Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
История Монголии
2014 оны 4 сарын 9 [Уншсан тоо: 66584]
Хүн төрөлхтний түүхэнд асар их хувь нэмэр оруулсан Монголчуудын уг гарал үүслээс эхлээд өнөөгийн үеийг хүртэл үзүүлсэн 2 дэвтэр ном. Баабарын Монголчууд: Нүүдэл, Суудал ном нь Монгол номнуудаас гадаадын хамгийн олон хэлэнд орчуулагдсан ном бөгөөд энэхүү ном орос хэл дээр хэвлэн гарлаа.

Зохиогч тус бүтээлдээ 1990 онд коммунист дэглэм нуран унахтай зэрэгцэн судлаачдад ил болсон архивын олон сонирхолтой баримтыг шигтгэн оруулж, Монголын түүхийг цоо шинэ өнцгөөс харуулснаараа манай үндэстний түүх бичлэгт эргэлт хийсэн билээ. Түүхийн асар олон үнэт сурвалжийг учирзүйн ончтой дүгнэлт, нийтлэл бичлэгийн сонирхолтой арга барилтай хослуулан туурвисан энэхүү ном гадаад, дотоодын олон түүхч, судлаачдын зүй ёсны талархлыг хүлээсэн юм.


ИСТОРИЯ МОНГОЛИИ

Плано Карпинигийн авсан даалгавар


1247 оны 11 дүгээр сарын 18-нд Бүргүндийн Вант улсын Лион хотноо урт хугацааны аянаас буцаж ирсэн бүлэг хүнийг хотын ихэс дээдэс хүндэтгэлтэйеэ угтан авлаа. Аяншиж ядарсан энэ хүмүүсийн удирдагч нь 65 нас хүрсэн итали өвгөн ажгуу. Жиованни дэл Плано Карпини (Carpini Plano) хэмээх энэ санваартан олон жилийн турш Ватиканы ихэс дээдсийн итгэлийг үнэнхүү хүлээсэн этгээд байлаа. Энэ үед өөрийгөө Ариун Ромын эзэнт улс гэж зарласан германчууд улам хүчирхэгжихийн хэрээр Ватиканы тэдэнтэй харилцах харилцаа хурцдаж байв. Гэвч Плани Карпинийг Ромын Гэгээн Пап Герман руу зараалаар очуулж байсан тул өвгөн санваартан бол туршлага бүхий итгэлт хүн юм.

Загалмайн шашны үзэл суртлын төв Ватикан нь XIII зууны үед нэлээд бэрхшээлтэй учирсан юм. Хэзээ нэгэн цагт Зүүн Ром гэж нэрлэгдэж байсан Византын Хаант улс буруу номтны дарамт шахалтанд орж задран унаж дорно зүгийн үл мэдэгдэх газраас нүүдэллэн ирсэн лал мөргөлт сэлжүк нар Бага Азийн загалмайн мөргөлт орнуудыг улам шахаж байлаа. Эль Моравид Эль Мохадын Халифат улс хэмээх лал мөргөлтөн умард тийш түрэн Иберийн хойгийн хагасыг эзэмшиж Францын Вант улстай шууд хиллэжээ. Ийнхүү мянган жил загалмайн шашны жинхэнэ төв гэгдэж байсан ариун Ром нэгэн шашны дотор буй болсон бусад урсгалтайгаа зөрчилдөхийн зэрэгцээ лал мөргөлтний хэзээ ч биелэлээ олж магадгүй түрэмгийллийн занал дор сэтгэл түгшин амьдарч байв. Гэтэл зах хязгаар нь хаана байдаг, хэн суудаг нь үл мэдэгдэх дорно зүгээс хурдан морь унаж, хурц зэвсэг агссан аймшигт зэрлэг хүмүүс хот балгадыг шатаан, хүн амьтныг хайр найргүй алж талж буй мэдээ 1223 онд ирэх нь тэр.

Загалмайн шашинд занал учруулж байсан лалын ертөнцийнхнийг гэсгээн цээрлүүлж буйн хувьд нь тэрхүү дорнын үл мэдэгдэх дайчдыг аюул заналаас аврах Прэстер Ионн (Prester Ionn) хэмээх домгийн гэгээний явуулсан элч төлөөлөгч гэж үзэж байлаа. Гэтэл жижиг, шаламгай морь унасан тэрхүү дорнын зэрлэг балмад хүмүүс лал төдийгүй загалмай мөргөлтнийг ч хайр найргүй устгадаг болох нь удалгүй мэдэгдэв. Прэстер Ионны элч хэмээн Ромын Пап IX Грегорийн (Gregory) үнэнхүү итгэж байсан тэр үл таних дайнчид 1237-1242 онд Дорнод Европыг тэр чигээр нь цусанд нь үйлээ. Үнэн алдартны шашинт Оросыг хүйс тэмтэрснийг Ромын Папд захирагддаггүйнх нь тэнгэрийн шийтгэл гэж үздэг юм гэхэд католик шүтлэгт Унгар, Польш, Бохэмиа тэдний уулгалсан довтолгооны цуст золиос болсон нь улам ойртон ирж яваа сүйрлийн дохио байлаа.

1243 онд Ромын Папын ширээнд залагдсан IV Инносэнт (Innocent) тун ч ухаалаг улс төрийн бодлоготон тул үл мэдэгдэх тэр аюулыг гэтэлгэх арга саам хайж олжээ. Инносэнтийн хувьд уугуул шашинд нь тохиолдож буй хамгийн их хоёр аюул бол Папын ёсны эсрэг Ариун Ромын эзэнт улс гэгчийн хаан Фридрихийн дайсагнах явдал байсан бөгөөд мөн загалмайн бүх хаант улсыг байлдан дагуулах тэрхүү татаар гэж нэрлэгдсэн дорнын дайнчдын аюул байлаа. Тэрээр энэ бүх аюул хямралыг давах үүднээс 1245 онд Шашны ерөнхий зөвлөлийг Бүргүндийн Лион хотноо зарлан хуралдуулав. Тэндээс IV Инносэнт дорнын татаар хэмээх зэрлэгүүдийн удирдагч нарт элч төлөөлөгч зарж Төв Европт үйлдсэн харгислалыг нь эсэргүүцэхийн зэрэг­цээгээр тэднийг загалмайн номд орохыг шаардах тухай зоригтой алхам хийхээр шийдсэн байна1.

Элчийн толгойлогчоор Герман, Польш, Бохэмиад амьдарч байсан төдийгүй Папын зараалаар Герман, Испани орж байсан Плано Карпинийг томилжээ. Туршлагатай, зоригтой хэдий ч нас нэлээд дээр гарсан Карпини татаарын хаан болон ард түмэнд хаягласан Папын захидлыг өвөртлөөд хоёр гурван дагуулын хамт 1245 оны 4 дүгээр сарын 16-нд Лион хотоос гарчээ. Тэд Герман, Бохэмиар дайрч Польш орноор дайран тэндхийн Бэнэдикт хэмээх санваартантай нийлж аваад цааш Оросын нутагт орон татаарын аймшигт үйлдлийн үр дүн болох гавлын ясаар дүүрч, балгас болсон Киев хотыг дайран чинагш явсаар 1246 оны 2 дугаар сарын 23-нд татаарын анхны хилийн харуултай тааралдсанаар соёлт Европын хязгаараас гаран урьд хожид хэн ч, хэзээ ч, юу байдгийг нь үзээгүй үл мэдэгдэх ертөнц рүү орж сураг тасрах нь тэр ээ.

Ийнхүү хоёр жил хагас хүнд хэцүү нөхцөлд үл таних газраар жуулчлаад, Папын даалгавар биелүүлсэн Плано Карпини тун ч олон сонин мэдээтэй буцаж ирж дээ. Юун түрүүн тэдний татаар гэж нэрлээд байдаг дорнын зандалчид нь жилийн газрын алсад орших Монгол хэмээх улс юм байна гэдгийг дуулгав. Карпини тэрхүү Монголын их хаан Гүегийн Папд өгүүлсэн хариу захидлыг авчиржээ. Тэрхүү захидалд “Пап биднийг загалмайн шашинд ор гэж шаардах болж байна уу, Польш, Унгарт хядлага явуулсан гэж Монголыг зэмлэх болж байна уу?” хэмээн эзэн хаан ихэд зэвүүцэн уурсаж асуусан бөгөөд үл эвсэхүйн маш товч хариу явуулсан байжээ. Загалмайн улс оронтой муугаар харилцлаа гэж Папын зэмлэсэнд Гүег хаан үнэхээр аягүйцэн “Мөнх Тэнгэрийн хүчин дор их Монгол улсын Далай хааны зарлиг ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай!” хэмээсэн монгол үсгээр бичсэн тамгатай цаасан дээр2 перс хэлээр бичүүлсэн хариу захидлаа:

Энэхүү зарлигийг их Папд мэдтүгэй хэмээн илгээв. Карал нутагт… зөвлөлдөөд хүлцэнгүй байхыг гуйн илгээснийг танай элч нараас сонсов. Та нар хэлсэн үгээрээ болох аваас их Пап чи “Манай газар иртүгэй. Бид тэр тухайд засаг зарлиг бүрийг та нарт сонсгон дагуулъя…” гэнэ ээ хэмээн асууж эхлээд … Тэнгэрийн хүчинд наран мандах газраас наран жаргах газар бүгдээрээ биднээ заяажээ… Эдүгээ та нар “Бид харьяат болж хамаг эд агуурсаа та бүхэнд өгтүгэй” хэмээн чин шударгаар хэлбээс зохино. Чи өөрөө вангуудаа тэргүүлэн хамаг улсаа аван, хүлцэнгүй байж хүчээ өгөхөөр иртүгэй… Харин та нар тэнгэрийн зарлигийг үл даган манай зарлигийг эсэргүүцэх аваас та нар дайсан болно. Эл учрыг та нар мэдтүгэй. Харин үүнээс бусаар явбаас юу болохыг бид мэдэх гэж үү? Гагцүү Тэнгэр л мэднэ3 гэж заналхийлэн төгсгөжээ.

IV Инносэнт мөн Персийг эзлэн захирсан монголчууд руу Ломбардигийн захирагч Ансэльмийг заран явуулсан нь дээрх Гүег хааныхтай туйлын төстэй хариу авчиржээ. Персийн захирагч Байжуугийн өмнө сунан мөргөхөөс татгалзсан төдийгүй Ромын Папыг дэлхийн хамгийн хүндэтгэлт хүн мөн хэмээн ярьсан хэрэгтээ Ансэльм амьдаараа өвчүүлэх ял авчээ. Гэвч тэр монгол хаан эхнэрийнхээ гуйснаар элчийн арьсыг амьдаар нь хуулахаа азнаж удтал хорьж байсны дараа монголоор эхийг үйлдэж оросоор дамжуулан латин хэлнээ орчуулсан хариу захидлын хамтаар эгүүлэн явуулсан гэнэ.

Их хааны зарлигаар Байжуу би бээр танд энэхүү хариуг явуулж байна. Пап аа! Таны захидлыг авч ирсэн элч тун ч бардам дуугаар ярьж байна. Таны зарлигаар тэгсэн үү, бүү мэд. Та биднийг олон хүн аллаа гэж зэмлэж байна. Гэвч биднийг үг дуугүй дагасан бүхэн газар дээрээ эзэн болж үлдэнэ, эсэргүүцсэн бүхэн устгагдана гэсэн энэ ертөнцийн эзэн Тэнгэрийн зарлигийг санагтүн! Би Пап чамд Тэнгэрийн зарлигийг явуулж байна! Чингэхлээр хэрэв газар нутгаа барьж үлдье гэж бодож байгаа бол биеэрээ бидэн дээр ирж бүх ертөнцийн эзэнтэй нийцэн явах ёстой. Хэрэв та үгүй гэх аваас юу болохыг бид мэдэхгүй, зөвхөн Тэнгэр мэднэ4 гэж тэр захидалд занан өгүүлсэн байжээ.

Дээр өгүүлсэн Карпини Лионд буцаж ирснийхээ дараахан тагнаж мэдсэн зүйлийнхээ талаар илтгэл бичсэн нь манай үе хүртэл хадгалагдан хоцорчээ. Карпини тэнд бичихдээ:

…Монголчуудын санаархал нь Чингис хааны зарлиг ёсоор болж өгвөл дэлхийг эрхшээлдээ оруулах явдал болой. Тийм ч учраас тэдний хаан зарлигтаа “Тэнгэрийн гэсгээлч Далай хаан” гэх ба түүний тамга бичээс нь “хөхрөгч Тэнгэр, хөрст дэлхийн гэсгээлч Гүег хаан, Далай хааны тамга” хэмээсэн байдаг. Тийм ч учраас дээр өгүүлсэнчлэн эрхшээлдээ ороогүй хэнтэй ч бол найрамддаггүй билээ. Одоо дэлхий дээрх загалмайн шашинт улс орныг эс тооцвол өөр тэдэнд эзлэгдээгүй нэг ч улс гүрэн байхгүй болсон учир тэд бидний эсрэг тулалдаанд бэлтгэж байна… хэмээн анхааруулаад …тэдний хувьд бурхан шүтээнийг хүндэтгэнэ гэж огт байхгүй бөгөөд хүний бие сэтгэлийг санаанд оромгүй янз янзын аргаар тарчлааж зовоодог жигшүүрт бузар үйлдлийг нь санаваас загалмайн шашинтан нар монголчуудын эрхшээлд орно гэдэг нэн зохисгүй нь илт болой. Монголчууд эхлээд бялдуучлан дотночилж, дараа нь хилэнцэт аалз мэт хэмлэн зовоож тарчилгах нь үнэн болой. Харин тэд загалмайн шашинтай ард түмнээс тоогоор цөөн, бие бялдраар сул юм шүү дээ5 хэмээн өгүүлжээ.

Плано Карпинигийн тэмдэглэлд будилсан, эндүүрсэн, буруу ойлгосон зүйл бий боловч санаанаасаа зохиосон худал зүйл байдаггүй нь үлдэж хоцорсон түүхийн бусад материалтай харьцуулахад илт байдаг.

НЭПКО хэвлэлийн газар


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив