Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
“Нирваан”
2014 оны 11 сарын 4 [Уншсан тоо: 45549]

Агнистын гэгээ цуврал -13: “Нирваан”
(Дөчин хоёр бүлэгт судар, Ошо багшийн тайлбар)


Үнэний эрэлчин орь ганцаар аялдаг. Учир нь, үнэн гадна талд биш, дотоод чанадад байдаг тул хэн ч чамд хань болохгүй. Ганцаар одох аялалд чамайг түлхэж байгаагаа Багш мэддэг. Ялангуяа Будда үүнийг сайтар ухамсарладаг. “Би чамайг үнэнд хүргэнэ” гэж тэр хэзээ ч хэлдэггүй. Чи ганцаараа л явах ёстой. Мэдээж үүнд бэлтгэл хэрэгтэй. Төөрөх, саатах бүхий л тохиолоос сэргийлэх учиртай. Энэхүү бэлтгэлийг Будда ‘барамид’ (парамита) гэсэн үгээр илэрхийлжээ. Чанадад хүрэх буюу цаад эрэгт гарах бэлтгэл гэсэн утгатай. Энэ эргийг орхиод их далай дундуур орь ганцаар аялж, өөрийнхөө зам мөрийг олохуйд бусдаас хуулсан мэдлэг тус болохгүй. Учир нь, нэг ижил замаар үнэнийг таньсан хоёр хүн байхгүй. Тэдний хараа өөр, сэрэхүй ондоо болохоор тайлбар нь адилгүй, илэрхийлэл нь ижилгүй. Тиймээс хуулмал мэдлэг чамд тус болохгүйгээр үл барам садаа болж мэднэ. “Мэдлэгээр өөрийгөө ачаалах хэрэггүй” гэж Будда хэлдэг. Тэгээд аян замд юу авч явах вэ? Орь ганцаар одох аялалд чамайг сүүдэр мэт дагах онцгой чанар буюу барамидыг л бүтээх хэрэгтэй. Эдгээр арван барамидыг аль болох гүнзгий ойлгоорой.

Эхний барамид нь Дана: Өглөг гэсэн үг. Ердийн сэтгэл харамч зантай. Юу л байна өмчирхөж, зууралддаг авиртай. Ийм сэтгэлтэй явах юм бол чи эндэх болно. Харамч сэтгэл бол хаагдмал сэтгэл. Агаар салхи, гэрэл гэгээ оруулахгүйгээр чамайг ертөнцөөс тусгаарладаг. Хааж түгжихгүй л бол өмч хөрөнгөө алдчихна гэж айх.

Мулла Насрэдин хотын шүүх дээр байлаа.

    - Би цааш нь тэвчиж чадахгүй. Манайх ердөө ганц өрөө сууцтай. Тэнд би авгайтайгаа, арван хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Авгайн яншааг хэлэх үү? Тэгээд бас хэдэн ямаагаа оруулчихна. Нохой маань ч цуг унтдаг. Өмхий самхай, бохир шивтрийг яриад ч хэрэггүй. Би ингэж амьдарч чадахгүй. Бушуухан салмаар байна.
    - Та цонхоо онгойлгож болдоггүй юм уу? гэж шүүгчийг хэлэхэд Мулла:
- Юу? Миний тагтаанууд гарчихвал яах юм? гэжээ.

Өмчирхөх сэтгэл алдахын айдаст автаж таараа. Айх сэтгэл өөрийгөө хааж түгжих нь гарцаагүй. Далайд ганцаар аялж, давалгаантай тулалдах цагт хаалттай сэтгэл мухардах болно. Хаалттай сэтгэл бол харалган сэтгэл. Аливаа сорилтонд хариу зохирдог нь гагцхүү нээлттэй чанар билээ. Тийм учир Будда өглөг барамидыг эн түрүүнд заажээ. Энэ эрэгт байхдаа аль болох, аль ихээр өгөхөд суралц. Буй бүхнээ бусадтай хуваалц. Үнэн хэрэгтээ чиний өмч гэх зүйл нэгээхэн ч үгүй. Аливааг өмчилж байгаа нь бүхэл оршихуйд тэрсэлсэн гэмт хэрэг юм. Түүнийг ашиглаж болно, өмчилж болохгүй. Чамайг энд ирэхээс өмнө байсан, чамайг одсон хойно ч байх болно, юмс. Хоосон ирээд, хоосон буцах атлаа юуг “Минийх” хэмээн хэлнэ вэ? Тийм учир энэ дэлхийд зуурсан атгатай амьдрах хэрэггүй. Атга зуураастай бол сэтгэл зуураастай гэсэн үг. Атга чинь суларвал сэтгэл чинь ч суларна. Алга нь тэнэгэр хүний сэтгэл тэнэгэр байдаг.

Өглөг барамидыг сургахдаа Будда юу өгөхийг дурьдаагүй. Учир нь, юу өгөх нь сонин биш. Гол нь бусадтай хуваалцах нь чухал. Дуу, бүжгээ хуваалцаж болно. Асрал хайр, бясалгал, туршлага, эд мөнгө, орон байр, хоол хувцас, бие цогцоо бусдад зориулж болно. Өглөг үйлдэх нь л чухал. Бэртэгчин сэтгэлийн хувьд авах, өмчлөхүй л чухал байдаг. Авах, өмчлөх бүхэн энэ хорвоогийн эрэгт хамаарна. Тийн өмчлөгч сэтгэл энэ эрэгтээ уягдах тул чанадын аялалд гарч чадахгүй. “Тэртээд гайхамшигтай орд харш бий” гэж хэн нэгнийг хэлэхэд “Энэ байшинд миний насан турш хурааж цуглуусан эд эрдэнэс бий. Энэ бүхнээ авч явахгүй л бол би орхиж чадахгүй” гэж хэлэхтэй адил. Даанч энэ эргээс нөгөө эрэг лүү сиймхий даавуу, сэтэрхий тэвнэ ч зөөх боломжгүй. Гэхдээ энэ эрэг дээр алив бүхнээ бусадтай хуваалцаж, өглөг үйлдэх юм бол чи өглөгч сэтгэлээ өвөрлөж явах боломжтой. Орон байр, эд мөнгөө авч явж чадахгүй. Харин элбэрэл хайр, энэрэл нигүүлслээ авч явж чадна. Тэр чинь чамд ивээл түшиг болно.

“Өр зүрхэнд чинь нигүүлсэл байвал ертөнц чамайг нигүүлсэнэ” гэж Будда хэлдэг. Ертөнц үргэлж чамайг тусгадаг. Өгөөмөр байвал ертөнц бас өгөөмөр байна. Харамч хахир загнавал ертөнц мөн тэгж хандана. Өмчирхөл бол оршихуйн эсрэг хандлага.

“Юуг ч өмчлөхөө больсон цагт л үнэний замаар явж чадна” гэж Будда хэлдэг. Нөгөө эрэгт өмчлөгч болохын тулд энэ эргийн өмчөөс татгалзах явдал бий. Энэ бол жинхэнэ ангижрал биш. Өмчлөх сэтгэлийн дүрээ хувилгасан заль мэх. Олон шашны хувраг ийм замаар ордог. Тэдний ангижрал хайранд биш, тооцоонд дулдуйддаг. Энэ ертөнцийн юмсыг найдваргүй гэж тооцоод, нөгөө ертөнцийн өмч баялагт шунадаг. Эд мөнгийг өмчлөхгүй ч буян номыг өмчилж эхэлдэг. Ав адилхан өмчирхөл шүү дээ. “Бүү өмчирх” гэсэн Буддагийн үг энэ эрэгт төдийгүй нөгөө эрэгт хамаатай.

Тийм учир Будда шавь нартаа нэн чухал зааврыг өгдөг байсан: Бясалгалын амгаланд нэвтрэх аваас тэр даруй бусдад өглөг болгон түгээ. Дэргэд чинь хэн ч байхгүй байсан нүдээ аниад гэгээн жаргаланг бүх ертөнцөд цацраах хэрэгтэй. Бясалгал, гэгээрлийн тухайд ч өмчлөгч байж болохгүй.

Будда дээр нэгэн залуу иржээ. Тэрээр Буддагийн оршихуйд сэтгэл татагдаж, бясалгал хийж эхлэв. Нэгэн өдөр түүнд асуудал тулгарчээ.

    - Бясалгал цэцэглэх үед бүх анхилгаа ертөнцөд түгээ гэж та хэлсэн. Бүх ертөнцөд би бэлэглэж чадна. Ганцхан хөршдөө түүнийг өгч чадахгүй. Хөршөөсөө бусад хамаг амьтан, түмэн бодист түгээхийг минь зөвшөөрнө үү гэхэд Будда инээгээд:
    - Чи харалган байна даа. Хэн нэгнийг гадуурхвал яаж хамаг амьтан, хотол ертөнцөд түгээж чадах вэ? Өш хонзонгоос болж чи хөршдөө адис буянаа бэлэглэж чадахгүй байна. Үнэн хайр өш хонзонг мэдэхгүй. Тийм учир эхлээд хөршийнхөө дээрээс буяны хураа буулга. Тэгсэн цагт чиний өргөлийг хотол ертөнц хүлээн авна. Хөршдөө элгэмсүү хандсан цагт л ертөнц чамд элгэмсүү хандана гэж хэлжээ.

“Дайснаа ч хайрла” гэж Есүсийн хэлдэг нь ийм учиртай. “Хөршөө өөртэйгөө адил үз” гэж тэр бас хэлдэг. Ихэнх тохиолдолд хөршүүд дайсан байдаг. Хавьцахгүй холын хүн дайсан байж чадахгүй шүү дээ. Хамгийн ойр хүн чинь л чамтай шүргэлцэж, мөргөлдөж, төвөг учруулах.

“Бясалгалаа түгээхгүй бол алдана” гэж Будда сургажээ. Энэ бол цоо шинэ сургаал байв. Жишээ нь, Патанжали ингэж хэлээгүй. Харин Будда “Бясалгалын төлөвт хүрсэн даруйдаа хуваалцах учиртай” гэж хэлдэг. Хэрэв түүнийг түгээж чадахгүй байгаа бол жинхэнэ бясалгалд хүрээгүйн шинж. Бясалгал гэж эндүүрсэн хуурмаг төлөвт л хүрсэн аж. Учир нь, бясалгагч төлвийн мөн чанар нь хуваалцах буюу түгээхүй юм. Бясалгал чинь нигүүлсэл болж цацрахгүй л бол чи буруу зүгт явсан байна.

Өглөг бол чанадын эрэгт хүрэх аянд хөл хөсөг болох эрхэм чанар. Ердийн амьдралд бид үргэлж алдахаас айж явдаг. Бодгаль хүнээс илүүтэй эд юмст уягддаг, бодгаль хүнд хандахдаа ч өөрийгөө төвчилж үздэг. Өөрийгөө төвчилсөн хүний сэтгэлд нигүүлсэл үгүй. Олон хүн над дээр ирж, “Би тэр залуу, тэр бүсгүйд хайртай” гэхчлэн хэлдэг. Би тэднийг хараад өөрсдийгөө л хайрлаж байгааг нь хардаг. Хэрвээ үнэхээр бусдыг хайрладаг байсан бол ийм их төвөг бэрхшээл хаанаас үүсэх вэ? Хайр л байхад хангалттай. Ямар ч асуудал үүсэхгүй. Хайр асуудлыг мэддэггүй. Хэрэвзээ асуудал бэрхшээл үүсч байгаа бол тэр нь хайр биш, зүгээр л хайрласан дүр үзүүлснийх.

Хүн бүхэн бусдыг завших гэж оролддог. Бусдад өгөх гэж биш, бусдаас авах гэж л улайрдаг. Хэн ч гэсэн эрт орой нэгэн цагт эд хэрэгсэл шиг ашиглуулж байгаагаа мэдэрч, эсэргүүцэж таарна. Ийнхүү зөрчил тулаан үүсдэг. Хайртай гэгдэх хүмүүс харилцан биенээ өмчлөх гэдэг. Бид эд юмсыг ч өмчилдөг, амьд хүнийг ч өмчилдөг. Энэ өмчирхөл дунд өөрсдийн мөн чанарыг умартдаг. Үнэхээр өөрийгөө танья гэж эрмэлзвэл өмчирхлийн хүлээсийг тайлах хэрэгтэй.

Рабби, католик санваартан хоёр нилээд зайтай, өөр өөрийн завин дээр загасчилж суужээ. Санваартан байсгээд л зүүрмэглэж завинаасаа ойчиж гэнэ. Хоёрдахиа ойчоод завин дээрээ гарч ирэхэд нь рабби тэртээгээс:

    - Хөөе, эцэг ламтаан. Хэрвээ таныг дараачийн удаа гарч ирэхгүй бол завийг тань авч болох уу? гэж хашгирчээ.

Бид шулуун шударга ингэж хэлэхгүй ч ил, далд элдэв аргаар бусдыг завших гэж отож суудаг. “Яаж илүү томрох вэ?”, “Яаж илүү ихийг авах вэ?” гэж л санааширна. Түүнийхээ төлөө бүх дэлхийг золиослоход бэлэн. Юуны төлөө? Ердөө л цаад эрэгт аваачих боломжгүй, энд орхиод явах юмсын төлөө шүү дээ. Үхэл хүрч ирээд, тэвэрч зуурсан бүхнийг чинь тасар татан, тарааж хийсгэнэ. Үхэлд булаагдахаас өмнө өглөг болгон түгээ гэж Будда хэлдэг. Тэгвэл адаглаад хүмүүсийн зүрх сэтгэлд чамд хандсан талархал үлдэнэ. Үхэл түүнийг арчиж чадахгүй.

Өглөг буянаар чиний итгэл улам бүр нэмэгдэнэ. Итгэл бол нөгөө эрэгт хүргэх хөсөг юм. Өглөгөөр чи оршихуйд итгэдэг болно. Учир нь, бодгаль бүхэн сүнслэг ухамсар буюу Бурханы хувилгаан. Хэн нэгэнтэй хуваалцаж байгаа чинь Бурхантай хуваалцаж байгаа хэрэг. Буй бүхэнд бурхан чанар бий. Модыг услах үед мод баясан бүжиж, навч нахиа нь гэрэлтдэг. Модон доторх Бурхан цангаж байсанд усан тахил өргөсөн болохоор тэр. Хүн, амьтан, мод ургамалд хийж байгаа бүхэн чинь оршихуйд хийж байгаа зүйл. Мэдээж хэрэг оршихуй мянга түмэн замаар эргэж чамд хариу бэлэглэдэг. Тийм учир Будда эхний барамидыг өглөг хэмээжээ.

Та нар өгөхийн хэлийг мартсан. Яаж илүү авах, завшихаа л бодох болж. Аав, ээж, амраг садан, үр хүүхэддээ ч та нар өгч чаддаггүй. Өглөгт суралц гэж Будда хэлж байна. Өглөгт суралцах юм бол чи цэцэглэнэ. Тэр цэцэглэл, тэр анхилга хязгааргүй холын аянд чамайг дагалдах болно.

НЭПКО хэвлэлийн газар


    


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив