Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Бат хаан
2014 оны 1 сарын 20 [Уншсан тоо: 106386]
ХААН БАЙГААГҮЙ ХААН


Дешт-и Кипчак” (Перс, түрэг хэлээр Дешт- Кипчак, перс хэлнээс орчуулбал кыпчакийн тал нутаг, оросоор половецкая степь хэмээн нэрлэнэ. Орч.) хэмээх дорнын түүхийн судар бичгүүдэд нэр нь орсон, дорнын Алтайгаас өрнийн Днестр, Дунай мөрөн хүртэл сунаж тогтсон өргөн уудам нутаг бол олон зууны туршид түрэг, кимак, кипчак зэрэг янз бүрийн нүүдэлчин ард түмний амьдран суусан өлгий нутаг бөлгөө. Чингэхдээ жишээлбэл кипчак зэрэг угсаа гарал нэгтэй овог аймгууд хэл, зан заншил өөр өөр байх нь цөөнгүй агаад тэдгээр нь кипчакийн бусад ястан, угсаатны талаар төсөөлөлгүй байх нь бий. Хоёр, гурав ч болов овог аймгийг нэгтгэж гартаа оруулж чадсан (тэхдээ хамтарч аян дайн хийх буюу дайсны довтолгооныг няцаах үед) толгойлогч болж шуудхан л “их хаан” хэмээн нэрлэгддэг байжээ. Гэхдээ XIII зууны дунд үе хүртэл Дешт-и Кипчакаар нутагтай нийт ард түмнийг нэгтгэн удирдаж чадсан удирдагч нэг ч гараагүй билээ.

Харин чингэж чадсан хүн бол Зүчийн хүү, Чингис хааны ач Бат (Батый) болой. Монголын эзэнт гүрнийг үндэслэн байгуулагч Чингис хааны олон ач хөвгүүдийн нэгэн болох Бат бага залуу наснаасаа энэхүү гүрний хамгийн томоохон хувь улсуудын нэг болох Зүчийн улсыг толгойлж хорин жилийн хугацаанд Дешт-и Кипчакийг хураан захирахдаа хэлбэрийн төдий бус, харин жинхэнэ ёсоор засаглаж ноёрхсон хүн юм. Урьд өмнө Кипчакийн тал нутагт амьдран сууж асан бие даасан олон овог аймаг нэг л захирагчийн албат болж, түүний хүсэл зориг Дешт-и Кипчакийн оршин суугч бүрт хууль байсан бөлгөө. Батын эрх засаг дан ганц их тал нутгаар хязгаарлагдаагүй юм. Тэрбээр Евразийн суурьшмал улс гүрнүүд болох Гүрж, Армен, Сэлжүкийн султант улс, Оросын вант улсуудыг эрхшээж, Иран, Хорезм дахь монголын эзэмшлүүд болон Балканы орнуудын бодлогыг тодорхойлж байсан бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдэд Монголын эзэнт гүрэнд хамгийн нөлөөтэй хүн болоод байв. Бат нь II Фрийдрих Хоенштауфен, IX гэгээн Людовик, Ромын IV хутагт хамба Иннокент, Невийн Александр зэрэг эзэрхэн захирагчидтай нэгэн үед амьдарч, тэдэнтэй бүгдтэй нь харилцаа холбоотой явсан хүн билээ. Бат бол Европ хийгээд монгол ертөнцийн хоорондын дипломат харилцааны түүхэнд онцгой байр суурьтай хүн байсан гэхэд хэтрүүлэг болохгүй. Учир нь тэрбээр Европын төлөөлөгчидтэй холбоо тогтоож харилцаж явсан анхны монгол хаан бөгөөд цаашдаа энэхүү харилцаа холбоог өрнүүлж хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байв.

Бат Зүчийн улсын захирагч болоод шуудхан л аугаа хүчирхэг эзэн хаан болчихсон хэрэг биш гэдэг нь тодорхой. Арван наймтай хан хүү эхлээд зөвхөн хэлбэрийн төдий эрх мэдэлтэй байсан агаад “хаанчлал”-ынхаа эхний хэдэн жилд нь эзэмшил нутаг орондоо сууж байгаагүй бололтой мэт байдаг. 1235 онд өрнө зүгт аян дайн хийх шийдвэр гарсан нь Батын түүх намтарт нэгэн шинэ чухал хуудас нээгээд зогсоогүй, ерөөсөө Монголын эзэнт гүрэн хийгээд христийн шашинт ертөнцийн түүхэнд тохиосон эргэлтийн чанартай олон үйл явдлын нэг болсны учир нь чухамхүү энэ л аян дайны үр дүнд нэг талаас эзэнт гүрний баруун хил тогтсон, нөгөө талаас европчууд хязгаар хярхаггүй өргөн уудам Ази тивийг өөртөө нээсэн хэрэг болой. Бат энэхүү аян дайныг эхлээд нэр төдий, дараа нь хэрэг дээрээ удирдан явуулсан нь яваандаа түүний нэр хүнд хийгээд сүр хүчийг дээшлүүлэхэд багагүй нэмэр болжээ. Чингис хааны хөвгүүд Өгэдэй, Цагадай нар 1241 оны эцэс болон 1242 оны эхээр дараалан тэнгэр хальсны дараа Бат эхлээд мөн л хэлбэрийн төдий Чингисийн удмынхныг тэргүүлэх болсон агаад 1240 оны шувтрагаар алтан ургийнхны гэр бүл болон эзэнт гүрний дотроо буурьтай эрх мэдэл эдлэх болжээ. Ингээд эцэстээ Мөнхийг их хаанд өргөмжилсний (түүнийг хаанаар сонгох хэргийг Батын санаачилга хийгээд шууд оролцоотойгоор бэлтгэж хэрэгжүүлсэн) дараа Бат албан ёсоор Монголын эзэнт гүрэнд “хаан эцэг” хэмээх хэргэмтэй болсон нь их хаанаас өөрөөс нь дээгүүрт тооцогдож байсан юм. Чингис хааны бусад удам судраас хэн ч Батаас өмнө болон хойно энэхүү цол хэргэмийг эдэлж байгаагүй юм. Бат эрх засаг, нэр хүнд олж авах, цаашдаа түүнийгээ хадгалж, бататгаж бэхжүүлэхийн төлөө насан эцэслэтлээ байнга өрсөлдөн тэмцэлдэхэд хүрч байсан болой. Ийнхүү шаргуу тэмцсэний дүнд тэрбээр Монголын эзэнт гүрэнд тэргүүлэх байр суурь эзлээд зогсоогүй, Зүчийн улсын сүр хүчний үндэс суурийг тавьсан юм. Зүчийн улс Батыг насан эцэслэснээс хойш их удалгүй тусгаар тогтнолоо олж 250 гаруй жилийн турш бие даасан улсын хувиар оршин тогтносон агаад өв залгамжлагчид (тухайлбал Крым, Казанийн хант улсууд) нь бүр XVIII-XIX зуун хүртэл тогтнож байсан бөлгөө.

Бат хэдийгээр Кипчакийн тал нутаг, Монголын эзэнт гүрэн хийгээд нийт Евразийн түүхэнд гарамгай үүрэг гүйцэтгэсэн хүн ч гэсэн түүний ганц ч намтар цадиг хадгалагдаж үлдсэнгүй, түүний амьдрал, үйл хэрэгт зориулсан нэг ч судалгаа шинжилгээ байхгүй! Дундад зууны зохиогчид, орчин үеийн судлаачдын олонх нь түүний амьдралын зарим нэг үйл явдлын тухай товч мэдээ сэлт дурдах, Батыг засаг баригчийн хувьд нь өнгөц дүрслэх төдийгөөр хязгаарлаж иржээ. Үүний улмаас түүх бичлэгт Евразийн түүхэнд Батын гүйцэтгэсэн жинхэнэ үүрэг нь тусгагдаж түгсэнгүй, харин огт өөр, эсрэг дүр төрх дэлгэрчээ.

Дешт-и Кипчакийг нэгтгэн захирсан Батын намтрын талаар нэлээд нэр хүндтэй нэвтэрхий толиудад буй зүйлээс иш татахын учир бол тэдгээрт агуулагдаж буй мэдээ сэлт нь Батын талаарх манай орны болон гадаадын судлаачдын ойлголт төсөөллийг ерөнхийд нь төлөөлөх дээж нь юм.

1890-1907 онуудад хэвлэгдсэн Брокхаус, Эфроны нэвтэрхий тольд буй зүйл нь Батын талаар манай орны хувьсгалаас өмнөх үеийн түүх бичлэгт бүрэлдэн тогтсон ойлголтыг тольдон харуулна. “Чингис хааны ач хүү Батын тухай (Алтан Ордод зориулсан хэсгийг үз.) хэсэгт Батын тухай өгүүлсэн хэд хэдэн “домог үг” буй агаад тэдгээрээс нэг нь “Батын улсад Черниговын Михаил ван, бояр Федорын амийг хороосон нь”, нөгөө нэг домог нь “Бат халдаар ирсэн нь” гэсэн гарчигтай. Батын нэр мөн ардын яруу найрагт орсон байдаг. Жишээлэхэд, нэгэн туульд Владимир ван Илья Муромецыг шийтгэж зооринд хорьсонд Батыга Батыгович Киевийг бүслэн хаажээ хэмээнэ. Эндээс харахад Бат нь Орост нэрд гарсан нь илэрхий” хэмээжээ. Мөн энэ хэвлэлд орсон Н.И.Веселовскийн “Алтан Орд” хэмээх өгүүлэлд Батын тухай арай илүү зүйл буй. “Зүчийн улс нь хараахан гүйцэд эзлэгдээгүй асар уудам газар нутаг болох Сыр-Дарья мөрний дээд урсгалаас эхлэх Кипчакийн тал нутаг, Хорезм, (Хива), Кавказын нэг хэсэг, Крым, Оросыг хамарчээ. Зүчи өөрөө эзлэгдсэн газар орныг хуваахаас өмнө тэнгэр хальсан нь монголчууд Орост хоёр дахь удаагаа халдаар ирэх явдлыг түр ч болов хойшлуулсан байна. Харин дээрх хувь зохиол Зүчийн олон тооны үр ач нарт тохиожээ. Тэднийг Бат толгойлжээ. 1229 онд болсон их хуралдай (сейм) дээр Каспийн болоод Хар тэнгисээс умар тийш орших газар орныг байлдан эзлэхээр гурван түмэн хүнтэй армийг илгээхээр тогтжээ. Гэвч яагаад ч юм уг цэргийг хөдөлгөсөнгүй. Тэгээд 1235 оны их хуралдайгаас л дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг армийг толгойлох үүргийг Батад өгсөн агаад түүнд хамжуулахаар Орост хийсэн монголчуудын анхны аян дайнд оролцсон Сүбээдэй ноёныг томилжээ. Ийн 1240 он гэхэд Оросыг байлдан дагуулав. Мөн Кавказын нутгийг Дербент хүртэл эзлэв. Ингээд Бат Польшийг зорин хөдөлсөн байна. Тэндээсээ Силез, Морав, дараа нь Мажаарт хүрчээ. Дайснаа газар сайгүй ялж явсаар нэг анги цэрэг нь Трансилванд цөмрөн орж энэ орныг цөлмөн хоослов. Бат гэдрэг буцсан нь зөвхөн Өгэдэй хааны өөд болсон тухай мэдээ авсантай нь холбоотой юм. Монголын хаан тэнгэр халих бүрт монгол цэрэг хаана ч явлаа ч гэсэн ямагт цэрэг дайны ажиллагаагаа зогсоодог байсны учир нь ноёд нь шинэ хаан сонгох их хуралдайд яаравчлан очих учиртай байсан бөлгөө. Хожим нь Бат өрнөдөд довтлохыг дахин оролдоогүй, харин өөрийн орд улсыг түвшитгэн тохинуулах ажилдаа орсон бөлгөө. Уулаас Батад гурван түмэн цэрэг өгч явуулахаар төлөвлөсөн байсан агаад энэ тоо аль нэг тийш өөрчлөгдсөн гэж таамаглах үндэс үгүй. Энэ цэрэгт Чингис хаанаас монголчуудын төлөөлөл болгон улс бүрт өгсөн 4000 монгол цэрэг гэр бүлийн хамт орж байв. Батын цэргийн гол хэсгийг 25 000 орчим татаар гэр бүлийн хамт бүрдүүлжээ... Бат өөрийн цэрэг ардын хамт Ижил мөрний ойр хавийн тал нутагт суурьшив. Өөрөөр хэлбэл Бат Оросыг алсаас эрхшээж, түүний засаг захиргааны нарийн ширийн хэрэгт хөндлөнгөөс оролгүй, алба гувчуур авахаар хязгаарлаж байжээ... Бат Ижил мөрөнд нийслэл Сарай хотоо байгуулахдаа лал уран барилгачдаар хамжуулжээ... Бат 1255 онд насан өөд болжээ...” (Брокхаус, Эфрон 2003)



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn