Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Зарлаагүй дайн
2015 оны 1 сарын 26 [Уншсан тоо: 65226]

    Халхын голын байлдааны түүх нь Монголын ард түмнээс улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалсан тэмцлийн түүхийн бүрэлдэхүүн хэсэг билээ. Халхын голын үйл явдалд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө зөвхөн нэг талыг барих, болсон явдлыг он жил өнгөрөх тусам танигдахгүй болтол гоёж чимэх болсон нь үзэл суртлын бодлого, нөлөөлөлтэй, нөгөө талаар амьд гэрч цөөрөх тусам үйл явдлыг дэвэргэх, гуйвуулах хандлага зэрэгтэй холбоотой байна. Хаалттай нийгэм нээгдсэнээр үнэнийг тогтоох боломж гарсан билээ. Халхын голын байлдааны дипломат түүхийг нягтлах нь Зөвлөлтийн нууц дипломат бодлогыг хөндөж, нэр хүндэд сэв суулгах байсан тул хуучин Зөвлөлтийн цэргийн түүхчид Халхын голын байлдааныг цэргийн оператив-тактикийн урлагийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан операци гэдгээс халих боломжгүй байжээ. Өрнөдийн түүхчид Халхын голын байлдааны дипломат түүхийг илүүтэй анхаарч энэ нь Зөвлөлт, Японы хоорондын мөргөлдөөн байсан бөгөөд Японы бодлогыг умардаас өмнөд рүү чиглүүлж, ингэснээр дэлхийн хоёрдугаар дайны хувь заяанд хүртэл нөлөөлсөн үйл явдал байв гэж үзэх болжээ. Халхын голын байлдаан нь Зөвлөлт, Японы хоорондын мөргөлдөөн байсан боловч энэ нь Монголын газар нутаг дээр болсон, Монголд нөлөөний хүрээгээ тогтоохын төлөө өрсөлдөөн байснаараа Монголын асуудал байв. Монголын цэргийн түүхчид Халхын голын байлдаан нь Монголын ард түмний хувьд дайн байсан гэдэг дүгнэлтийг дэвшүүлжээ. Дайн бол улс төрийн бодлогын үргэлжлэл билээ. Аливаа дайны түүх нь цэргийн хэргийн, дипломат бодлогын гэсэн хоёр талтай. Алс дорнодын олон улсын цэргийн шүүхээс Халхын голын байлдааныг зарлаагүй түрэмгий дайн байсан гэж үзсэн байна. Халхын голын байлдааны дипломат түүх нь Монголын удирдагчдаас “гуравдагч хөрш”-ийг эрэлхийлсэн бичигдээгүй бодлогын үзүүрт л хөтлөн аваачиж байгаа юм. Зохиогчоос энэ удаад ОХУ-ын цэргийн архивын материалд тулгуурлан бусад материалтай харьцуулах байдлаар аль болох баримт сэлтийг эргэлтэд оруулан Халхын голын байлдааны түүхийг өмнөхөөс арай нуршуу гаргах замаар үнэнийг тогтооход хувь нэмрээ оруулахыг оролдов. Энэ нь бүрэн төгс биш зөвхөн эхлэл бөгөөд үйл явдлыг дайны түүх болгон цаашид нэг мөр болгоход тус дэм өгнө гэдэгт найдна. Мөн энэхүү сэдвийг судалсан бусад түүхчдийн судалгаатай давхцуулахгүй байхыг эрмэлзэв.

Равдангийн БОЛД

 

ХЯНАН НЯГТЛАГЧИЙН ЗУРВАС


    Энэ удаад Р.Болд “Зарлаагүй дайн” (Халхын голын байлдаан: цэрэг-дипломатын түүх) хэмээх бүтээлээ уншигч Таны тунгаан болгоох оюуны мэлмийд өргөн барьж, өнөөгийн Монголын түүхийн шинжлэх ухаан, ялангуяа гадаад харилцааны ээдрээтэй цагийн нэгэн зурвас үеийг судлан толилуулж байна. Зохиолын “Монголын талаарх Японы бодлого” хэмээх эхний бүлэгт Танакагийн меморандум гэгч юу байсныг улс төрчид судлаачид хэрхэн үзэж байсныг нягталж, Монгол, Япон улс хоорондоо ойртох зарим оролдлого хийж байсныг шинэ баримт сэлтээр нотлон өгүүлжээ. Энэ хэсэгт хамгийн гол нь Монголго улс байгуулах Японы санаархал, Монголго-гийн талаарх Зөвлөлтийн, БНМАУ-ын талаарх Японы баримтлалыг өмнөх судлаачдаас илүү тодорхой авч үзсэн байна. Түүнчлэн Манжго БНМАУ-тай харилцаа тогтоох оролдлого, Квантуны арми ба БНМАУ-ын хоорондын асуудлыг архивын сан хөмрөгт тулгуурлан жишээ баримтаар өгүүлсэн байна. Зохиолын  “Монголын талаарх Зөвлөлтийн бодлого” хэмээх II бүлэгт Монгол, Зөвлөлтийн 1934 оны үл довтлолцох тохиролцоо, улмаар хоёр улсын хооронд 1936 онд харилцан туслалцах протокол байгуулсан учир шалтгааныг тодорхойлоод, Манжуурын бага хурлыг  БНМАУ-ыг тулалдаанүйгээр эзлэх Японы бодлого хэмээн Зөвлөлтийн тал сэжиглэн эсэргүүцэж тасалдуулсан тухай өгүүлжээ. Түүнчлэн Зөвлөлтийн тал 1932 оноос эхлэн Алс дорнодод Японы эсрэг хориглон хамгаалах дайн явуулах оперативын төлөвлөгөө боловсруулахдаа БНМАУ-ыг холбоотонд тооцон тусгаж, 1937 оны 8 дугаар сард Улаан Армийн ангиуд БНМАУ-д нэвтэрсэнийг дэлхий дахинд зарласан шалтгааныг түүхэн үйл явцыг өргөнөөр дүгнэн харуулсан байна.

    Зохиолын “Япон, Хятадын дайн ба Монгол” хэмээх III бүлэгт Зөвлөлт, Хятадын хооронд харилцан үл довтлолцох гэрээ байгуулсан тухай, Суйюань мужийн захирагч Фу Зуои, БНМАУ-ыг эзлэх “Японы 1937 оны төлөвлөгөө”-ний тухай өгүүлжээ. Мөн БНМАУ-ын нутаг дэвсгэрт Зөвлөлтийн цэрэг оруулж 57 дугаар онцгой корпусыг байгуулсан, ялангуяа Дорноговийн чиглэлд Зөвлөлтийн цэргийг байрлуулсан тухайд сонирхолтой шинэ баримтыг дэлгэн тавьжээ. Зохиолын энэ хэсэгт Хятадын тал ЗХУ-ыг Японы эсрэг дайнд татан оруулахыг хэрхэн чармайж байсан тухай болон Халхын голын байлдааны босгон дээрх Алс дорнодын байдалд дүн шинжилгээ хийсэн байна. Зохиолын “Тавдугаар цувраа-буриадын дүрвэгчид, Монголын лам нар мөн” хэмээх IV бүлэгт Монголын лам нарын талаарх Зөвлөлтийн байр суурь, Ванчин Богд монголчуудтай хэрхэн холбогдож байсан тухай, 1932 оны бослого гарсан шалтгаан, бослогод гаднын оролцоо байсан эсэхэд дүн шинжилгээ хийгээд энэхүү бослогод ард иргэдийн дунд тараасан “Ванчин ламын цэрэг Улаанбаатарыг эзэлсэн гэнэ, Шамбалын дайн эхэлж байна, Япон туслах гэнэ” гэх зэрэг хүчтэй нөлөөлсөн цуурхалаас өөр гаднын оролцоо нөлөө байгаагүй гэж үзжээ. Мөн Сталин лам нарыг “Улсын доторхи Улс” гэж үзсэн төдийгүй Октябрийн хувьсгалаас дүрвэн Монголд орж ирж суурьшсан буриадуудын “аюул” гэгч сэдэв бий болгон, тэдний эсрэг явуулга хийж байсныг эшлэл баримттай нягтлан гаргасан байна. Мөн И.Сталины ЗХУ-д дэвэргэн зохион байгуулсан хуйвалдааны халдвар Монголд нөлөөлж, бослого, “хуйвалдаан”, “японы тагнуул” газар авсан гэсэн хардлага, сэрдлэг хүчтэй болж, зохиомол хэрэг үүсгэн, нам, төр, цэргийн удирдагчдыг хилс хэрэгт баривчлах болсныг урьд өмнөх судлаачдаас илүү тодорхой шинжилжээ. Энэ бүлэгт 1934 онд Х.Чойбалсан ЗХУ-д очиж, удаан хугацаагаар чухам юу хийсэн нь түүхэнд бүрхэг байсныг шинэ баримт сэлтээр тодотгосон нь түүхийн цагаан толбыг арилгахад чухал нөхвөр болж өгсөн байна. “Монгол Ардын Хувьсгалт Цэргийн бослого” гэгчийн тухай зохиомол хэрэг үүсгэн, уул бослогын удирдагч нь Ерөнхий сайд А.Амар байсан гэж үзэж, түүнийг хилсээр баривчилсан тухай илүү тодруулан авч үзжээ. Зохиолын “Японы тагнуул Монголд” хэмээх V бүлэгт Монгол дахь Японы тагнуулын үйл ажиллагааг анх удаа архивын шинэ шинэ сэлтэд тулгуурлан гаргалгаа хийж чаджээ.

    “Халх голын байлдааны эхлэл” хэмээх VI бүлэгт тухайн цагийн МАХЦ-ийн байдал, голын байлдааны эхлэл, 5 дугаар сарын байлдааны явцад дүн шинжилгээ хийсэн байна. “6 дугаар сарын байлдаан” хэмээх VII бүлэгт: Г.К.Жуков Монголд ирж, корпусын командлалыг шалгаж хангалтгүй хэмээн дээд командлал илтгэсэний дараа 57 оК-ын командлагчаар түүнийг шууд тохоон томилжээ. Чингээд тагнах байлдаан хийж, агаарын томоохон тулалдаан явуулжээ. Харин хоёр онгоцныхоо хохиролыг хэтрүүлэн мэдээлж байсныг баримтаар нотолжээ. Байлдаан аль аль талаасаа ширүүсч байв. Чингээд зохиогч эл бүлгийн төгсгөлд “Ворошиловоос 57 оК-ын нисэх хүчнийг идэвхтэй ажиллагаанд шилжүүлэхээр өгсөн чиглэл, Жуковоос Манжуурын нутагт цөмрөн байлдан тагнах ажиллагаа явуулсан зэрэг нь Квантуни армиас Тамсагбулаг, Баянтүмэнийг бөмбөгдөх, Халх голын зүүн эргийг “цэвэрлэх” шинэ давшилтад өдөөн дуудсан байна” хэмээх дүгнэлт хийжээ. “Монгол-Зөвлөлтийн ерөнхий давшилт” хэмээх IX бүлэгт: уг давшилтын бэлтгэл, давшилтын үйл явцад тодорхой задлан шинжилгээ хийгээд 8 дугаар сарын 20-нд эхэлсэн ерөнхий давшилтын тухай шинжлээд, ерөнхий давшилтыг Зөвлөлт, Монголын тал 8 дугаар сарын 20-нд эхлэхдээ Квантуны армийн 8 дугаар сарын 24-нд эхлэхээр төлөвлөж байсан ерөнхий давшилтыг өрсөж хийсэн мэтээр урьд өмнө дүгнэж байсныг үндэслэлгүй гэж нотолжээ. Чингээд “Цэргийн урлагийн үүднээс Халх голын энэхүү давшилт нь багавтар боловч Жуковын тодорхойлсноор хангалттай сургамж бүхий орчин үеийн операци байжээ. Гэвч энэхүү сургамж дэлхийн II дайны сүүдэрт дарагдан үлджээ” хэмээх гаргалгаа хийсэн байна.

    “9 дүгээр сарын байлдаан” хэмээх Х бүлэгт: Япон “хилийн мөргөлдөөнөөс ялгаатай” шинэ давшилтад бэлтгэж, байлдаан хэрхэн өрнөснийг авч үзжээ. “Гал зогсоосон нь” хэмээх XI бүлэгт: гал зогсоох яриа хэлэлцээр, тохиролцоо, олзлогдсодоо хэрхэн солилцсон, хилийн холимог комисс байгуулагдан ажилласан тухай өгүүлсэн байна. “Хохиролын асуудалд” хэмээх XII бүлэгт хоёр талын хохиролыг урьд өмнө түүхэнд хөндөгдөөгүй нарийвчлан тооцоолж гаргажээ. “Халх голын байлдааны шалтгаан, үр дагавар” хэмээх XIII бүлэг болон дүгнэлтэд: “Байлдааны хүндийг Улаан арми үүрч, үлэмж хохирол хүлээсэн бөгөөд МАХЦ-ийн ангиуд туслах чиглэлд үүрэг гүйцэтгэжээ. Монголын тал Улаан армийн хохиролын 4 хувьтай тэнцэх хохирол хүлээжээ”, “... Халх голын байлдаан нь Зөвлөлт, Японы хувьд улс төр, дипломатын гэнэтийн үйл явдал байсангүй харин байлдаан болсон алслагдсан газар орон нь гэнэтийн тохиолдол байв. Япончуудын тавьсан төмөр замыг эс тооцвол онцын ач холбогдолгүй, ойр хавьд томоохон суурин газаргүй, дэд бүтэцгүй алслагдсан газар оронд байлдааны ажиллагаа явуулах улс төр, цэргийн шаардлага Япон, ЗХУ-ын аль алинд нь  байгаагүй байна. Халхын голын байлдаан үүссэн шалтгаан, нөхцөл нь зөвхөн Монгол Япон хоёр халз тулахаас өөр аргагүй болсон тийм зэвсэгт мөргөлдөөн хараахан биш харин Зөвлөлт, Японы цэрэг-дипломатын эрх ашгийн зөрчлийн үр дагавар байв. Халхын голын дайны үр дагавар нь Японы бодлогыг умардаас  Өмнөд үрүү эргүүлж, энэ үүднээс дэлхийн үйл явдал түүхэнд нөлөөлсөн үйл явдал байсан гэж үзэх болжээ”, “Халхын голын байлдаан нь Орос, Японы хоорондын цэрэг-улс төрийн өрсөлдөөний үргэлжлэл болохын хувьд Монголд нөлөөгөө тогтоохын төлөө тэдгээрээс явуулсан орон нутгийн чанартай, харин БНМАУ-ын хувьд тусгаар тогтнолоо хамгаалсан дайн байжээ” гэх зэрэг урьд өмнө үзэл суртлын үүднээс танигдахгүй болтол гоёж чимсэн олон дүгнэлтээс татгалзсан зарчмын өөр шинэлэг гаргалгааг хийсэн байна.

    Зохиогч энэхүү бүтээлээ туурвихдаа голлож ОХУ-ын цэргийн архивын сан хөмрөг, Орос болон өрнөдийн судлаачдын бүтээлээс өргөн ашиглажээ.  Энэ нь энэхүү сэдвийг судалдаг манай түүхчид, судлаачдад Монгол Улсын архивт буй баримт сэлттэй харьцуулан улам нягт судлахад дөхөм болно гэдэгт найднам. Эрхэм уншигч танаа толилуулсан буй энэхүү зохиол нь Халхын голд Монгол, Япон хоёр тулгарахад хүрсэн гадаад, дотоод шалтгаан, хүчин зүйлсийг дорвитой судалж, шинжилсэн тулгуур бүтээл болсон байна. Үзэх мэргэд хянан толилмуй.

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн,
академич Жигжидийн БОЛДБААТАР

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn