Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Төрийг төвхнүүлэхүй
2014 оны 4 сарын 11 [Уншсан тоо: 53130]
Фрэнсис ФУКУЯМА


XXI ЗУУНЫ ЗАСАГЛАЛ, ДЭЛХИЙН ДЭГ ЖУРАМ



Төрийг төвхнүүлэх нь засгийн газрын нэгэнт байгаа байгууллагуудыг бэхжүүлэхийн хамт шинийг байгуулах явдал юм. Төр сулхан байх болон төрийг сулдиах, бусниулах нь ядуурлаас авахуулаад ДОХ, мансууруулах бодис, терроризм хүртэлх дэлхий нийтийн чанартай хамгийн ноцтой олон асуудлын эх сурвалж болж байгаа учраас би энэ номондоо төрийг төвхнүүлэх явдал дэлхийн хамтын нийгэмлэгийн нэн чухал асуудлын нэг гэдгийг харуулах юм. Би түүнчлэн, бид төрийг төвхнүүлэх тухай зөндөөн юм мэдэх хэрнээ, ялангуяа хүчтэй инстүүцийг хөгжиж байгаа орнуудад хэрхэн шилжүүлэхтэй холбогдсон асар олон юм мэдэхгүй байгааг харуулах юм. Бид хөрөнгө нөөцийг улс гүрнүүд хил дамнуулан шилжүүлэхийг мэднэ. Тэгвэл төр, нийтийн байгууллагуудыг өөр газарт зөв ажиллуулах нь тэндхийн хүн амаас дадал, хэв маяг шаардахаас гадна   тэд түүнийг хүлээж авах тодорхой сэтгэхүйтэй байх хэрэгтэй, мөн иж бүрэн арга хэмжээг шууд авч хэрэгжүүлэх шаардлагатай, эс тэгвээс эсэргүүцэлтэй тулгарна. Бид энэ салбарт олон янзын бодол дүгнэлт, судалгаа шинжилгээг анхааралтай авч үзэх ёстой байгаа юм.

Бидний анхаарлын төвд төрийн чиг үүргийг хязгаарлах эсвэл цомхотгох асуудал бус, төрийг төвхнүүлэх асуудал байх ёстой гэсэн санаа хэн нэгэнд эндүү ташаа мэт санагдаж магадгүй. “Нүсэр засгийн газрыг” шүүмжлэх, идэвхтэй үйл ажиллагааг төрийн сектороос хувийн хэвшилд, эсвэл иргэний нийгэм рүү шилжүүлэх оролдлого өнгөрсөн гучин жилд дэлхийн улс төрийн бодлогод давамгайлах хандлага болж ирлээ. Гэтэл сулхан, эрх мэдэлгүй төр, эсвэл байгаа үгүй нь мэдэгддэггүй төр ялангуяа хөгжиж байгаа орнуудад ноцтой асуудлын эх сурвалж болж байна.

Ядуу орнуудад төрийн боломж чадвар барагтайхан байдгаас болж хөгжилтэй орнуудад шууд сөрөг үр нөлөө үзүүлэх боллоо. Хүйтэн дайн дуусгавар болохдоо Балкан, Кавказ, Ойрхи Дорнод, Төв болон Өмнөд Азид нэлээд тооны дорой болон бүтэлгүйтсэн улсыг үлдээжээ. 1990-ээд онд төрийг бусниулсан буюу мэдэгдэхүйц сулруулснаар Сомали, Гайти, Камбож, Босни, Косово, Зүүн Тиморт хүмүүнлэгийн болон хүний эрхийн ихээхэн сүйдэл болсон билээ. Гэтэл “Есдүгээр сарын 11” сулхан төр асар том стратегийн асуудал бий болгодгийг тод харуулах хүртэл эдгээр асуудлыг АНУ болон бусад улс орон ердөө орон нутгийн чанартай асуудал гэж гэнэхэн үзэж байв., Исламын радикал үзэлтнүүдийн терроризм үй олноор хөнөөх зэвсгийн боломжтой хавсран, сулхан засаглалаас үүдэлтэй арчаагүй байдлыг сэдрээснээр асуудлыг аюулгүй байдлын үндсэн асуудал болтол өргөжүүллээ. Америкийн Нэгдсэн Улс Афганистан, Иракт байлдааны ажиллагаа явуулсны дараа  тэнд үндэсний улс төвхнүүлэх шинэ том хариуцлага хүлээгээд байна. Төрийн болон төрийн инстүүцйн чадавхийг дээшлүүлэх эсвэл урьд өмнө нь байгаагүй чадавхи боломжийг бүрдүүлэх явдал дэлхий нийтийн хэмжээнд гэнэт тулгамдсан гол асуудал болж, бас дэлхийн нэн чухал бүсүүд дэх аюулгүй байдлын гол нөхцөл болжээ. Тийнхүү, сулхан төр үндэсний хэмжээнд ч, олон улсын түвшинд ч эн тэргүүний асуудал мөн.

Энэ ном үндсэн гурван хэсгээс бүтэж байгаа. Нэгдүгээр хэсэгт “төрт ёсны” олон талыг ойлгоход хэрэгтэй задлан шинжлэх суурийг тайлбарлана. Энд төр, засгийн чиг үүрэг, чадавх, хууль ёсны байдлын үндэс хамаарна. Хөгжиж байгаа олонх оронд төр яагаад хүчтэй гэхээсээ илүүтэй сулхан гэхээр байгаа нь тэрхүү суурийг тайлбарласнаар ойлгомжтой болно. Хоёрдугаар хэсэгт төр сулхан байгаагийн шалтгааныг, тухайлбал, эдийн засагчид  саяхан хүртэл тавьж байсан хүчин чармайлтыг эс тооцвол нийтийн захиргааны тухай шинжлэх ухаан яагаад байж болохгүй байгааг авч үзнэ. Ийм байдал тухайн орны төрийн чадавхийг нэмэгдүүлэхэд хөндлөнгөөс туслах бололцоог эрс хязгаарлана. Төгсгөлийн хэсэгт сулхан төрийн олон улсын хүчин зүйлийг, тухайлбал сулхан төр яаж тогтворгүй байдал руу хөтөлдөг, олон улсын системд бүрэн эрхт байдлын зарчмыг яаж сулруулдаг, Америкийн Нэгдсэн Улс, Европ болон бусад хөгжилтэй улсуудын мэтгэлцээнд ардчилсан эрх зүйн асуудал яагаад эн тэргүүнд тавигдаж байгааг авч үзнэ.


Нэгдүгээр бөлөг

ТӨРТ ЁСОНД ДУТАЖ БАЙГАА ЧИГЛЭЛҮҮД

Төр бол Месопотамийн анхны тариаланчдийн хүй хамтлагт 6000 орчим жилийн өмнө үүссэн хүний иргэншлийн эртний инстүүц юм. Хятадад нарийн  мэргэшсэн хүнд суртлын дэглэмтэй төр олон мянган жилийн турш байсан. Европт төлөвшсөн асар том арми, татварын хүчтэй байгууллага, ихээхэн том нутаг дэвсгэрт бүрэн эрхийг хэрэгжүүлдэг төвлөрсөн хүнд суртлын тогтолцоо бүхий орчин үеийн төр нь Франц, Испани, Шведийн хаант улс үүссэн үеэс хойш тоологдох дөрөв, тавхан зуун жилийн түүхтэй залуухан төр юм. Дэг журам, аюулгүй байдал, хууль ёс, өмчийн эрхийг хангаж чадах эдгээр төр бүрэлдэн тогтсоноор л орчин үеийн эдийн засгийн ертөнц үүсэх боломжтой болжээ.

Төр сайн, муугийн аль алиныг хийх өдий төдий чиг үүргийг хэрэгжүүлнэ. Албадах нэгэн эрхтэй засаг, нэг талаас, өмчийн эрхийг хамгаалах, нийтийн аюулгүй байдлыг хангах боломжтой байдаг, нөгөө талаас, иргэдийнхээ эрхийг зөрчих, хувийн өмчийг дайчлан хураах боломжтой байдаг. Төрийн хэрэгжүүлдэг хууль ёсны засгийн монополь нь Томас Хоббэсын “хүн болгоны бүх хүний эсрэг дайн” гэж нэрлэсэн зүйлээс улсын дотоодод хувь хүмүүст зайлсхийх боломж олгодог боловч олон улсын түвшинд дайн, мөргөлдөөний үндэс болдог. Орчин үеийн улс төрийн зорилго бол төрийн эрх мэдлийг зөөлрүүлж, үйл ажиллагааг нь үйлчилж байгаа хүмүүсийнхээ хууль ёсны гэж үзсэн зорилгод чиглүүлэх, төрийн эрх мэдлийг хууль дээдлэх ёсны дагуу зохицуулах явдал юм.

Орчин үеийн төр энэ утгаар тодорхой хэмжээний түгээмэл шинж чанартай бус юм. Дэлхийн томоохон хэсэг болох Африкийн Өмнөд Сахаарын орнуудад европынхны колоничлолоос өмнө тийм төр ерөөсөө байгаагүй. Дэлхийн хоёрдугаар дайны дараа колоничлолын систем задран нурснаар бүх хөгжиж байгаа ертөнцийн хэмжээнд төрийг төвхнүүлэх давалгаа эхэлсэн. Энэ үйл явц Энэтхэг, Хятад зэрэг улсад амжилттай дууссан боловч Африк, Ази, Ойрхи Дорнодын олон оронд одоо хүртэл зөвхөн нэр төдий байгаа болно. Ихэнхдээ адилхан зовлон зонхилсон янз бүрийн үр дүнд хүргэсэн төстэй үйл явцыг Европын сүүлчийн эзэнт гүрэн – Зөвлөлт Холбоот Улсын задран уналт бас л үүсгэсэн билээ.


НЭПКО Хэвлэлийн газар



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив