Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Баабар ингэж өгүүлэв
2014 оны 5 сарын 2 [Уншсан тоо: 110061]

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

БААСТАЙ БУРХАН
Шинэ ном худалдаанд гарлаа




СОКРАТ БА МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД


(Залуучуудын Холбооны хуралд хэлсэн үг)

Одоогоос 20 жилийн өмнө Залуучуудын Холбооны тухайн үеийн удирдлагын хүсэлтээр Монголын залуучуудын эрмэлзэх есөн зүйлийг би бичиж байсан. Тэгэхэд би ч өөрөө залуу байж. Одоо насны хувьд дараа үеийнхэндээ сургаал айлдах, амьдралынхаа туршлагаас хуваалцах хэмжээнд хүрчээ. Хүн төрөлхтөн хичнээн хөгжлөө ч, техник технологийн ямар ч дэвшил гарлаа гэсэн хүмүүний амьдралын ёс суртахуун амьдралын философи, чиг хандлага өөрчлөгддөггүй юм.

Чухам энэ утгаар нь авч үзвэл элэнц хуланцын сургаал хуучирдаггүй. Тэмдэглэгдэж үлдсэнээр хамгийн анхны аугаа сургаалыг Сократ айлдсан. Тэрээр одоогоос 2500 жилийн өмнө амьдарч байсан бөгөөд Пифагор, Аристотель, Лаоцы, Күнз, Будда нартай нэг үеийн хүн. Хүний амьдралын мөн чанар, утга учир, зорилго тэмүүллийн талаархи Сократын сургаал бол эх загвар юм. Дараа үеийн бүхий л суутнуудаас эхлээд та бидний эх эцэг хүртэл чухамдаа Сократын сургаалыг үргэлжлүүлж, дэлгэрүүлж, өөр хувилбарт оруулж, илүү ойлгомжтой болгож бидэнд тайлбарласан. Хүн төрөлхтний бүхий л үеийн туршлагыг цуглуулсны хүчинд дараа үе нь түрүү үеийнхээсээ илүү туршлагатай, мэдээлэлтэй, мэдлэгтэй байдаг. Харин дараа үе нь түрүүчийнхээсээ илүү ухаантай байх албагүй. Энэ нь хувь хүний мөн чанар, хүмүүжлээс юун түрүүн хамааралтай. Түүнээс гадна нийгэм орчноос ч их хамаардаг. Сократ үүнийг бүхнээс түрүүн ажиглаж “Төр хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог” гэж хэлсэн. Гэхдээ л ухаан бол хувь хүнээс өөрөөс нь хамаарна гэдгийг тэрээр “Сайн муу хоёрыг ялгана гэдэг аливаа ухааны дээд нь” гэж айлджээ.

Монгол залуу хүний эрмэлзэх есөн зүйлийн эхнийхэд “Би өөрийн авьяас билгийг илрүүлж нийгэм дахь өөрийн байр сууриа эзлэнэ” гэж байгаа.  “Хүн болгонд нар бий, харин тэр наранд гэрэлтэх бололцоог нь олго” гэж Сократ сургасан. Хүн болгонд өөрийн авьяас билэг бий. Сайхан дуулж мундаг бүжиглэж чаддаггүй юм гэхэд гутал аятайхан загначихдаг авьяас чамд байж л байгаа. Үүнээ илрүүлж чадахгүйгээс болж залуу хүн бүхий л амьдралаа баллаж, нийгэм дахь өөрийн байр сууриа олж чадахгүй явсаар насыг бардаг нь юутай харамсалтай. Өөрт байгаа нарандаа гэрэлтэх бололцоог чухам өөрөө л олгож чадна. Тэр нараа олж гэрэлтүүлж чадахгүй бол нийгмийн харилцаанд орж чадахгүй, чадлаа ч үргэлж хоёрдугаар зэрэглэлийн шоовдор хүн болдог.

“Би өөрийн бие бялдрыг хөгжүүлж “эрүүл биед саруул ухаан оршино” гэсэн зарчмыг мөрдлөг болгоно” гэж эрмэлзэх зүйлийн хоёрт байгаа. Сократ сургахдаа “Эрүүл мэнд гэдэг бүх юм биш, гэхдээ эрүүл мэндгүй бол  бүх юм юу ч биш” гэжээ. Өөр юу ч нэмэх юм билээ.

“Би мэдлэг боловсролоо дээшлүүлж, мэдээллийг чадмаг ашиглан эд баялагийг буй болгоно” гэж гуравдахь эрмэлзлэлд өгүүлжээ. Бид мэдээллийн зуунд амьдарч байна. Хажуу айлын хүүхэд духаа шалбалчиж гэдгээс авахуулаад Иран цөмийн хөтөлбөрөө шалгуулахаар боллоо гэдэг хүртэл бүгд мэдээлэл. Мэдээлэл цэгцлэгдэхгүй бол ердөө л хов жив. Мэдээллийг цэгцэлж өөрт хэрэгтэйгээ шүүн авч баялаг болгодог юм бол мэдлэг. Мэдлэгийг сургууль соёлоос гадна өөрийн чармайлт буй болгоно. Мэдлэг ухаан дээр суурилна. Аугаа найрагч Жоорж Элиот нэгэнтээ “Мэдээлэлд дарагдсан мэдлэг минь хаачив, Мэдлэгт дарагдсан ухаан минь хаачив” хэмээн бичсэн байдаг. Чухам ийм дараалалтайгаар бид мэдээллийг зөв ашиглаж эд баялагийг буй болгож чадна.

“Би өөрийн эрх, эрх чөлөөг хамгаалж ардчилал хууль ёсны төлөө зогсон амвдарч буй нийгмээ шударга байлгахын төлөө тэмцэнэ” гэж эрмэлзэх зүйлд өгүүлжээ. Хүн бол нийгмийн амьтан. Нялхдаа чононд олзлогдсон хүүхэд эргээд хүн болж чадалгүй чонын амьдралаар явж, чоно шиг насалсан үнэн баримт бий. Хүн хүний нийгэмдээ л хүн болдог. Робинзон Крузог бодит байдалд боломжгүй явдал гэж социологичид үздэг юм билээ. Нөгөө талаар хүн эрх чөлөөтэй төрдөг. Эрх чөлөөг нь бусад муу хүмүүс боймолдог. Муу төр боймолдог. Муу тогтолцоо боймлодог. Эрх чөлөөгөө эдлэнэ гэдэг бусдын эрх чөлөөг хүндэтгэнэ гэсэн үг. Иймээс чиний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана. Энэ тухай нэрт эдийн засагч Фридман сургахдаа “Чиний зангидсан гар хаашаа ч чөлөөтэй савж болох ч бусад хүний хамрын үзүүрт очоод зогсох ёстой” гэжээ. Нэг бүр нь эрх чөлөөт хүмүүсээс бүрдсэн нийгмийг ардчилсан тогтолцоо гэнэ. Чухам энэ суурин дээр шударга ёс тогтдог. Нийгэмд шударга ёс тогтоох нь өөрийн эрх чөлөөгөө хамгаалах, бусдын эрх чөлөөг хүндэтгэхээс эхэлж мөн үүгээр дуусна. Нийгмийн шударга ёсыг хамгаална гэдэг өөрийн эрх чөлөөг хамгаалж байна гэсэн үг. “Төгс хүн гэж төгс төгөлдөр рүү тэмүүлдэг хүнийг хэлнэ. Жаргалтай хүн гэж зорилгодоо хүрсэн хүнийг хэлнэ” гэж өвгөн Сократ сургасан юм.

“Би өөрийгөө, өөрийн гэр бүлээ тэжээх чадвартай болж айл гэрийг аз жаргалтай хиймэр лундаатай байлгана” гэж дараагийн зүйлд өгүүлжээ. Өөрийгөө аваад явж чадахгүй хүн нийгмийн илүүдэл болдог. Оюунаа захирч чадахгүй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүн нийгмээс халамж авах эрхтэй, аль ч иргэншсэн оронд үүнийг хуульчилсан байдаг. Хөдөлмөрийн чадвартай, эрүүл саруул мөртөө амиа аваад явж чаддаггүй хүн нийгмийн паразит болдог. Эсвэл нийгмийн тогтсон хэв журмыг зөрчин хуулийн гадуур цамнагч болно. Гэртээ өөхөн дэнгүй мөртөө өчүүхэн улаан голоо дэвтээхийн тулд чийдэнтэй айл, нартай дэлхийг гэрэлтүүлнэ гэж лааны хугархай бариад хашгичин гүйдэг иргэний хөдөлгөөнчин болно. “Эдийн засгийн утгаараа улс орон, үндэстэн, нийгэмлэг, компани гэж байхгүй, ганцхан өрх гэр гэж л бий” гэж Тэтчэр хэлсэн юм. Өөрийгөө аваад явдаг жаргалтай өрх гэрүүдийн нийлбэр нь жаргалтай нийгэм, амжилттай компани, эрх чөлөөт улс орныг буй болгоно. “Хэдийгээр бүх юм жижиг сажиг аар саарханаас эхэлдэг ч, аливааг зөв эхэлнэ гэдэг яавч аар саар явдал биш” гэж Сократ хэлсэн. Хамгийн зөв эхлэл бол өөрөөсөө, өөрийн өрх гэрээс эхлэх явдал. Дэлхийн дулаарал, озоны цооролтын төлөө санаа зовох нь дэлхийн иргэний хувьд зөв ч өөрийгөө яая гэж байгаа хүн энэ гамшигт ус болно уу гэхээс тус болж чадахгүй шүү дээ.

“Ахмадын өмнө өртэй хойчийн өмнө үүрэгтэй гурван цагийн хэлхээс би дутагдах гачигдах зовлонгүй жаргалтай ариун бүлийг буй болгоно” гэж дараагийн зүйлд өгүүлжээ. Манай орчлонд амьдрал үүсэн хөгжсөн 3,8 тэрбум жилийн турш дахь огт тасралгүй үргэлжлэн дэвшсэн азтай гинжний үзүүр нь чи. Чи өвөг дээдсийнхээ буянгаар буй болсон төдийгүй тэдний хуримтлуулсан аугаа туршлага дээр өдий зэрэгтэй яваа. Энэ гинж чам дээр тасрах учиргүй тул үр хүүхдийнхээ өмнө асар том үүрэгтэй. Нөхөрлөл үгүй бол хүмүүсийн харилцаа ямар ч үнэ цэнэгүй. “Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор юу ч хүсэхгүй байна гэдэг бурханлаг мөн чанар. Тиймээс аз жаргалтай байхын тулд тийм ч их зүйл хэрэгтэй бишийг ойлгох нь аугаа их жаргалд дөхөж очих хамгийн боломжийн арга” гэж Сократ сургасан. “Байгаадаа сэтгэл ханана гэдэг Бурханы баялаг, тансаглал бол зохиомол ядуурал” гэж тэр бас нэмж хэлсэн. Бүхий л зовлон шуналаас үүдэлтэйг Будда олж харсан. Нэг л үгэндээ аз жаргал өөрт чинь бий, Өвөг дээдэс үр хүүхэд найз нөхдийн ариун холбоосон дундаас энэ нь олдоно. Гэхдээ эх булаг нь чамаас өөрөөс чинь эхлэнэ шүү.

“Эртний түүхт тусгаар Монголын голомт сахигч би  биендээ нөхөр байж эх орноо хөгжүүлж хүчирхэгжүүлнэ” гэж залуу хүний эрмэлзэх есөн зүйлийн долоод өгүүлжээ. “Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртөө, чиний төлөө үхье гэж эх орондоо хэлсэн” гэсэн сайхан дөрвөн мөртийг Цэдэнжав найрагч бичсэн. Хөгжингүй, хүчирхэг, шударга, ардчилсан улс орны иргэн байж л чи бусдад хүндлэгдэнэ. Үгүй бол их сайндаа л өрөвдүүлнэ. “Өрөвдүүлж амьд явснаас бахархуулж үхсэн нь дээр” гэж Сократ бас сургажээ.

“Соёл иргэншилт хүн төрөлхтний тасархай би бусдыг хүндэтгэж бусдаар хүндэтгүүлж, хүнлэг бүрийг өөрийн гэж үзнэ” хэмээн найм дугаарт өгүүлжээ. Бусдын соёл, зан заншил, уламжлал, эрх чөлөө, нэр төрийг эс хүндэлбэл чамайг хэн ч хүндлэхгүй. Одоо дэлхийд оршин буй 200 орчим тусгаар улсад хамаарах долоон тэрбум хүн бид тэртээ 40 мянган жилийн өмнө Африкийг орхин гарсан 10 мянга орчим хомо сапиенсийн үр удам. Он цагийн элээсэнд бид өөр өөр хэл соёл, уламжлал зан заншил төдийгүй технологийн ололтоор ялгаатай болсон ч бид хүн төрөлхтний нэгээхэн хэсэг, хүний удмын салгаж үзэшгүй тасархай. Түүхийн турш бид биенээсээ суралцахын зэрэгцээ нөхөрлөж ч дайсагналцаж ч явсан. Гэхдээ бидний хамгийн ариун нийтлэг зүйл юм нь хүмүүнлэг үзэл юм гэсэн үнэнд бид нийтээр хүрч байна. “Би хүнийг таних тусам нохойгоо улам хайрлах боллоо” гэж Сократ нэгэнтээ дуу алдсан нь хүнд байдаг хамгийн муухай адын сэтгэлийг жигшсэн үг юм.

“Байгаль эхийн үр сад, салшгүй хэсэг нь болсон би байгаль орчинтойгоо зохицож амьдрана” гэж эрмэлзэх есөн зүйлийн хамгийн сүүлд нь байгаа. Хүн өөрийгөө яаж ч дөвийлгөсөн эцсийн бөлөгт байгалийн бүтээгдэхүүн. Бидний үеийн хүүхдүүд дунд сургуульд байхаасаа “Бид байгалийн хишгийг горьдож суух ёсгүй, түүнийг булааж авах болно. Мичурин” гэсэн харгис номлолоор өссөн юм. Ийм аймаар ишлэл сургууль болгоны байгалийн кабинетад өлгөөтэй байдаг байлаа. Бид нэг удаа л технологидоо эрэмшин булааж авч магадгүй. Байгаль харин хариуг нь тун хатуугаар өгнө. Үүнийг бид өдөр тутмын амьдралаасаа харж байна. Хүн гэгч зүйл амьтан нь энэ дэлхийд ирсэн түр зуурын зочин болохоос эзэн нь биш. Бид аргадаж гуйна уу гэхээс азаргалж амьдрах гэвэл өөрсдийгөө л хөнөөнө.

Аугаа Сократ иймэрхүү сургаал олныг айлдсан. Тэрээр ялангуяа залууст их сургадаг байлаа. МЭӨ 399 онд түүнийг залуусыг хордуулж буруу хүмүүжил рүү уруу татаж байна хэмээн шүүж цаазаар авсан. Би Сократ биш, Сократ шиг болох гэсэн ч юм алга. Түүнтэй харьцуулахад нүдэнд үл өртөх хорхой. Сократын хамгийн аугаа философи дүгнэлт нь “Би юу ч мэдэхгүйгээ мэдэж байна, харин олон хүн үүнийгээ мэдэхгүй юм” гэсэн өгүүлбэрт цогцолсон байдаг. Магадгүй би юу ч мэдэхгүйгээ мэддэггүй тэр бүлэгт хамаардаг байж болох юм. Гэхдээ амьдралын туршлагаа ярьж Сократаас эхтэй сургаал үгсийг дараа үеийнхэндээ дамжуулан хэлэх нь гурван цагийн хэлхээс болсон миний хувьд ариун үүрэг минь болов уу гэж бодож байна. Харанхуй бүдүүлэг нийгмийн тогтолцоо өнгөрч баларсан учраас технологийн дээд эрэмбэд хүрсэн ардчилсан, иргэншсэн, соёлжсон энэ нийгэмд “залууст буруу хүмүүжил олголоо” гэсэн хэргээр намайг цаазаар авахгүй болов уу гэж найдаж байна. Тэр байтугай итгэж байна.

2012 оны 05 сарын 02


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив