Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Тэмүжин
2014 оны 7 сарын 28 [Уншсан тоо: 54061]

Алексей Гатапов

ТЭМҮЖИН

I

Монгол уншигчдад

Буриадын зохиолч Алексей Гатаповын нэгэн бүтээлийг  уншигч танд толилуулж байна. Эл бүтээл өмнө нь  орос хэлээр хоёр  ч удаа хэвлэгдэн уншигчдаас өндөр үнэлэлт авчээ. ОХУ-ын, элэг нэгт Буриад ах дүүсийн уран бүтээлийг манайхан сайн мэддэг билээ. Ялангуяа Исай Калашниковын “Цөвүүн цаг”-ийг монголчууд  сонирхон уншсаар олон жилийг үджээ. Монголын их гүрнийг үндэслэгч Чингис хааны тухай сэдвээр буриад уран бүтээлчийн туурвисан хоёр дахь номыг уншигч танд өргөн барихдаа урамтай байна.

НЭПКО хэвлэлийн газар.

Нэгдүгээр хэсэг

I

Есүхэй аугаа их Хабул хааны хамгийн алдартай ач нарынх нь нэг агаад өөрийнхөө аймгийг үүсгэсэн Бөртэ чонын хорин хоёр дахь үеийн хүн гэж биеэ үзэж байв. Бүр Түмэн хааны түрэгүүдийн үед эрэлхэг Бөртэ чоно Дотоод тэнгисийг өрнөөс дорно тийш сэлэн гаталж, Ононы хөндийд ирсэн гэнэм. Энд түүнээс монгол аймаг үүсэн газар дэлхийгээр тархжээ. Хэдэн зууны дотор түүний үр сад өсөн үржээд, янз бүрийн иргэнийг эргэн тойрондоо хуралдуулаад, тэндээ багталцаж шингэхгүй болон хоорондоо дайсагналцах болов.

Есүхэйн өвөг эцэг Хабул анх удаагаа бүх монголчуудыг тугийнхаа дор нэгтгэж, талаар нэг үүл мэт нүүгэлтэж, олох олз юу байна, алах хүн хаа байна хэмээн хааяагүй доншуучилж асан зүрчидийн өөдөөс хөдөлж, тэднийг дагуулвай. Зүрчидүүдэд олон овог аймаг цохигдон сарнисан бөлгөө. Монголчууд хоёр удаагийн тулалдаанаар тэр дээрэмчдийг толгой дараалан хядаад, тэднийг урт цагаан хэрэмнийх нь цаад руу хөөн оруулжээ. Зүрчидийн гар хөл болсон өөдгүй татаар байгаагүйсэн бол монголчууд тун чиг жаргалтай байх байлаа. Тэр жилүүдэд тэднүүс зун алгасалгүйгээр монголчуудын хүрээг уулгалж, агт морьдыг нь тууж, хүн зоныг нь олзлон одож байв. Хабул хаан татаартай үзэлцсээр алтан амиа алдаж, татаарын суманд оногдон, тэнгэрт хальсан ажгуу.

Хабул хаанаас хиадууд гарчээ. Хабул хаан долоон хөвүүнтэй байсан ч тэдэнд хаан ширээгээ гэрээсэлсэнгүй, өөрийн хаяал дүү тайчууд овгийн Амбагайд залгамжлуулав. Амбагай татаартай эв найр тогтоохыг хүсч, сүй тавихаар тийш очиход нь цаадуул нь түүнийг барьж аваад зүрчидийнхэнд өгч орхилоо. Алагдахынхаа өмнө тэрбээр хаан ширээг мөн л өөрийн хөвүүдэд өгсөнгүй, Хабул хааны дөрөвдүгээр хөвүүн хиад Хутула баатарт өгөхийг хүссэн байна. Тийнхүү монголчуудын овог аймгийн дотор хиад, тайчууд гэсэн хоёр эртний овог гар гараасаа барилцан явжухуй.

Хутула хаан ор залгамжлагчаа нэрлэж амжилгүй эрт наснаас нөгчжээ. Овгийнхон нь Есүхэйг гэж байсан боловч тайчууд өөрийн хамаатан болох хар санаатай, эзэрхэг дээрэнгүй Таргудай хирилтүгийг гэж үхэлдэн зүтгэж байв. Есүхэй баатрын нэр татаартай хийсэн сүүлийн тулалдаанд ихэд мандав. Үүний дээр тэрбээр талийгаач эцгээсээ өв болгож авсан харьяа баатруудаасаа гадна сахал үсгүй залуус, залуу боол, хэсэг анчидаар гурван мянган хүнтэй цэрэг байгуулж, ахархан хугацаанд тэднийг сурган, зэвсэглээд, тэд ч түүний гарын дор галзуу мэт тулалдан, тэднийг татаарууд Есүхэй ноёны өлсгөлөн хэдгэнэ гэж нэрлэжээ.

Жила Бухын дэргэдэх тулалдаанд Есүхэй баатар Хутулын унасан тугийг босгож, дайсны түмэн цэргийн өөдөөс өөрийнхнийгөө оройлон оржээ. Түүний зуутууд дайсны эгнээ рүү дараа дараалан галзуу мэт зүсэн орж, татаарын гол өргөөг эзлэн авахад тэдний хаан Мэгүжин сүүлт эмнэг шахам тэмээ унан, ам мөлтөс амь зулбажээ.

Есүхэй энэ тулалдаанд зүйрлэшгүй баяжсан байна. Тэрбээр тэндээс тоолж баршгүй адуу тэмээ, үхэр хонь тууж, хятад даавуу, торго сэсгий, ширмэн, төмөр тогоо, зэр зэвсэг, хуяг дуулгыг далан тэргэнд дааж ядтал ачиж ирсэн баймуй.

Энэ аянд хамт явсан цэргээ өөрийнхөө нутагт тараан байрлуулав. Түүний эзэмшлийн хилээр шинэ хүрээ босов. Хуучин дээрэмчин, олзны хүн, овог аймаггүй оргодол нь боол шивэгчин, гүү саагч нартай суун, түүний харьяат нарын тоог нэмэгдүүлээд Есүхэй одоо чамгүй хүчтэй болсон ажгуу.

Татааруудыг цохисоны дараа тал нутаг тайван болов. Баруун хойд талд нь байдаг эртний дайсан мэргэдүүд монголчуудын хүчирхэгжсэнийг харахдаа Сэлэнгэ уруудан цааш нүүж, хил дээр үзэгдэх нь ховордов. Зүүн хойгуур нь, Ононы адаг, Шилэгээр нутагладаг байсан дагууруудын жижиг аймаг монголчуудаас айхдаа зарим жил алс зүүн тийш нүүдэг байсан бол одоо Хар мөрөн гэдэг огт таньж мэдэхгүй газарт одсон байна.

Хэрэйдүүд л талд тогтсон амгаланг түр эвдсэн ажгуу. Есүхэй нэг түм таван мянган цэрэг авч хэрэйдийн хаан ширээ залгамжлагч Тоорилд тусалж, түүний дүү Эрхэ харыг цохихоор оджээ. Тэрбээр эцгийнхээ нас барсны дараа Алтайн уулын цаадах наймануудтай сүүлэрч, тэднээр туслуулан, улсын жолоог итгэл эвдэн булаан авсан байлаа. Монголчууд найманы хамсаатныг хил хүртэл нь хөөж, хил орчмын газрыг нь довтлон мөн л багагүй олз олсон байна.

Есүхэй, Тоорилтой ялалтаа тэмдэглэж, судасныхаа цусыг ханан, бие биедээ анх дуудангуут л тусалж байх андгай өргөжээ. Монголын олон ноёд ийм аянаас олигтой олз олохгүй гэж бодоод Есүхэйн уриаг тоохгүй байснаа одоо болохоор атаархан үхэж байв. Есүхэй аянаас буцаж ирэхдээ ямаршуухан жөтөөрхөж байгааг нь царайнаас нь харж байв. Тоорилтой Есүхэйн анд болсны учрыг тэд хожуу мэджээ. Одоо Есүхэйн өөдөөс нэг нь зэвсэг хөдөлгөх гэж санаархах аваас Хэрэйдийн хааны хүч түүний ард байж байх болно. Өмнө нь аймаг дотроо хүч нөлөөтэй болох гэж түүнтэй өрсөлдөж байгсад одоо чигчий хуруунд нь ч хүрэхгүй болсон авай. Залуу Есүхэйн нэрийг дуулахдаа огтоос тоомжирлодоггүй байсан хүчирхэг ноёд, түмтийн захирагчид одоо амаа хамхижээ.

Есүхэй хоёр эхнэртэй, тэднээсээ хүүхэдтэй байв. Түүнийг таван ой хүрээгүй байхад нь түүний эцэг Бартан Баатар онгудын ноёны охин гурван ойтой Сочигэлийг сүйлжээ. Худ нар бүсээ солилцож, Есүхэйд насанд хүрэхдээ Сочигэлийг гэргий болгож авах үүрэг оногдсон байна. Гэвч цаг ирэхэд тэрбээр өөрийг олжээ. Эзгүй талд ав шувуу тавиад буцаж явтлаа замд таарсан аянчины өлжигт хацар гоо бүсгүй байхыг үзжээ. Бүлээхэн хурын дараа мойлын том жимс гялтганан байдаг шиг бүсгүйн нүд хараар тормолзон, Есүхэйн цээжнээ гэрэл, хайр хоёрыг түгээх мэт болвой. Тэр аянчин нь мэргэдийн баатар Их Чилэдү гэгч байжээ. Тэрбээр олхонуд аймгаас бүсгүйг сүйлж аваад, хүрээндээ буцаж явсан нь тэр юмсанж. Өөртөө сайхан санагдсан юмнаас татгалзаж байсан удаа Есүхэйд багаас үгүй. Намар ороо нь орсон залуу буга шиг тэрбээр ах нартаа давхин ирж, бодсоноо хэлсэнд цаадуул нь түүнд туслахаас эрс татгалзаж:

- Чамд сүйт бүсгүй байгаа. Эцэг маань амьд байхдаа сүй чамд тавьж өгсөн. Тэнгэрээс чамайг үзвэл тэр юу хэлэх билээ? гэж Нэхүн тайш ах нь хэлсэнд Мэнгэтү түүнийг хатгаж:

- Чи биднийг онгудуудтай ам муруйлгах гээд байна уу? Энэ л бидэнд дутаж гэнэ. Амбагай хаан их талд чиний дураар авирлаж байгааг мэдвэл чамд үзүүлээд өгнө дөө гэвэл Есүхэй бууж өгөлгүй:

- Аав, Амбагай хаан хоёр намайг өршөөнө өө. Үйл хэргээрээ үүнээ цагаатгана. Та нарыг явахгүй бол Даридай явна гэхэд нь ах нар нь бие биеэрээ хялам хийцгээжээ. Тэд Есүхэйн занг юу эс андах вэ.

Нэхүн тайш амандаа бувтнаруун:

- За яах вэ, үүнтэй хамт явалцах нь явалцъя гээд Мэнгэтү рүү харж, - Тэднийг дангаар нь явуулчихъя. Эд хүн алчихвал мэргэдүүдтэй дайтах хэрэг гарах болж магад гэв.

Гурвуул мэргэдийн дайчны мухлагийг гүйцэн, гурван талаас нь дайрчээ. Мэргэд эр морио унан зугтаж, залуу гэргий нь Есүхэйнх болов. Тийнхүү мэргэдэд очиж явсан Өүлэн монгол ноёны эхнэр болжээ.

Есүхэй түүний эх эцгийнд мөргөхөөр өөрөө очсон ажгуу. Цаадуул нь цааргалах байдалтай байсан ч Есүхэйг хүүхэн хулуусаныхаа сүйд өгөх хөрөнгөний чинээг хэлсэнд номхорчээ. Гэтэл Есүхэйн өөрийнх нь төрөл садан, эцгийнх нь ах дүү, тэдний эхнэр амтай эмгэд удтал амар заяа үзүүлсэнгүй. Түүнийг элдэвээр доош хийх гэж оролдоно. Гэвч Өүлэн хүмүүжихийн дээдээр хүмүүжсэн эмэгтэй байжухуй. Энэ ургийн өөр ямар ч бэр гийчнийг чингэж угтаж, ахмадыг тэгж хүндэтгэж, зохистой үгийг тийн хэлж чаддаггүй байв. Мөнөөхөн эмгэд сүүлд нь түүнийг:

- Хорсол зангирсан хэнийг ч мишээлгэж чаддаг гэж хэлсэн нь учиртай.

Төрөл төрөгсөд нь түүнтэй эвлэрсэн боловч Есүхэйг хуучин үүргээ биелүүлэхийг албадсан ажгуу. Авга нар нь түүнд өгүүлрүүн:

- Чи нөгөө онгуд бүсгүйтэй гэрлэх хэрэгтэй. Энэ бол манай ахын ажил байсан, түүнийг бид орхихгүй гэжээ.

Чингээд нэг зун хоёр бүсгүйтэй дараалан гэрлэсэн ажгуу. Тэрбээр ургийнхаа овоон дээр эцгийнхээ сүнсэнд мөргөж, ерөөл хүссэн авай. Эртнийхээ заншлаар малын бус, амьтны мах цусаар эцэгтээ өргөл өргөсөн байна.

Дараа жил нь гэргий нар нь нэг нэг нуган төрүүлж өгчээ. Өүлэний хөвүүн эхийн хэвлээс баруун гартаа шагайн чинээ нөж атгаж төрсөн байна. Бүгд энэ хачирхалтай явдалд гайхахын дээдээр гайхжухуй. Бүх аймгаас цагаан, харын бөө нар ирж, өдөр нь цагаан бөө нар баруун зүгийн тэнгэр нарт, шөнө нь харынхан зүүн зүгийн тэнгэрт мөргөжээ.

Ес дэх хоногт нь тэд тэнгэрийн нууц зарлигийг тунхаглахыг хүсвэй. Гаднын хүнийг гаргаад, бөө нар өгүүлрүүн:

- Энэ нялзрай хөвүүн аугаа их хаан, дайчин болж, есийн ес ерэн есөн мянган баатрыг тугийнхаа дор хуралдуулж, есийн ес ерэн есөн орныг байлдан дагуулж, есөн зуун ерэн есөн орны иргэн түүний хуулийг сүслэн дагах болмуй хэмээжээ.

Төрөл төрөгсөд нь бөө нарын үгийг тунгаагаад, сайхан хэлэх гэхдээ ирээдүйн хааны эрхшээх газрын хэмжээг хэтрүүлчихлээ гэж шийдсэн байна. Гэхдээ л тэд өөрсдийнх нь ургийг талд алдаршуулах шинэ дайчин, эзэн төрсөнд баярлажээ. Тэгэхэд Есүхэй баатар өөрийн заналт дайсан татаарын Тэмүжин баатрын нэрийг хөвүүндээ өгсөн байна. Есүхэйд түүнээс хүчирхэг дайсан таарч байгаагүй бөгөөд түүнийг тэр жил олзолсон бөлгөө.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив