Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Мэрриам Вэбстэрийн ХУРЛЫН ДЭГ
2014 оны 4 сарын 18 [Уншсан тоо: 51737]
Мэрриам Вэбстэрийн
ХУРЛЫН ДЭГ


Парламентын горимуудыг судлан мэдэж орчин цагийн уулзалт, хурлын талбарт хэрэглэхийг сонирхсон хэн бүхэнд энэ ном өргөн агуулгатай, хэрэгжүүлэхэд хялбар, маш сайн боловсролын хэрэгсэл болох болно. Зохиогч номын зорилгоо “парламентын дэг журмыг ойлгомжтой болгох” хэмээн тодорхойлсон ба номондоо парламентын хуулийн зарчмуудыг ойлгомжтой хэллэг, хүснэгт, жишээ ашиглан өдөр тутмын энгийн хэрэглээнд буулган уншигчдад алхам алхмаар товч тодорхой тайлбарлажээ.

Хэдийгээр “Мэрриам-Вэбстэрийн Хурлын Дэг” “Робэртын Хурлын Дэг” дээр суурилсан ч парламентын хуулийн бүх асуудлыг хамрах гэж зориогүй бөгөөд харин уншигч нарыг бизнес, ажил хэргийн ямар ч уулзалт, хуралд гишүүний болон даргын байр сууринаас оролцоход нь туслахыг зорьжээ.

Номын өгөх мэдээлэл нь парламентын хуулиас  халин гарсан бөгөөд уншигчдад хурал төлөвлөх, зохион байгуулах мэдлэг давхар олгох болно. Жишээ нь үр дүнтэй хурал зохион байгуулахад чухал бөгөөд бусад номонд төдийлөн анхаарч үзээд байдаггүй хурлын байршил гэх мэт өөр бусад асуудлыг  уг номонд тусгасан байна. “Хэрхэн хурал хөтлөх вэ?” гэсэн 8 дугаар бүлэгт хурлын хөтөлбөр, дэг, үйл ажиллагаануудын талаар дэлгэрэнгүй тайлбарласан байна.

Шинэ байгууллага байгуулахыг сонирхож байна уу? Нарийн, төвөгтэй тэрхүү процессыг ч бас бүхэлд нь авч үзсэн бөгөөд байгууллагын анхны болон хоёр дахь хурал, байгууллагын түр бүтэц болон ажилтнуудыг батлах санал хураалтын горим, байнгын бүтэц бий болгоход шаардагдах алхмуудыг ч бас тайлбарлажээ. Түүнчлэн жишээ болгон ашиглаж болох байгууллагын загвар дүрмүүдийг хавсаргасан байна.

Уг номондоо зохиогч бүх төрлийн хурлыг авч үзсэн хэдий ч илүүтэйгээр сургуулийн удирдах зөвлөл болон бусад нийтийн байгууллагын хурал руу чиглэсэн гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм. 7 дугаар бүлэгт хавсаргасан хурлын жишээ тэмдэглэлүүд нь уншихад ойлгомжтой ба нийтийн байгууллагын хурлыг амжилттай явуулахад амин чухал зөвлөмжүүдийг өгсөн болно.

Янз бүрийн хурал, чуулганд оролцож байгаа хүмүүс хурлын үеэр ямар асуудлаар юу хэлэх, яаж  хэлэх нь зүйтэй вэ гэдгийг жишээгээр тайлбарласан нь үр өгөөжтэй зүйл болсон. Түүнчлэн гарын авлага болгож олон янзын хурлын тэмдэглэлийг хавсаргасан нь мөн л хэрэгцээтэй зүйл бөгөөд эдгээр тэмдэглэлийг ашиглан “дүрд тоглосноор” хамгийн туршлагатай хурал даргалагчид хүртэл заримдаа тулгардаг “юу хэлэхээ мэдэхгүй байх” бэрхшээлийг давж гарч чадна.

Хурлын загвар нэг мөр тогтон бэлэн болсны дараа хурал янз бүрийн албан тушаалтан, удирдах зөвлөл, гишүүд, тэдний тайлангаар баяжин цаашаа өрнөдөг. Та туршлага багатайгаасаа болоод хорооны хурлыг даргалахаасаа цааргалж байна уу? Дөрөвдүгээр бүлэгт хорооны хурлыг хөтлөн явуулах, хурлын тэмдэглэл хөтлөх, хэлэлцэх асуудал батлах, хорооны дүрэм батлах, танилцуулах тайлан боловсруулах, нууцлалын асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай зааварчилгааг бүрэн өгсөн байна.

Номын 5, 6 дугаар бүлэгт гол сэдвүүдийг хөндөх ба үүнд: үндсэн, туслах, давуу эрхтэй болон нөхцөл горимын саналууд гэсэн бүх төрлийн чухал саналыг авч үзжээ. Санал тус бүрийг нарийвчлан үзэж, тодорхойлолт, онцлог, зааварчилгаа, санал хураалтын шаардлагыг тайлбарласан ба хэрэглэх үг, хэллэгийг мөн багтаажээ. 6 дугаар бүлэгт саналыг батлах болон унагахтай холбоотой горимын стратегиудыг нарийвчлан тайлбарлан өгчээ.

Үүнээс гадна “Мэрриам-Вэбстэрийн Хурлын дэг” дараах сэдвийг бас багтаасан байна:

  • ажилтан болон гишүүний аль алинтай нь олонтаа нүүрэлддэг чухал асуудал бол санал хураалт. Ирцийн шаардагдах байдлыг санал өгөх гишүүдтэй нь уялдаатайгаар авч үзжээ. Яагаад, хэзээ, хэрхэн санал хураахыг холбогдох нэр томьёоны хамт нарийвчлан тусгасан ба  хүснэгтээр санал тус бүрд ямар төрлийн санал хураалт шаардлагатайг ойлгомжтой тайлбарласан байна;
  • орчин үеийн хурлуудын өөр нэг анхаарал татах сэдэв бол сахилга хариуцлага. Ёс журамт байдлын тухай бүлэгт хурал даргалагч, гишүүн болон гишүүн бус хүн бүрт  хамаарах сахилгын нөхцөл байдлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай зөвлөмж, жишээнүүд бий; 
  • хурлын тэргүүлэгчийн үүрэг тухайн албан тушаалтны хариуцлага, эрх, хязгаарлагдмал байдлыг илэрхийлдэг. Уг номын өөр нэг онцлог нь хурлын турш хурал даргалахад хэрэг болох үг хэллэгийн баялаг санг агуулсан бөгөөд энэ нь туршлага багатай хүн хүртэл энгийн, өөртөө итгэлтэй, хэвийн байдлаар чин сэтгэлээр үүргээ хэрэгжүүлэхэд туслах болно.

Товчхондоо Мэрриам-Вэбстэрийн Хурлын дэг нь удирдахуйн хөгжлийн гарын авлага юм. Энэ ном парламентын дэгийн тухай маш сайн удиртгал болох бөгөөд парламентын горимуудын нарийн ширийн зүйлийг  хялбархан ойлгуулж, хурал, чуулгандаа шууд ашиглах боломжийг уншигчдад өгөх болно. Гэхдээ уг ном парламентын дэгийн бүхий л асуудлыг нарийвчлан  бүрэн хамрах гэж зориогүй болохыг санаарай. Илүү тодорхой асуудлаар нарийвчилсан зөвлөгөө хүссэн уншигч генерал Хэнри М.Робэртын гарын авлагыг авч үзэх нь зүйтэй.

Эцэст нь хэлэхэд орчин үеийн уншигч нар өдөр тутмын амьдралд нь тохиолддог бизнес, боловсрол, нийтийн үйлчилгээ, орон нутгийн захиргаа болон бусад мэргэжлийн мянга мянган уулзалт, хуралд  шууд ашиглах боломжтой ба үүнд л “Мэрриам-Вэбстэрийн Хурлын Дэгийн” бодит ач холбогдол  оршиж байгаа юм. Зохиогчийн хэлсэнчлэн “Хүмүүсийн дуу хоолойг ижил тэнцүү сонсохыг хүссэн байгууллага үйл ажиллагаандаа парламентын дэгийг хэрэглэж” болно. Үүнийг хэрхэн зөв ойлгож, зөв хэрэглэхийг энэ ном тайлбарлажээ.


НЭПКО хэвлэлийн газар



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив