Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Бодоо
2015 оны 3 сарын 5 [Уншсан тоо: 53620]

ҮНЭН БОЛСОН ХУДАЛ

Бидэнд түүхийн хичээлээр зааж байсан 1921 оны Ардын хувьсгалын түүх худлаа байжээ гэдэг нь архивын түүхийн баримтуудаар нотлогдож эхлээд байна. Ардын хувьсгалын үеийн бүх түүхийг Марксизм ленинизмийн онолд тулгуурлаж байгаа нь энэ гэж “Монголд хувьсгалт нууц бүлгэм үүссэнээс эхлээд, Нийслэл хүрээг чөлөөлсөн нь” хүртэлх түүхийг оросууд зориудаар гуйвуулан бичиж өгөөд бид тэр түүхэнд нь үнэмшээд бүтэн зууныг үджээ. Тухайлбал, Богд хаан, Барон Унгерн жанжин, Бодоо сайд гээд томоохон улс төрийн зүтгэлтнүүдийн түүхийг санаатай гуйвуулж худлаа бичиж ирж дээ. Монголчууд түүхээ өөрсдөө бүтээж байгаа юм чинь өөрсдөө бичиж болмоор. Гэвч болдоггүй цаг үе байжээ. ХХ зуун хүртэл монголчууд бичмэл түүхгүй явж ирсэн гэнэ.

Монголын нууц товчоо, Алтан товч гээд бичмэл түүхийн ном бишгүй л байдаг биз дээ гэхэд “Үгүй ээ. Эдгээр номууд бол түүхийн судлагдахуун, сурвалж бичиг болохоос улс гүрний бичмэл түүх биш юм гэнэ. Том том түүхчид социологийн эрдэмтэд яг ингэж хэлж байна билээ. Бас 1921 оны үед байсан монголчуудаас түүх биччихээр эрдэм номтой хүн байгаагүй юм байх. Тэгээд л ЗХУ-ын түүхчид “тусалж”, МАХН анх удаа 1921 оноос хойших түүхийг бүтээж, улс орноо бичмэл түүхтэй болгосон “гавьяат” үйлсийн эзэн болжээ.

Газар нутгийн хувьд уудам, хүн ам цөөнтэй, зэрлэг бүдүүлэг улс орныг түрэмгийлэн эзэлсэн улаан Оросын хувьд манай улсын түүхийг зохион өгч, ах дүүгийн найрамдлын “гүн туслалцаа” үзүүлэх нь өөрсдөд нь бас ашигтай байсныг түүх гэрчилнэ.

Үүнийг доорх үндэслэлээр тайлбарлаж болохоор байна.

Нэгдүгээрт:
Зуун хүний нэг нь тангад бичигтэй, зургаан хүний нэг нь сүмд олбогтой, ертөнцөөс хоцрогдсон феодализмын үеийн монголчууд улсынхаа түүхийг бичиж чадахгүй байсан. Суурин соёл иргэншилтэй улсын хувьд түүх гэж юу байдаг. Түүнийг яаж бичдэгийг зааж өгч тусалж байгаа нь тэр ажээ.

Хоёрдугаарт:
Большевикууд Богд хаант Монгол Улсыг цэргийн хүчээр эзэлснээ, төрийн томчуудыг нь цаазлан устгаж, коммунист дэглэмийг хуулиар тулган хүлээлгэснээ үзэл суртлаар зөвтгөн аллага таллагаа нуух гэж манай түүхийг бичиж өгчээ.

Социалист Монгол Улсын түүхийн эхийг Кремльд боловсруулж, ЗХУ-ын коммунист нам хянаж байжээ. Ийм жишээ баримт олон арваараа бий. Монголд ардын хувьсгалыг удирдан бүүр өөрсдийн биеэр гардан зохион байгуулсан ЗХУ-ын иргэн нэрт коммунист Б.З.Шумяцкий, Монгол Улсын цэргийн зөвлөлийн гишүүн, Коминтерны бүрэн эрхт төлөөлөгч, ЗХУ-ын иргэн Э.Ринчино нАр Монголын хувьсгалын түүхийг өгүүлсэн олон ном бичиж, тэр үеийн социалист Монголын удирдагчид хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрч, коммунист онол үзэл сурталд нь тааруулан өөрийн улсынхаа түүхийг бүтээж байжээ.

Б.З.Шумяцкий, Ринчино нарын Монголын хувьсгалчдын тухай бичсэн түүхийн бүтээлүүдийн агуулга битгий хэл гарчиг нь гэхэд л Монголын түүхийн номын гарчигтай таарч байгаа нь инээдтэй. “Октябрийн хувьсгалын оч талын Монголд үсэрсэн нь” гэж тэд Монголын түүхийн тухай номоо эхэлдэг.

Тэгвэл социализмын үеийн, Монголын түүхийн бор хавтастай ботиудыг нээхэд л “Октябрийн хувьсгалын үзэл санаа Монголд нөлөөлсөн нь” гэж байдгийг санаж байгаа байх. МАХН засгийн эрх барьж, 70 жил сонголтгүй ноёрхох үеийн социалист Монголын түүхийг “ах нар” бичиж өгч манай эрдэмтэд нэр усаа тавьж, хэвлэж байсан юм.

Ардын намыг байгуулсан анхны долоон хувьсгалчдын дотроос Ерөнхий сайд асан Д.Бодоогийн тухай түүхэн баримтуудыг сонирхон, өөрийн хэмжээнд судалж хэдэн өгүүлэл бичсэн юм. Монголын түүхийг бичиж байгаа оросууд Д.Бодоогийн тухай юу бичсэн байна гэж шүүрдэн үзэв. Бодоогийн тухай бараг дурсаагүйгээр барахгүй эерэг мэдээлэл үлдээсэнгүй. 1974 онд хэвлэгдсэн Монгол Зөвлөлтийн харилцааны баримт бичгүүд товхимолд:

Д.Бодоо нь 1918-1919 оны үеэс буюу “Хувьсгалт бүлгэмийн үйл ажиллагаанаас эхлэн, дараа нь МАХН байгуулагдсанаас хойш ч хувьсгалын түр зуурын хань байсан учраас туйлбаргүй, бөөрөнхий, бялдууч байдал удаа дараа гаргаж, Богд эзэнт төрийг сэргээн мандуулснаар хувьсгалын зорилтыг хязгаарлаж, ямар нэгэн хувьсгалт өөрчлөлт хийхгүй байх гэж оролдож байжээ. Тиймээс ч тэрбээр хувьсгал ялсны дараа илт хувьсгалын эсэргүүн бодлого баримталж, Богд гэгээнийг хүрээлсэн шашны харгис толгойлогчидтой нягт холбоотой байсан учир 1922 оны эхээр засаг төрийн бүх албан тушаалаасаа зайлуулагдаж, МАХН-ын Төв хорооны бүрэлдэхүүнээс хасагджээ. Д.Бодоо хувьсгалаас урван тэрсэлж, Ардын засгийн газрын эсрэг хуйвалдааныг өөгшүүлэн зохион байгуулагч болж, Япон болон Жан Золиньтэй холбоо тогтоожээ.

гэжээ.

 

Догсомын Бодоо гэдэг улс төрийн зүтгэлтний түүхийг, МАХН-ын түүхэнд, БНМАУ-ын түүхэнд, кино дэлгэцийн урлаг, уран сайхны бүтээлүүдэд одоо хүртэл муу талын баатраар мөнхлөх болсны эхлэл энэ.

Коминтерныхны бичсэн түүхийг хууль мэт дагаж, тоть мэт давтаж ирснээс Ардын засгийн анхны Ерөнхий сайд Д.Бодоо өнөө хүртэл “эсэргүүн” гэж ад үзэгдэн яваа юм.

Улсынхаа түүхийг өөрсдөө бичихгүй бол гаднынхан ингэж л бичиж өгнө. Гадны хүнээр түүхээ бичүүлж байсан үе байсан юм шүү гэж үүнийг эш татлаа.

Бодоо гэгч хэн байв, ардын хувьсгалын түүхэнд ямар гавьяа байгуулав, Үнэхээр эсэргүү байсан юм уу, хэлмэгдүүлэн цаазалчихсан юм уу гэдэгт хагас хугас боловч үнэнээр нь хариулахаар уншигчиддаа хүргэхээр чармайн энэхүү номыг бүтээв. Улсынхаа түүхийг бүтээхдээ гадаадын хэнээс ч айлгүйгээр, хэнээс ч асуулгүйгээр бичих тийм цаг үе, тийм эрдэм ном хэл соёлтой хойч үе маань бий болсонд бахархнам.

1921 оны Ардын хувьсгал гэж юу болсон юм. Тэд Богд хаант Монгол Улсыг түүхийн тавцангаас зайлуулснаас өөр түүхэнд ямар гавьяа байгуулсан бэ. Коминтерн Богд хаан, Ерөнхий сайд Бодоо, шадар сайд Чагдаржав, Сангийн сайд Данзан, цэргийн жанжин Сүхбаатар зэрэг Монголын төрийн томчуудыг толгой дараалан устгах болсон шалтгаан юу байв зэрэгт бага ч болов хариу өгөхийг оролдов.

Энэ номыг бичихэд туслалцаа үзүүлж, түүхэн ховор баримт бичгийг олж өгч тусалсан, Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн захирал, залуу доктор С.Чулуунд талархснаа илэрхийлье. Манай түүхчид Марксизм, ленинизмийн сургаалаас татгалзаж, улсынхаа түүхийг өөрсдөө үнэнээр нь дахин бичнэ гэдэгт итгэж байна.

ТусгаАр Монгол Улсын Ерөнхий сайдад хилс хэрэг тохон буудан хороож, боловсруулж батлуулах гэж байсан Үндсэн хуулийг нь хүчингүй болгон устгасан тийм харгис үеийг мартаж болохгүй, давтаж бүрч болохгүй. Би социологич, түүхч, философич, судлаач биш сэтгүүлч. Тийм учраас миний энэ бичсэн бол түүх биш. Монголын түүхийн Марксизм ленинизмийн онолгүй тэмдэглэл гэдгийг тунгаан бодно биз ээ.

Зохиогч: Г.ДАШРЭНЦЭН


 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив