Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Алтан ордын хаад
2014 оны 1 сарын 7 [Уншсан тоо: 150542]

САЙН ХААН БАТ, БАТЫН АМЬДРАЛЫН ГУРВАН ҮЕ
(1227-1256 онд захирчээ)


Сүүлд Алтан орд болж бүрэлдсэн ус нутаг нь Чингис хааны ууган хөвгүүн Зүчидээ оноож өгсөн хувь хийгээд 1222-1227 онд хүү нь өөрөө захирсан тул Зүчийн улс ч гэх нь бий. Гэсэн ч Алтан ордын анхны захирагч нь чухамдаа гучаад жил улсаа захирсан, Зүчийн хоёрдугаар хүү Бат юм.

Батын намтар Чингис хааны олон олон ачийн нэг ханхүү, Алтан ургийн ерийн нэг төлөөлөл-Монголчуудаас өрнийг дайлсан аян дайны тэргүүн жанжин-Алтан ордын төдийгүй даяар Монголын эзэнт гүрний хувь заяаг бодитой тодорхойлсон захирагч гэсэн нарийн ялгардаг гурван үетэй. Тиймийн учир “Батын амьдралын гурван үе” буюу “Батын гурван өөр амьдрал” гэж байгаа юм.


I

1209 оны могой жил мэндэлжээ. Чингис хааны ууган хүү Зүчи, Зүчийн хоёрдугаар эхнэр хонгирад аймгийн Өхий хатны хүү болно. Зарим мэдээгээр Зүчи дөчин хүүхэдтэй, өв залгамжлах тогтсон нарийн журам монголчуудад байхгүй учир Чингис хааны зуугаар тоологдох ач, өсөж буй ачинцарын хүрээнд байг гэхэд ах дүүс дотроо заавал эзлэх жинтэй суурь ёсон ба үүрэггүй юм. Ингэхээр “амьдралынхаа эхний үе”-д Алтан ургийн өч төчнөөн үр садын нэг нь л байжээ.

Аав Зүчийг нь насан туршид орхидос хэмээх муухай сэжиг дагасан. Хамаг учир Чингис хааныг ёстой Чингис хаан болоогүй, Тэмүүжин нэртэй байхад хайртай эхнэр Бөртэ нь тэдний хот руу дайрсан мэргэд аймгийнханд олзлогдсоноос эхтэй. Тэмүүжин хэдий ч удсан юм бэ хэсэг байгаад аварсан хэдий ч олзонд юм уу олзноос гараад удаагүй байхдаа Бөртэ нярайлсанд, ирээдүйн Чингис хаан маань ч хүүгийн эцэг мөн эсэхдээ баттай итгэлгүй байжээ. Тэр хүү Зүчи юм.



Ууган хүүгээ өөрийн мөн эсэхэд эргэлзэх сэтгэлээ Чингис хаан хэзээ ч гаргаж байсангүй. Цэрэг захируулсан төдийгүй хөвгүүддээ хувь оноохдоо хамгийн уудам нутгийг өгсөн. Гэтэл хаан эцгийг залгамжлах тал дээр хөвгүүд маргалдаж, хоёрдугаар хүү Цагадай нь Зүчийн зүг “мэргэдийн орхидос” гэж муухайгаар дууджээ. Эцгээсээ зэм хүртсэн ч олны шивнэдэгийг ил хэлсэн нь эргэлзээнгүй юм.

Ямартай ч гурав дахь хүү Өгэдэйг өөрөөс нь хойш Монголын хаанаар өргөмжлөхийг захиж гэрээсэлсэн ёсоор Зүчи, Цагадайн хэн нь ч хаан болоогүй юм. Энэ учраас уу, эсвэл өөр юмнаас уу Чингис хаан, Зүчи нар хөндийрч, Батын аав Монголын хээр талаа орхин, шинэ нутаг Дешт-и Хипчак (Половуудын тал)-таа хөдлөхгүй суугаад, элдэв шалтаг нэрлэн, эцэгтээ ч золгохоо байсан.

(Зарим мэдээгээр 1225) 1227 оны хавар Зүчийн нас нөгчсөн учир шалтгааныг сурвалжид янз бүрээр тэмдэглэжээ. Нэг зарим нь өвчний учир өргөөндөө өөд болсон гэж, нөгөө зарим нь Чингис хааны ууган хүү ан хийж яваад үрэгдсэн гээд мориноос унаж, хүзүүгээ хугалсан, зэрлэг хулангийн сүргийн хөлд дайрагдсан, тэр байтугай баранд бариулсан ч гэжээ! Чингис хаан, тэднийхэнд тун ч янзгүй ханддаг дундад зууны түүхчид Зүчи хаан эцгээ сөрөн хуйвалдаан юм уу үймээн дэгдээх гэж байсан нь илэрч хорлогдсон гэжээ.

Юу ч болсон байлаа Чингис хааны ууган хүү, Зүчийн улсын тэргүүн өөд болсон тул залгамжлагчийг сонгох зайлбаргүйдлээ. (Цаашид бид Алтан улс гэх) Зүчийн улсын тэргүүнээр Чингис хаан хоёрдугаар хөвгүүн Батыг нэрлэжээ. Чингис хааны сонголтыг түүхч, судлаачид янз бүрээр тайлбарладаг. Дийлэнх нь эрч хүчтэй захирагч, дайчин жанжин болохоо эрт харуулсан гэдэг дээр нэгддэг. Харин эцгээ нас барах хүртэл дайтаж үзээгүй асныг мартаж болохгүй юм. Чингис хаанд Батаас ах настай хэд хэдэн хөвгүүн, цөөнгүй ач дүү, өчнөөн туршлагатай жанжин байгаа болохоор цэрэг удирдаагүй нь энд хамаагүй юм!

Аавын нь залгамжлагчаар Батыг томилсон хамгийн магадлалт шалтгаан нь Өхий хатан ээж нь Чингис хааны их хатан, Зүчийн ээж Бөртийн дүү Алч ноёны охин гээд эхийн талтай холбоотой байх. Тэгэхээр Бат (Алтан ургийн хүн гэргийгээ буулгадаг) нэр нөлөөт хонгирад ноёдын хамтаар Зүчийн залгамжлагч нь Бат мөн гэж хань нөхөртөө бүрэн мэдүүлж чадсан Бөртэ хатны ач дүү ажээ.

Тэгтэл 1227 оны наймдугаар сард том хүүгээсээ хойш дөнгөж хагас жил болоод, Чингис хаан тэнгэрт халилаа. Бат ч түрүүчийн хааны сонголтыг ёсчилж батламжлах учиртай шинэ их хааныг сонгох хуралдайд чуулахаар Монгол нутгаа зорилоо.


II

Бүгдийн хүлээж байсанчлан Чингис хааны орыг гуравдугаар хүү Өгөдэй залгамжлав. Эцгийн гол оноолт, түүн дотроо Батын Алтан ордыг захирах эрхийг (хэдий сурвалж бичгүүдэд Өгэдэйг Цагадайн адил Зүчитэй дайсагнадаг гэдэг ч) баталсан. Харин эцгийн өв газар руу тэр дороо очиж болсонгүй, (захидал бичгээр Өгэдэй хааныг авгайлдагчлан) хаан авгынхаа зарлигаар Умард Хятадын Чин гүрэн (зүй нь Зүрчидийн Алтан улс, -Орч.)-тэй хийх дайнд шинэ хаанаа даган орох болжээ. Сайн мэдэхгүй ач дүүдээ итгэхгүй байсан тул хэсэгтээ дэргэдээ байлгахыг Өгэдэй бодсон байх магадтай.

Монголчууд Чин Улсыг 1234 онд мөхөөснөөс хойш жилийн дараа Алтан ургийнхан, дээдэс язгууртны хуралдай чуулж, шинээр эзэлсэн газар нутаг хуваан, цааших аян дайныг хэлэлцэв. Хятадын газраас Батад хувь ногдож, Пинян мужаас орлого хүртэх болжээ. 1235 оны хуралдайгаар Чингис хааны санасанчлан Зүчи цаашлан гүйцээх учиртай өрнийг байлдан дагуулах шийд гарав.

Дахиад жил өнгөрсөнд, өрнийг дайлах хэргийг тухайлж хэлэлцсэн 1236 оны хуралдайд Бат мөн суужээ. Чингис хааны хөвгүүд баруун тийших бүх нутаг Зүчийн удамд очих нь хэтийдсэн өглөг гэж үзсэн нь нь илт тул бусад хан хөвгүүдийг ч илгээн, өрнөдөд шинэ газар нутагтай болох буюу олз омгийн охь дээж хүртэхээр шийджээ! Өгэдэйн хөвгүүд Гүюг, Хадаан, Цагадайн хүү Байдар, ач хүү Бүри, Тулуйн хүү Мөнх, Бүжүг, Чингис хааны отгон хүү Хүлгэн нар дайнд мордов. Ямартай ч Зүчийн нутаг тэлэх болохоор Өрнийн аян дайнд Орд, Шибан, Тангуд, сүүлд Бэрх нэмэгдээд, ах дүүс нь Батын хамт Чингис хааны бусад удмынхнаас хавьгүй олуул хөдөлсөн.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив