Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монголын товч түүх
2014 оны 7 сарын 16 [Уншсан тоо: 62888]

А.АМАР

Дэлхий дээр улс гэр болон тогтнох явдал бол эрхбиш түүхийн үүднээс холбогдолтой бөгөөд өөрийн улс үндэсний явдал, түүхийг ард бүхэн ойлгож мэдэх ахул хүн бүр улс үндсийг батлан хамгаалах оюун мэдрэлтэй болох бөгөөд эрт урьдын түүх явдал нь хэдийгээр өнгөрсөн үеийн хэрэг боловч эртнээс нааш улс гэрийн хэрхэн тогтносон, мөхсөн ба ардын аж амьдралын хэрхэн дэгжсэн, буурсан хийгээд засаг заслалыг хэрхэн олсон, алдсан явдлаар үлгэрлэн жишиж, сайныг нь дуурайж, сайн бишийг нь цээрлэл болгосоор ирсэн тул үүн тухай эртний хүний өгүүлсэн нь: “Сайн нь миний багш бөгөөд сайн бус нь бас ч миний багш болой” гэжээ.

Аливаа нэгэн улс төр бүхий нь эрхбиш өөрийн улс үндэсний түүх явдлыг мэдэх танихыг ихэд чухал болгодог тул улсын бүх сургууль, соёлын газрууд, цэрэг, ард хүртэл нийтэд заан сургаж, танилцуулдаг ажгуу.

Монголын ард бүхэн өөрсдийн улс үндэсний түүх явдал ба өөрийн газар шорооны эрхэм чухлыг мэдэж ухах болбоос монгол хүн бүхэн улс төр үндэс угсаа, газар шороогоо хамгаалах санал бодлоготой болох амуй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ СЯНЬБИ УЛСЫН МАНДСАН ҮЕ

   

Хүннү улсын доторх зүүн этгээдийн нэгэн хэсэг монголчууд тасарч зүүн этгээд Сяньби ууланд хүрч, Сяньби хэмээх улс байгуулж нэгэн үе хөгжин мандавай.

Хүннү улсын Модун хааны үед түүний зүүн этгээдийн олон аймаг харилцан байлдаж нэгэн хэсэг олон аймаг буруулж хойш одон Сяньби, Ухань хоёр ууланд оршин сууж, Дун ху (Зүүн Монгол) хэмээн нэрийдэж, Сяньби, Ухань улс болсон зэрэг явдлыг нэгэнт дээр дурдсан тул мөнхүү Сяньби улс нь умард Хүннүг удаа дараа байлдаж байснаас гадна бас өмнөд Хүннү ба Ухань лугаа нийлж Нанхиадыг удаа дараа байлдан сандаргаж байсан ба умард Хүннүг мөхөх үед түүний газар орныг эзэлж үлдсэн арван түмэн хүнийг оруулан авч улмаар хүчирхэн болсон боловч Сяньби тэр цагт олон төрлөөр бутархай орших тул харилцан нэгдэл холбоогүй өөр зуураа тэмцэлдэх зэргээр байсан ба дараа Чингисийн өмнө 1011 оны орчим сяньби нарын дотроос Тань Шихуай1 хэмээх нэгэн хүчирхэг хүн гарч, өөрийн эрхэнд байгаа Сяньбийн иргэдийг нэгтгэж богино хугацааны дотор Хүннүгийн их улсын урьд эзэлж агсан Тарвагатай уулаас Номхон дөлгөөн гадаад далайн эрэг хүртэлх газрыг эзэлж, өмнөдөд нанхиадын хил хязгаарын газрыг довтолж умар ба дорно зүгт Динлин ба Фуюй хэмээх улсын довтолгооныг цочоон эгүүлж өрнөдөд Усунийг дарав.

Тань Шихуай Нанхиадыг ямагт байн байн довтолж түүний хойд захын хэдэн мужуудыг сандруулан байснаас гадна дараагийн нэгэн үед өдгөөгийн Ганьсу мужийн дорнод этгээдийг хүйс тэмтрэхэд хүрсэн ба Нанхиадын гурван анги их цэрэг Сяньбийн хязгаар дотор гүн нэвтрэн орсныг Тань Шихуай ачаа хөсөг ба туг сүлдийг нь авч өөрийн нутгаас хөөн гаргав.

Үүнээс хойш Чингисийн өмнө 960 онд Тань Шихуайг наснаас нөгчсөний хойно байгуулсан улс нь бутран эвдэрсэн ба дараа Чингисийн өмнө 926 оны үед Сяньбийн нэгэн ахлагч Му Хубу гэдэг хүн гарч, улмаар хүчирхэг болон хөгжиж, зүүн Шар мөрний адаг болох Ляоси голын Зижэний хойд талд сууж, Мужун2 И аймаг хэмээн нэрийдсэн бөлгөө. Түүний ач Мужун, Сэгүйд хүрч ирээд, Ляодунгийн газрын хойд талд нүүж, үе улиран Нанхиад улсад хавсарчээ. Хэд хэдэн удаа Нанхиадад хүчин тусалж гавьяа байгуулсан тул их шаньюй болгожээ. Гэтэл Мужун Сэгүйд урваж Ляоси дахь нанхиад хотуудын дотроос Чанли хэмээхийг эзлэн авав.

Үүнд, Нанхиадын нэг түшмэлээс өгүүлсэн нь Жун, Ди хэмээх хойд газрын хүмүүс догшин хэрцгий үе үед зовлон болгожээ. Дотоод газарт хольцон суусан олон монгол (ху)-ыг улмаар хязгаарын гадна нүүлгэвэл зохино гэх зэргээр өгүүлсэн байхыг үзвэл, тэр үед монголчууд нанхиад лугаа ихээхнээр холилдон байсан хэрэг ажээ. Түүний хойно Мужун Сэгүй үгүй болж, хөвгүүн Мужун Хой залгамжилж, Нанхиадад дагаж ирснийг Сяньбийн бүлгийн үндэстнийг ерөнхийлөн захирагч хэмээн цол өргөмжлөгдсөн боловч, тус бүлгийн дотроос Юйвэй3 ба зарим нэг үндэстэн тэр үед Мужун Хойгоор өөрсдийн эрх бариулахыг зөвшөөрөн хүлээгээгүй байсан тул мөнхүү цол нь жинхэнэ эрх чанарыг олж чадсангүй ажээ (Юйвэй бол монголчуудын нэгэн аймгийн нэр мөн).

Мужун Хой түүнээс Фу Юйгийн эзэнт улсыг эзэлж, бас дараа өөрийн зүгт эсэргүүцсэн юйвэй нарыг удаа дараа байлдсанд, тэд нар дийлэгдэж, тэргүүлэгчид нь Солонгос (Гуули)-д буруулан одоход хүрсэн ба ардууд Мужун Хойн дотор тархжээ. Бас Мужун Хой нь Мүгдэнгээс өмнө этгээдэд байсан Сяньбийн удам угсааны хүмүүсийг дагуулснаас гадна бас Цагаан хэрэмийн зүүн этгээд бөгөөд Шанхай Гуаний умард этгээд болох газар дахь Дуаний монголчууд ба бусад холилдсон аймгийг дайлсан бөгөөд үүнд дээр дурдсан юйвэй ба дуань бас солонгос нар хийгээд Нанхиадын хүч тусламж хамтарсан туйлын их байлдааныг туулан ялсанд нанхиадууд нь Мужун Хойтой найрамдсан ажгуу. Үүний дараа удсангүй Мужун Хой наснаас нөгчсөн учир түүний хөвгүүн Мужун Хуан залгамжлан сууж, өөрийн биеийг ванд өргөмжилж хуандийн сууринд сууж, улсын нэрийг Янь4 хэмээн нэрийдэв. Мужун Хуан дээр дурдсан Хүннүгийн угсаа болох Жао улс лугаа холбоо байгуулж, Дуаний газрыг байлдаж, Дуань нь Жао улсын газар болсон боловч Мужун Хуан бас Жао лугаа эвдэрч, Дуаний газрыг булаан эзэлсэн бөгөөд Жао улс байлдсан боловч Мужун Хуан дийлсэн ажээ.

Үүн дээрээс Янь улсын нэр алдар ихэд дэлгэрч Мужун Хуан бас умард солонгосыг байлдаж дагуулан авсан ба бас дараа нь Юйвэйгийн улс төрийг эзэлжээ. Янь улс энэ мэтээр хүчирхэг болж байсан боловч дараа Мужун Хуан наснаас нөгчиж түүний хөвүүн Мужун Чун ор суусан боловч мөнхүү Янь улсын дотор харилцан эвдрэлцэж доройтсон учраас Мужун овгийн уг үр ач нар тус тусдаа тасарч, таван хэсэг Янь улс байгуулж байсаар тус тус төдийлөн удалгүй цөм мөхжээ.

Энэхүү Янь улсууд нь Тоба хэмээх Юаньвэй улстай үе үе их л байлдаж байсан боловч эцэстээ ихэд дийлэгдэж түүний харьяат болжээ. Зарим түүхэнд дурдсаныг үзвэл, энэхүү Мужуны улс нь Тобагаас бусад сяньби үндэстнийг бараг нэгтгэсэн боловч тэдний нэгэн салбар болох Тугухунь5 өөрсдийн харьяат нарыг авч Хатаны голын баруун этгээд дэх Хөх нуурт одож тусгай улс байгуулан удтал тогтнон байсан бөгөөд түүний үлдэгдэл нь өөрийн хэл ба зарим нэг аж байдлыг одоо болтол сахин Анду хавьд оршсоор буй хэмээнэ. Мужун овгийн Тугухунь болбоос угтаа Мужун Хойн татвар эмээс гарсан учир сууринд суух эрх байсангүй учраас өөрийн дүүтэй эв эвдэрсэн тул төрсөн нутгийг орхин зайлах хэрэгтэй болж, өөрийн харьяат өрх айлуудыг авч тийнхүү Хөх нуурын газар хүрч оршсон бөгөөд, түүнээс хэдэн жил өнгөрсний хойно аугаа их газрыг эзэлж, Хөх нуурын усны сав газар Дорнод Цайдам ба Түвдийн зүүн хойд этгээдэд эдгээр газруудыг авч Тугухунь нас нөгчсөнд түүний үр ач нар олон үед сууж, улмаар хөгжин мандаж бас ч Нанхиад улс лугаа найрамдан явсны нэгэн үед өөрийн угсааны Тоба Юаньвэй улстай сайнаар найрамдаж, алба барих улс байсан боловч Сүүлд Юаньвэй улс эзлэн авахаар байлдсан учир Тугухунь улс дарагдан зарим нь эзлэгдэж, зарим хагас нь умард зүг зугтаж яваад, хожим бас Хөх нуурын газар буцаж ирээд дахин хөгжиж, тусгаар тогтносон боловч түүнээс хойш бас олон зүйлийн хувирал болж, заримдаа тусгаар тогтнох ба заримдаа Нанхиад буюу Түвдэд эзлэгдэж явсаар Тугухуний улс Тангудын Ся улс ба Нанхиадад хуваагдан эдгээрийн харьяат болжээ.

Сяньби улсын жинхэнэ өөрийн дэлгэрэнгүй түүх судар нь олдсонгүй тул зарим нэг бусдын зохиол ба ганьму бичиг зэргээс авч товч төдий бичив.

НЭПКО хэвлэлийн газар

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn