Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Путин
2014 оны 10 сарын 27 [Уншсан тоо: 67676]

Большойгоос Смольныйд шилжсэн нь

 Владимир Путиныг юун түрүүнд КГБ-гээс гаралтай гэдгээр нь хүлээж авдаг. Их улс төрд хөл тавьсанд нь эмээж, чекист ерөнхийлөгчийн хэрэг байна уу гэх зарим нэгэн байхад нөгөө хэсэг нь ийм хүн итгэлтэй, ажил хэрэгч хэмээн сэтгэл хангалуун байлаа.

 Ерөөс шилжилтийн үед аливаа нийгэм тулах цэг хайдаг нь жам ёсных. Түмэн олон Горбачёвын үед засгийн эсрэг босч, харин Ельциний үед харин ч эсрэгээр нөмөр нөөлөг хүссэн. Олон ч хүн ерээд онд ардчилал бус анархи ноёлж байсан гэж үздэг. Анархийг үгүй хийхийн тулд төр засгийн аппаратанд дээгүүр албан тушаал хашдаг тусгай албаныхан ихээхэн шаардлагатай.

 Тэгэвч Путин Лубянка дахь нэртэй товчоотой тийм ч энгийн харилцаатай байсангүй.

 Владимир Путин эгэл бус ажил амьдралын замналтай хүн. 1991 оны найман сард шинэ засагтай нэгдэж, намын батлах, КГБ-ийн офицерын улаан үнэмлэхээ эргүүлж өгсөн түүхтэй.

 Тэр үед олон хүн төр засагтаа сэтгэл дундуур байв. Эш татвал, тухайн үед КГБ-ийн Ленинград хот хийгээд Ленинград мужийн Выборгийн тойргийн ахлагч, Санкт-Петербург хотын одоогийн засаг дарга Георгий Полтавченко Коммунист намын талаар:

 - Яагаад ч юм бэ энэ намын гишүүн байх хүсэлгүй байж билээ - хэмээсэн байх юм.

 Георгий Полтавченко Ленинград хотын нисэх хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн дээд сургууль төгсөж, комсомолын шугамаар Невский дүүргийн зөвлөлийн зааварлагчаар ажиллах болсон ч 1979 онд Аюулгүй байдлын зөвлөлд уригдсан юм. Төдөлгүй Минск хотод дээд курст суралцаж, “Пулково”-гийн онгоцны буудлын тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах хариуцлагатай ажилтнаар ажиллах болжээ. Ингээд Литейныйд байрлах мужийн Аюулгүй байдлын удирдах газар болсон Большойд байх ахуйдаа Путинтэй танилцжээ.

 Шилжилтийн үед олон ч хүн КГБ-ээс гарч билээ. Эдгээрийн олонх нь бизнес, банк санхүү, хувь хүний аюулгүй байдлыг хангах салбарт хүчин зүтгэж явсан ч улс төр, тэр дундаа ардчилагчид руу зүглэсэн нь үгүй. Гэтэл Путин КГБ-ийн заналт дайсан гэх Санкт-Петербург хотын дарга Анатолий Собчактай ажиллах болсонд Ленинград мужийн салбар хороонд мөр зэрэгцэн алба хашиж явсан журмын нөхөд нь яажшуухан хандсан бол?

 Өдгөө Путины ач ивээлээр л Лубянкагийн талбайд байх хуучин барилга дээр энэ газрыг өн удаан жил толгойлсон Юрий Андроповын дурсгалын самбар дурайжээ. Андроповын 85 насны сүүдэр тухайлсан 1999 онд Путин КГБ-ийн дарга агсан түүний хөшөөнд цэцэг өргөж, арван хоёр сард чекистүүдийн өдөрт зориулж хуралдсан Холбооны Аюулгүй Байдлын Албаны хуралд Засгийн газрын тэргүүний хувиар оролцохдоо:

 - Таны удирдлага дор алба хашиж явсан Холбооны Аюулгүй Байдлын Албаны ажилтан албан хаагчид үүрэгт ажлаа биелүүлж явааг илтгэхийг зөвшөөрнө үү хэмээжээ.

 Чекистүүд энэ үгсийг ёстой л уухайлан хүлээж авсан юм.

 Ингэснээр Владимир Путин хуралд оролцогсдын сэтгэлийг бүлээцүүлж, КГБ-г орхиж явснаа багахан ч атугай цайруулах гэсэн биз ээ. Угтаа чекистүүдийг оноолт албаа насан туршдаа хашиж хамгаална гэж сургадаг даа.

 

“Санаачлагатай нөхдийг элсүүлэхгүй”

 Владимир Путин 1952 оны аравдугаар сарын 7-нд Ленинград хотноо мэндэлжээ. БНАГУ-д ажиллах ахуйд нь хорвоод төрсөн өдөр нь зүүн германчуудын гол баярын өдөртэй дүйнэ. Германчуудын хэлдгээр “Энэ газар шороон дээр үүсгэн байгуулагдсан ажилчин тариачдын анхны төрт улс” энэ өдөр боловсролын баяраа тэмдэглэдэг байж.

 Сталины амьд ахуйд тохиосон Коммунист намын сүүлийн хуралдаан болох XIX Их хурлын үеэр Путин төрсөн юм. Үүх түүхээ сайтар мэддэг нэгэн энэ хурал магадгүй хамгийн их дүнсгэр уур амьсгалтай, хорвоод мэндэлсэн хүүд бэлгэшээгээд байхааргүй болж өнгөрснийг андахгүй. Өтөлж, өвчин зовлондоо баригдсан Сталин сэтгэлийн элдэв шаналалд автсан байлаа. Хуучин цагийн хамтрагчдаа “хайр найргүй ниргэсэн” энэ хуралд оролцогсод айдас хүйдэстэй тарж, хэлмэгдүүлэлтийн үе дахин эхлэх нь хэмээн эмээж байж. Ингэх нь гарцаагүй байсан ч Сталин ердөө хагас жилийн дараа энэ хорвоогоос халив.

 Оросын ирээдүйн ерөнхийлөгчийн эцэг Владимир Спиридонович Ленинград хотын Егоровын нэрэмжит богоон үйлдвэрийн тэргэнцэр-кузовын цехийн засварчин, цехийн намын хороон нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд дайны тахир дутуугийн 3-р групптэй. Дайны эхэн үест сөнөөх батальонд хуваарьлагдаж, 330 дугаар сумангийнхантай Невскийн ойролцоо тулалдаж яваад, 1941 оны арван нэгэн сард хүнд шархтжээ. Эмнэлэгт хэдэн сар хэвтсэн Владимир Спиридоновичийн хөлөнд тэсрэх бөмбөгний хэлтэрхий үлдсэн тул хазганаж явах агаад энэ нь тэнгэр муудахад янгинаж өвдөнө. Хүнд хүчир ажилтай тул тамираа бартал бөхөлзсөөр оройдоо л харьж ирнэ.

 Владимир Спиридонович гэргийн хамт Ленинградын бүслэлтийг ч даван туулжээ.

 Путины эх Мария Ивановна хүүгээ харахаар ажлаасаа хөндийрсөн юм. Жаалхүүг цэцэрлэгт өгсөнгүй. Дайнаас өмнө төрсөн хоёр хүү нь нялх багадаа эндсэн тул хэнз хүүхэд болсон Володя эцэг эхийнхээ хувьд ёстой л “газар дээрх ганц нар” нь байжээ. Олег хүү нь өвчний улмаас, харин Виталий нь бүслэлтийн үеэр амь алдсан гэдэг. Эр нөхөр нь фронтод тулалдаж явахад бүслэгдсэн хотод үлдсэн Марияд 2-р зэргийн ахмад Иван Шеломов ах нь тус дэм болж байж. Ладогагийн цэргийн флотын ай савын харуул хамгаалалтад алба хашиж явсан Иван дүүдээ жаал жуул хоол хүнс дөхүүлэх ч, Виталий хүү бэрх цагийг давж гарсангүй. Энэ нь тэдний хувьд тэнгэр хөмөрснөөс өөрцгүй их уй гашуу болсон гэдэг. Нас хэвийхдээ төрүүлсэн хүүдээ Мария бүхнээ зориулав.

 2005 оны тавдугаар сарын эхэнд Германы телевизид өгсөн нэгэн ярилцлагын төгсгөлд Владимир Путин:

- Ижий минь Дэлхийн I дайны он жилүүдийг дурсдаг байлаа. Өвөө минь фронтод тулалдаж явсан юм. Окоовонд сууж байхад нь өөдөөс нь онилсон дайсныг олж үзээд эхэлж сум тавин шархдуулсан гэдэг. Ингээд хэвтэж байхыг нь хараад мөлхөж очоод, эмийн хайрцгаа гаргаж, шархыг нь боогоод өөрийнхөө окоов руу эргэсэн гэнэ билээ. Шархдсан эр бидний эсрэг тулалдаж байсан Австрийн армийн цэрэг байсан гэдэг. Окоов руугаа эргэж мөлхөхийн өмнөхөн өнөөх австри цэрэг өвөөг минь тэвэрч аваад үнссэн гэдэг юм. Эцэг эх, ялангуяа ээж минь эгэл иргэд төрийн удирдлагын өмнө толгой бөхийхөөс өөр аргагүй гэдэг байлаа. Чухамдаа жирийн иргэд л юун түрүүнд золиос болдог шүү дээ - хэмээн дурсчээ.

 Путины гэр бүл зутруухан амьдарч байсан гэдэг. Ирээдүйн ерөнхийлөгч Басковын гудамжинд байх гал тогоо, ариун цэврийн өрөө, халуун ус, төвийн дулаангүй нийтийн 12-р байранд өсч өндийжээ. Өрөөнийхөө зуухыг модоор галлаж, нийтийн халуун усанд ордог байж. Эхэн үедээ Владимир Спиридоновичийн ахынхантай хамт амьдарч байв. Нэг өрөөнд зургуулаа сууж, хэн хэндээ нэмэр болсоор 1977 онд Путиныг хэдийнэ нас бие гүйцсэн хойно тэднийх хоёр өрөө тусдаа байранд нүүж оржээ. Эх орны дайнд шархтаж тахир дутуу болсон Владимир Спиридоновичид энэ байрыг өгсөн юм.

 Цайвар үстэй Володя Путин ангийнхныхаа сэтгэлд “дажгүй банди” хэмээн бууж үлджээ. Хэн нэгэнд сэтгэлээ нээж, хувь хувьсгалын ажлаа хуваалцан, дотночилж нөхөрлөсөнгүй. Комсомольская правда сонинд өгүүлснээр “Дохиж занган, инээж ханиадаг” хөвүүнийг ангийнхан нь:

 - Горбачёвтой их төстэй хүн дээ. Бүтэн цаг яриад яриад сүйдтэй мэдсэн юмгүй л хоцордогсон - хэмээн дурсчээ.

 Өсвөр насандаа дэггүйтэж, сурлагаар маруухан явсан тул эцэг эхийнхээ чихнээс нэлээдгүй хонх уясан гэдэг. Володя эрдэм мэдлэггүйгээр энэ амьдралд хөлөө олох боломжгүйг ухаартлаа хими, физик, алгебр, геометрийн хичээлдээ гурав л авдаг байж.

 Зөрүүд зантай нь төгсөлтийн үдэшлэг дээр (наймдугаар ангийн) ил болсон гэлтэй. Хорийн зэрэг нарийн боовыг иднэ гэж мөрийцөөд арван тавыг нь барсан ч хүүхдүүд:

 - Путя, ура! - гэсээр урам хайрлав.

 Улс төрийн арга барилыг нь илтгэх зарим нэгэн үзэл баримтлал ч өсвөр насанд нь бүрэлджээ.

 - Зөв ч бай, буруу ч бай хэн нэгэнд хариу өгөхийн тулд тэнхээтэй байх учиртайг би тэгэхэд л ойлгож билээ. Өөрийг чинь хүн гомдоовол хариуг нь тэр даруйхан өгөх чадалтай л байх хэрэгтэй. Тэр даруйд нь шүү! Ялъя гэсэн бодолтой л бол сүүлчийн шийдвэрлэх тулаанд орох мэт эцсээ хүртэл үзэх учиртай. Энэ тухай хожмоо КГБ-д сургадаг ч би хувьдаа бага балчир байхын л зодоон нүдээн хийхдээ энэ дүрмийг ягштал ойлгосон байлаа. Хэн нэгнийг айлгаад байхын хэрэггүй. Сум тавья гэж бодсон цагтаа л буугаа гаргах шаардлагатай.

 Путины ангийнхан болоод хөршүүд нь байсгээд л “Зодоон яаж дуусахыг тэр ер тунгаалгүй шууд л нүүрэн дундуур нь буулгадаг байлаа” хэмээсэн нь энэ зан чанарыг нь тодотгожээ. Эцсээ хүртэл үзэх тул зодоонд ялах нь их. Тиймдээ ч түүнийг өдөж хоргоох хүн ховорхон байж.

 Залуу Путин манлайлагч байхыг хүсэмжилж байлаа.

 - Бадриун хөвгүүдээс аль ч талаараа дутуу гувчуу явахыг хүсдэггүй байсан юм. Өнөөдрөөс л спортоор хичээллэхгүй бол маргааш гэхэд хавь орчин болоод сургуульдаа энэ мэт байр сууриа хадгалж үлдэхийн аргагүй гэдгийг мэдэж байсан даа.

 Түүний хувьд байр суурь, нэр хүнд, олны санаа бодол хэзээд үнэ хүндтэй байжээ.

 Держинский дүүргийн Н.К.Крупскаягийн нэрэмжит 193-р сургуулийн герман хэлний багш буюу ангийн багш Вера Гуревич нэгэнтээ “Зэрвэс харахад Путиныг ангидаа манлайлдаг гэж хэн ч хэлэхээргүй байж билээ. Бусдыгаа далдханаас, чимээгүйхэн чиглүүлж, өөрийгөө дөвийлгөж байсангүй” - гэжээ.

 Сонирхолтой нь тэр үед Путин хэзээний болзсон цагаасаа ямагт хожигддог зуршилтай болсон аж. Гарч орох, хооллож ундлахдаа удах нь өдгөө ч хэвээрээ. Найз нөхөд нь түүнийг “удаан бөгстэй” гэх.

 Долдугаар ангид байхад нь улирч ирсэн нэг банди ангийнхантай нь эв эеэ олохгүй, толгойтой болгоныг л дээрэлхэх болов.

 “Нэг хартал хүүхдүүд босч чадахгүй болсон өнөө хөвүүнийг бүчихэд Путин зайтайхан зогсож байдаг юм байна. Түргэний эмч ирэхэд өнөө сурагчийн хөл нь хугарсан нь мэдэгдэв” - хэмээн ангийн багш нь хүүрнэжээ.

 Анги даасан багш нь маргааш өдөр нь Путинээс:

 - Хөлийг нь хугалаад яаж байгаа юм бэ? - гэж ширүүхэн асуувал:

- Би хугалаагүй ээ. Хугалъя ч гэж бодоогүй. Өргөөд л шидчихсэн. Ийм сулбагар чинээ бодсонгүй - гэсэн гэдэг.

 Багш бүсгүй хэн нэгэн буруудлаа гэхэд хүч хэрэглэх биш, хэл амаараа ойлголцох учиртайг ухуулж гартал:

- Үг хэл ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй улс гэж бас байх юм, багш аа. Ийм хүмүүсийг хүчээр л ухааруулахаас өөр аргагүй - хэмээн хариу барьсан тэр жил ирээдүйн ерөнхийлөгч маань дөнгөж арван дөрвөн настай байжээ.

 Путин анхандаа боксчин болохоор тэмүүлсэн ч хамраа хугалуулж, самбо, хожмоо жүдогоор хичээллэх болов. Нэгэн үйлдвэрийн спортын дугуйланд орж чамбай сайн дасгалжуулагчтай ч болоод авлаа. Ленинградын бүслэлтийг энэ биеэрээ туулж, усан цэрэг явсан Анатолий Рахлин хөвүүнийг спортын авьяастай болохыг олж хараад зогссонгүй эцэг эхэд нь спортоор хичээллэхийн ашиг тусыг уйгагүй ухуулж байжээ.

 Хүүгээ хөгжим тоглож сур гэсэндээ баян хуур авч өгсөн эцэг нь сэтгэл хөөрсөн үедээ “Амар мөрний давалгаа”-г хуурдаж өгөхийг гуйх ч цаадах нь дуу хөгжимд татагдсангүй. Спорт сонирхох болсонд ээж нь ч дурамжхан байсан нь цаанаа учиртай. 1972 оны гуравдугаар сард Пушкины ХААИС-ийн спорт зааланд зохион байгуулсан Ленинград хотын их, дээд сургуулиудын аварга шалгаруулах тэмцээний үеэр нэгэн эмгэнэлтэй явдал болсон юм.

 Энэ тэмцээнд Путин ангийн анд Владимир Черемушкинийг дагуулж ирсэн бөгөөд энэ зэргийн тэмцээн уралдаанд оролцох бэлтгэлгүй Черемушкин яадаг ч байсан дэвжээнд зодоглохыг хүсчээ. Үл таних өрсөлдөгчтэй хийсэн тэр нэгэн барилдаан түүний хувьд анхных бөгөөд эцсийнх нь болов. Хүзүүгээ хугалсан залуу босч чадсангүй. Бие нь мэдээгүй болсон залуу арван нэгэн өдрийн дараа энэ хорвоог орхисон юм.

 Энэ явдалд сэтгэл нь эмтэрсэн Путин андынхаа булшин дээр уйлж суусан гэдэг. Бэлтгэл муутай тамирчнаа дэвжээнд гаргасан дасгалжуулагч буруутай байлаа ч дотны найзынхаа цаг бус үхэлд өөрийгөө зэмлэж явав. Путин БНАГУ-д ажлаар томилогдох хүртлээ барагтай бол өдөр өнжилгүй талийгаач Черемушкиний эцэг, эхийг эргэдэг байжээ.

 Путин спортоо хаялгүй, зав зайгаараа бэлтгэл сургуулилт хийнэ. Хүний нүдэнд өртөхөөргүй, намхан нуруутай, шулганасан яриатай залуу спортоор амжилт гаргах болсон нь өөртөө итгэлтэй болоход ч нөлөөлжээ. Самбо, жүдо бөхийн спортын мастерын болзол хангаж, 1976 онд хотын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэв. Өрөөнд нь дэлхийн самбын аварга, ЗХУ-ын олон удаагийн аварга самбо бөхийн алдартай тамирчин Давид Рудманы хөрөг өлгөөстэй. Путин ерөнхийлөгч болсон хойноо Москвад зохион байгуулсан самбо бөхийн тэмцээний үеэр залуу насны шүтээнтэйгээ танилцаж, өргөөндөө залж ярилцах болно.

 

НЭПКО хэвлэлийн газар


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn