Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Цэндийн Дамдинсүрэн
2015 оны 9 сарын 15 [Уншсан тоо: 35091]

Нэпко хэвлэлийн газар, Хүмүүн хорвоо нийгэмлэг хамтран ХХ зууны “Түүхэн эрхмүүдийн цадиг” хэмээх цуврал ном гаргаж байгаа билээ. Энэхүү цувралын эхний ботиуд Батмөнх, Чойбалсан, Нацагдорж, Бодоо, Чин Ван Ханддорж, Намдаг нэрээр дахин хэвлэгдэн худалдаанд гарлаа.

Энэ удаад бид Цэндийн Дамдинсүрэн намтар номыг уншигч та бүхэндээ хүргэж байна.

 

Цэндийн Дамдинсүрэн эрдэмтэн бол цаглашгүй билгийн далай суутан бүлгээ. Тэрбээр улс төрөөс эхлээд мэдлэгийн бүхий л салбарт далай шиг мэдлэгтэн, эрдэм судлал, уран бүтээлийн хувьд Сүмбэр уул шиг аугаа хүн. ХХ зууны Монголд түүн шиг суутан даанч ховор төрж дээ. Л.Түдэв:

“ХХ зуунд Монголд төрсөн хэдхэн суут хүний нэг нь Хатгин овгийн эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн юм. Түүний амьдрал нь ч, бүтээл нь ч давтагдашгүй билээ.

Ижилгүй болбоос хосгүй гэж өргөмжилдөг. Үнэхээр тэр өөрийнхөө эзэгнэн төрсөн зуунд хосгүй хүн байлаа. Түүнийг нь нээн судлахад хойч үеийн олон хүн их хөдөлмөр гаргаж, ухаан зарах учиртай.

Тухайн цагаасаа хэдэн бээрийн зайд түрүүлэн хол тасарсан түүнийг үеийнхэн нь хамт байсан мөртлөө барааг нь харахаас хэтэрч мөн чанарт нь нэвтэрч чадалгүй хоцорсон юм.

Түүний хүрсэн өндөрлөг дээр цагаа болоход олон хүн авиран гарч эргэн тойрноо сайтар ажиглан ухаарсан тэр үед л түүнийг холоос биш ойроос харах бололцоо олж чухам хэн байж вэ? гэдгийг сая үнэнээр ухаарна” гэж оновчтой тодорхойлсон юм.

Харамсалтай нь нүүдэлчин удмынхны хар амиа аргацаасан уламжлалт, эсийн түвшинд нь хүртэл шингэсэн, дадал болсон явуургүй атаа жөтөө ч зан заншил, шинэ хуучин цагийн завсар үеийн алдар нэрийн төлөөх хайр найргүй алалцаан талалцаан, марксизмаар бамбай хийсэн урвагч шарвагч эвэртэн туурайтан-дарга даамал, улстөрчдийн битүү толгой, мухар, сохор үзэл баримтлал нь цаглашгүй билгийн далай, их эрдэмтэн, гайхамшигт уран бүтээлчийг өөд нар харуулахгүй тархидан дарж, тарчлаан хяхаж хавчин байсан хэдий ч Бурханаас заяасан их билиг авьяас нь ёстой л даравч дардайж, булавч бултайж, эгэл борчуудын нүдийг нээж, оюуныг гийгүүлж, гэгээрүүлж, мэдлэг ухааны буянаа хайрлаж байсан юм.

Цаглашгүй их билгийн далай Дамдинсүрэн буян хишигт одон дор төрсөн бөгөөд өнөөдөр ч ямагт олон түмнийхээ талд байж, тэдэндээ ач буянаа түгээсээр л байна. Хойш хойшдоо ч тийм л байх нь дамжиггүй. Тэрбээр хэзээ ч цаг цагийг эзэгнэсээр, цагийг туулан давагч байх нь баталгаа шаардахгүй үнэн буюу аксиом юм.

Түүний бичиж туурвисан уран зохиолын ч бай, эрдэм судлалын ч бай, сэтгүүлзүйн бүтээл - нийтлэл, тэмдэглэл ч бай, бичиж туурвисан бүх л зүйлийн үг хэллэг нь маш энгийн атлаа зүйрлэшгүй яруу сайхан байдаг. Тэрбээр өөрийн санаагаа хариугүй асгарах гэж буй хур борооны усархаг хүнд бараан үүл нэвсийн дарах мэтээр хатуу үг, түвд судрын орчуулгаас уламжлалтай хэдэн хуудас дамжсан урт өгүүлбэр, ойлгомжгүй нүсэр орооцолдуулсан бодомжоор бүрхэгдүүлж, мэдэмхийрч гоёчилдоггүй билээ.

Тэр, өөрийн их мэдлэгийг харуулах гэж утгагүй номчирхдоггүй, харин аль болох дөхөм, хэнд ч, хамгийн “хоцрогдсон” боловсролгүй нэгэнд ч ойлгомжтой хэллэг, хэлбэрийг сонгон авч хэрэглэсэн байдаг.

Түүний ийнхүү энгийн атлаа яруу хэллэг, орооцолдоогүй уран цэцэн баталгаа, нотолгоог уншихад, эгэл үг, өгүүлбэрээр ямар гүнзгий санааг гаргаж чаддагийн, түүнийгээ их бага ямар ч боловсролын түвшинтэй хэнд ч ойлгуулж болдогийн гайхамшигт жишээг үзэж болно. Гэхдээ авьяас билэг төгөлдөр тэр их эрдэмтэн байсан учир маргалдан сөргөлдөгч цаад хүнээ хэрхэн ёжлон егөөдсөнийг ч олж харахад хялбархан байдаг нь бас л түүний гаргуун билиг, танхай чадлын увидас болой. Энэ их хүний талаар өөрийн өчүүхэн биеийг үл анзааран бяцхан савныхаа хэмжээгээр өгүүлэхийг зориглосондоо уншигч абугай Танаас хүлцэл өчнөм.

 Сономын Лочин

 

“Гурван оргил”-ын тухайд

Дамдинсүрэн эрдэмтэн “Хэдийгээр монголын ард түмний түүхт цагийн дотор бүтээсэн уран бүтээлийн үнэт зүйлсийн үлэмж хэсэг харамсалтайгаар үрэгдсэн боловч хуучин үеэс Нууц товчоо, Гэсэр, Жангар гэдэг гурван сайхан зохиол соёлын өв болж үлдсэн байна.

Нууц товчоо ба Жангар, Гэсэр гурвыг монголын хуучин зохиолын гурван оргил гэвэл зохино.” /60, 9/ хэмээн дүгнэсэн байдаг. Орос-Зөвлөлтийн зарим эрдэмтэд ч энэ гурван зохиолыг Монголын уран зохиолын гурван оргил гэж нэрлэсэн байдаг төдийгүй, энэ гурван зохиол нэг л гол баатартай бөгөөд тэрхүү гол баатар нь Чингис хаан юм гэж ч үзсэн буйг дурдалтай. Чингис хаан энэ гурван зохиолын ганц гол баатар гэж үзэх нь учир дутагдалтай ч гэсэн хатуу хэцүү цагт Чингис хаанаа монголчууд марталгүй, уран сайхны гурван зохиолдоо үе дамжуулан дүрсэлсээр ирсэн юм гэдэг саналыг зориглон дэвшүүлж байсанд нь бид өнөөдөр ч талархах ёстой санагддаг.

Хэдийбээр энэ алдарт гурван бүтээл өөр өөр цаг үед, ялгамжаатай нөхцөл байдал дунд зохиогдож Гэсэр, Жангар хоёр нь ард түмний амьдралыг тусгаж, өргөн тархаж байсан, харин МНТ Монголын их, бага хаадын номын сангийн хүрээнээс нэг их хэтэрч түгэж чадаагүй ч /Хятадууд МНТ-г европ дахинд мэддэг болохоос өмнө хэдэн удаа хэвлэж байсан/ гэсэн монголчуудын бахархал болсон оргил бүтээлүүд яах ч аргагүй мөн болой.

Тэрбээр энэ гурван оргил бүтээлийг гурвууланг нь нарийвчлан судалж, монгол хэлээр бичвэрийг нь боловсруулан сонгомол эхийг нь хэвлүүлсэн цорын ганц эрдэмтэн билээ. Дамдинсүрэн эрдэмтний эрдмийн ажлын удирдагч С.А.Козин /манайхан Гоожин гэж нэрлэдэг/ хэдийгээр Дамдинсүрэн эрдэмтэн шиг энэ гурван оргил бүтээлийг нэлээд ултай судалж эрдмийн бүтээлээ хэвлүүлсэн байдаг боловч Сонгомол эхүүдийг нь бүрнээр нь нийтлүүлж амжаагүй юм. Энэ гурван Оргил бүтээлийг С.Козин, Дамдинсүрэн нар шиг гурвууланг нь ийм өндөр түвшинд судалсан өөр ямар эрдэмтэн байдгийг би үл мэдмүй.

Ийн энэ гурван Оргилын талаарх судалгааны тоймыг ядмаг бичээч би өөрийнхөө ойлгосон хэмжээгээр чадан ядан, хураангуйлж хүргэсүй.

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn