Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хувь заяагаа сонгох нь
2015 оны 1 сарын 21 [Уншсан тоо: 60613]

ИНФЛЯЦИЙГ ЭМНЭХҮЙ


    Инфляцийн эсрэг юу хийхийг тодорхойлоход амархан, харин хэрэгжүүлэхэд тун хэцүү. Мөнгөний тоо хэмжээг нэмэгдүүлсэн нь инфляцийн ганц жинхэнэ шалтгаан учраас мөнгөний тоо хэмжээг хорогдуулах нь инфляцийг тогтоох ганц боломжтой арга нь. Юу хийхээ мэдэхгүй байгаад асуудал байгаа юм биш. Юу хийхийг зааж хэлэх нь тийм ч хэцүү биш, засгийн газар мөнгөний тоо хэмжээний өсөлтөө багасга гээд л болоо. Асуудлын гол нь зөв зүйтэй алхам хийх улс төрийн зориг байгаа эсэхэд байна. Инфляцийн өвчин даамжирчихсан байвал эмчилгээ нь нилээд цаг авахаас гадна хөндүүр байх нь мэдээж.

    Анагаах ухааны хоёр арга энэ асуудлыг шийдвэрлэхэд тустай. Эхнийхэд нь нэг залуу Бүргэрийн өвчин туссан байна гэж саная. Энэ өвчин цусны гүйдлийг зогсоож гангрен* үүсгэдэг. Мөнөөх залуугийн гар хөл нь мэдээгүй болжээ. Залуу маань тамхинд нэвт шингэчихсэн учир энэ донгоосоо салах сэтгэлийн тэнхээгүй аж. Энэ залуугийн өвчин нэг талаасаа эмчилгээ авна, нөгөө талаасаа эмчилгээ авахгүй өвчин.

    Үүнээс илүү сургамжтай жишээ бол архинд донтох байна. Архичин уугаад эхлэнгүүт л үр дүн нь сайн талдаа дийлэнх, харин маргааш нь шартаад сэрэх үед нь л жинхэнэ үр дүн нь харагдана, ингэхээр нь биеэ зүгээр болгохын тулд “шараа тайлах”-аар дахин ууна.

    Инфляц үүнтэй айхавтар төстэй. Аль ч оронд инфляц гараад л эхлэнгүүт эхний үр дүн тун сайхан байдаг. Нэмэгдсэн мөнгөний тоо хэмжээ нэмэгдэхээр бололцоотой болгонд (гол төлөв засгийн газарт) үрж зарах мөнгө бий болно. Гэвч тун удалгүй өссөн зарлага маань юмны үнийг дээш хөөрөгдөнө. Хэдийгээр доллар утгаараа цалин нь нэмэгдсэн ч худалдан авах чадвар нь буурчихлаа гэж ажилчид гомдол мэдүүлнэ. Хувийн хэвшлийнхэн болохоор үйлдвэрлэлийн өртөг өссөн учир нэмэлт үйлдвэрлэл нь санаснаас бага ашиг өгч байна гэж үзээд үнээ улам нэмэхэд хүрнэ. Ингээд л муу үр дүн нь ундарч эхлэнэ дээ. Үнэ өсч эрэлт багасна, инфляц зогсонги байдал хоёр зэрэгцэнэ. Яг л нөгөө шартсан архичин шиг мөнгөний тоо хэмжээг улам нэмэхээс өөр аргагүй байдалд орно. Аль аль тохиолдолд нь архичны ч эдийн засгийн ч шарыг тайлахын тулд эхнийхэд нь дахиад архи, дараагийнхад нь дахиад мөнгөн дэвсгэрт хэрэгтэй болно.

    Архидалт инфляц хоёр ижил эм хэрэглэдгээрээ бас төстэй. Архины эмчилгээг хэлэхэд их амархан, уухаа л болих хэрэгтэй. Гэвч биелүүлэхэд тун хэцүү, учир нь муу нөлөө нь түрүүлж ирдэг. Архиа гэнэт хаясан архичин сайн үр дүнгээ үзэх хүртлээ донгоосоо болж зовж шаналан дараагийн хундага руу байн байн гар нь явна. Инфляц яг адилхан. Мөнгөний тоо хэмжээг өсгөхөө болихоор эхний дайвар үр дүн нь нь тун хөндүүр. Эдийн засгийн өсөлтийн сааралт, ажилгүйдлийн түр зуурын огцом үсрэлт гэх мэт. Ашигтай үр дүн нь жил юм уу хоёр жилийн дараа бага инфляц, эрүүл эдийн засаг, аж ахуйн инфляцгүй эрчимтэй зөв өсөлт гэсэн хэлбэрээр илрэнэ.

    Архичин донгоосоо салах, улс инфляцаа цэглэхэд хөндүүрлэх өвчин шаналгадаг тул хэрэгжүүлэхэд хэцүү билээ. Гэхдээ үүнээс гадна ялангуяа өвчин даамжирч эхэлж байх үед хурц мэдрэгддэг нэг зовлон бий нь магадгүй хамгийн чухал шалтгаан нь ч байж болох юм. Өвчтөнд донгоосоо салах хүсэл үнэхээр бий юу гэдэг асуудал байна. Архаг архичинд уух нь жаргал, гэхдээ тэрээр архичин гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөггүй учраас өөрт нь эмчилгээ хэрэгтэй эсэхэд эргэлздэг. Инфляцид баригдсан улс яг адилхан нөхцөлд ордог. Инфляц бол түр зуурын юм, тийм ч их аюултай биш, ер бусын тохиолдлоос эсвэл гадны нөлөөнөөс болж үүссэн, ингэсхийгээд өөрөө арилна гэж итгэж найдах дуртай болчихдог ба үнэндээ ийм юм хэзээ ч болдоггүй.

    Үнэндээ бидний ихэнхид инфляц их таалагддаг. Мэдээжийн хэрэг бидний худалдан авдаг барааны үнэ буураасай, үгүйдээ л өсөхгүй байгаасай гэж хүн болгон залбирдаг. Харин зарж байгаа бараа, үйлчилгээ, байшин болон бидэнд хамаатай зүйлийн үнэ өсөхөөр учиргүй баярлана. Инфляц боллоо хэмээн гомдол гаргах фермерүүд өөрийнхөө үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үнийг нэмэхийг шаардаж шахах гэж л Вашингтонд цуглана. Бидний ихэнх нь л янз бүрийн хэлбэрээр яг л ингэж аашлана.

    Инфляцийн хорлонтой үр дүнгийн нэг нь нийгмийг хуваадаг. Нэг хэсэг нь инфляцаас ашиг олж байхад нөгөө хэсэг нь хохирч зовно, хожсон хохирсноороо нийгэм хуваагдана. Амжилт олж чаддаг хүмүүс өөрсдийн авхаалж самбаа, болгоомж, санаачилгынхаа хүчээр тулан ирж байгаа зүйлийн ашигтай талыг нь олоод харчихаж чаддаг. Худалдаж авч байгаа юмных нь үнэ өсч байна гэх мэтийн сүүдэртэй талыг нь тэд давагдашгүй хүчин зүйл гэж үзэн тэвчдэг. Бараг хүн болгон л инфляцийн эсрэг байгаагаа илэрхийлдэг, харин дотроо бол өөрийг нь хөндөж болохуйц бараан талынх нь л эсрэг бодолтой.

    Тодорхой жишээ хэлье л дээ. Үл хөдлөх хөрөнгө эзэмшигч бараг бүх хүн өнгөрсөн хорин жилд инфляцаас хожсон. Хөрөнгөнийнх нь үнэ цэнэ гэнэт өссөн. Хэрвээ тэд зээл авсан гэвэл хүү нь юутай ч инфляцийн хувиас бага байж таарна. Хүүгээ эргүүлж төлөх бүрдээ тэд үнэн чанартаа ашиг олж буй хэрэг юм. Үүнийг энгийн жишээн дээр илэрхийлье л дээ. Инфляцийн хувь, хүүний хувь хоёр аль алин нь 7 байна гэж бодъё. Хэн нэг нь 10 000 доллар зээлж авсаад зөвхөн хүүгээ төлдөг гэж бодоход жилийн дараа тэрээр урьд нь 9 300 долларын худалдан авах чадвартай мөнгөтэй хоцорно. Бодит үнээр үзэх юм бол тэрээр хүүнд өгөх ёстой мөнгөнөөсөө 700 долларыг дутуу төлжээ. Ингээд бодит үнээр нь бодох ахиул тэрээр 10 000 долларыг огт хүүгүй зээлж авсан болж таараад байна. (Үнэн хэрэгтээ хүүг орлогын татвараас чөлөөлдөг учраас тэрээр бүр хожсон байна, мөнгө зээллээ гэж шагнуулж байгаа хэрэг)

    Энэ маягаар байшингийн эзний үндсэн хөрөнгийн үнэ эгшин зуур өсч байна. Нөгөө талаас Зээллэг-хадгаламжийн банк болон зээл олгодог бусад байгууллагад мөнгөө өгч тэдний нөөцийг бүрдүүлдэг жижиг хэмжээний хадгаламж эзэмшигч нар эндээс хохирно. Жижиг хэмжээний хадгаламж эзэмшигч нарт гарах гарц байдаггүй, учир нь төрөөс хүүгийн дээд хувийг хатуу тогтчихсон багашаархан мөнгийг хадгалж байгаа гэгдэх банк) нь төлчихдөг.

    Нэгэнтээ төрийн зарлага ихэссэн учраас л мөнгөний тоо хэмжээ өссөн болохоор, төрийн зарлага буурах л юм бол мөнгөний тоо хэмжээ багасна. Үүнтэй уялдаад биднийг нэгэн гажиг сэтгэлгээ эзэмдэнэ. Бид бүгдээрээ төрийн зардлыг хорогдуулахын төлөө боловч өөрсдөд маань хамаатай зардлыг хорогдуулахыг хүсэхгүй. Өөрөөс нь бусад дээр татварын дарамт нь бууж байвал төсвийн алдагдал бүү гараасай л гэнэ.

    Инфляц өссөөр байгаад эрт орой алин боловч нийгмийн эд эст хор учруулахын цагт зовлон зүдгүүр, шударга бус байдал газар аван аяндаа нийгмийн сэтгэлгээ инфляцийн эсрэг ямар нэг юм хийхэд бэлэн болно. Инфляцийн ямар түвшинд нийгмийн ийм сэтгэлгээ бүрдэх вэ гэдэг нь энэ нь ямар оронд тохиолдов, түүхийн ямар зам туулав гэдгээс ихээхэн шалтгаална. Германд бол яльгүй инфляц болоход л сэрхийнэ, яагаад гэвэл тэд хоёр аймшигт дайны туршлагатай улс. Их Британи болон Японд нилээд өндөр инфляц болж байж чингэнэ. Харин АНУ-ын хувьд энэ эргэлтийн үе нь хараахан ирээгүй л байна.


*гангрен – цусны гүйдэл хүрэхгүй байгаа газар аяндаа эд эсийн үхжил үүсэхийг хэлнэ.  (орч.)



НЭПКО хэвлэлийн газар



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив