. Түүний баатар ухаалаг, шинэ юм мэдэх дуртай, мөчөөгөө өгдөггүй, заримдаа шаардлага гарвал харгис боловч угтаа сайхан сэтгэлтэй. Гайхамшигтай стратегич, нарийн мэдрэмжтэй улстөрч, шинэ, дэвшилтэт бүхэн рүү татагдсан хүн, хуучинсаг, зогсонги бүхний эвлэршгүй дайсан, цаг ямагт улс орныхоо сайн сайхан, ард түмнийхээ хэрэгцээ шаардлагад санаа зовнин явдаг удирдагч. Хорон санаатай Анна Монсод үнэнч, сэтгэлийнхээ гүнд бадрангуй үзэлтэн тэрээр Мария Скавронская хэмээх жирийн лифлянд[10] бүсгүйд дурлаж, урам орж, хууль ёсны эхнэрээ, хатан хаанаа болгохоор зориг шулуудна. Орос орноосоо тэрээр юугаа ч харамлаагүй, улс орныг арагш, Дундад зууны харанхуй бүдүүлэг ахуй руу татаж байсан ганц хүүгээ ч хайрлаагүй.

Нэг ийм сэтгэл татсан, үл ялиг цочир галзуу амьтан, гэхдээ сайхан сэтгэлтэй, ард түмнийхээ төлөө санаа зовнисон хүний дүр гарч ирж байгаа юм.

Ийм төсөөллийг төр засаг бодлогоор бүрдүүлж байв.

Николай хааны үед зохиолчдын оролцоотой бий болгосон, Орос орны хувьд үйлийн үртэй төрийн домгийг Зөвлөлүүдийн орны ухуулга сурталчилгаа шүүрэн авсан нь гайхалтай. «Хамгийн гол урлаг болох кино» Эх орныхоо төлөө амиа өргөсөн «ардын» хааны дүрийг олон түмэнд хүргэж байлаа. А.Толстойн романаар бүтээсэн уран сайхны кино Зөвлөлтийн хүмүүсийн олон үеийг хүмүүжүүлсэн байдаг.

Зохиолч романаа дуусгаагүй учир «Их Пётрийн олон үйл хэрэг» кадрын цаана үлдсэнийг тэмдэглэх нь зүйтэй. Пётрийн тухай бичиж эхэлсэн боловч түүхэн баримтуудыг судлах тусам энэ санаанаасаа татгалзсан А.С.Пушкиний араас «улаан гүн» оржээ. Тэр бүхэн тийм хүнд, аймшигтай, жигшүүртэй байжээ. Гэхдээ олон хүн Залуу Орос орон олон ангит кино (зарим нь А.Гэрманы муугүй номыг нь ч уншсан), мөн Их Пётрийн негр киноноос аливаа төрийн хуйвалдааныг бут цохиж, гэгээлэг ирээдүйг цогцлоож буй шударга хааны дүрийг олж үзсэн. Газар орны байдал, дотор талын засал, дүрүүдийн хувцсыг удтал дүрсэлж, харилцан яриаг чадан ядан гаргаж, царай зүсний хувирлыг зохиох гэж оролдсон Зөвлөлтийн болон Зөвлөлтийн дараах үеийн хуурмаг уран зохиолын бүтээлүүдийн тухай ярилтгүй. Тэдгээр бүтээлд Пётр нь хаадын хаан, алсын хараатай, цэцэн, хүнлэг, шударга удирдагч, ялгуусан стратегич, суут тактикч, түүний үйлдлийг дээд тэнгэр залах мэт бөгөөд алдаа гаргана гэж ер үгүй.

Догшин Иваны[11] уламжлалыг залгамжилсан Пётрийн үеэс «хүнэнцэр»-үүдэд тоомжиргүй хандах хандлага газар авчээ. Тэдний амь нас бол бүрэн эрхт удирдагчийн урдаа тавьсан аугаа зорилгын дэргэд юу ч биш. Байлдааны ялалт, флотын бүтээн байгуулалт, Петербургийг үндэслэсэн явдал гээд Пётрийн үеийн бүхий л үйл явдал нь ихэнхдээ хэмхэлсэн хувь заяагаар хэрэгжиж байсан бөгөөд Орос оронд асар олон хүний хохирол авчирчээ. Эх түүхээрээ, гарамгай зүтгэлтнүүдээрээ, Оросын ард түмний хөдөлмөрч, тэвчээртэй зангаар бахархах ёстой ч, хэрэгтэй ч. Гэхдээ түүхэн баримт, бодит явдлуудыг бүрэн огоорч, жигтэй хийгээд харгис хүнийг Сэргэн мандалтын үеийн бараг л хамгийн гэгээрсэн эзэн мэтээр бичиж, улс орны бэлгэ тэмдэг болсон хааныг өв тэгш болгох шаардлага байхгүй л болов уу.

Пётрийн улс төр, цэрэг-дайн, захиргааны үйл ажиллагааны тухай далай болохуйц олон зохиол бичигдсэн тул энэ талаар дэлгэрэнгүй өгүүлэлгүй түүнийг хувь хүн болох талаас нь авч үзвэл сонирхолтой. Бодит амьдрал дээр тэрээр ямар хүн байсан бэ? Хувь хүний, ялангуяа ийм том цар хүрээний төрийн зүтгэлтний шинж чанарууд үйл ажиллагаанд нь ул мөрөө үлдээхгүй байна гэж үгүй.

Пётрийн хувийн амьдралын тухай мэдээллүүд тэр үеийн бичиг баримтууд, дипломат захидал харилцаа, дурсамж, дуртгалуудад бараг анзаарагдамгүй шахам орсон байдаг. Өчнөөн олон жил өнгөрсний дараа үнэнийг зохиосон зүйлээс ялгаж салгахад хүнд. Пётрт зориулсан маш олон тооны судалгаанд зохиогчдын үзэл бодол, хийсвэл үнэлгээ нь түүний аливаа үйлдэл, хэргийг тайлбарлахад ямар нэг байдлаар шингэсэн байдаг. Одоогоор буй баримтуудаас нэг ерөнхий дүр зураг гаргах оролдлогыг энэ номд хийсэн болно. Уг оролдлогыг Романов династи Оросын хаан ширээнд заларсан тэр үеэс эхлэх нь зүйтэй. Их Пётрийн эргэлтийн шинжтэй, урт удаан бөгөөд хувь тавилан шийдсэн хаанчлалаар Романов династи өөрийгөө үндсэндээ шавхсан юм.

НЭПКО хэвлэлийн газар

 


[1]   «Оросын нэр» - «Россия» теле сувгаас интернэт-хэрэглэгчид, телевиз үзэгчид, радио сонсогчдын дунд 2008 онд явуулсан Орос орны түүхэнд холбоотой нөлөө бүхий хүмүүсийг тодруулах зорилготой төсөл-судалгаа. Невийн Александр 524 575 санал авч тэргүүлсэн бол I Пётр 448 857 саналаар 5-рт жагсчээ.

 [2]  Елизавета I Петровна (1709.2.12-1762.1.5) - Оросын хатан хаан (1741 оноос).

[3]  Алексей Михайлович (1629.3.29-1676.2.8) - Оросын хоёр дахь хаан (1645 оноос).

[4]  III Фёдор Алексеевич (1661.6.9-1682.5.7) - Оросын хаан (1676 оноос).

[5]  Годунов Борис Фёдорович (1552-1605.4.13) - язгууртан, I Фёдор Иоаннович хааны баз, 1587-1598 онд Орос орныг үндсэндээ захирч байсан, 1598 оноос Оросын хаан.

[6]  II Екатерина Алексеевна (София Аугуста Фредерика фон Анхалт-Цербст-Дорнбүрг, 1729.5.2-1796.11.17) - Оросын хатан хаан (1762 оноос). Германы жижигхэн улс Анхалт-Цербстын вангийн охин. Нөхөр III Петрийн эсрэг чиглэсэн төрийн эргэлтийг толгойлж, хаан ширээнд гарсан. «Аугаа» хэмээн алдаршсан.

[7]  I Николай Павлович (1796.7.6-1855.3.2) - Оросын эзэн хаан (1825 оноос).

[8]  Декабрист - 1810-аад оны 2-р хагас - 1820-иод оны 1-р хагаст Орост газар авсан сөрөг хүчний хөдөлгөөнд оролцогч. Хэмжээгүй эрхт хаант засаг, хамжлагат ёсны эсрэг чиглэсэн тэдний бослого 1825 оны арванхоёрдугаар сарын 14-нд дэгдсэн учир ийн нэрлэгдэх болжээ.

[9]  Толстой Алексей Николаевич (1883.1.10-1945.2.23) - Орос-Зөвлөлтийн зохиолч. Гүнгийн Толстой овгоос гаралтай, гүн. Сталины нэрэмжит нэгдүгээр зэргийн гурван удаагийн шагналт.

[10] Лифлянд - одоогийн Латви, Эстонийн газар нутаг дээрх түүхэн аймаг.

[11] IV Иван Васильевич (1530.9.3-1584.3.28) - Москва хийгээд Оросын их ван (1533 оноос), Бүх Оросын анхны хаан (1547 оноос). Түүхэнд «Догшин» хэмээн алдаршсан.

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn