Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Наполеон
2015 оны 3 сарын 9 [Уншсан тоо: 60662]

ХЭНИЙ ТАЛД ОРОХ ВЭ?


1799 оны аравдугаар сарын 9-нд Сан-Рафаэль буланд Бонапарт буужээ. Түүний ирсэн явдал олон түмний сонирхлыг ихээр төрүүлсэнд гайхах зүйл байсангүй. Дорно зүгээс ирж буй бүхий л онгоцыг хөл хорионд зайлшгүй оруулдаг байтал Бонапартын ирсэн хөлгийг чөлөөтэй нэвтрүүлжээ.

Үд дунд Бонапарт Францын газар шороон дээр хөл тавив. Зургаан цагийн дараа тэрээр Парис орох замаар түргэн шуурхай урагшилж байлаа. Эргэж ирснийг нь цэргээ хаяж, оргож боссон хэмээн Директори зарлаж магадгүй байсан учир урьдчилан сэргийлэхийн тулд тэрээр хором ч алдалгүй шуурхайлах ёстой байв. Энэ тохиолдолд гэнэдүүлснээр үр дүнд хүрэх нь чухал. Гэтэл даанч гэнэдүүлж болсонгүй. Болсон явдлын тухай Парис аравдугаар сарын 10-нд мэдэж байв. Гэхдээ санаснаараа хурдалж чадаагүй нь эцсийн дүндээ Бонапартад нааштай эргэжээ. Египет рүү хийсэн алс холын хийгээд учир битүүлэг аян нь ямар их алдар нэр авчирсныг тэрээр Авиньонд байхдаа нүдээрээ үзсэн байна. «Үй олон хүн цугларсан байлаа. Аугаа хүнийг гарч ирэхэд хүмүүсийн баяр бахдал дээд цэгтээ тулж, “Бонапарт мандтугай!” гэж уухайлах чимээ цуурайтаж байв. Бөөгнөрсөн хүмүүс ийн орилолдсоор түүнийг буусан буудалд нь хүртэл дагав. Энэ бол үнэхээр сэтгэл догдлуулсан явдал байсан юм». Энэхүү баяр бахдлыг юугаар тайлбарлах вэ? «Энэ мөчөөс эхлэн Директорийн арчаагүй удирдлага болон фронт дээрх ялагдлууд оруулсан тэрхүү хямралаас Франц орныг гаргах хувь тавилантай хүн гэж түүнийг харах болов». Бид хэсгээс нь дээр эшлэсэн Булар Дуртгал-даа Авиньон дахь жагсаалын улс төрийн ач холбогдлыг хэтрүүлэн дэгсдүүлсэн байж болно. Гэвч удалгүй жагсаалууд албан ёсны шинжтэй болжээ. Невера хотын захиргааны төлөөлөгчид аравдугаар сарын 15-нд генералд хандаж, өөрийн буусан «Том буга» буудлынхаа өрөөнд хүлээж авахыг хүссэн байна. Үйл явдал өрнөх тусам нөхцөл байдал улам бүр таатай бүрэлдэж байв. Парист аравдугаар 16-ны өглөөний 6 цагийн алдад ирсэн Бонапарт үдшийг дөхүүлээд уулзсан эхний хүн нь Директорийн дарга Гойе байсан юм. Итгэлцэл, нөхөрлөлийн уур амьсгал дунд уулзалт явагджээ. Тайвширсан залуу генерал маргааш өдөр нь таван захиралтай албан ёсоор уулзахаар очсон байна. Түүний өмссөн ёслолын дүрэмт хувцас - бөөрөнхий бүрх малгай, чидун жимсний өнгөтэй даавуугаар хийсэн хүрэм, ташаандаа өлгөсөн махир түрэг сэлэм өөрт нь үнэхээр зохиж байв. Гүйцэтгэх засаглалыг төлөөлж буй хүмүүст түүний үг тун таатай сэтгэгдэл төрүүлсэн байна. Тэрээр илдээ (махир түрэг сэлмээ гэвэл илүү зохино) гагцхүү Бүгд найрамдах улс, түүний засгийн газрыг хамгаалахын тулд хуйнаас нь сугална гэлээ. Бонапарт үнэн сэтгэлээсээ хэлсэн, буланд шахуулсан гэгдэх Директорийг аврагч гэж өөрийгөө үнэхээр бодсон байж болно. Үгүй гэхэд өөрийг нь аврагч хэмээн олон түмэн хараасай гэж хүсч байсныг үгүйсгэхгүй.

Түүний буудалласан Ялалтын гудамжин дахь зочид буудал өөрийг нь улс төрийн үйл явдлын гольдрилд оруулахыг яаравчлан хүссэн хүмүүсийн бүслэн хаалтанд оржээ. Тэрээр Талэйрантай, Редерертэй, ирээдүйд нууц зөвлөх нь болох Маретэй, мөн Фушетэй уулзсан байна. Тэд бүгд л Директори хоногоо тоолж байгаа гэдэгт Бонапартыг итгүүлэхийг хүсч байсан бөгөөд сөрөг хүчний талд татан оруулахыг эрмэлзэж байв. Бонапартыг шийдэмгий бус байна гэж зэмлэнэ. Гэтэл тэрээр аравдугаар сарын 16-нд Парист ирээд арваннэгдүгээр сарын 10-нд Францын бүрэн эрхт эзэн болсон байдаг. Үүнээс илүү шийдэмгий хөдөлж болно гэж үү?

Гэтэл улс төрийн нөхцөл байдал амаргүй байв. Одоо байгааг хадгалж үлдэх сонирхолтой Гойе, Мулен хууль ёсны засаглалаасаа таашаал авна (Робеспьерыг хуулиас гадуур гэж зарласны дараа1 энэхүү хууль ёс нь дааж давшгүй хариуцлага болсон нь хүн бүхэнд илэрхий байлаа). Хаант засгийг сэргээхийг санаархаж буй хэмээн улам бүр тод хэлүүлэх болсон Баррас, сүүлийн сонгуульд ялалт байгуулсан, олон тооны депутат, бүгд найрамдах засаглалыг дэмжигч генералуудын дэмжлэгийг хүлээх магадлал өндөртэй неоякобинчууд, мөн 1796 оны Үндсэн хуульд Сиейесээр өөрчлөлт шинэчлэлт оруулснаар нэг талаас хаант засгийг сэргээх хувилбарыг үгүй хийх, нөгөөтээгүүр эмх замбараагүй байдал гаргахгүй байх, товчхон хэлэхэд өөрсдийн эрх мэдлийг бэхжүүлэх зорилготой термидорчууд тэдэнтэй эсрэгцэж байв. Өөрсдийг нь оюунлаг хүмүүс болох Соён гэгээрлийн гүн ухааныг залгамжилсан, Хүрээлэнд ноёрхож буй «үзэл сурталчид» дэмждэг гэж тэд сайрхана (тэрхүү Хүрээлэнд Бонапарт ч гишүүнчлэлтэй байв).

Гэхдээ тэдний хэнд нь ч тодорхой төлөвлөгөө байгаагүй нь, өөрөөр хэлбэл, Хувьсгалыг хэрхэн дуусгах талаар хэн ч ойлголтгүй байсан нь өнөөдөр жигтэй санагддаг.

Анхандаа Бонапартын санаархал захирлуудын бүрэлдэхүүнд багтахаар хязгаарлагдаж байсан байж болзошгүй. Гэхдээ Директорийн гишүүний насны доод хязгаар нь 40 байсан явдал түүний хувьд энэ боломжийг хаажээ. Аравдугаар сарын 22-ны үдэш барьсан зоогийн үеэр Гойе энэ асуудлаар буулт хийгээгүй бололтой.

Якобинчууд ч Бонапартын шохоорхлыг багагүй хүргэж байв. «Бокерт барьсан оройн зоог»-ийг зохиогч, Робеспьерын дүүтэй нөхөрлөж явсан хүн тэрхүү шохоорхлоо хэрхэн дарсан байж чадах вэ? Нутгийн өөрийн удирдлагын байгууллага, армид (Бернадот, Журдан) хүчтэй төлөөлөл бүхий неоякобинчууд VII оноос эхлэн нийгмийг аврах засгийн газар байгуулахыг уриалан дуудаж байв. Гэхдээ албадан зээллэгийн тухай шийдвэр гаргасан нь хөрөнгөтний давхаргын өргөн хүрээ, чинээлэг тариачдын түгшүүрийг төрүүлээд авсан байна. Дээр нь ааш зангийн хувьд тохирдоггүй, Бүгд найрамдах улсын улс төрийн байгуулалтын асуудлаар үзэл бодол зөрдөг Бернадоттой Бонапарт хэл амаа олж чадаагүй өнгөрчээ. Энэ бүхэн дээр Дезире Кларигийн хайр сэтгэлийн төлөөх өрсөлдөөн нэмэгдсэн юм. Нэгэн цагт Бонапартын сүйт бүсгүй байсан Дезире өдгөө Бернадотын гэргий болжээ. Тийм ээ, якобинчуудтай учраа ололцоход тийм ч амар байгаагүй юм.

Баррасын хувьд гэвэл Бонапарт түүнийг жигших төдий л харьцдаг байв. Тансаглалд умбасан Люксембүргийн ордон, түүний эзэн болох эрээ цээрээ алдсан Баррасын тойрон хүрээлэгчид Бонапартын бухимдлыг төрүүлж байлаа. Энэ асуудалд эмэгтэй хүн ч хутгалдаад амжсан байв. Тэр бол авлигад идэгдсэн захирлын нууц амраг байсан Жозефина юм.

Сиейес үлдээд байлаа. Юу бодож байгааг нь тааж мэдэхийн аргагүй лам асан сүүлийн хэдэн жилийн турш боловсруулж байсан үндсэн хуулийн тухай үзэл бодлоо амьдралд хэрэгжүүлэх цаг нь ирснийг бусдадаа ойлгуулжээ. «Гурав дахь давхарга гэж юу вэ?» хэмээх алдарт товхимлыг зохиогч улс төрийн багагүй нэр хүндтэй нэгэн байв. Хувьсгалын ороод байгаа мухардлаас улс орныг гаргаж чадах хүн бол чухамхүү Сиейес гэж олон нийт үзэж байлаа. Хувьдаа өмчтэй байх, хуулийн өмнө тэгш байх ариун эрхэд халдах эгдүүцэм санаархал гарах болсонд түгшсэн хүн бүрийг тайвшруулах зорилготой, хангалттай сурталчлагдаж, удтал хүлээгдсэн үндсэн хуулийнхаа ачаар мухардлаас гаргана гэж итгэл хүлээлгэнэ. «Үзэл суртал» нь нэг намд харьяалагддаггүй боловч нэг Хүрээлэнгийн хоёр гишүүний хувьд ойртон нягтрах суурь болж чадах байлаа.

Сиейес, Бонапарт хоёрын анхны уулзалт аравдугаар сарын 23-нд болж, ямар нэг шийдэлд хүрэлгүй өндөрлөжээ. Генерал цагтаа якобинч явсан нь лам асанд түгшүүр төрүүлж байв. Моро хаант засгийнханд талтай ханддаг гэгддэг ч Сиейесийн таалалд Бонапарт илүүтэй нийцэнэ. Шийдвэрлэх уулзалт арваннэгдүгээр сарын 1-нд, магадгүй 6-нд болжээ. Үндсэндээ Сиейест сонголт үлдээгүй байв. Үндсэн хуульд хуулийн дагуу нэмэлт өөрчлөлт оруулах нь боломжгүй зүйл байлаа. Энэ нь хүнд бэрх дэгтэй байсны сацуу үндсэн хууль батлагдсанаас хойш есөн жилийн дараа л зөвшөөрөгджээ. Улмаар хүч хэрэглэхээс, өөрөөр хэлбэл, ээлжит төрийн эргэлт хийхээс өөр гарц үлдээгүй юм. Үйл явдал дараах байдлаар өрнөнө гэж Сиейес төсөөлж байлаа: гүйцэтгэх засаглалын хоосон орон зай бий болгох нь 1792 оных шиг хууль тогтоох байгууллагыг2 араасаа чирээд унана. Шинэ үндсэн хууль боловсруулахын тулд Ахмадын болон Таванзуугийн зөвлөлүүд өмнөх үндсэн хуулийн алдаа мадгийг засаж залруулах комисс байгуулна. Харин хууль тогтоогчдыг айлгахын тулд цэргийн ангиудыг ойр зуур хөдөлгөх шаардлагатай. Хуйнд нь хийхийн тулд эхлээд сэлмээ хэд хэд эргүүлээд авах хэрэгтэй.

Гүйцэтгэх засаглалд хоосон орон зай бий болгох нь тийм ч хүнд бэрх ажил биш. Сиейес өөрийнхөө сүүдэр Роже Дүкогийн хамт Директорийн бүрэлдэхүүнээс гарна. Гурав дахь захиралд, өнөөх Барраст, авлига өгнө, ингээд л асуудал шийдэгдэнэ. Гэхдээ Таванзуугийн зөвлөл дэх якобинчуудын сөрөг хүчнээс болгоомжлох нь зөв. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Улмаар бэлтгэгдэж буй хуйвалдааныг таслан зогсоох шалтгаар зөвлөлийн танхимыг Парисаас гаргаж, хаяа дүүргүүдийн ажилчдаас авах болзошгүй дэмжлэгийг үгүй хийнэ.

Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад Перегогоос бусад санхүүгийн олигархиуд идэвх санаачилга гаргаагүй бол Италийн армийн нийлүүлэгч Колло төлөвлөгдсөн ажлыг гүйцэлдүүлэхийн тулд хэдэн сая франкийн санхүүжилт үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Бонапарт тоглоомонд арваннэгдүгээр сарын 6-наас хойшгүй оржээ. Тэрээр наймаалцсаны үр дүнд өөртөө түр консулын албан тушаал олж авсны дээр хурлын танхимуудад өргөн барих шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажилд хяналт тавих эрхээр шагнагджээ. Нэг ёсондоо парламентын эргэлт төлөвлөгдсөн учир Сиейесийн энэхүү буултууд чухал байсан юм. Энэ удаад цэргийнхэн туслах үүрэг гүйцэтгэх байлаа. Гэхдээ төрийн эргэлт бол тохиромжгүй нэр томьёо, учир нь бүх зүйл бараг л хууль ёсны дагуу болно. Гол нь Хувьсгалын арцашгүй ололт болох хуулийг уландаа гишгэж болохгүй. Хэрэв тэр үеийн хэвлэлд бичигдэж байсан зүйлд итгэх юм бол Бонапартын хоёрдмол байр суурь нэр хүндийг нь огцом унагаах аюултай байлаа.

           

1Энд Робеспьерыг цаазаар авсан Термидорын эргэлтийн тухай өгүүлж байна.

2Хууль тогтоох байгууллага - Францын төрийн эрхзүйн нэр томьёо. Директорийн үеийн III оны (1795 он) үндсэн хуулиар хууль тогтоох эрх бүхий хоёр зөвлөл (Таванзуугийн зөвлөл, Ахмадын зөвлөл)-ийг Хууль тогтоох байгууллага гэж нэрлэж байв. Консулт засгийн үеийн VIII оны (1799 он) үндсэн хуульд зааснаар Эзэнт гүрний үед хуралдаж байсан Хууль тогтоох хурлын нэгийг ийн нэрлэж байв.


 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив