Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Либертари үзэл
2014 оны 1 сарын 3 [Уншсан тоо: 87738]
Либертари үзэл
Хүн бүрийн мэдэж байх ёстой зүйлс


Жэйсон Брэнан




Төрийн багийг хуу татсан бас нэг бүтээл


Либертари үзэлтнүүд, хүн хэзээ ч бусдын эрхэнд халдах ёсгүй, хүн бүр өөрсдийн сонгосноор амьдрах эрхтэй гэж үздэг. Бүх хүн адил-тэгш хэмээн нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж байгаа л юм бол нэгийгээ нийгэм болоод бусдын тусын тулд үйлчлүүлэх ёсгүй хэмээнэ.

Либертари үзлийг шүүмжлэгчид хүмүүст ийм эрх чөлөөг тавьж өгөх нь сөрөг үр дагавар дагуулах болно хэмээн санаа зовнидог. Тэдний хэлж байгаагаар эрх чөлөө нь зарим талаараа л сайн зүйл, харин бид түүнийг гарцаагүй сайн сайхан үр дагавар гаргадаг болгож баталгаажуулах ёстой, төр-засаг нь дэвшилтэт соёл, шинжлэх ухааны хөгжил, эдийн засгийн цэцэглэлтийн баталгаа болох ёстой юм байх.

Гэтэл либертари үзэлтэн эрх чөлөөг сайн сайхан үр дагаврын баталгаа гэж үздэггүй. Хэрэв хүмүүс сонголтоо чөлөөтэй л хийдэг юм бол хүсэл бүхэн сайн үр дагавар авчрахгүй. Юуг ч сайн сайхан үр дагавартай хэмээн батлах боломжгүй, тэгээд ч асуудлын мөн чанар баталгаа биш. Эрх чөлөө нь сайн сайхан үр дагавартай гэсэн баталгаа өгдөггүй байж болно, гэхдээ л сайн сайхан үр дагавар руу чиглэсэн байдаг нь яах аргагүй үнэн.

Энэ бүх санаа худал, үнэн, аль нь ч байлаа гэсэн өөрийн эрхгүй сонирхол татдаг.

Би ахлах ангид эдийн засгийн ухааныг судалж эхлэх үедээ анх либертари үзэл санаатай танилцсан юм. Манай багш Ноён Ли намайг Хэнри Хайзлитын Нэгэн хичээлд багтаасан эдийн засгийн ухаан номыг уншихыг санал болгосон бөгөөд тэр ном надад үнэхээр их нөлөө үзүүлсэн билээ.

Хайзлит намайг өнгөрсөн үед байсан зүтгэлтнүүдийн толгой доторх сайн сайхан бодол санаа болон бодит үр дүн хоёрыг харьцуулж харахад сургасан. Улс төрийг уянгын халилгүйгээр харахыг би түүнээс сурсан билээ.

Хайзлитын “нэгэн хичээл” бол их энгийн ном. Түүнийхээр, бид улс төрийн бодлогыг өнөөгийн эрх дархтай “буянтнуудын” санаа бодлоор биш, харин өнөөгийн болон ирээдүйн үр дагавар хоёроор нь үнэлэх ёстой.

“Нэгэн хичээл” бол Фридрих Бастиагийн “Юу харагдаж, юу эс харагдаж буй тухай”-гийн (Ф.Бастиа, Эдийн засгийн софизмууд, Улаанбаатар, 2004 он, 58-59-р тал, Орч.) орчин үеийн хувилбар юм.

Энэ номонд улс төрийн эдийн засгийн ухааны талаар товч тодорхойлолт өгснөөр:

Муу ба сайн эдийн засагчийн хооронд ганц л ялгаа байдаг: муу эдийн засагч харагдаж буй үр дүнгээс дүгнэлт хийдэг; харин сайн эдийн засагч харагдаж буй хийгээд ирээдүйд харагдах үр дагаврын талаар эргэцүүлж байдаг.

Энэхүү энгийн бөгөөд илэрхий зөвлөмжийг өнөө хэр бид дагаж мөрдөхгүй л байна.

Жишээ нь, Женерал Виджэт хэмээх хүчирхэг үйлдвэр уналтанд орж, жилдээ хэдэн сая долларын алдагдал хүлээх болов. Гэтэл нэгэн сайхан сэтгэлт сенатор Женерал Виджетийн ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд төр-засгийг уг компанид татаас олгох ёстой гэж үзлээ. Энэ нь сайхан санаа мөн үү? Энэ тохиолдолд Хайзлит, Бастиа нар татаасанд өгөх мөнгийг хаанаас олсныг асуух ёстой гэдэг. Татаасны мөнгийг татвараас гаргаж авна. Женерал Виджэтийн ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд улсын эдийн засгийн аль нэг газраас уг мөнгийг авдаг. Женерал Виджэтэд татаас өгнө гэдэг бол амжилттай яваа бизнесийн нөөцөөс авч амжилтгүй яваа бизнес руу шилжүүлнэ гэсэн үг. Женерал Виджэтэд татаас өгнө гэдэг бол баялаг-бүтээгчээс мөнгийг нь авч баялаг-сүйтгэгчид өгнө гэсэн үг. Бид Женерал Виджэтэд татаас өгснөөрөө уг компанийн ажлын байрыг хадгалж чадсанаа хардаг боловч эдийн засгийн бусад хэсэгт буй ажлын байрыг сүйтгэж буйгаа олж хардаггүй. Үнэндээ татаас авдаггүй ажлын байрнаас бусдад хэрэгтэй зүйлс гарч ирдэг ажээ.

Либертари үзэлтнүүдийг заримдаа чөлөөт зах зээлийн талаар хэт өөдрөг үзэл баримталдаг хэмээн хүмүүс боддог. Ингэж бодож буй хүмүүс зах зээл мэдээжээр сайн ажиллаж, бараа таваараар хангаж байдаг гэсэн зүйл хэлдэг л дээ. Гэхдээ тэд цааш нь нэмж хэлэхдээ, зах зээл бас л бүтэлгүйтэж, алдаа гаргадаг, энэ үед төр-засаг хөндлөнгөөс оролцох шаардлагатай гэнэ.

Либертари үзэлтнүүд, мэдээжээр зах зээлд уналтын үе байдгийг зөвшөөрөх боловч төр-засаг ч бас унаж бүтэлгүйтэж л байдгийг хэлдэг. Сайн, бүрэн дүүрэн мэдээлэлтэй төр-засаг зах зээлийн бүтэлгүйтлийг засаж чадах эсэх тухай зарчмын хувьд маргах нь нэг хэрэг. Бодит амьдрал дээр төр-засаг зах зээлийн уналтыг зогсоож чадах эсэх тухай асуудал өөр хэрэг. Эдийн засгийн удиртгал маягийн сурах бичгүүдэд төр-засгийн оролцоог зөвтгөхдөө төр, зах зээлийн бүтэлгүйтлийг засаж чаддаг, үүндээ өөрийн мэдлийг ашигладаг гэнэ. Гэтэл бодит байдал дээр төр-засаг ийм байж чаддаггүй. Энд л төр-засаг бодит амьдрал дээр юу хийж чадах талаар бидний байр суурь ялгаатай байдаг.

Бодлогогүй либертари үзэлтнүүд зах зээл бүтэлгүйтдэг гэдгийг анхааралдаа аваагүй байж түүний зохицуулах чадварыг хамгаалдаг хэмээж болох юм. Тэгвэл бодлогогүй интервеционистууд (төр-засгийн хөндлөнгийн оролцоог хамгаалагчид. Орч.) төр-засаг ч бүтэлгүйтдэгийг анхааралдаа аваагүй байж түүнийг хамгаалж байдаг хэмээн бас хэлж болно. Хэрвээ надад “нэгэн хичээлд” буй эдийн засгийн либертари үзлийг товч дүгнэх шаардлага гарах аваас дараах зүйлийг л хэлнэ: Улс төрийн бодлогын талаар үнэлэлт дүгнэлт өгөхдөө зах зээл болон төр-засгийн бүтэлгүйтлийн аль алиныг анхааралдаа авч үзэх ёстой, ингэж чадаагүй хэн боловч улс төрийн итгэл үнэмшлээ хариуцлагатай сонгож чадаагүй гэсэн үг.

Нобелийн шагналт эдийн засагч Гэри Бэйкэрийн үзэж байгаагаар бид зах зээл болон төр-засгийн бүтэлгүйтлийн аль алиныг тооцоолсон бол зах зээл дэх төр-засгийн хөндлөнгийн оролцоог хэр барагтай дэмжихгүй сэн. Сайн сайхан бодол төсөөлөлтэй төр-засаг зах зээлийн алдааг засаж чадна гэсэн хийсвэрлэл нь төр-засгийг бодит байдал дээр тэгж чадна гэсэн үг биш. Бэйкэрийн хэлж буйгаар, төр-засаг сайн зүйл хийхээсээ муу зүйл хийх нь олонтаа. Бэйкэрийн буруу байж болно. Зах зээл болон төр-засгийн бүтэлгүйтлийн талаарх ийм үнэлгээ төр-засгийн хөндлөнгийн оролцоо, тэр ч бүү хэл социализмд хандахад хүргэх магадлалтай. Энэ талаар маргаан өрнүүлж болно. Гэхдээ иймдээ хүрэх юм бол бид оюун санааны талаар маш хариуцлагатай байх ёстой. Тэгж байж л олигтой маргаан өрнөнө.

Либертари үзлийг голцуу эдийн засгийн утга-санаагаараа олноо танигдсан гэж үздэг. Гэхдээ либертарианизм нь зөвхөн эдийн засгийн үзэл-онол биш. Тэр ч бүү хэл, либертари үзлийн агуулга ихэнхдээ эдийн засгийн тухай байдаг ч гэсэн үг биш. Чөлөөт зах зээлд хандах либертари хандлага нь нийгмийн амьдралын бүх талд хандах хандлагын нэг хэсэг төдий зүйл. Либертари үзэл нь зөвхөн эдийн засгийн тухай биш учраас энэ номын VI бүлэг хүртэл эдийн засгийн асуудлыг авч үзээгүй юм. I бүлэгт либертари үзлийн талаар танилцуулж, энэ үзэл нь консерватив, либерал үзлээс юугаараа ялгаатай болох, энэ үзлийг өдөр тутмын ямар утгаар хэрэглэдэг тухай тайлбарлав. (Философи утгаараа либертари үзэл нь либерализмын нэг хувилбар боловч философичид “либерал” гэсэн үгийг Раш Лимбафынхаас өөр утгаар хэрэглэдэг.) II бүлэгт либертари үзэлтнүүд эрх чөлөөг хэрхэн ойлгодог талаар ерөнхий тайлбар хийв. III бүлэгт ёс суртахуун болон ёс зүйн асуудлыг авч үзсэн. Энд либертари үзлийн талаарх алдаатай ойлголтуудыг тайлбарлаж, ялангуяа либертари үзэлтнүүд бараг бүгд Айн Рэндийг дагалдагчид байдаг гэсэн ойлголтыг залруулав. IV бүлэгт төр-засаг хийгээд ардчиллын талаар либертари тойм гаргаж, төр-засгийн бүтэлгүйтэл болон либертари үзэлтнүүд яагаад төр-засаг асуудлыг шийдвэрлэж чаддаг гэсэн ойлголтын эсрэг байдгийг тайлбарлав. V бүлэгт хар тамхины эсрэг дайн, эрхтэн худалдаалахтай холбоотой асуудал, зэвсэг эзэмших эрх гэх мэт маргаантай асуудлуудыг багтаасан иргэний эрх чөлөөний талаар авч үзсэн. (Энд би зарим эгзэгтэй асуудлыг VIII бүлэгт авч үзэхээр зориуд орхилоо.) VI бүлэгт либертари үзэлтнүүд яагаад өмчлөх эрх, чөлөөт худалдаа, чөлөөт зах зээлийг хүчтэй хамгаалдгийг харуулсан. VII бүлэгт нийгмийн зүй ёсны талаарх либертари үзлийг тайлбарлав. Либертари үзэлтнүүдийн ихэнх нь хүмүүсийн буруу ойлгож ирсэн шиг ядуусын асуудлыг эс тоомсорлодог юм биш гэдгийг харууллаа. VIII бүлэгт хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тарьдаг орчин үеийн зарим асуудлыг авч үзсэн. Сүүлийн IX бүлэгт либертари үзэл нь орчин үеийн улс төртэй хэрхэн холбогдож буй асуудлыг хөндөв. Ямар улс-орон, ямар төр хамгийн их болон бага либертари шинжтэй вэ гэсэн асуулт байнга тавигддаг. (Танд гайхалтай санагдаж болох юм. Гэхдээ АНУ бол хамгийн либертари орон биш билээ.) Энд АНУ болон дэлхий ертөнц улам бүр либертари хандлагатай хөгжиж байна уу, аль эсвэл эсрэгээрээ явж байна уу гэх мэт зарим асуудлыг хөндсөн.

Энэ номонд асуудлыг АНУ-ын улс төртэй нэлээд холбон авч үзлээ. Хэдийгээр энэ улс хамгийн либертари улс-орон биш (98-р сэдвийг харна уу!) боловч энэ үзэл санааг хамгийн их сонирхдог улс-орон мөн. Энэ ном “Цайны нам” (1990-ээд оноос идэвхжсэн АНУ-ын Үндсэн хуулийг ягштал баримталж, төр-засгийн төсөв, татвар, өрийг багасгахын төлөө тэмцдэг улс төрийн хөдөлгөөн. Орч.) болон Рон Полын ачаар тодорхой либертари үзэл санаа улс төрийн амьдралын тэргүүн эгнээнд гарч, сонгуулийн үйл явц ид өрнөж байх үед (2012 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг хэлж байна. Орч.) хэвлэгдсэн билээ.

НЭПКО хэвлэлийн газар

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив