Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ерөнхий онол
2014 оны 3 сарын 20 [Уншсан тоо: 68544]
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ХҮҮ ЗЭЭЛ, ХӨРӨНГӨ МӨНГӨНИЙ
ЕРӨНХИЙ ОНОЛ
Жон Мэйнард Кэйнс


Орчин үеийн зах зээлийн тогтолцооны онол, практик сэтгэлгээний тулгуур хоёр баганын нэг болсон төсвийн сангийн бодлогын утга учир нь нөгөө нэг багана болох мөнгө зээлийн бодлогын дутмаг талыг хэрхэн ямар арга механизмаар нөхөн  гүйцээх учир начрыг дэлгэн харуулсан эл бүтээлийн олон улсын ач холбогдол зөвхөн онолын сэтгэлгээнд төдийгүй, практикт өргөн нэвтэрч хэрэглэгдэхэд оршино. Маш нарийн ээдрээтэй нийгмийн үзэгдлийг түс тас ангилж ялгах боломж өнөөгийн зах зээлт ертөнцөд улам хомсодсоор байна. Тухайлбал бидний монголчуудын хувьд аль нэгийг нь хэт дөвийлгөн нөгөөг нь эрс үгүйсгэх, төр хамгийн муу менежер тул түүний оролцоо хэрэггүй, төлөвлөгөө шаардлагагүй гэх зэрэг туйлшрал нь вертикал сэтгэлгээний бүдүүлэг жишээг илтгэдэг. Өөрсдөө зөв ухаарч хэрэгжүүлж чадаагүй юмаа угаасаа хэрэггүй зүйл гэж эс хэрэгсэх нь туйлын болхи хандлага юм. Орчин үед бид латерал сэтгэлгээ рүү орж эдийн засгаа хөгжүүлэхэд төрийн оролцоо, төсвийн сангийн бодлогыг донжийг нь олж, тунгийн тааруулж ашиглахад онолынхоо талаас энэхүү Ерөнхий онол ихээхэн тус дөхөм үзүүлэх билээ. Учир нь мөнгө зээлийн өрөөсгөл бодлоготны хандлага бол гагцхүү мөнгийг л нийгмийн баялгийн цор ганц нөөц гэж үздэг. Харин Кэйнсийн номлосноор бол нийгэмд нийлбэр дүнгээрээ бүрэн хөдөлмөр эрхлэлт гэдэг маш том нөөц оршихын хамт хуримтлагдсан мөнгө дан гагцаар хүү зээлээр дамжиж хөрөнгө оруулалт болж чадахгүй учраас нөөц, тэр дундаа хөдөлмөрийн нөөц бүрэн ашиглагдахгүй, тэгэхлээр мөнхүү нөөцийн ашиглагдаагүй цоорхойг төсвийн сангийн бодлогоор нөхөх шаардлагатай ч, басхүү боломжтой ч болдог байна. Энэ мэт олон чухал санаа онооны дүнд нийлбэр инвестиц нь нийгмийн хэмжээнд нийлбэр эрэлтийг үүсгэн, улмаар бүрэн хөдөлмөр эрхлэлтийг ханган эдийн засгийн хөгжил, өсөлтөд хүргэнэ гэсэн тайлалд аваачдаг. Эдгээрийн задаргаа, нарийвчийг уншигч Та уг номоос олж авах болно. Ж.Кэйнс мөнгө зээлийн бодлогыг ор тас үгүйсгэдэг эрдэмтэн ер байгаагүй. Тодорхой нөхцөл, цаг зайд мөнгө зээл чухал үүрэгтэй болохыг тэмдэглэсэн байдаг агаад Олон Улсын Валютын Сангийн үндэс суурийг тавьсан нь үүнийг гэрчилнэ. Аливаа шинжлэх ухааны суурь бүтээлийг орчуулах гэдэг нарийн төвөгтэй ажил байдаг бол түүнийг судалгаа, практикт хэрэглэнэ гэдэг түүнээс дутуугүй бэрх ажил байдаг. Тус номд дурдсан зарим санаа, дүгнэлт, тэрчлэн зарим нэр томьёо цагийн эрхээр хуучирсан байж мэдэх ч тулгуур зарчим, нээлтийн чанартай гаргалгаанууд нь хүчин төгөлдөр байсаар байна. Үүнд их хувь хүний суу заль, бүтээлийнх нь хосгүй чанар  оршдог амуй. Эл бүтээлийн зөвхөн гарчгийг нь харахад л хөдөлмөрийн эдийн засагч, банк зээлийн ажилтан, санхүү төсвийн мэргэжилтний ширээний ном болох нь мэдрэгдэнэ. Олон улсад ч ингэж иржээ. Энэ ээлж эдүгээ манай мэргэжилтэн, судлаач, оюутан, уншигчдад иржээ.


НЭПКО хэвлэлийн газар




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив