Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Үнсэлт
2014 оны 2 сарын 12 [Уншсан тоо: 106127]
Гэгээн Валентины баярын содон сайхан бэлэг  “Аугаа уран зургууд”  уншигчдын гар дээр очилоо. Уран зургийг харах яруу найраг гэдэг билээ. “Аугаа уран зургууд” хэмээх энэхүү бүтээлд хүн төрөлхтний урлагийн охь дээж болсон шилдэг  уран зургуудыг задлан тайлбарлахын сацуу тухайн зураачийн арга барил, зургийн зохиомжид дүн шинжилгээ хийж, бэлгэдэл түүхэн онцлогийг нь нээн харуулснаараа онцлог юм.

Энэхүү номын ачаар та уран зургийн талаар гүнзгий ойлголт эзэмшиж, нэгэн гайхамшигт ертөнцийн үүдийг сөхөх болно. Аугаа уран зургийг “унших” нь, зүйрлэвээс, урт холын аянд мордохтой адил бөгөөд хүнд эцэс төгсгөлгүй баясал, асар их таашаал авчирдаг. Таны ер бусын аялалд амжилт хүсье.

ҮНСЭЛТ

1907-08. Зотон, тосон будаг, мөнгө, алтан навч, 180*180 см, Белведер Галерей, Вена, Австри


ГУСТАВ КЛИМТ

Энэхүү бэлгэдэл болсон зураг дахь таашаал, тансаглалын толгой эргэм холимог Климтийн ер бусын хандлагын мөн чанарыг илэрхийлдэг. Тэрээр хүмүүсийн тэврэлтийн сэдвийг бахддаг байсан бөгөөд хэдэн ч удаа түүн рүү буцаж очиж байсан ч энэ түүний хамгийн өөрийгөө тодорхойлсон хувилбар нь. Хосууд тас тэврэлдэн, бие биедээ бүр ууссаны улмаас өөрсдийнхөө тачаалаас өөр зүйл анзаарч, мэдрэхээ больжээ. Тэд тэдний нэгдлийг тодотгож, бас гадаад ертөнцөөс тусгаарласан нэгэн сонин, алтлаг хучлаган доор ороогджээ. Биенд нь уусан орсон тансаг, өнгө алагласан нөмрөгөөр хучигдсан амрагууд тодорхойлох аргагүй дэлгэрсэн цэцэгс бүхий бяцхан зүлгэн дээр тэврэлдэж байна. Орчин нь цэвэр уран төсөөлөл. Тийм хэдий ч Үнсэлт хоёрдмол утгатай зураг. Тэврэлт гүн хавцлын хажууд байх шиг бөгөөд эмэгтэйн хөл ирмэг дээгүүр нь гарчээ. Үүгээрээ Климт хайр, тачаал хоёр эрсдэлтэй, магадгүй бүр аюултай гэж хэлэх гэсэн юм болов уу?

Цоморлиг хэв маяг

Урлагийн маш өргөн хүрээний нөлөөлөлд байсан уран бүтээлийн оргил үедээ Климт Үнсэлт бүтээлээ туурвисан юм. Энэ бүтээл нь Климт болон Венын Сецессионы бусад уран бүтээлчдийн бүтээлд тод харагдах болсон ар нуво үзэл бодлын нь илрэл байв. Ар нуво загварлаг хэлбэр, гулжганасан, шугаман хэв маягаараа ялгарч байв. Түүнээс илүүтэйгээр гэхдээ бодит байдлын дүрслэл, реализмаас илүү чимэглэлийн шинж чанарт анхаарч байв. Үнсэлт зурганд энэ хандлага амрагуудын хэлбэр дүрсгүй нөмрөг болон эмэгтэйн бодитой бус биеийн хэлбэрээр илэрдэг. Тэр өвдөглөн суусан байхад амраг нь зогсоо байгаа нь түүнийг нэлээд өндөр гэж санагдуулна. Гэсэн ч энэ байдлыг тэднийг хүрээлсэн баялаг гоёл чимэглэлийн зүйлс далдална.

Үнсэлт сэдвийг Эдвард Манч зэрэг билэг тэмдэгч буюу Симболист уран зураач нар нийтэд түгээсэн юм. Үүнийг ихэнхдээ фэмм фатал (аюултай хүүхэн) дүрслэхэд хэрэглэдэг ч Климт эмэгтэйг цэвэр хайрлуулагчаар дүрсэлжээ. Тийм хэдий ч тачаангуй янаг агуулга, үл мэдэгдэх таашаал төрүүлсэн орчин нь Симболизмын үзэл санаатай тун ч нийцжээ.

Уран зураачийн хэв маягт хамгийн их нөлөө үзүүлсэн зүйл гэхдээ шигтгэмэлүүд байсан юм. Климт эдгээрийг ямагт сонирхдог байсан ч 1903 онд Италид Равэннагийн сүмүүд дэх Византийн шигтгэмэлүүдийг судалсных нь дараа бүр тэсэрч гарсан юм. Будагний өчүүхэн хэлтэрхийнүүдээр дизайн бий болгодогоо тэрээр улам өргөжүүлсэн бөгөөд тэгснээр – жишээ нь эрэгтэйн нөмрөг будган шигтгэмэлтэй төстэй болжээ. Байгальлаг дүрслэлийн наана биш харин алтан шаргал дэвсгэрийн наана байрлуулбал зохиомж нь илүү сүртэй, цэлгэр харагдах болно гэсэн түүний бодлыг нь Равэннагийн шигтгэмэлүүд улам ч батжуулжээ.

ГУСТАВ КЛИМТ
1862-1918

Австрийн зураач, дизайнер Климт 1900-аад оны эхээр Венын урлагийн тайзыг эзэгнэж байлаа. Климтийн “алтан эриний” зургуудаас илүү энэ цаг үеийг тодорхойлох зүйл үгүй.

Вена хотын захад төрсөн Густав Климт тус хотын Хавсарга урлагийн сургуульд суралцсан. Том хэмжээтэй чимэглэлийн ажлууд томоохон барилгын төслүүдэд хийдэг болсноор удалгүй олонд танигдсан. Тэдгээрийг нь нааштай хүлээж авч байсан ба эрдэм шинжилгээний замнал түүнийг даллаж байсан ч Климтийн сонирхол авангард урлаг руу эргэсэн. Уран бүтээлчдийн албан ёсны нийгэмлэг дэндүү нэг хэвийн санагдсанаас тэрээр 1897 онд үүнээс гарч оронд нь ижил санаатай нөхөдтэйгөө хамтран Венын Сецессионыг байгуулсан.

Тасралт гол төлөв үзэсгэлэн зохион байгуулах байгууллага хэлбэртэй ажилласан ч хаалга үүдээ маш олон төрлөөр ажиллаж байгаа уран зураач нар, архитекторууд, чимэглэлийн уран бүтээлчдэд цэлийтэл нээсэн юм. Климтийн зөрчилтэй шинэ байгууллага нь гадны эх үүсвэрээс орж ирэх захиалгыг нь бууруулсан ч тэр асар эрэлттэй хөрөгчин байсан бөгөөд үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг тун ч дур булаам тачаангүй дүрсэлдгээрээ онцгой алдартай байв. Тэрээр ивээн тэтгэгч нартаа чимэглэлийн ажил хийж өгөхөө үргэлжлүүлсээр байсан бөгөөд Бельгийн Брюссель дэх Стоклет ордонд ч ажиллаж байжээ.

Үнсэлт шашинлаг эриний дараах үеийн бэлгэ тэмдэг бөгөөд Климт үүнд тахилын чимэг мэт гял цял, сүрлэг аугаа байдал шигтгэж өгчээ.


ЖОНАТАН ЖОНС
, ГУАРДИАН, 2001


 

Тогтоож ажиглахуй


 Үнсэлт. Климтийн энэ сэдвийн бусад хувилбарын нэгэн адил эрэгтэйн царай мөн л бараг харагдахгүй байна. Тийм хэдий ч түүний эр чадлыг бухын мэт хүзүү, асар том гар нь бүсгүйн гарыг хүүхдийн мэт харагдуулж байгаагаар илэрхийлжээ. Тэр мөн Герегийн бурхан Дионис болон түүний дагалдагч сатируудын билгэдэл ороонгоор хийсэн титэм зүүжээ. Эдгээр зүйрлэсэн дүрүүдээр тэрээр үржил шим, хуял тачаал илэрхийлжээ. Эмэгтэй харин үүнээс ялгаатай нь огтхон ч идэвхгүй байна. Нүүр нь үнсэн цагаан ч нүд нь сэтгэлийн таашаалтай байдлаар аниастай байна. Түүний бүр хойшоо гэдийсэн толгойн байрлал Симболлог урлагт өргөн байсан тасдсан толгойноос сэдэвтэй. 1901 онд Климт “Холофэрнийн толгой барьсан Юдит” хэмээх зураг зурж байжээ.

 

Цэцгэн дэвсгэр.
Байгальлаг орчин зурах замаар Климт зургийн амгалан, тайван байдлыг илэрхийлжээ. Эхэн үеийн бүтээлгүүдэд харагддаг цэцгэн чимэглэлийг санагдуулам ч цэцгэн дэвсгэрийн сэдэл тодорхой хэмжээгээр түүний зэрлэг байдлаар ургуулдаг урлангийн цэцэрлэгээс сэдэлтэй ажээ. Үнсэлт зурагт цэцгэн дэвсгэр хайртуудын доорх дэвсгэр, тавцан болж өгөхийнхөө хамтаар зургийн уран сайхны, зөгнөлийн уур амьсгалыг нэмэгдүүлж байна. Өөрийн онцлог байдлаар уг дэвсгэр цаана харагдах гялалзсан суурьтай адил өвөрмөц агаад бодитой бус ажээ.



Тансаг хээ. Уран бүтээлийн замналынхаа энэ үед Климт сэтгэл татам хийсвэр болон дүрслэлийн элементүүдээр туршилт хийх дуртай болсон байв. Найзуудыгаа тэрээр туйлын тансаг, хээтэй хувцастай дүрсэлснээр тэд бараг асар том нөмрөгүүд дотроо алга болж байх шиг санагддаг. Ихэнхдээ тэдний гагцхүү нүүр, гар нь л Үнсэлтэнд харагдаж байгаа шиг байдлаар ил харагддаг ба биеийн галбир нь бүдгэрсэн байдаг ажээ.



 Эмэгтэйн нөмрөг.
Эмэгтэйн даашинз амрагийнхаа хувцаснаас эрс өөр харагдана. Алтлаг чимэглэл нь гол төлөв хооронд нь нарийн долгиолог шугамуудаар холбосон жижигхэн, дугуй дүрсүүдээс бүтжээ. Гэсэн ч түүний нөмрөгний хамгийн харц булаасан зүйл нь дотроо олон жижиг тойрог бүхий тод өнгөтэй бөөрөнхий дүрсүүд байна. Эдгээр нь тэдний хөл доорх цэцэгнүүдтэй төстэй ажээ. Даашинзны доод хэсгийн зарим нь бүр цэцгийн дэлбээн загвартай байна. Даашинзан дээрх цэцэг, хээ угалзуудыг мөн үржил шимийн бэлгэдэл гэж тайлбарлаж болдог.



Ширхэглэг. Климт зургийнхаа мэдрэмжийн нөлөөг ихэсгэхийн тулд янз бүрийн үнэт материалаар чимэглэх дуртай байсан юм. Үнсэлт зургийн сууриндаа тэр хар хүрэн дэвсгэр дээр алтан шаргал тоос цацан гялтганасан ширхэглэг харагдац үүсгэжээ. Хайртуудын нөмрөгөн дээрх ялгаатай ширхэглэг харагдацыг тэр эхлээд зарим хээг нь жессогоор зуураад сүүлд нь алтлаг өнгөөр будан гаргасан байна.

 

Эрэгтэйн нөмрөг.
Хайртуудыг хооронд нь ялгаж салгахын тулд тэдгээрт өөр өөр бэлгэдлийн дүрсүүд ашиглажээ. Эрэгтэйн хувцсыг дөрвөлжин, тэгш өнцөгт хэлбэрүүдээр чимэн хар, цагаан, мөнгөлөг өнгөөр буджээ. Эдгээр өнцгөрхөг дүрсүүд нь эрэгтэйн шинж чанарыг илэрхийлэх зорилготой ба эмэгтэйн нөмрөгний өнгөлөг, дугуй дүрснүүдээс ялгагдаж байна.

 

 Хөл.
Климт дүрүүдийнхээ үе мөчийг сайхан бие махбодоос нь ялгаатайгаар ихэнхдээ сунасан, дүрс нь өөрчлөгдсөн байдлаар зурдаг байв. Хуруунууд нь нугарсан, мушгирсан байхад гар нь дэндүү том байх жишээтэй. Энэ байдал нь тухайн үед дөнгөж гарч ирж байсан Экспрэссионист хэв маягийн нөлөөлөл байсан байж болох юм. Энэ зурагт эмэгтэйн хөл нэлээд хоёрдмол утга агуулжээ. Нэг бол баяр баясалдаа ийнхүү атирсан байж болох юм, эсвэл ангалын ирмэг дээр, хуурай газрын сүүлийн хэсгээс ийнхүү зуурч байгаа ч юм шиг харагдана. Түүний нэгэн адилаар, эмэгтэйн гар харагдахгүй байгаа баруун гар нь ч гэсэн маш эвгүй байрлалтай байна.

 


АРГА БАРИЛ

Хэдийгээр уран зураач гэдгээрээ алдаршсан ч Климт чимэглэлийн урлагаар мэргэшсэн байсан ба энэ байдал арга барилд нь нөлөөлөхөө хэзээ ч болиогүй юм. Хүүхэд байхдаа тэр алтчин, сийлбэрчин ааваасаа суралцдаг байсан бөгөөд энэ үндсэн дээрээ Хэрэглээний урлагийн сургуульд элсчээ. Хожим нь түүнд шигтгэмэлүүд, ялангуяа Равэнна дахь чимэглэл гүн нөлөөлжээ. Үүнтэй холбоотойгоор Климт гялалзсан тод өнгөтэй, хэлтэрхийлэг хэлбэр дүрсээр зургаа бүрдүүлдэг болжээ. Доорх томруулгад зураач шигтгэмэл хээг алтлаг өнгөтэй навчирхаг хэлхээтэй хослуулсан нь эмэгтэйн хөлийг ургамал ороож байгаа юм шиг харагдуулж байна.

 


ТҮҮХЭН НӨХЦӨЛ

Климт 1897 онд байгуулагдсан Венын Сецессионы анхны ерөнхийлөгч байсан юм. Бүлгэм үзэсгэлэнгээ энэхүү гоёмсог, гэхдээ шүүмжлэгч нарын “алтан байцаа” гэж ёжилдог байсан Сецессионы ордонд тусдаа гаргадаг байв. Тасралтынхны “Эрин үе бүхэн өөрийн урлагтай, урлаг бүхэн эрх чөлөөтэй” гэсэн уриаг алтан үсгээр сүрлэг, геометрлэг байдлаар үүдний дээр бичсэн байна.


 Сецессионы ордон, (1897-98), Йозэф Мариа Олбрих, Вена, Австри


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив