Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Энх Амгалан хаан
2015 оны 10 сарын 26 [Уншсан тоо: 50694]

Төрийн захиргааны хотын хэсэг нь орон нутгийн үйл ажиллагааг хянаж удирддаг байжээ.

Энх Амгалангийн үед ихэвчлэн тус бүрдээ тэргүүнтэй 18 орон нутгийн муж байсан. Муж бүрийг Төвшитгөгч сайд захирч, түүний дээр хоёр гурван мужийг нэгтгэн захирах Ерөнхий Захирагчийг тавьсан байв. Муж бүр фү (тухайн үеийн засаг захиргааны нэгж)-д, фү бүр сянь-д хуваагдана. Тухайн үед ойролцоогоор 1 500 орчим сянь нэгж байжээ. Тэр үеийн Хятадын хүн ам 150 сая байсан бөгөөд дунджаар сяньгийн даргад 100 000 хүн харьяалагддаг байв. Эдгээр сянь нэгжүүд бол хамгийн доод түвшний удирдлага бөгөөд жилдээ 90 сая мү (1 мү нь 693.6 м2-тай тэнцэнэ) тариалангийн талбайгаас 27 сая мөнгөн зоосны татвар цуглуулах үүрэгтэй байлаа. Сяньгийн дарга нь мөн хууль дүрэм, дэг журмыг сахиулан хэрэгжүүлэх үүрэгтэйгээс гадна Күнзийн сургаал судалсан залуу суралцагчдыг ажилд сонгон авдаг байсан. Күнзийн сургаал номлол бол Хятадын төрийн байгууламжийн нэгэн онцлог шинж билээ. Орон нутгийн хөтөлбөрийг дүүргээд улсын хэмжээний шалгалт өгөх эрхтэй болно. Уран зохиолын шалгалтыг давсан сурагчдыг “шюцай (оюутан)” хэмээн нэрлэж, харин мужийн түвшний шалгалтыг давбал “жюрэнь” хэмээн нэрлэдэг байжээ. Гурван жилд нэг удаа болдог шалгалтанд ойролцоогоор хоёроос гурван зуун жюрэнь тэнцэж жиньши (орогсод) болох бөгөөд эдгээр жиньши нараас шилэгдсэн нь үргэлжлүүлэн Күнзийн сургаалын гол төв болох Ханьлин Академи (Бичгийн Утгачийн Хүрээлэн)-д суралцаж, мөн уран зохиолын ажил хийдэг байлаа. Ихэнх жюрэнь болон бараг бүх жинши нь хотын болон орон нутгийн захиргаанд өндөр дээд алба хашина.

Энх Амгалангийн хувьд “Засаглал” гэдэг нь нийт эдийн засаг болоод боловсролын тогтолцоог хамруулж үзэхээс гадна, сайд албатуудын үүрэг хариуцлага, амь насыг хүртэл хамаардаг байв. Түүний засаглалын үзэл бодлын хамгийн гол жишээ бол 1673 онд дэгдэж 8 жил үргэлжилсэн тариачдын дайн буюу “Гурван Ванлигийн бослого” нэрээр алдаршсан дайн байв. Манж нартай нийлж Мин улсаа мөхөөсөн тэр “Гурван Ван” гэгч нь Ү Сангүй, Шан Жишинь, Гэн Жинжун нар байжээ. Тэд 1644 оны дараа манжуудтай эвсэн өмнөд Мин гүрнийг түлхэн унагаасны төлөө ихээхэн шан харамж хүртэж, Хятадын баруун болон өмнөд хэсэгт томоохон газар нутгийг эзэмших болжээ. Тэд ийнхүү бараг л өөрсдийн эзэнт гүрэнтэй болоод авчээ. Сайд албатуудтайгаа урт хугацаанд маргасны эцэст 1673 онд Энх Амгалан Ү Сангүй болон бусад хоёр этгээдийг газар нутгаа орхин Ляодун руу шилжин суурьшихыг шаарджээ. Энэхүү шийдвэр нь түүний сайдуудын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч, урт хугацааны дотоодын хямрал өдөөж, бараг л

Энх Амгаланг хаан ширээнээс нь унагаах шахсан байна.

Хэдийгээр бослогыг 1681 онд бүрэн дарсан боловч, Энх Амгалан энэхүү иргэний дайны талаар үргэлж бодлогоширч, юм л болбол хэцүү шийдвэр гаргалтын жишээ болгож үүнийг дурддаг байлаа. Түүний цэрэг армийн хойрго байдал уур хилэнг нь бадрааж, энгийн ард дайны хөлд үрэгдэж буй нь түүний сэтгэлийг шархлуулж байлаа. Тийм болохоор дайн дууссаны дараа бослогын удирдагчдыг хатуу чанд цээрлүүлэхийг тэрбээр тушааж байв. Гэвч энэ бүхэн “Байцаан шийтгэх хууль”-нд захирагдах учир түүний хүслээр шийтгэх аргагүй байлаа. Тухайн үеийн Хятадад ёс журам ямар чанга байсны жишээ бол энэ юм. Хуул журам нь ихээхэн ухаалаг бүтэцтэй бөгөөд орон нутгийн сайд дарга нарын тайлбарыг юун түрүүнд сонсдог байв. Хуулийг тогтвортой хэрэгжүүлэх, татвар хураалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох үүднээс 1712 онд “Дин” хэмээх татвар хураах албыг байгуулсан. Энх Амгалан хаан өөрөө улс гүрний хөгжин цэцэглэх үндэс суурь бол үр ашиггүй төрийн зардлыг бууруулах явдал хэмээн үзэж, ирээдүйд үр ашигтай байх жишиг стандартыг баталж байжээ.

“Бодрол” хэмээх гуравдугаар бүлэгт бид эзэн хааны ердийн үйлдэл зан аашийн тухай бус шинэ соргог бүхэнд хандах түүний тодорхойлж боломгүй санаа бодлын талаар харуулна. Энх Амгалангийн үзлээр бодол санаагаа амжилтанд хүргэхийн тулд нээлттэй, уян хатан байх ёстой ажээ. Энэ нь тогтсон онол суртахуун, ёс журамтай огт адилгүй байлаа. Тэрбээр үргэлж Күнзийн “Шүүмжлэл өгүүлэл”, Арга билгийн ухаан, “И Жин” хэмээх “Зурхайт судар” болоод Сүн улсын алдартай сэтгэгч Жүшигийн онол сургаалаас байнга ишлэдэг байв. Гэвч эзэн хаан өөрөө гүн гүнзгий сэтгэгч байсангүй. Түүний гол онцлог бол хэтийдсэн сониуч зан бөгөөд аливаа зүйлс хэрхэн бүрэлдэж, хэрхэн хувирахыг ихэд сонирхдог байв. Тэрбээр Механикийн ухаан, Одон орон, Уран зураг, Гэрэл зүй, Анагаах ухаан, Хөгжим, Тооны ухаан зэрэг олон янзын салбарыг сонирхон судалж байснаас гадна эдгээр болон бусад салбар шинжлэх ухааны холбогдолтой ном зохиол, нэвтэрхий бичиг бүтээхэд ихэд санаа тавин дэмждэг байжээ. Күнзийн бунханд зочлох үедээ хэчнээн хичээнгүйлэн мөргөл үйлдэж байснаас, Папын элчтэй уулзахдаа хэчнээн уурлаж дүрэлзэж байсан ч шинэ мэдлэг мэдээлэл авах гэж хичээж байснаас бид түүний туйлбартай чигч эрдэм мэдлэгийн тэмүүллийг харж болно.

 
НЭПКО хэвлэлийн газар

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив