Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ангэла Мэркэл
2015 оны 3 сарын 10 [Уншсан тоо: 46725]

МЭРКЭЛИЙН ЗӨРЧИЛ ДАГУУЛСАН НЭР СҮР

 

Канцлерын шинэ эрх мэдэл

Канцлераар ажилласан найм дахь жилийнхээ өнгөн дээр Ангэла Мэркэл эрх мэдлийн оргилд хүрэв. Дахин нэг удаа. Тэрээр Европын хамгийн том, хамгийн баян улс ардын аж ахуйг толгойлох болоод хоёр бүрэн эрхийн хугацааг элээж байв. Тэрбээр намаа гуйвалтгүй толгойлсоор бараг л зөрчил мөргөлдөөнгүй явж иржээ. Дийлэнх нь үнэнч зүйг сахидаг, дуулгавартай сайд нараас бүрдсэн засгийн газрыг тэрээр тэргүүлж байв. Эвслийн хоёр дахь түншээ гаршуулж авсны үрээр засгийн газар нь гадаадынхныг нэг хэсэг гайхашруулж байсныг ямартай ч засаж залруулж чаджээ. Олон нийтийн дунд ихээхэн нэр хүндтэй болов. Түүнээс өмнөх аль ч канцлер засгийн эрхийг барьсан долоо дахь жилийнхээ өнгөн дээр ийм хэмжээний талархал дэмжлэг хүлээж яваагүй билээ. Улс орны эдийн засгийн байдал тун муугүй, хөрш орнууддаа үлгэр дуурайл болж байв. Герман орныг доргиохоор дотоодын айхтар хурц асуудал гарахгүй байлаа.

Канцлераар ажиллаад найм дахь жилийнхээ нүүрийг үзэх цагт Ангэла Мэркэл дэлхийн тавцанд ч бас эрх мэдэл, нэр нөлөөтэй болов. Тэрээр ийм олон жил алба хашсан засгийн газрын цөөн тэргүүний нэг болов. Европын холбоонд тэрээр үеийнхнээсээ албаа хашсаар буй сүүлийн хүн бөгөөд Люксембүргийн мөнхийн ерөнхий сайд, мөн Мальтын ерөнхий сайд нараас бусад нь түүнээс хойно засгийн газрын тэргүүн болсон хүмүүс юм. Европын комиссын ерөнхийлөгч түүнээс нэг жилийн өмнө албандаа орсон ч Мэркэлийн тусламжаар ийн дэвшсэн бөлгөө. Мэркэл Америкийн хоёр дахь ерөнхийлөгчийн нүүрийг үзэж хамтран ажиллаж байгаа. Гэхдээ өмнөх хоёр ерөнхийлөгчтэй нь уулзаж учирч явсан болой. Оросын ерөнхийлөгчтэй тэрээр туулай, зарааны уралдааны үлгэрээр урд хойноо орсоор явсан юм. Томоохон улс орны төрийн тэргүүн нараас Владимир Путинээс өөр хэн нь ч түүнтэй ийн урт аяны замын хань болж явсангүй, хэн нь ч түүнтэй ийн шаргуу өрсөлдөж сөргөлдөж байсангүй. Хятадын удирдлага солигдохыг Ангэла Мэркэл анх удаа үзсэн. Тэрээр Хятадын төрийн шинэ удирдлагатай учрахыг тэсэн ядан хүлээж байлаа. Учир нь тэрээр Хятадын шинэ эрх мэдэлтнүүдийг өмнөх хүмүүстэй нь жишиж харьцуулж үзэхийг хүсч байв.

Мэркэл Ойрхи Дорнодын энхийн үйл явцад хувь нэмрээ оруулсан. Тэрээр Израилтай тун өрнүүн, зарим үед сэтгэл зүрхний харьцаатай явж ирсэн байдаг. Тэрээр дэлхий ертөнцтэй харилцахдаа тэр бүр харуулаад байдаггүй зүйлийг Израилд л зориулж, энэ улстай сэтгэл зүрхний уяатай явдаг нь гагцхүү Германы түүхээс үүдэлтэй нь ойлгомжтой. Харин эдүгээ Арабын ертөнцөд тохиосон үйл явдлууд түүнийг хар хүчээрээ нөмрөн иржээ. Эрх чөлөөгөө олж авахыг хүсч эрмэлзээд эцэст нь масчидын их хаалганы өмнө зогтусан гацсан Ойрхи Дорнодыг, тэндхийн оволзож долгилсон нийгмийг Мэркэл итгэл муутайхан харж буй. Эрх чөлөө гэдэг юмыг Мэркэл нэлээд гайгүй мэднэ. Өөрийнхөө эрх чөлөөний түүх, замналын талаар ярих юм түүнд чамгүй бий. Гэхдээ тэрээр түүндээ тун харам байдаг, учир нь тэрбээр хөөрч хөөрцөглөхийг үзэж чаддаггүй. Уул шугамандаа эрх чөлөө бол түүний хувийн хэрэг юм. Уул нь аливаа саад тотгор үзэлгүй дэгжин дээшлэх, чадал чансаагаа тэнсэж үзэх, шинэ шинэ газар орон үзэж ойлгож, эзэмдэн дагуулах явдал бол 35 жилийн турш санаа зоригоо, авьяас чадвараа нууж хаахаас өөр аргагүй явсан энэ эмэгтэйн эрх чөлөөний талаарх өнийн хүсэл мөрөөдөл нь юм. Эрх чөлөөгөөр өлсөж ундаасч явсан түүний энэхүү хүсэл мөрөөдөл хараахан гүйцэлдээгүй мэт болой.

Ямар ч байсан Ангэла Мэркэл канцлераар ажилласныхаа найм дахь жилийн нүүрэн дээр эрх мэдлийн оргилд хүрчээ. Дахин нэг удаа. Учир нь нөхцөл боломжийн энэ оргилд урьд нь тэрээр нэг биш удаа хүрсэн мэт байдаг. Тухайлбал, сонгуульд ялан канцлер болж албандаа ороод хэдхэн хонож байх үед, Социал-Демократ намтай эвсэл байгуулсны дараа, 2008 оны санхүүгийн хямралын дараа тухай бүр л түүнд албан тушаалын оргилд хүрсэн мэт санагдаж байжээ. Гэвч Мэркэл ямар ч бартаа саад үзэлгүй шув шулуун замаар өөдөлж дэвшинэ гэдэгт итгэдэггүй. Улс төр бол түүний хувьд өгөө, аваа тэнцэж байдаг, алдаа, оноо ээлжилж, амжилт, бүтэлгүйтэл мөр зэрэгцэн явдаг тоглоом юм.

Чухамхүү энд л жинхэнэ асуудал эхлэнэ. Амжилт хийгээд бүтэлгүйтэл нь аливаа эвслийн тогтвор суурьтай байдал, сонгогчдын сэтгэл ханамж юм уу, олон улсад хийх айлчлалын давтамжаар хэмжигдэхгүй. Эдгээр нь буруу хэмжүүр юм. Жинхэнэ хэмжүүр бол үйл явдлууд л байдаг. Аливаа засгийн газрыг барьц алдуулдаг зүйл юу вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Британийн ерөнхий сайд асан Харолд Макмиллиан хариулахдаа “Үйл явдал юм даа, эрхэм ээ, үйл явдал л байгаа юм” хэмээсэн байдаг. Тэгвэл Ангэла Мэркэл ч бас канцлерын ажил үйл нь бүтэлтэй байх уу, үгүй юу гэдгийг дангаараа тодорхойлох үйл явдал болох хямралын үед түүхэн үүрэг хариуцлага хүлээж яваа хүн болой.

Тэрээр хямрал эрж яваагүй, хямрал өөрөө л түүнийг зорьж ирсэн юм. Хямрал бол үлгэр домгийн аймшигт дүр, арван таван толгойтой атгаалжин хар мангас ч юм уу, эсвэл тамын үүдийг сахиж байдаг Церберүс нохой маягтай юм. Эхлээд хямрал санхүүгийн хямралын хэлбэрээр ирээд дараа нь дэлхийн эдийн засгийн хямрал болж зүсээ хувиргаад эцэст нь еврогийн хямрал болсон юм. Түүний ард асар их хор хохирол учруулж чадах олон асуудал нуугдаж цагаа хүлээж буй. Тэр нь өрийн хямрал, өсөлт хийгээд өрсөлдөөний асуудал, эцэст нь мөнгөний сүйрэл юм. Тэгээд л евро бэрхшээл хүндрэлийг даалгүй нурж унахаар, еврогийн бүс задарч хэд хэдэн мөнгөний бүс болж хуваагдахаар л дээрх асуудлууд гарч ирнэ. Европ нь улс ардын аж ахуй хийгээд санхүүгийн аж ахуйн хувьд хүч чадлаа алдаж сулран доройтож, улмаар мөнгөний холбоо нь банк, үйлдвэр, аж ахуйн газрууд, хадгаламж эзэмшигчдийнхээ хамтаар гүн хар ангалд унана гэдэг санашгүй явдал бас биш болой. Ийм үзэгдэл аймшиг төрүүлэх нь мэдээж. Хадгаламж эзэмшигчид банкуудад дайран орно. Эдийн засгийн бүхэл бүтэн салбарууд төлбөрийн чадваргүй болж нурж унана. Экспорт хумигдана. Ажилгүйдэл газар авна. Нийгмийн байдал хурцдана. Хэт даврагч нам хүчнүүд толгойгоо өндийлгөнө. Европ улс төрийн хувьд задарч бутрана. Эндээс л хүмүүс хямралын жинхэнэ цар хэмжээ, жин нөлөөг мэдрэнэ. Асар их эвдрэл сүйтгэл дагуулах хүч үйлчилнэ.

Өөрийнх нь улс төрийн үүрэг зорилго бол сүйрлийн аюулыг зайлуулах явдал гэдгийг Ангэла Мэркэлд энэхүү хямрал л ойлгуулсан юм. Хэлмүт Кольд тохиосон шиг түүхийн тийм зол завшаантай цаг үед засаглах аз Мэркэлд таарсангүй. Коль цаг үеийн тааламжтай байдал хийгээд Европын эрх чөлөөний хувьсгалын эерэг эрч хүчийг ашиглан зөн совингийнхоо хүчээр улс орноо нэгтгэн Европыг хөгжил цэцэглэлтийн шинэ үед дэвшүүлсэн билээ. Тэгвэл Мэркэлд тийм завшаан тохиосонгүй. Тэрээр хориглон хамгаалах тулалдааныг удирдаж, уналт сүйрлийн эсрэг тэмцэж буй. Тэрээр газар орныг хөгжүүлж цэцэглүүлнэ хэмээн амлаж чадахгүй. Харин Европыг эзгүйрч хоосрохын эсрэг тэмцэж чадна.

Тэгэхээр Мэркэлийн канцлераар ажилласан он жилүүдийн гол асуудал бол хямрал юм. Конрад Адэнауэр өрнөдөд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын буурийг засаж байрыг нь эзлүүлээд нийгмийн зөвшил хийгээд зах зээлийн эдийн засгийг хослуулсан улс төрийн загварыг тогтоосон билээ. Вилли Брандт дорнын улс орнуудтай харилцаа хурцадмал байсныг намжаах эхний алхмыг хийсэн хүн. Хэлмүт Коль улс орноо нэгтгэсэн канцлер хэмээн түүхэнд оржээ. Харин Мэркэл өөрийн түүхэн өөрийн үүрэг зорилгыг олж авсан нь түүнийг хүчтэй нөлөөтэй болгож байна. Ямартай ч хямрал түүнд хэрэг болж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Хямралгүйгээр канцлерын ажил үйл нь учир холбогдлоор нэлээд тааруу байх байлаа. Харин одоо бол төрийн их жолоодогчдын эгнээнд орох боломж түүнд байна. Түүний гаргаж буй шийдвэрүүд Герман улсаар зогсохгүй, нийт Европын хувь заяанд ч учир холбогдолтой. Энэ нь түүний ач холбогдлыг өргөж, эрх мэдлийг нь нэмэгдүүлж байгаа юм. Тийм ч учраас Мэркэл дахиад л өөрийн зүтгэл бүтээлийн оргилд хүрээд буй гэж байгаа юм.

ХОРИГЛОН ХАМГААЛАЛТАД


Ангэла Мэркэл ба дайн

Ангэла Мэркэл 2007 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийнх шиг дайнтай нүүр тулж үзсэн нь ховор. Канцлер болоод дөнгөж хоёр жил болж, урьд орой нь Энэтхэгээс Берлинд буцаж ирсэн байв. Гэвч энэ нь дахиад л онгоцонд суун ирсэн зүгтээ буцаж нисэхэд нь саад болсонгүй. Гэхдээ энэ удаа Үзбекистан руу нисч өглөө эрт Термезийн цэргийн нисэх буудалд буухад нь бундесверийн тээврийн онгоц түүнийг хүлээн бэлэн зогсож байв. Зорих газар Кабул. Энэ удаагийн аяныг маш нууцалж байв. Сүүлд Хидүкүш рүү мөн гурван удаа нисэхэд ч ингэж байсан юм.

Канцлерын дагуул хорь хүрэхгүй хүн засгийн газрын их багтаамжийн онгоцонд төөрөх нь холгүй явж байв. Дагаж явсан цөөн сэтгүүлч ч мөн нууц хадгалах үүрэг хүлээжээ. Холбооны эрүүгийг цагдаагийн газрын хамгаалалтын ажилтнууд хэрэг болно гэсэн зэвсэг хэрэгслээ авч явж байв. Канцлер ч бас хамгаалалтын хантааз өмсчээ. Нислэгийн үеэр бундесверийн онгоцны нисгэгчид хоёр ч удаа онцгой нислэгийн хөтөлбөрт шилжихэд хүрч байсан нь хүмүүсийг бүр ч бачимдуулж байв. Нисдэг тэрэг болон цэргийн тээврийн онгоцны онцгой мэдрэмжтэй цахилгаан төхөөрөг гэрлийн тусгал мэдэрч түгшүүрийн дохио өгч байв. Бууны амнаас цацрах очоос болов уу? Хэт ягаан туяаны залуурдлагатай хошуу бүхий агаараас хамгаалах пуужингаар буудав уу? Эсвэл нарны туяаны тусгал байв уу?

Онгоцны электроникийн төхөөрөмж тэр дороо аюулын дохиог хүлээн авангуутаа төөрүүлэгч сум тавив. Онгоцны хитэг дээрх пиротехникийн гал асчээ. Магнийн ислийн халуун дөл нь халууныг мэдрэгчийнхээ тусламжтайгаар шуудхан хөдөлгүүр рүү нь нисэн ирэх пуужинг төөрөгдүүлэх учиртай. Мэркэлийн онгоцны нисгэгчид осолтой маневр хийж, хамгаалалтын буудлагаас үүссэн утаа нээлттэй хаалгаар нэвтрэн ирж, тас хийх дуун онгоцны их биеийг доргиов. Ийм мөчид онгоцонд сум тусав уу, үгүй юү гэдгийг хал үзсэн цэргүүд ч мэддэггүй.

Ангэла Мэркэл энэ байдалд огт ажирсан янзгүй, энэ явдал удаан үргэлжлэх эсэхийг л дагаж явсан цэргийн хүмүүсээс лавлаж байжээ…


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn