Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Батмөнх
2015 оны 9 сарын 29 [Уншсан тоо: 31724]
 

 БАТМӨНХ БА АРДЧИЛАЛ

Нэпко хэвлэлийн газар, Хүмүүн хорвоо нийгэмлэг хамтран ХХ зууны “Түүхэн эрхмүүдийн цадиг” хэмээх цуврал ном гаргаж байгаа билээ. Энэхүү цувралын эхний ботиуд Чойбалсан, Нацагдорж, Бодоо, Дамдинсүрэн, Чин Ван Ханддорж, Намдаг нэрээр дахин хэвлэгдэн худалдаанд гарлаа.

Энэ удаад бид БАТМӨНХ намтар номыг уншигч та бүхэндээ хүргэж байна.


 

Монголд ардчилал гарцаагүй нүүрлэж, МАХН-ын төр, засаг ганхаж эхлэв. Гадаад талдаа СССР-т байдал сайжирсангүй. Ардын депутатуудын их хурал гэдгээр анхны байнгын парламентаа байгуулж, перестройка-гийн нэрийн дор сталинизмыг бүр мөсөн булшлав. БНАГУ бүрэн дампуурч, Чех, Унгар, Польш, Болгарт сталинч дэглэмүүд дараалан унаж, засгийн эрх ардчилсан хүчний гарт шилжсэн ба Румынд коммунист дарангуйлагчийн эсрэг цуст бослого дэгдэж дарангуйлагчийг эхнэртэй нь цаазлав. Энэ бүхэн социалист хамтын нөхөрлөлийн идэвхтэй гишүүн - Монголын улс төрд шууд халдварлан өвчлүүлэв. Дэлхийг доргиосон антикоммунист хувьсгалаас Монгол орон бултан зайлах бололцоо байсангүй.

 

5.1. “Хүчит шуурганы өмнөх нам гүм”

Гарчиг маань яг нам гүм гэсэн тэр утгаар хэлэгдээгүй, хашилтан дотор авсныг анзаараарай. Нэг л юм болох нээ гэсэн санаа. Сайнаар ч, муугаар ч монголчууд нийгмийн нэг томхон үйл явдлыг нийтээрээ зөгнөж байлаа. Улс оронд улс төрийн томхон радикал   өөрчлөлт хэдийнээ бугшсаныг сэтгэлээрээ мэдэрцгээж байв. “Дээдэс нь хуучнаараа удирдаж чадахгүй, доодос нь хуучнаараа удирдуулж чадахгүй” гэсэн логик гарцаагүй нүүрлэснийг 1989 оны хавар, зун, намаржингаа тэсэн ядан хүлээлээ.

Горбачевын тойрон хүрээлэгчдийн дотроос сөрөг хүчин төрөн гарч, түүнийг Борис Ельцин толгойлов. Намынх нь нэр хүнд айхтар доройтжээ. Үнэндээ Сталин, Берия, Брежнев нарыг ЗХУКН л төрүүлснээс бус тэд тэнгэрээс бууж ирээгүй юм. Тэд жолоо цулбуураа алдталаа дургихад харин өмгөөлөгч нь нам байсан. Ийм учраас “Генсекүүд тонилцгоо! Төрт ёсыг тогтооё!” гэсэн уриа нийгэмд түглээ.

Зөвлөлтөд Сталиныг уудлан илчлэх тусам хэрэг явдал Ленин ба коммунист нам руу эргэж, Октябрийн хувьсгалыг яллах зам руу оров. Тэгвэл Монголд ч үүнээс дээрдэх шинж тэмдэг алга. МАХН-ын Төв Хорооны V бүгд хурлын үр дүнд сэтгэл гонсгор үлдсэн монголын олон нийт, монголын хэвлэлүүд 1989 оны эхнээс л шууд улс төржив. Түүхэн мэтгэлцээн бүр эрчээ авлаа. Чойбалсанг яллах нийтлэлүүд сонины хуудас дүүрэн. Баабарын онож хэлсэнчлэн, Зөвлөлтөд бэлтгэгдсэн, тэнд болж буй явдлыг нэвт шувт ойлгодог сэхээтний том арми Монголд бэлтгэгдсэн ба Батмөнхийн үлбэгэр, зориггүй байдлыг тэд шүүмжилж эхлэв.

Дорнод Европт болж буй үйл явдал, тодорхой хэлбэл тэнд нэгэнтээ эрчээ авсан “бархат хувьсгал”-ын (тайван хувьсгал) тухай мэдээлэл Улаанбаатарт ирэх тусам түүнийг баярлан угтах, таашаах, мөн айж эмээх байдал газар авав. Цэдэнбал, Батмөнх нарын олон жилийн коммунист анд найз нар тайван, шударга, ардчилсан сонгуулиудаар дараа дараалан унаж эхлэв. Ардчиллын төлөө дэгдсэн оюутан залуусын тэмцлийг Бээжинд цус урсган дарав. Энэ бүхнийг МАХН-ын хяналтад байдаг өдөр тутмын сонин хэвлэлүүд дуу дуугаа аван мэдээлж байлаа. Хойно (СССР-т) коммунист намд шинэчлэл явахгүй болмогц МАХН-ыг шинэчлэнэ гэсэн уриа лоозон энд мөн улиг болов.

Хойно коммунист намаа социал - демократ болгож өөрчлөхгүй юм бол арчигдлаа гэдгийг Горбачев мэдэрчээ. Орос ба Зөвлөлтийн түүхэнд хэзээ ч байгаагүй, уламжлал ч байхгүй Ерөнхийлөгчийн засаглалыг Горбачев сонгожээ. Олон мандаттай ил сонгууль явуулж, Ардын депутатуудын их хурал байгуулж, түүнээс байнгын ажиллагаа бүхий парламент төрүүлэх боллоо. Энэ бүхнийг монголчууд гайхан, зарим нь бишрэн харж байлаа. Манайд ийм үзэгдэл хэзээ хийх бол гэсэн горьдлого ч төржээ.

МАХН-ын шинэчлэл, ажлын арга барил, эдийн засгийн хурдасгал, Зөвлөлтийн цэргийг үдэх гэхчлэн кампанит ажлыг хэн ч шимтэхээ болиод хотын сэхээтнүүдийн ихэнхийнх нь нүд Москва, цаашаа Дорнод Европ руу бэлчээстэй.Коммунист бус нам коммунист Польшид сонгуулиар засгийн эрх авч болж байгааг тэд бишрэн гайхшран харж байлаа. Баабарын хэлснээр, удтал СССР-ийн дагуул орон байсан учир монголчуудад Москва болон түүнээс цааш болж байгаа үйл явдал илүү ойр, танил байлаа. Зүүн Европын коммунист дэглэмүүд ээлж дараалан унаж байх тэр үед дагаад процесс улам ширүүсчээ.

Горбачевын тойрон хүрээлэгчдийн дотроос сөрөг хүчин төрсөн бол Монголд гудамжнаас төрлөө. Улаанбаатар даяар ил далдаар тараагаад наагаад байсан ухуулах хуудасны эзэд түрүүчээсээ тодорлоо. Барагцаалбал МАХН-ын Төв Хорооны V бүгд хурлаар Цэдэнбалыг ялласан төр мөчөөс Улаанбаатарт “Хөх Монголын бүлгэм”, “Хөх чонын сүрэг”, “Идэрчүүдийн тулга эвсэл”, “Шинэ үе” гэхчлэн нууц бүлгүүд ухуулах хуудас нааж, зарим нь ч нэр хаяггүй наагдаж иржээ.

Доктор Баркманн номынхоо “МАХН ба улс төрийн сөрөг хүчин” бүлэгт бичиж байна.

- Монголын перестройка-гийн өгөөжөөр бий болсон улс төрийн шинэ орон зай, эрх чөлөө нь улс орны эдийн засгийн сүйрлийн хурдыг гүйцэхээргүй болжээ. Хүн амын сэтгэл санаа улс орон даяар хүчтэй өрнөж байсан мэтгэлцээнүүдээр илрэн гарах болж, өөр хоорондоо талцан туйлширцгаана. Сэтгэлгээгээрээ нэгдсэн нэн ялангуяа сэхээтнүүд болон оюутан залуус цомхон дугуйлан, клубт элсэн орцгооно. Монгол Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын төв ордонд “Орчлон” клуб ажиллаж байв. Бусад газруудаар “Шинэ үе”, “Ертөнц” бүлгийнхэн, “Залуу эдийн засагчдийн клуб”-ийнхэн цугларцгаана. Тухайн үеийн Улсын Багшийн дээд сургуулийн оюутан залуус “Цагийн толь” товхимол эмхэтгэн гаргаж тухайн цаг үеийнхээ тулгамдсан асуудлуудаар хүчтэй шүүмжлэл өрнүүлцгээнэ. Уулзалтууд тогтмол бус агаад тусгайлсан мөрийн хөтөлбөргүй байлаа. Оролцогчид нь нэлээд болгоомжилно. Нийгэмд айдас хүйдэс түгээгч Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам энэ хооронд ердөө л “цаасан бар” болоод хувирчихсан гэдэгт итгэхэд үнэндээ бэрх. Дээр нь энэ их урсгал хаашаа эргэх, хэрхэн төгсөхийг баримжаалах аргагүй байсан цаг.

Яг ийм эгзэгтэй цаг үед 1989 оны 4 дүгээр улиралд хэд хэдэн түүхэн үйл явдал давхцан өрнөлөө. Дорнод Европт коммунист дэглэмүүд унаж эхлээд байх үед Берлиний ханыг босгосон эх орон социалист төр улсынхаа 40 жилийн ойг нижгэр тэмдэглэхээр хуучин коммунист анд нөхдөө урьжээ. Энэ тухай тэр улсын иргэн доктор Удо Баркманн нүдээр харж биеэр байлцсан гэрчийн хувьд олж харан адтайгаар дүрслэн бичиж байна. Тэрээр Монголын удирдагч Ж.Батмөнхөд хэлмэрч хийж хамт дагалдан ажиллажээ.

- Хувь заяаны салхинд туугдах мэт МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх 1989 оны 10 дугаар сарын эхээр Зүүн Берлин хотод хуучин БНАГУ-ын 40 жилийн ойн баяр ёслолын арга хэмжээнд уригдан очив. Тэрбээр Зүүн Берлиний Бүгд Найрамдах Улсын Ордон дотор маш тансаг хээнцэр засч чимэглэсэн ёслолын үйл ажиллагаанд оролцжээ. Ёслолын үеэр олон мянган жагсагчид гудамжаар өгсөн ордныг чиглэн ирэхэд мөхөж буй социалист ертөнцийн зарим удирдагчид М.С.Горбачевыг даган ёслолын танхимыг яаралтай орхин гарцгааж буй дүр зургийг Батмөнх өөрийн нүдээр олж харсан байна. Батмөнх цөөн хэдэн удирдагчдын хамт ширээнээс босолгүй үлдэв. Германы Нэгдмэл Социалист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Хонеккер түүнийг хажуудаа суухыг урьсан байна. Гэвч тэдний хооронд олигтой яриа өрнөсөнгүй. Тэдний сэтгэл дор бүртээ л хямран байхад гадаа гудамжинд Аюулаас хамгаалахын онцгой ангийнхан цагдаа нартай хамтран ордны өмнөх талбай дээр жагсагчдыг зодож нүдэж байсан аж. Батмөнх хожим нь ордны өмнө болсон энэхүү үйл явдлын тухай маш тодорхой мэдээлэлтэй болжээ. Тэрбээр Зүүн Германы нийслэл хотыг тун гүнзгий бодолд дарагдан, дуу муутайхан орхин одов. Нутаг буцах аян замын туршид түүний ой ухаанд нутгийнхаа иргэдийн эсрэг хэзээ ч хүч хэрэглэж болохгүй гэсэн бодол баттайхан суусан буй за. Нөгөө талаас энэхүү хандлага нь Монголын удирдагчид 1985 оноос эхлэн дагаж буй  перестройка-гийн бодлогоос аандаа урган гарч буй үр дагавар билээ.

Энэ абзац их түүхийг хөлж өгч байна. Хувь заяаны салхи Батмөнхийг Берлин рүү тууж очуулсан ба тэнд очоод баяр ёслолд оролцох бус, сэтгэл хэрдхийм гунигт явдалд оролцоод гүн бодолд автаад буцжээ. Баркманны энд бичсэнээр, мөн надад хуучилснаар бол Батмөнх дарга тэр явдлын дараа сэтгэлийн хямралд нэг хэсэгтээ нэрвэгдсэн байх бололтой. Социализм нийгмийн байгууллын хувьд явцгүй боллоо, өөдлөхөөсөө өнгөрлөө, нурлаа гэдгийг тэрээр уужуу цээл ухаанаараа олоод харчихсан хэмээн Баркманн үзэж байна.

БНАГУ-ын 40 жилийн ой цаашаа ямар их гамшиг сүйрэл дагуулсныг энд нуршилтгүй. Гамшиг сүйрэл гэдгийг нь би эрх баригч Германы Нэгдмэл Социалист Нам, түүний дээд удирдагчид, БНАГУ-ын төр засагт хамаатуулан ярьж байна л даа.

НЭПКО хэвлэлийн газар



 
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив