Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Энх Амгалан хаан
2015 оны 6 сарын 25 [Уншсан тоо: 80689]
Энх Амгалан хаанчлалын жилүүд

Канси хэмээх Энх Амгалан хаан 1661-ээс 1722 оны хооронд Хятад орныг захирч байлаа. Энэ ном бол чухамдаа түүний хаанчлалын он жилүүд рүү хийсэн аялал билээ.1 Аялах замдаа бид түүний хувь хүний ертөнцтэй танилцах болно. Эзэнт гүрнийг захирахдаа баримталдаг түүний голч үзэл нь юу байв? Эргэн тойрноосоо хэрхэн суралцаж, бусдад хэрхэн үлгэрлэдэг байв? Түүнийг юу хөгжөөж, уур хилэнг нь юу хөдөлгөдөг байв? Түүнчлэн цагийг хэрхэн өнгөрөөж, оюун санаандаа юуны тухай бодлогоширдог байсан бол? Манж дайчдын үр удам тэрбээр Хятадын соёл, улс төрийн онцлогийг хэрхэн өөриймшүүлэв? Христийн номлогчдын танилцуулсан Өрнийн шинжлэх ухаан болоод шашны итгэл үнэмшил түүнд ямар нөлөө үзүүлэв?



Эзэн хааны зан авир, хүсэл сонирхол зэрэг дотоод ертөнцийг гаргахдаа түүний сайд, албат нарын өнцгөөс харсан билээ. Хаан ширээг өвлөснөөр Энх Амгалан хаан 1800 гаруй жил тогтносон Хятад хаадын түүхийн нэгэн хэсэг болсон юм. Энэ түүх ахин 200 гаруй жил үргэлжилсэн. Тэрбээр бусад хаадын адил эгэл нэгэн бус, ер бусын онцгой хувь хүн байлаа. Хаан ширээнд сууснаар Энх Амгалан энэ ертөнцийн онцгой нэгэн бодьгал, Дундад улсыг захирсан “Тэнгэрийн Хүү” болон хувирчээ. Амьдралынхаа дийлэнх хугацааг Хориотой хотын ордондоо зочид хүлээн авах, Тэнгэрийн сүмд мөргөл үйлдэх, Күнзийн сургааль номлох, манж өвөг дээдэстээ өргөл өргөх зэрэг янз бүрийн ёслолд зарцуулсан байдаг. Аян замд гараагүй үедээ өндөр хана хэрэм, хэдэн мянган цэрэг дайчдаар хамгаалуулсан тансаг орднууддаа цагийг өнгөрөөнө. Амьдарч байсан хором бүр нь түүний бусдаас содон, эрхэмсэг зан байдлыг харуулж байлаа. Төрийн хэрэг шийдэх Зөвлөгөөнөөр тэрбээр ганцаараа өмнө зүг харан сууж, харин албатууд нь хойд зүг рүү харан зогсдог байв. Эзэн хаан л зөвхөн улаан бэхээр, бусад нь хар бэхээр бичдэг байлаа. Түүний багын нэрийг (Сюань Еэ) улс гүрэн даяар хэлэхийг хориглож, бичиг баримтанд “Эзэн хаан” гэсэн үг тааралдвал бусад үгнээс ялган томоор бичдэг байж. Түүний малгай, дээлний загварыг тусгайлан гаргадаг байв. Хэн ч байсан түүний өмнө толгойн бөхийн хүндэтгэл үзүүлэх ёстой. Эзэн хаан өөрийгөө нэрлэх “Чэнь” хэмээх үгийг бусад нь хэрэглэх эрхгүй байлаа.

Иймэрхүү бардам ихэмсэг зан төрх бүх л хаадад байсан нь тодорхой. Учир нь эзэн хаан гэдэг бол тодорхой хүрээнд олон түмний, улс гүрний хүн байхаас биш хувь хүн байх боломжгүй билээ. Гэвч Хятадын хаадын хувь хүний онцлог зан чанарын тухай сурвалж бичиг тун ховор байдаг. Учир нь тэдний ихэнх нь хөшигний цаана биднээс нуугдаж байжээ. Харин Энх Амгалангийн хувьд, тэрбээр бусад хаадын адил олон талын гүн мэдлэгтэйгээс гадна, өөрийн бодол санааг илэн далангүй, бүрэн дүүрэн илэрхийлдэг байсан нь их хаадын түүхэнд төдийлөн элбэг тохиолддог хэрэг биш юм. Түүхийн хуучин сурвалж бичгүүдэд, хаадын сэтгэл хөдлөл, хэлсэн үгс нь бичгийн хэлэнд шингэж ялгарахаагүй болсон ч, анхааралтай судлаад үзвэл онцлог шинжийг нь анзаарч болдог.

Тус номын нэгээс тавдугаар бүлэг хүртэл Энх Амгалангийн бодол санааг тодорхой сэдвүүдээр ангилсан бөгөөд эзэн хаан өөрөө энэ номыг бичсэн мэт харуулахыг ихэд чармайлаа. Түүхчдийн хувьд доорх маягаар сэдэвлэх нь тогтсон хэв маягаас гадуурх зүйл боловч Энх Амгалан хааны төрийн үйл хэрэг нь яалт ч үгүй түүний хувийн зан араншинтай холбогдож төгсдөг билээ. Уншигч та энэ номыг уншиж дуусаад Энх Амгалан хааны талаар зэгсэн сайн төсөөлөлтэй болж үлдэхэд чухам ийнхүү сэдэвлэсэн нь зүйтэй болов уу хэмээн найдна.

“Ан ав, аян дайн” хэмээн эхний бүлэгт, Энх Амгалан хаан улс гүрнийхээ үзэсгэлэнт байгалаар аялахдаа ажигласан тэмдэглэлүүдээс бүрдсэн. Гү Вэньшин гэгч тэргүүн тайгандаа бичсэн захидалд тэрбээр эзэнт гүрнийхээ дөрвөн зүг найман зовхист 2000 гаран ли газар (1 ли нь ойролцоогоор 500 м) аялсан тухайгаа бахархан тэмдэглэсэн байдаг. Баруун тийш Шаньси, Сяньси мужуудаар, хойшоо Говь цөл, Хэрлэн гол хүртэл, зүүншээ Манжуураас Ула хүртэл, урагшаа Хятадын төв хэсгээс Хөх мөрний адаг хүртэл аялжээ. “Гол мөрөн хийгээд нуур цөөрөм, уул нуруу хийгээд говь цөл - бүгдийг нь би тууллаа” хэмээн Энх Амгалан хаан дуу алдсан байдаг. Аялах замдаа тааралдсан ховор сонин ургамал, шувуу, амьтдыг тэрбээр цуглуулах, харьцуулах дуртай байлаа. Эдгээр цуглуулгуудаа Бээжингийн ойролцоох, баруунд орших Чанчүн Хүрээлэн, урд байх Өмнөд Хүрээлэн, зүүн талын Танчуан болон умардад байх түүний хамгийн дуртай Жэхэ Зуны Ордон зэрэгт тусгайлан байгуулсан цэцэрлэгт хүрээлэн, амьтны хүрээлэнд илгээдэг байжээ.

Энх Амгалан хаан мөн ан хийх дуртай байлаа. Хөвгүүд болон ордны шадар туслахуудаа дагуулан Монгол, Манжуурын хээр тал хүртэл ан хийдэг явжээ. Ан гөрөөс, шувуудыг агнахдаа нум сум, буу хэрэглэдэг байсан бөгөөд загас барих гэдэг түүний хувьд өөр нэгэн сонирхолтой зугаа нь байв. Ан хийх арга ухаан нь Манж өвөг дээдсээс өвлөгдсөн нарийн эрдэм хэмээн бахархан ярих дуртай байжээ. 17-р зууны эхэнд, Энх Амгалангийн элэнц өвөг Манж үндэстний тархай бутархай аймгуудыг Цагаан хэрмийн ар нутагт нэгтгэж хөдөө аж ахуйд суурилсан, төвлөрсөн цэрэг армитай улс гүрнээ байгуулсан түүхтэй. Хөрш Монголчуудыг эзлэж, заримдаа эвсэж, Цагаан хэрмийн хойгуур нутаглаж байсан Хятад үндэстнүүдийг өөрийн талд эргүүлж чадсан байна. 1644 онд Ли Чуанвангийн арми Бээжинд довтлон орж, Мин гүрний сүүлчийн хаан аргагүйн эрхэнд амиа егүүтгэх үед, хүчтэй нэгдмэл байсан Манжийн нум сум агссан цэргүүд хойд хил дээр нь хүлээж байлаа. Үймээн самуунтай нөхцөл байдлыг ашиглан манжууд Бээжинд нэвтэрч Чин гүрнийг байгуулсан бөгөөд анхны эзэн хаанаар Энх Амгалангийн эцэг Эеэр засагч суужээ.

Энх Амгалан хааны хувьд, ан хийх нь зугаа цэнгэл, дасгал сургуулилтаас гадна цэргийн томоохон бэлтгэл болдог байлаа. Тэрбээр аялалаар явахдаа хэдэн мянган цэрэг дагуулж, буудлага хийх, цэргийн зохион байгуулалтанд орох, морь унах зэрэг дасгал сургуулилт хийдэг байв. Энх Амгалангийн хаанчлал газар нутгаа тэлэх дайны үе байсан. 1683 онд Тайваний арлыг эзэлж, 1685 онд Оросын хүчийг бут цохиж, Албазин дахь нөлөөгөө улам бэхжүүлж, 1690-ээд оны үед баруун хойд зүгт Зүүнгарын хаант улстай сунжирсан дайн хийж, 1722 онд Энх Амгалан хааныг нас барах үед Төвдтэй дайтаж байлаа. Эдгээрээс Зүүнгарын хаант улсын Галдан хаантай дайтаж байх үедээ, Энх Амгалан дотроо эгээ л ан хөөж яваа мэт төсөөлж байсан аж. 1696-1697 онд Галдантай байлдах үедээ тэр цорын ганц удаа биеэрээ дайны талбарт гарч ирсэн бөгөөд Галданг өөрийн агнах гэж буй ан мэт хөөн нэхэж байлаа. Чухам энэ дайн түүний хувьд амьдралынх нь хамгийн сонирхолтой үе байсан байж мэднэ. Галдан хааны амиа хорлосон тухай мэдээг тэрбээр хувийн ялалт мэт хүлээж авчээ.

Номын хоёрдугаар бүлэгт “Засаглал”-ын тухай Энх Амгалангийн бодол эргэцүүллийг тоймлов. Энэ сэдвийн хүрээнд түүхийн арвин их сурвалжийг нэгтгэн бичсэн болно. Ганцхан долоо хоногийн хугацаанд л эзэн хааны нэр дурдагдсан хэдэн зуун баримт бичгүүд хэвлэгддэг байж. Тэдгээр бичгүүд бол 17-р зууны Хятадын төрийн тухай олон мянган бичиг баримтын зөвхөн өнгөн тал нь билээ. Энэ номын гол зорилгыг танихын тулд төрийн тогтолцооны дүр зургийг анхааралтай судлах хэрэгтэй. Энх Амгалангийн үеийн Хятадын гол эрх мэдэл нь Бээжин төвтэй захиргаа болон орон нутгийн захиргаа хоёроос бүрдэж байлаа. Төв захиргааг дөрвөөс зургаан Бичгийн сайд удирдаж, Түшмэдийн яам, Сангийн яам, Ёслолын яам (Ерөнхий шалгалт, гадаадын элчийг хүлээн авах үүрэгтэй), Шүүх явдлын яам, Цэргийн яам, Үйлдэхүй яам гэсэн 6 яамны сайд (Шаншу) болон бусад Жигүүрийн сайд нар хянадаг байжээ. Төрийн хэргийг Хяналтын газар шалгана. Эзэн хаан өөрөө тусдаа өөрийн орд харш, эд хөрөнгө, харуул хамгаалалтыг хариуцдаг “Эзэн хааны Захиргаа”-г дэргэдээ байлгадаг байсан бөгөөд тэр нь ихэвчлэн Манж угсаатны хүмүүс, зарц, тайган нараас бүрддэг байв.

НЭПКО хэвлэлийн газар

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив