Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Цыши хатан
2015 оны 6 сарын 22 [Уншсан тоо: 84574]

Гуравтай хүү Эзэн хаанд өргөмжлөгдөв
(1875)

Хүүгээ 1875 оны нэгдүгээр сарын нэгэн орой нас барахад Цыши дэргэд нь байжээ. Эзэн хааныг амьсгаа хураахын өмнөхөн ихэс дээдэс яаран сандран ирэв. Эмч оточ нар Эзэн хааныг удахгүй боллоо гэдгийг тэдэнд мэдэгдсэн байв. Тэднийг ирэхэд хаан бараг амьсгаагүй байжээ. Цыши асгартал уйлж ярьж ч чадахгүй байлаа. Ихэс хэсэг байзнаж байгаад эх хүү хоёрыг сүүлчийн мөчид хамт үлдээгээд гарав. Эзэн хааныг таалал боллоо гэдгийг мэдээлж бүх хүн уйлж хайлж байхад Цыши цаашид хэрхэх талаар ярилцахаар тэднийг дуудуулжээ.

Ямагт хянуур байдаг хунтайж Гон уг нь энэ зөвлөлгөөнд оролцохоос хойш суумаар байв. Тэрээр Цышиг сайн мэдэхийн хувиар түүний ярьж хийх зүйл ном журмаас гадуур явдал болно гэдгийг гадарлахын учир хоморгонд нь орохгуйн тулд ийн сэтгэж байжээ. Гэвч бусад ихэс дээдсийн хамт очихоос өөр аргагүй болов. Хатан хаан Жэн, Цыши хоёр төрийн хэргийг “халхавчийн араас” явуулах санаатай байгаагаа илэн далангүй мэдэгдэж саналаа хэлэхийг тулган асуужээ. Ихсээс нэг нь тэр даруй зөв хэмээгээд хатан эзэнт гүрний тусын тулд шинэ Эзэн хаан томилоод урьдын адил засаг барьж байвал ямар вэ гэв. Тэгэхээр нь Цыши мөн хатан хаан Жэнийг ч мөн төлөөлж хэлэхдээ “Бид хоёр нийлж ийн шийдсэн, санал нэгтэй байгаа. Тэгээд бид хоёр та нарт нэгэнт шийдсэн зүйлээ мэдэгдэж байна. Бидний энэ шийдвэрийг өөрчилж ч, хувиргаж л үл болно. Дуулгавартай дагаж захирагд!” гэжээ.1 Эдгээр гойд хүчтэй үг бол хүчирхэг байр суурьтай хүнээс л гарах үгс байв. Эзэн хаан Түнжи өв залгамжлах хүн ардаа үлдээсэнгүй, өөрийг нь хэн залгамжлах тухай захирамж ч гаргаагүй тэнгэрт хальсан билээ. Нас барахаасаа өмнөхөн эзэнт гүрнийг захирч байхыг хоёр хатнаас хүссэн байв. Иймээс ч дараагийн хааныг олж сонгох үүрэг Цышид ногджээ.

Хатан хаан Жэн тэр хоёр талийгаач эр нөхөр болон өөртөө нэгэн хүү өргөж авч өсгөх болно хэмээн зарлав. Тэрээр Эзэн хааны бэлэвсэн хатны хувиар цаашид ч аль болохоор он удаан жилээр засаг барих санаатай байгаа нь илэрхий байв. Хэвийн агаад зөв зам бол талийгаач хүүгийн өв залгамжлагч болох хөвүүн өргөж авах явах явдал байсан хэдий ч өөрөө эмэг эх болоод төрийн жолоог барина гэдгийг зөвтгөхөд хэцүү байв. Энэ үед Түнжигийн бэлэвсэн гэргий Алут бүсгүй хараахан амьд сэрүүн байсан болохоор тэр л Эзэн хааны бэлэвсэн хатан байх учиртай байлаа. Гэсэн ч Цышигийн ёс журмыг зөрчсөн дээрх явдал эсэргүүцэл үзсэнгүй, олонх нь түүнийг засгийн эрхийг дахин гартаа авсанд баяр хүргэж байлаа. Хүүгээ хаан сэнтийд залрахаас өмнө тэрээр гарамгай үйл бүтээсэн, харин хүүгийнх нь ахар богино хугацааны хаанчлал сүйрэл дагуулж байв. Томчууд бараг бүгдээрээ талийгаач Эзэн хааныг шүүмжилж, цөөнгүй нь халагдаж байв. Хэрэв л Цыши түүнийг зад загнаж номхруулаагүйсэн бол юу болох байсныг хэн мэднэ! Тэрээр төрийн жолоог дахин гартаа авах л юм бол бүх хүний сэтгэл хөнгөрөх байв. Юуны өмнө сүүлийн жилүүдийн нам гүм байдалд урам хугарсан шинэчлэгчид санаа амрах байлаа.

Ингээд Цыши шинэ Эзэн хааны нэрийг зарлав. Тэр нь хунтайж Чүн, өөрийнх дүү бүсгүй хоёрын хүү Зайтиан (Zaitian) байв.

Хунтайж Чүн хааны нэрийг зарлах үед байлцсан бөгөөд уг мэдээ түүнийг огт баярлуулсангүй, харин ч бүр балмагдуулжээ.2 Тэрээр хаан сэнтийн өмнө сөхөрсөн хэвээр татвалзан хашгичиж толгойгоороо газар мөргөж байгаад эцэстээ ухаан алдан унажээ. Тэр үед Зайтиан түүний ганц хүү нь байсан учир гэр бүлийн хоёр түүнийгээ нүдний цэцгий мэт энхрийлж тойлж байжээ. Тэгээд ч ууган хүү нь үрэгдсэн байв.3 Түүний хувьд ингээд л ганц хүүгээ алдах төлөв бий болов. Цыши түүнийг тоосон шинжгүй, танхимаас гаргахыг тушаажээ. Энэ явдлыг нүдээр үзсэн хүн “тэрбээр нэгэн буланд хэвтэж байхад хэн ч хайхрахгүй, яадгаа алдаж цөхөрсөн янзтай, өрөвдмөөр байлаа” хэмээжээ.

Шинэ Эзэн хааныг зарлан тунхаглах зарлиг бэлтгэхээр их зөвлөхүүд гарч одов. Зарлиг бичих үүрэг авсан хүн сандарсандаа гар нь салгалан чичирч бийрээ барьж чадахгүй байжээ. Тэр үед хааны ордныг захирч байсан, Цышид чин үнэнчээр зүтгэдэг Жүнлү (Junglu) энэ байдлыг нь анзаарч мэджээ. Тэгээд зарлиг бэлэн болохоос өмнө хэн нэг нь татгалзаж мэднэ гэж эмээгээд бийрээ бушуухан шүүрэн авч бичиж эхлэв. Энэ бол урьд өмнө үзэгдэж дуулдаагүй хэрэг байв. Учир юу гэвээс тэр их зөвлөлийн гишүүн биш байжээ.5 Энэхүү Жүнлү л хүүгээ талийгаач болсны дараа шинэ Эзэн хааныг шууд нэрлэх нь зүйтэй гэж Цышид ойлгуулсан бололтой. Яагаад гэвэл хэн нэгэн түүний шийдвэрийг үг хэл, үйл ажлаараа ч юм уу сөрж эсэргүүцэх боломж өгөхгүй байх учиртай.

Ингээд бүх зүйл Цышигийн хүсэж бодож байснаар болов. Ахар богино хугацаанд Эзэн хааныг ширээнээ залах бүх ажлыг амжуулав. Шинэ Эзэн хааныг авчруулахаар төлөөлөгчид илгээв. Үүр хаяарахаас өмнөхөн гурван настай хүүг сэрээж эхээс нь салган авч ордны ёслолын хүнд хувцас өмсгөж нэгэн түшмэлийн хажууд жуузанд суулган дэнлүү, лаа болсон цуваа хориотой хотод авчрав. Тэнд хөвүүнийг бүрэнхий танхимд Цыши, хатан хаан Жэн нарын өмнө сөгдүүлж ёслол үйлдүүлэв. Дараа нь талийгаач Эзэн хааны ор руу авчрахад тэрээр орилж бархирах ёстой байв. Хар үүрээр гүн нойрноос нь сэрээсэн болохоор жаал хүү уухайн тас уйлж гарчээ. Ийнхүү “бадаргуулт төр”-ийн Эзэн хаан Гуанши (Guangxu)-гийн шинэ амьдрал эхлэв.6

Энэ нь чухамдаа Цыши хунтайж Чүнээс өшөөгөө авсан явдал байлаа. Жаахан Анийг цаазаар аваачиж түүнийг өгүүлшгүй их зовлонд унагаснаас хойш тэрээр хунтайж Чүнийг үзэн ядаж араа шүдэндээ зууж явсаар эдүгээ ганц хүүг нь салгаж авчээ. Чингэхдээ хунтайжийг заргалдах аргагүй байдалд оруулав. Ямартай ч түүний хүү Эзэн хаан болсон хэрэг.

Хүүг нь хаанд өргөмжилснөөр хунтайж Чүний улс төрд гүйцэтгэж байсан үүрэг эцэс болов. Тэрээр Эзэн хааны төрсөн эцэг болохоос албан ёсоор засаг баригч биш учир өөрийн нэр нөлөөг ашиглаж төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэгт орохгүйн тулд бүх албан тушаалаасаа огцрох болов. Хэрэв чингэх юм бол урван тэрсэлснээс ялгаагүй хэрэг болох байсан юм. Хунтайж ихээхэн номхон хүлцэнгүй үгсээр дүүрэн огцрох өргөдлөө нэн даруй өргөн барив.7 Цыши түүний өргөдлийг хэлэлцэхийг ихэс дээдсүүдээс шаарджээ. Хунтайж Гон энэхүү огцрох хүсэлтийг нь нэн даруй зөвшөөрөхийг зөвлөхдөө ёслол хүндлэлийн чанартай зөрчил үүсэх олон учир шалтгааныг дэс дараалан тоочжээ. Хунтайж Чүн түшмэл хүний хувиар Эзэн хааны өмнө сөхөрч ёслох учиртай, гэтэл хааны эцэг болохоор чингэж болохгүй. Хунтайж Чүний хуучинсаг үзэлт холбоотон их багш Вэн түүнийг огцорсноор шинэчлэлийг эсэргүүцэх хүн байхгүй болно гэж мэдээд ордныг хамгаалах цэргийн захирагчийн чухал албанд тавихыг уриалав. Цыши үүнийг нь няцааж хунтайжийн албанаас нэгмөсөн чөлөөлөгдөх өргөдлийг хүлээж авав. Тэгээд их эрх мэдэлтэй холбоогүй нэгэн ажил олгосон нь цаашдаа Чин гүрний эзэн хаадын бунхны ажил хариуцах явдал байсан юм. Зүгээр ингээд орхисонгүй түүнийг баахан алдар хүнд, зэрэг хэргэмээр булав.

Ийн Цыши хунтайж Чүнээс нөлөө ихтэй албан тушаалыг бүгдийг нь салгаж аваад түүний амыг найдвартай хааж чадав. Тэрбээр цаашид хэзээ нэгэн цагт түүний бодлогын эсрэг дуу хоолойгоо өргөх гэвэл Цыши түүнийг төрийн хэрэгт оролцлоо гэж үзэж яллах байв. Хунтайж Чүн ч Цышигийн санааг бүрэн ойлгож байв. Цышиг ийм арга хэмжээ аваад зогсохгүй цаашилж түүнийг урван тэрсэлсэн болгох шалтаг олж мэднэ гэж эмээж байсан учир огцорч буй тухайгаа мэдэгдсэн захидал бичиж, төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцох ямар ч санаагүй гэдгээ батлан илэрхийлжээ. Харийнханд дайсагнагчдын хүрээний үзэл санааг дэлгэрүүлэгч энэ хүнийг ийн жагсаалаас гаргав. Эзэнт гүрэнд ямагт заналхийлж байсан аюулыг Цыши ийнхүү зайлуулав.

Хунтайжийн амьдралд цаашдаа ч золгүй явдлууд тохиолдсоор байлаа.8 Цышигийн дүү хүүхэн хоёр хүү төрүүлсэн ч нэг нь бүтэн хагас хоног болоод өнгөрсөн бол нөгөө хүү нь хэдхэн жил амьдраад эцэг эхийн хайр халамж хэтэрсний улмаас нас баржээ. Баян чинээлэг айлын хүүхдэд тохиодог зовлон болох эцэг эх нь хүүхдээ хэт их идэх вий гэсэн болгоомжлолоос болж хүү өлбөрч үхжээ.

Цыши өөрийг нь бүрмөсөн дарж авах санаа агуулахгүй байгааг хунтайж Чүн удалгүй ойлгож гайхав. Цыши зөвхөн түүнийг сүйдэлж чадна шүү гэдгээ ойлгуулсны дараа л өршөөл ивээлээ харамгүй үзүүлж эхэлжээ. Түүнд татвар эмс бэлэглэснээр цаадуул нь хунтайжид өөр гурван хүү төрүүлж өгчээ. Хамгийн ахмад нь болох 1883 онд төрсөн хүүд Цыши түүний Зайфэн (Zaifeng) гэдэг нэрийг өгчээ. Түүнээс гадна балчир Эзэн хааны хүмүүжлийг хянах ажлыг түүнд хариуцуулснаар хүүтэйгээ уулзаж байх боломжтой болов. Хунтайжийн гэргий Цышигийн дүү бүсгүйг ч бас үе үе ордонд хэсэг хугацаагаар урьж хүүтэй нь уулзуулдаг байлаа. Гэвч эцэг эх хоёр нь хүүтэйгээ амар тайван уулзаж чаддаггүй байв. Учир нь хүү нь Эзэн хаан, дээр нь хүүг нь Цыши өргөж авсан болохоор тэр байв. Цыши өөртэй нь ингэж харилцана гэж найдаж ч зүрхлэхгүй явсан хунтайж Чүн баярлаж талархах нь хязгааргүй байжээ.9

Цыши хар муу санаа агуулж яваагүй гэдгээ харуулж, ухаалаг харилцаж байсны ачаар бас хунтайжийн анд нарыг ч талдаа татаж чаджээ. Тэрээр их багш Вэнийг шинэ Эзэн хааны гэрийн их багшаар томилсноор уул хүн түүнд мөнхөд талархаж явах болов. Жаахан Анийг цаазлуулсан захирагч Динтэй юу ч болоогүй мэт харилцаж зохих албан тушаалд нь дэвшүүлж, хэргэм зэрэг шагнаж байв. Сайхь захирагч Эзэн хааны бие төлөөлөгчөөр (амбан) томилогдоод Чин улсын хуучны уламжлал ёсоор бараалхахаар Бээжинд иржээ. Түүнийг Бээжинд хүрэлцэн ирэхээс нь өмнө Цыши ордны захирагчаар дамжуулан нийслэлд ирээд дээдсийн хүрээлэнд бэлэг сэлт барих, дайллага цайллага хийх, хүн амьтантай уулзахад гарах зардалд нь нэмэр хандив болгож 10 000 мөнгөн лан өгүүлж байжээ.10 Тэр үед Дин захирагч мөнгөөр гачигдаж байлаа. Тэрбээр хээл хахуульд автдаггүй шударга хүн байсны учир ажил албанаасаа хөрөнгө мөнгө хуримтлуулж чадаагүй аж. Жүнлү ч Цышигийн уул бэлгийг өөрөөсөө өгч буй дүр үзүүлсэн байна. Гэвч Жүнлүтэй дотно нөхөрлөдөггүй байсан Дин уул мөнгийг хэрэг дээрээ хэн өгч байгааг мэдэж байв. Тиймээс уг бэлгийг авсангүй, харин захидал бичиж 10 000 лан “зээлүүлэх”-ийг хүссэнд Жүнлү мөн л хүргэж ирэв. Энэ бол мөнгийг бэлэглэсэн хүн нь Цыши гэдгийг мэдсэн (өөр хэн нэг түшмэлээс бол тэрбээр мөнгө гуйхгүйсэн), түүнтэй хэлцэж тохирохыг хүсэж буй гэдгээ ойлгуулж буй хашир хүний нарийн арга байлаа. Хойшдоо Дин, их багш Вэн хоёр Цышигийн замд саад тээг тавихаа больжээ.

Ийнхүү Цыши бүхий л саад тотгорыг зайлуулж эзэнт гүрний жолоог анх засаг барьж байх үедээ сонгосон зам руу чиглүүлэв. Энэ удаа тэрээр хөгжил дэвшлийн хурдыг нэмэхийг эрмэлзэж байв. Аргагүйн эрхэнд эмсийн хүрээлэндээ буцаж очоод өнгөрүүлсэн он жилүүдэд ч түүний ухаан санаа өдөр хоногийг дэмий өнгөрүүлээгүй. Тэрээр урьд өрнө дахинд илгээсэн хүмүүсийнхээ мэдээ тайлан, өдрийн тэмдэглэлээс Хятадын тойрон буй дэлхий ертөнцийн талаар их зүйл олж мэдсэн билээ. Хонконг болон гэрээт бусад боомт хотуудад барууны маягийн олон сонин хэвлэл бий болж, тэдгээрийг хааны ордныхон ч уншдаг, тэдний мэдээллийн маш чухал эх сурвалж нь болж байв.11 Цышигийн эрх мэдлийг эхний удаа гартаа авч байсан арван жилийн өмнөхтэй харилцуулахад эдүгээ тэрбээр өрнө дахинаар тогтохгүй бас орчин цагийн тухай ихийг мэддэг болсон байв. Шинэчлэл бол эзэнт гүрний бэрхшээл хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх арга зам мөн гэдэгт тэр гүнээ итгэж байв. Маш их цаг алдсаныг тэр мэдэж байв. Жаахан Анийг цаазалж аймшигт сануулга өгснөөс хойш хөвүүнийх нь ноёрхлын нийт үе болох таван жилд улс орон нам гүм, чив чимээгүй тогтнож байв. Харин одоо тэрээр алдсан цагаа нөхөж олохоор эрс шийдсэн амой.

 

НЭПКО хэвлэлийн газар


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив