Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Философи: Нөлөө бүхий 100 сэтгэгч
2013 оны 12 сарын 6 [Уншсан тоо: 134589]

Хорацио, чиний философид төсөөлөгддөгөөс
хамаагүй их зүйл орчлон хорвоод байдаг.
Хамлэт
 
Шэкспирийн зохиолын баатар Хамлэт эдгээр алдарт мөрүүдийг хэлж байх үедээ сэтгэл санааг эзэмдсэн, цайзаар хэсүүчлэгч аавынхаа сүнсний талаар санаа зовж байжээ. Шэкспир дэлхий ертөнц Макиавэлли, Копэрникийн үзэл санаагаар хэдийнээ хэлбэржчихсэн, Бэкон, Галилэй нарын үед зохиол бүтээлээ туурвиж байв. Тэрээр нийгмийн үзэгдэл, үйл явцыг тайлбарлагч хүнийхээ хувьд шинэ “шинжлэх ухаан”, шашнаас холдож, ертөнцийн талаарх материалист ойлголтод дөхүү философиос гарч ирсэн асуудлуудад цэцэн цэлмэг хариулт өгөхдөө Хамлэт гэсэн нэрийг ашигладаг байж.

Ямар ч байсан Хамлэтын дээрх үгс философичдын зорилгыг сайн тодорхойлсон юм. “Орчлон ертөнц” гэсэн үгэнд бидний мэддэгээс илүү яг юу байдаг юм бэ? Энэ номонд байгаа сэтгэгчдийн хариулт бол уг асуултын маш товч хураангуй болно. Философи нь нэг талаас, хүний аливаа үйл ажиллагаа шиг өдөр тутмын амьдралаар хязгаарлагдаж, түүний дотор оршиж байдаг боловч нөгөө талаасаа өнөөгийн сэтгэлгээтэй тэмцэлдэж, хил хязгаарыг нь тэлж байдаг зүйл. Философи бол шинэ баримт, мэдээлэлтэй “ноцолдож” байдаг шинжлэх ухаан шиг зүйл биш, ертөнцийг хүлээн авч буй урлаг ч биш. Философи гэдэг бол тун өвөрмөц үзэгдэл. Бид байгалийн мөн чанарыг ойлгож, ухамсартай хандах юм бол энэ номыг ойлгох болно.

Хэрэв философийн арга, үр дүн хоёрыг хоёуланг тодорхойлдог ганцхан зүйл байдаг бол тэр нь эс зөвшилцөл юм. Энэ нь бүх судалгаанаас урьд оршин байсан, судалгаа дууссаны дараа ч хэвээр байх тэр зүйл. Философичдын сонирхол нэг иймэрхүү зүйл л байдаг. Философийн бус олон асуудал зөвшилцлийг шаарддаг, жишээ нь, шинжлэх ухааны асуудлууд. Шинжлэх ухааны олон хариулт зөвшилцөл дээр тулгуурладаг. Хүмүүс асуудал гарч буй баримтлал, тухайн шинжлэх ухааны хүрээн дэх асуудалд хандах хандлагын талаар нэг саналтай байдаг. Гэхдээ шинжлэх ухаан болон бусад ухааны хүрээнд өгч буй хариултыг олонх хүлээн зөвшөөрсөн байдаг боловч бүх хүн хүлээн зөвшөөрөөгүй баримтлал гэж бий. Философичид ийм л асуудлыг сонирхдог.

Философичдын зөвшилцөлд ордоггүй нэг шалтгаан асуудлын мөн чанарт (философи нь ерөнхийдөө хүмүүсийн зөвшөөрдөггүй зүйлийг авч үздэг) оршино, нөгөө талаар, тэд тун өвөрмөц асуудлаар хуучин ойлголтыг өөрчилж, шинэ ойлголтыг түгээх гэж оролдож байдаг. Философи нь угаасаа төвөгтэй зүйл, гэхдээ энэ нь түүний үнэт чанарыг дутуу үнэлэх шалтаг болох ёсгүй. Генетик болон биотехнологийн сүүлийн үеийн ололтууд бид ямар нийгэмд амьдрахыг хүсч буй, мөн бусад хүн, хойч үе, хүрээлэн буй орчныхоо өмнө ямар үүрэг хүлээж буйгаа харгалзахгүйгээр шинжлэх ухаанаар оролдох боломжгүй боллоо гэдгийг харуулсан. Эдгээр асуултын хариу бид хүмүүнийхээ хувьд өөрсдийн тухай болон сайн-сайхан амьдралын талаар ямар ойлголттой байна гэдгээс хамаардаг. Иймэрхүү асуудалд шинжлэх ухаан, урлаг биш философи л хариулна.

Философичид сэтгэлгээний бүхий л харгуйгаар бэдэрдэг болохоор тэдний олон дүгнэлт биднийг ямар нэг байдлаар цочирдуулдагт гайхах зүйл үгүй. Философийн бүтээлийн наад захын шалгуур гэхэд л бид юунд итгэх ёсгүй вэ гэдгийг харуулдаг. Ямар ч байлаа гэсэн философийн зохиолууд дахь аугаа үр дагавар дагуулсан дүгнэлтүүдийг зохих ёсоор үнэлэх ёстой. ХХ зууны хоёр хэт их гүрэн болох АНУ, ЗХУ нь Том Пэйн ба Карл Марксын бүтээлүүдээс төрсөн гэж болно. Аугаа логикч Фрэгэгийн бүтээлүүд байгаагүй бол өнөөгийн мэдээллийн эрин үеийн талаар санах ч хэрэггүй. Эмэгтэйчүүдийн улс төрийн эрх чөлөөний тэмцэл Волстөүнкрафтаас л эхээ авсан. Волтэргүйгээр Соён гэгээрлийн хөдөлгөөнийг сэтгэх аргагүй. Эйнштэйнийг ойлгохын тулд Ньютоныг ойлгох хэрэгтэй, тэгвэл Ньютоныг ойлгохын тулд Аристотэлыг  ойлгох хэрэгтэй. Энэ бүх нийгэм, улс төр, технологийн өөрчлөлт сэтгэлгээний түүхтэй салшгүй холбоотой билээ.

Орчин үеийн философийг зарим нь өнгөц, дутуу үнэлэх хандлага харагддаг. Тэр хүмүүсийг авч хэлэлцээд байх шаардлагагүй. Философийн рефлекс нь өргөн утгаараа аль ч түвшний оюун санааны үйлдвэрлэл байдаг. Философи нь хэсэг мэргэжилтний үйл хэрэг биш, аливаа хүний амьдралын дотоод, салгаж үл болох нэг хэсэг юм. Өөрөөр хэлбэл (Ө.х.), Хамлэтын хэлснээр, Хорацио төсөөлөх чадвараа хөгжүүлэхийн тулд сэтгэлгээгээ тэлэх шаардлагатай.





СОКРАТ

Ойролцоогоор ХТӨ 470-399 он




 “Би юу ч мэдэхгүйгээ л мэднэ”

Сократ өөрийн төрсөн хот болох Афиныг улс төрийн их үймээн самуунтай байх үед амьдарч байв. Уг хот эцэстээ түүнийг золигт гаргаж, амь насыг нь авсан юм. Түүний тухай баримт шавь Платоноор дамжин ирсэн бөгөөд Сократ өөрөө олон хүн цугласан газраар хэрэн хэсүүчилж, маргаан өрнүүлж, илтгэл тавих замаар номлолоо түгээж байсан бөгөөд бичмэл өв үлдээгээгүй аж.

Тэр өөрөөсөө өмнөх Герегийн философичдоос ялгаатай нь метафизик хийсвэрлэлүүдэд бага анхаарч, бид хэрхэн амьдрах ёстой, ямар амьдралыг сайн-сайхан амьдрал гэх вэ гэх мэт практик асуудлуудад илүүтэй анхаарч байв. Ийм ч учраас тэрээр философийн нэг салбар болох этикийг (ёс зүйг) үндэслэгч хэмээн нэрлэгдэх болсон. Этикийн асуудлуудад ингэж анхаардаг байсан нь хотын ахмадуудтай зөрчилд ороход хүргэжээ. Тэд Сократыг баян айлын хүүхдүүдийн оюун санааг хэвшмэл бус, хувьсгалт оюун санаагаар хордуулан ялзруулж байна гэж үзсэн.

Сократ харилцан ярилцагчаа асуултаар үргэлж тэвдүүлж байдаг ер бишийн сэтгэлгээтэй хүн байлаа. Сократын ганц итгэлтэй байдаг зүйл нь түүний үл мэдэхүй. Философийнх нь онцлог гэвэл харилцагчаасаа “сайхан”, “сайн”, “итгэл бишрэл” гэх мэт ойлголтын талаар асуугаад хариулт нь гаж, утгагүй, худал байгааг сэтгэлгээний үүднээс харуулах явдал юм. Түүний үеийн зарим хүн Сократын үл мэдэхүй бол зориуд гаргадаг хуурмаг дүр гэж үздэг. Ямар ч байсан Сократын энэ арга нь хэвшмэл сэтгэлгээг шүүмжлэлгүй хүлээн авах аюулаас сэргийлдэг. Тэрээр тодорхой зарим нэг зүйлсийн талаар хөдөлшгүй мэдлэгтэй болох гэсэн хүмүүсийн эсрэг довтолж, тэднийг диалектикийн золиос болгодог байв. Энэ бүхэн нь философийг шүүмжлэлт сэтгэлгээний ухаан болгосон түүний аргаар дамжин хэрэгжжээ. Нийгэм, хувь хүн хоёрын аль алинд тулгардаг асар том аюул бол шүүмжлэлт сэтгэлгээг орхигдуулах явдал гэдгийг бид Сократаас мэдэж авсан билээ.

Хотын язгууртан залуус Сократад их татагдаж байсан нь түүнийг олон дайсантай болгоход гарцаагүй хүргэсэн юм. Сократыг 70 орчим настай байхад афинчуудын амьдрал тийм өөдрөг байхаа больж, удирдлагаа өөрчлөв. Шинэ удирдлага Сократыг “залуусыг уруу татсан”, “хотын шүтээнд итгэдэггүй” гэсэн шалтгаанаар шүүхэд татлаа. Шүүх ажиллагааны зорилго Сократаас олон түмнийг ухуулахаа зогсоож, шинэ удирдлагад Афины иргэдийг итгүүлэхэд түүнийг ашиглахыг хүссэн мэт байдаг. Буруугаа хүлээвэл шоронгоос суллаж, үлдсэн амьдралаа энгийн иргэний хувиар амьдрахыг зөвшөөрөх болзол тавьжээ. Гэвч тэр төрөлх зангаараа өөрийгөө хүчтэй хамгаалж, өөрийгөө буруутгагчдыг хурц ширүүн шүүмжлэн, бурхан өөрийг нь философидох үүрэг өгсөн хэмээн баталжээ. Тиймээс түүнийг буруутай гэж үзэн ямар ял авахыг хүсч байгааг нь асуухад Сократ шүүгчдийг даапаалан хэдхэн задгай мөнгөөр торгуулахыг хүсч байна гэв. Уурсаж хилэгнэсэн олонх түүнд хор өгч цаазлахын төлөө саналаа өгөв. Тэрээр огтхон ч айж эмээсэнгүй, харин ч гэр бүлийнхэн болоод найз нөхдөө өршөөл нигүүлсэл хөөцөлдөхийг хоригложээ.

Сократыг шүүсэн хурал, үхэл, эцсийн үг зэргийн талаар Платон өөрийн харилцан яриан зохиол болох Хүлцэл, Крито, Фаедо-д гайхамшигтай илэрхийлсэн байдаг.



АРИСТОТЭЛ

ХТӨ 384-322 он





Аристотель нь зөвхөн философич биш, эрдэмтэн,
одон орон судлаач, улс төрийн онолч хүн байв

Өрнийн сэтгэлгээний түүх, хөгжилд Аристотэлын оруулсан хувь нэмэр үнэхээр гайхамшигтай, зүйрлэшгүй юм. Тэрээр философичоос гадна эрдэмтэн, одон орон судлаач, улс төрийн онолч, өнөөдөр бидний символик буюу формаль логик хэмээх ухааныг үндэслэсэн хүн билээ. Аристотэл биологи, сэтгэл судлал, ёс зүй, физик, метафизик, улс төр судлал гээд олон салбарт идэвхтэй ажиллаж, туурвиж байсан бөгөөд өнөө хүртэл хэлэлцсээр буй олон асуудлыг томьёолжээ. Зүй ёсны талаар бичсэн түүний бүтээлийг хууль судалж буй оюутнууд өнөөдөр ч гэсэн уншсаар байна.

Аристотэлыг нас барснаас хойш түүний бүтээлүүд нэг хэсэг сураггүй болсны дараа 200-гаад жил болоод аз болоход Критээс олджээ. Тэдгээрийг хожим ХТ-ын 500-гаад онд Боэций латин хэл рүү орчуулжээ. Христэч Европ Платоныг илүүтэй үзэж, Аристотэлыг үл тоомсорлож байсан тэр үед Сири, исламын ертөнцөд Аристотэлын үзэл их тархсан юм. XIII зууны үед Тома Аквины түүний сургаалыг христийн номлолтой хамтатгах хүртэл Баруун Европт нөлөө багатай байв.

Тэр 17-тойгоосоо Платоны “Академи”-д суралцаж, Платоныг насан эцэслэтэл 20 орчим жил тэнд байжээ. Хожим тэрээр өөрийн сургууль болох “Лицей”-г байгуулж, тэндээ багшаасаа авсан философи арга, агуулгын хувьд тайлбарлан таниулах болов.

Аристотэл өмнө байсан олон философичийн хэнээс ч илүүгээр ажиглалт ба шууд ангиллын аргыг судалгаандаа ашигласан юм. Чухамхүү тийм учраас түүнийг эмпирик шинжлэх ухаан буюу шинжлэх ухаанч аргын эцэг хэмээн үздэг. Тэр багшаасаа ялгаатай нь өөрийн үндэслэгээг нарийвчлан гаргахаас өмнө бусдын санаа бодлоос үнэний элемент олдож болно хэмээн үздэг байсан тул бусад мэргэжилтний санаа бодлыг анхааралтай авч үздэг байв. Хэрэв өмнөх үеийнхний зүйл хойч үедээ дамждаггүй, ашиггүй байдаг байсан бол түүний энэ арга ямар ч үр дүнгүй зүйл байх сан.

Платон болон сократаас өмнөх үеийнхнээс ялгаатай нь Аристотэл хүний танин мэдэхүйн олон салбарыг зарчмын хувьд философийн түгээмэл зарчим дээр тулгуурласан ганц ухаанд багтааж болно гэсэн үзэл санааг няцаав. Янз бүрийн шинжлэх ухаан өөр өөр аксиомуудыг шаардаж, судлагдахуунаа янз бүрийн түвшинд тусгадаг аж. Тэгэхээр хүний мөн чанарын тухай ганц хуулийг үгүйсгэж, бүх үзэгдэл юмсад тохирох тоо, чанар, субстанци, харилцан холбоо гэсэн метафизик категориудыг боловсруулав.

Хэрэв Аристотэлын ихэнх бүтээлд ерөнхий сэдэв гэж байдаг бол тэр нь телеологи (зорилгот чанар. Орч.) юм. Биологийн судалгаа хийсний үр дүнд амьд болон амьгүй зүйлс ямар нэг юм руу чиглэж байдаг нь Аристотэлд их сэтгэгдэл төрүүлснээс энэ үзэл гарсан байх магадлалтай. Хүн, байгууллага, үндэстний төрх байдлыг зорилгот чанарын үүднээс тайлбарлах явдал түгээмэл байдаг (Жон хуульч болохын тулд хуулийн хичээлд суудаг; сургууль дээврээ засварлахын тулд хандивын үйл ажиллагаа явуулдаг; улс-орон газар нутгаа хамгаалахын тулд дайн хийдэг), үүнтэй адил өнөөгийн хувьслын биологи гени, генийн захирамжийн төлөв байдлыг зорилгот чанарын үүднээс тайлбарлаж байна. Гэхдээ Аристотэл ертөнц дэх бүх зүйлийг зорилгот чанараар тайлбарлаж болно гэж бодож байжээ. Түүний энэ бодол бүх зүйлд угаасаа үүрэг, зорилго байдаг, түүнийгээ байгалийн нөхцөлд л хамгийн зохистой хэрэгжүүлдэг гэсэн санаан дээр тулгуурласан. Аристотэл хүний төрөлх үүрэг бол сайн сэтгэх явдал, сайн сэтгэнэ гэдэг бол сайн-сайхантай зохицуулан сэтгэх явдал хэмээн үзэж, үүргийн тухай энэ ойлголтоор ёс зүй, физик номлол хоёрыг холбосон юм. Үйл ажиллагааг ёс зүйн үнэлгээний субъект хэмээн авч үзэж байсан Кант, Милл хоёроос ялгаатай нь Аристотэл ёс зүйг ёс суртахууны хувьд сайн, муу үйлдэгчдийн шинж чанарыг онцлон авч үздэг хэмээж байв. Энэхүү “буянлаг үйлийн ёс зүй” нь ХХ зууны сэтгэгч Алистайр Майк-Интайрын ёс суртахууны философид дахин гарч ирсэн юм.



НЭПКО хэвлэлийн газар


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив