Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Капитализм ба эрх чөлөө
2014 оны 4 сарын 7 [Уншсан тоо: 66801]
МИЛТОН ФРИДМАН


Милтон Фридманы эдийн засгийн философийн сонгодог илэрхийлэл



Албан тушаал хүлээн авах ёслолын илтгэлдээ ерөнхийлөгч Кеннеди “Эх орон чинь чамд юу хийж өгч чадах вэ гэж асуухын оронд чи эх орондоо юу хийж чадах вэ гэж асуу” гэж хэлсэн нь олонтаа ишлэгддэг. Энэ хэллэгийн агуулгын талаар биш харин гарал үүслийнх нь талаар маргаан өрнөж байгаа нь эдүгээ үеийн мөн чанарыг илэрхийлж байна. Эл ишлэлийн аль ч хэсэг иргэн, төр хоёрын харилцаа болон эрх чөлөөт хүмүүсийн эрх чөлөөт нийгмийн талаар өгүүлээгүй.

“Эх орон чинь чамд юу хийж өгч чадах вэ” гэсэн халамжсаг хэсэг төр бол асран хамгаалагч, халамжлагч гэсэн утга агуулж буй агаад хүн хувь тавилангийнхаа эзэн хэмээх чөлөөт хүний тухай үзэл санаатай зөрчилддөг. Харин “Чи эх орныхоо төлөө юу хийж чадах вэ” гэсэн хэсэг нь төр бол ямар нэг тэнгэр бурхан ба хүн түүний боол зарц гэсэн утга илэрхийлээд байгаа ч юм шиг. Эрх чөлөөт хүний хувьд улс орон гэдэг бол хувь хүмүүсийн цуглуулга болохоос түүнээс дээгүүр зүйл биш. Тэрбээр нийтлэг өв соёл, заншилтайгаараа бахархаж болно. Гэсэн ч тэрбээр төрийг багаж хэрэгсэл гэж үзэх болохоос бусдаас өргөл барьц, тус хүртэх ёстой зүйл, тахин шүтэгдэх ёстой бурхан гэж сохроор үздэггүй. Эрх чөлөөт хүн “хүмүүсийн зөвшилцөн тохиролцсон зорилгыг” хүлээн зөвшөөрөх болохоос “нийт үндэстний зорилго гэж байхгүй” гэж үздэг. Түүнчлэн тэрбээр үндэсний зорилго гэдгийг хүмүүсийн зөвшилцөн тохирсон зүйл гэж үздэг юм.

Эрх чөлөөт хүн эх орон нь түүнд юу хийж өгөх вэ гэж юм уу тэр эх орондоо юу хийж өгөх нь зүйтэй вэ гэж асуухгүй. Оронд нь тэрбээр “Би болон миний нутаг нэгтнүүд “нийтлэг зорилгодоо хүрэхийн тулд, түүнчлэн эрх чөлөөгөө хамгаалуулахын тулд” төрөөрөө юу хийлгүүлбэл зүйтэй вэ” гэж асууна. Энэ асуултынхаа дараа тэрбээр “Төр маань бидний хамгаалах гэж байгаа эрх чөлөөг харин ч устгасан Франкенштэйн мангас болчихоос бид хэрхэн сэргийлэх вэ?” гэсэн асуулт дагалдуулан тавих болно. Эрх чөлөө гэдэг бол эмзэг ховор цэцэг. Сэтгэхүй маань болон түүх эрх чөлөөнд учирч болох хамгийн том аюул бол эрх мэдлийн төвлөрөл гэж өгүүлдэг билээ. Эрх чөлөөгөө хамгаалахад төр маш чухал. Энэ бол бидний эрх чөлөөгөө хэрэгжүүлэх багаж. Тийм хэдий ч улстөрчдийн гарт эрх мэдэл төвлөрөх нь эрх чөлөөнд аюул учруулдаг. Эрх мэдэл анхандаа түүнд автан ялзрахгүй сайн хүмүүсийн гарт байж болох ч энэ зүйл зүсэн зүйлийн хүнийг өөртөө соронз мэт татдаг юм. Эрх чөлөөгөө аюулд оруулалгүйгээр амласан сайхан үр дүнг нь төрөөсөө хэрхэн хүртэх вэ? Үндсэн хуульд сийлсэн хоёр том зарчим бидний эрх чөлөөг эдүгээ хүртэл хамгаалж байна. Гэсэн ч бодит байдал дээр тэд ч удаа дараа зөрчигдсөөр байна.
 
Эхнийх нь төрийн оролцоо хязгаарлагдмал байх. Төрийн гол зорилго хашааны маань гадна байгаа дайснаас болон эх орон нэгтнүүдээс маань бид бүхний эрх чөлөөг хамгаалах. Мөн хууль сахиулж, гэрээ хэрэгжилтийг хангаж, өрсөлдөөнт зах зээлийг хөгжүүлэх. Үүнээс цааш бид дангаараа хийхэд хэцүү, зардал ихтэй зарим үйл ажиллагааг хамтын хүчээр хийхэд төр тусалж болно. Гэлээ ч тиймэрхүү зүйлд төрийг ашиглах нь аюултай. Бид төрийг ашиглахаас зайлсхийгээд байж чадахгүй боловч ашиглах нь илт давуу талтай үед л түүнийг ашиглах нь зүйтэй. Эдийн засаг болон бусад үйл ажиллагаагаа сайн дурын хамтын ажиллагаа, хувийн хэвшилд даалгах замаар бид төрийн эрх мэдлийг хазаарлах ба үг хэлэх, шашин шүтэх, сэтгэх эрх чөлөөгөө хамгаалж чадна.

Хоёрдугаар гол зарчим нь төрийн хүч чадавхи (эрх мэдэл) сарнисан байх хэрэгтэй. Төрийн эрх мэдлийг мужид байлгахаас дүүрэгт байлгасан нь дээр, Вашингтонд биш мужид байлгасан нь дээр. Хэрвээ орон нутгийн маань хийж буй зүйл, тухайлбал хогны асуудал, бүсчилсэн байдал, сургууль зэрэг нь таалагдахгүй бол би өөр нутаг руу нүүж болно. Хэдийгээр маш цөөхөн хүн тэгж нүүх ч гэсэн зүгээр л ингэж болох юм гэдэг боломж асуудлыг баланслуулдаг. Хэрвээ муж маань таалагдахгүй бол би өөр муж руу нүүж болно. Харин Вашингтон таалагдахгүй бол хаашаа очих вэ? Өөр сонголт маш цөөхөн үлдэнэ.

Холбооны засгийн газрын хууль тогтоомжоос зайлсхийх хүндрэлтэйн шалтгаан нь тэрбээр маш их зүйлийг төвлөрүүлэн нэгтгэсэн байдаг. Ингэж нэгтгэх нь илүү үр дүнтэй, олон нийтийн ашиг сонирхолд нийцдэг гэцгээдэг. Нэг талаар зөв. Гэхдээ зоос хоёр талтай. Сайн зүйл хийх эрх мэдэл бас муу зүйл ч хийж чадна. Өнөөдөр эрх мэдэл атгаж байгаа хүний оронд маргааш өөр хүн очих болно. Мөн нэг хүний сайн гэж үзэж буй зүйлийг өөр хүн муу гэж тооцож магадгүй. Төрийн төвлөрлийн хамгийн том эмгэнэл нь үүнийг санаачилсан сайн санаат хүмүүс хамгийн түрүүн үүнийхээ золиос болдог юм.

Эрх чөлөөг хамгаалахын тулд төрийн эрх мэдлийг хязгаарлаж, төвлөрлийг нь сааруулах хэрэгтэй. Гэхдээ үүнээс өөр бүтээлч шалтгаан бас бий. Архитектур, уран зураг, шинжлэх ухаан, уран зохиол, аж үйлдвэр, хөдөө ахуй юу ч байлаа гэсэн соёл иргэншлийн аугаа ололтууд хэзээ ч төвлөрсөн төрийн бүтээл байгаагүй. Аяллын зардлын хэсгийг нь хэмжээгүй эрхэт эзэн хаан гаргасан ч Хятад орох шинэ зам нээхээр хөдлөх Колумбийн шийдвэр парламентын олонхийн шийдвэр байгаагүй. Хүн төрөлхтний ойлголт мэдлэгийг уран зохиол, техникийн салбарт тэлж, хүмүүсийн амьдралыг хөнгөвчилсөн Ньютон, Лейбниц, Эйнштейн, Боор, Шэкспир, Милтон, Пастернак, Витнэй, МакКормик, Эдисон, Форд, Жэйн Аддамс, Флорэнс Найтингэйл, Албэрт Швэйцэр зэрэг хүмүүс төрийн тогтоол, шийдвэрийн дагуу нээлтээ хийгээгүй. Тэдний амжилт олон ургальч үзлийг дэмждэг нийгэм дэх цөөнхийн үзэл бодол, сод хувь хүний бүтээл байсан юм.

Хувь хүний олон ургальч байдал, өөр өөр сэтгэхүйг төр хэзээ ч хуулбарлан дуурайж чадахгүй. Орон сууц, хоол хүнс, хувцас, сургуульд нийтлэг стандарт тогтоон, зам барьж, ариун цэвэр сайжруулах зэрэг замаар төр нутаг орон, хүмүүсийн амьжиргааны түвшинг сайжруулж болно. Гэсэн ч тэгэх явцдаа тэр хөгжил дэвшлийг тогтонги байдлаар, зайлшгүй шаардлагатай туршилтыг дундаж байдлаар зольж, маргаашийн өөхийг өнөөдрийн уушгаар сольж орхидог юм.

Энэ номонд эдгээр том асуудлын заримыг нь авч үзэх болно. Номын гол сэдэв нь өрсөлдөөнт капитализм буюу зах зээлээр дамжуулан эдийн засгийн үйл ажиллагаагаа зохион байгуулах нь эдийн засгийн эрх чөлөө болон улс төрийн эрх чөлөөнд ямар чухал тухай юм. Харин туслах сэдэв нь зах зээл дээр тулгуурлан эдийн засгийн үйл ажиллагаа явуулдаг эрх чөлөө рүү тэмүүлсэн нийгэмд төр ямар үүрэг гүйцэтгэх ёстойд зориулагдсан юм.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив